Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 0108

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Ш.Эрдэнэцэцэг, Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй

 

            Улсын яллагч Ц.Идэрмөнх

            Шүүгдэгч Д.М-

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Д.Т-

            Шүүгдэгчийн өмгөөлөгч О.СаранТ-

Иргэдийн төлөөлөгч Д.П

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах тогтоол баталж ирүүлсэн Б овгийн Д-н М-д холбогдох 201614000467 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, ** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ээж, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** баг ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй. Б овгийн Д-н М-, РД:**********

Шүүгдэгч Д.М- нь сэтгэцийн өвчтэй, хэрэг хариуцах чадваргүй байхдаа 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн нутаг дэвсгэрт Б.Э-гийн хэвлийн тус газарт хутгалж хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            -Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манайд шөнө Э- орж ирсэн. Тэгээд мод авах уу гэхээр нь мөнгө алга гэсэн. Тэгэхэд зээлээр авахгүй юу гэж байсан. Тэгээд шөнө унтаж байхад Э- манай охиныг хүчиндсэн. Тэгээд М- эгчийгээ өмөөрсөн байх. Хохирогчид 530.000 төгрөг өгсөн. М-ын хувьд 14 наснаасаа сэтгэцийн өвчнөөр группэд орсон. М- цагдан хоригдож байх хугацаанд сэтгэцийн өвчин нь хөдлөөгүй. Тайван байгаа. Гэр орондоо ч ийм тайван байдаг. Би хүүгээ хараа хяналтанд байлгаж чадна. Сэтгэцийн эмнэлэгт хэвтээд байдаггүй. Группээ сунгуулахдаа эмчтэйгээ уулздаг. Тэгэхэд эм тариа бичиж өгдөггүй гэсэн мэдүүлэг,

           

            -Хохирогч Б.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд: ...Тухайн үед архи уучихсан байсан болохоор яах гээд урд талын айлд орсоныг мэдэхгүй, согтуудаа орчихсон. Намайг хутгалсан залуугийн гэрт ороход ээж нь болох эмэгтэй, хүүхэдтэй эмэгтэй, намайг хутгалсан залуу нар хамт байсан. Хүүхэдтэй эмэгтэй надад ундааны саванд хийчихсэн архинаас өгөхөд би уусан. Тэр үед их согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Ямар ч байсан гэрээс гараад гудамжаар явж байхад араас М- гүйж ирээд миний хэвлийн хэсэг рүү 2 удаа хутгалсан. М-ыг хаанаас хутга авчирсан талаар мэдэхгүй байна. Намайг хутгалсаны дараа намайг бас зодсон. Би М-д хутгалуулчихаад хэсэг хэвтэж байгаад ухаан ороод А- ахын гэрт очоод эмнэлэг дуудаад өгөөч гэж хэлээд ухаан алдсан, нэг сэрэхэд эмнэлэг дээр байсан. А- ахын урд талын монгол гэр буюу намайг хутгалсан М-ын гэрт ороход хүүхэдтэй эмэгтэй нь архи уугаад сууж байсан. Мөн М-ын ээж болон эмэгтэй дүү нь согтуу байсан. Би хийж өгсөн архинаас нь ууж байсан. Тухайн үед нилээн согтуу байсан болохоор архи ууж байсан, мөн намайг гэрийн баруун талын орны харалдаа байхад миний толгой руу модоор М- цохиод байхаар нь би гэрээс нь зугтаагаад гарсан юм. Харин М- миний араас гүйж ирээд хэвлий хэсэг рүү үгийн зөрөөгүй хутгалсан. Би М-ын гэрээс зугтаагаад гарсан. Сүүлд сонсоход намайг М- хутга бариад хөөгөөд явж байхыг А-ы эгч нь харсан гэж байсан гэсэн мэдүүлэг /хх 38 ху/,

 

-Гэрч А.А-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр би гэрээсээ гараагүй. Аав А-ын хамт байсан. Орой 20 цагийн орчим аав А- эгч О-ийнд орж хоол идэх гээд явсан хойгуур Э- согтуу орж ирээд үүдэн талын орон дээр хэвтсэн. Түүнийг хаана архи уучихсан юм бэ зүгээр үү гэхэд дуугарахгүй байсан. Босч ирээд утсаараа нэг хүн рүү залгаад байхаар нь хэн рүү залгаж байгаа юм бэ гэхэд эхнэр лүүгээ залгаж байна. Энэ балай авгай утсаа авахгүй байна гээд утсаа газар руу шидсэн. Аав орж ирээд Э-ыг чи согтуу байгаа юм уу гэртээ харьж амар гэхэд намайг хамт явах уу гэхэд аав намайг битгий яваарай гэсэн. Би Э-ыг гэрээс гаргаад хашааны хаалга дээр хүргэж өгөөд гэртээ хариарай гэж хэлсэн. Би хашааны хаалгаа цоожлоод гэртээ орж ирээд зурагт үзэж байгаад орой унтах гээд орондоо хэвтэж байтал 00 цаг 15 минутын орчим гэрийн хаалга өшиглөөд би үхлээ, танай хаалганы харалдаа үхлээ шүү гээд байхаар нь би хаалга онгойлготол Э- толгой нь хагарчихсан, хутгалуулчихлаа гээд гэдсээ үзүүлсэн. Чамайг хэн хутгалсан юм бэ, хэнтэй хамт архи уусан юм бэ гэхэд дуугарахгүй байсан. Би цагдаа дуудах уу эмнэлэг дуудах уу гэхэд Э- хэрэггүй гэсэн. Тэгэхээр нь түүнийг орон дээр хэвтүүлээд шаргал өнгийн хөнжлөөр хучсан. Гэрт нь очоод аав, ээжид нь хэлж эмнэлэгт дуудлага өгсөн. Тухайн үед Э-ыг эмнэлгийн машинд суулгаж байхад миний өмсөж байсан цагаан өнгийн цамц цус болчихсон байхаар нь угаасан. Удалгүй цагдаа ирээд намайг авч явсан гэсэн мэдүүлэг /хх 55 ху/,

