Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2021/01974

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- тоотод оршин суух, Х овогт А.Б-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч- тоотод оршин суух, Д овогт Д Ж-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 24.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ж нь надаас 2020-12-17-ны өдөр 15.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 20 хувийн хүүтэй буцаан олгохоор иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулан хүлээн авч ашигласан. 2021-01-17-ны өдөр 18.000.000 төгрөгийг буцаан төлөхөөр гэрээ байгуулсан боловч өнөөдрийг хүртэл энэ төлбөрөө төлөөгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.7-т гэрээний хугацаа хэтэрсэн тохиолдолд хэтрүүлсэн тал хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө гэж заасны дагуу алдангид 6.000.000 төгрөг нэхэмжилж байна. Д.Ж нь дээрх мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч, удаа дараа төлж барагдуулахаа мэдэгдсэн хэдий ч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоо Д.Жгаас үндсэн зээлд 15.000.000 төгрөг, нэг сарын зээлийн хүү 3.000.000 төгрөг, алдангид 6.000.000 төгрөг, нийт 24.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Ж нэрээр шүүхийн цахим шуудангаар 2021-06-24-ний өдөр ирүүлсэн хүсэлтэд: А.Батцэцэгийн нэхэмжлэлтэй танилцлаа, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан нийт 24.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Дээрх 24.000.000 төгрөгийг 2021 оны 7, 8-р сард хувааж төлнө гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Бнь хариуцагч Д.Жд холбогдуулан 2020-12-17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлд 15.000.000 төгрөг, нэг сарын зээлийн хүү 3.000.000 төгрөг, алдангид 6.000.000 төгрөг, нийт 24.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ /хх-1/.

Хариуцагч Д.Жд дээрх нэхэмжлэлийн хувийг шүүх 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гардуулан өгч /хх-14/, мөн өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан танилцуулсан /хх-15/ боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа гаргах үүргээ биелүүлээгүй, мөн шүүх хуралдааны товыг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр мэдсэн /хх-22/ боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, шаардлагад дурдсан 24.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэх тайлбарыг шүүхийн цахим шуудангаар шүүх хурлын цагт ирүүлсэн байна /хх-23/.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж тус тус заасныг үндэслэн хариуцагч Д.Жг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй байна.

         Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар “...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох...” нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.

Энэ өдөр хянан хэлэлцэхээр товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч Д.Жд 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 99968369 дугаарын утсаар мэдэгдэхэд “ойлголоо” гэх хариуг өгсөн /хх-22/, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар шүүхийн мэдэгдэх хуудсыг шаардлагатай тохиолдолд утсаар мэдэгдэж болно, гагцхүү ингэж мэдэгдсэнээ баримтжуулна гэж зааснаар хариуцагчид шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдэж, баталгаажуулсан, нэхэмжлэгч хариуцагчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.

Учир нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд хариуцагчид хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжийг сайн дураар биелүүлээгүйтэй холбогдон гарах үр дагавар болох шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэхийг тайлбарлан танилцуулах ажиллагаа хийгдэх бөгөөд энэ өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Д.Ж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.

Зохигчдын хооронд 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдсныг 237 тамганы дугаартай нотариатч гэрээний үнэн зөвийг гэрчилсэн байх бөгөөд гэрээний зүйл болох 15.000.000 төгрөгийг нэг сарын хугацаатай сарын 20 хувийн хүүтэй зээлдүүлж, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр, зээлдэгчийн Худалдаа хөгжлийн банкны 499282403 тоот дансанд зээлийг шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцжээ /хх-4-5/.

Тиймээс талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх ба хуулийн 282.3-т заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд хэрэгт нэхэмжлэгчийн хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга буюу түүний данснаас 20201-12-17-ны өдөр 15.000.000 төгрөгийн зарлага гарсан баримт авагдсан байх тул талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан байна гэж шүүх дүгнэв.

Алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөх агуулгатай анз болохыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д тодорхойлсон. Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэдэг нь  үндсэн зээл, гэрээнд заасан бол хүү хоёрын нийлбэр дүн болох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасан агуулгад тусгагдсан.

Тиймээс гэрээний хугацаа хэтэрсэн нь гэрээнд заасан алданги шаардах нэг нөхцөл болох тул мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж, хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж тус тус заасан тул зээлдэгч Д.Жг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

Иймд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс 2021-04-06-ны өдөр урьдчилан төлсөн 277.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох 277.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д овогт Д-ийн Ж-с 2020-12-17-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 15.000.000 төгрөг, зээлийн хүүд 3.000.000 төгрөг, алдангид 6.000.000 төгрөг, нийт 24.000.000 /хорин дөрвөн сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х овогт А Б-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 277.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Жгаас 277.950 /хоёр зуун далан долоон мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Б-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Д.ЯНЖИНДУЛАМ