 

-Гэрч Т.Я-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Бандиаг өмөөрсөн эсэхийг сайн санахгүй байна. Тухайн үед би нилээн согтуу байсан. Маргааш өглөө нь сэрэхэд миний зүүн нүд жаахан хавдчихсан байсан. Бодвол цохиулсан байх гэж бодож байна. Хэнд цохиулсанаа санахгүй байна. Манай гэрт уг нь 100 төгрөгийн уяагаар ишийг нь ороочихсон хутга байдаг, хэрэг болсон өдрийн дараагаас уг хутга харагдаагүй гэсэн мэдүүлэг /хх 46 ху/,

 

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 721 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.Э-ы биед хүйсний зүүн доод талаар хэвлийн хөндийд нэвтэрч сэмж,  цөсний хүүдийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун шуунд шалбархай, баруун нүдний дээд, доод зовхи, толгойн орой, баруун даланд зөөлөн эдэд цус хуралт, баруун мөр, даланд зулгаралт, хуйханд дагз хэсэгт язарсан шарх, баруун нүдний салстад цус харвалт зэрэг гэмтэл үүсчээ. Гэмтлийн улмаас цоорсон цөсний хүүдий болон хоёрдогчоор үүссэн мухар олгойг авсан ба хэвлийн гялтангийн тархмал үрэвсэл, гэдэсний саажилт, ерөнхий гүн хордлого, хурц цус багадалт үүсчээ.

2. Хатгагдаж зүсэгдсэн шарх болон шалбархай нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 2 удаагийн хатгах, зүсэх үйлчлэлээр, бусад гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 4 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

4. Хэвлийн хөндийд нэвтэрч сэмж цөсний хүүдийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.11-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт, баруун нүдний дээд доод хэсэгт цус хуралт, дагзны язарсан шарх нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байж болох шинэ гэмтлүүд байна.

5. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно.

6. Гэмтэл үүссэн дарааллыг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт /хх 65-66 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 129 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн футболкны энгэр хэсэг 2x3 мм, 10x3 мм, 15x13 мм, хэмжээтэй, ар хэсэгт 2х7 мм, 12х7 мм, 9х8 мм хэмжээтэй эдэлгэний явцад цоорсон хуучин уранхай, мөн энгэр хэсэгт 3х3 мм, 25 мм, хэмжээтэй хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн зүсэгдсэн, шинэ уранхай байна.

2. Шинжлэгдэж буй өмдний зүүн түрүйний хэсэгт 4х4 мм хэмжээтэй, зүүн өвдөг хэсэгт олон тооны эдэлгээний явцад үүссэн хуучин цоорсон, зүсэгдсэн уранхайнууд байна.

3. Шинжлэгдэж буй футболкны энгэр хэсэг үүссэн 3х3 мм хэмжээтэй зүсэгдсэн уранхай, 25 мм хэмжээтэй зүсэгдсэн уранхайнууд нь 1-25 мм хэмжээтэй ажлын хэсэгтэй, нэг талдаа иртэй хутгаар үүсэх боломжтой гэсэн дүгнэлт /хх 70-71 ху/,

 

-Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагаанд:

1. Магадлуулагч Д.М- нь урьд болон одоо төрөлхийн хүндэвтэр хэлбэрийн оюуны хомсдолтой.

2. Төрөлхийн хүндэвтэр оюуны хомсдол зан төрхийн өөрчлөлттэй.

3. Одоо дээрхи өвчтэй.

4. Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй, хэрэг хариуцах чадваргүй гэсэн дүгнэлт /хх 77 ху/,

 

-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1 хх 3-6, 9-12 ху/

-Гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх 7,8, 13-16, 23, 24, 26, 27, 29, 72, 73,  ху/

-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл / 1 хх 25 ху/

-Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл / 1хх 28 ху/

-Хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл / 1 хх 30, 31 ху/

-Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /1 хх 32 ху/

-Хохирогч Б.Э-гийн өвчний түүх /хх 114-150 ху/

-Хохирлын баримт /157-161 ху/

-Хохирол төлсөн баримт /243 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 99 ху/

-Д.М-ыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 92-97 ху/ зэрэг болно.

 

              Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

            Шүүгдэгч Д.М- нь 2016 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн нутаг дэвсгэрт Б.Э-гийн хэвлийн тус газарт хутгалж хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т-ын өгсөн “...шөнө унтаж байхад Э- манай охиныг хүчиндсэн. Тэгээд М- эгчийгээ өмөөрсөн байх” гэсэн, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Э-гийн “...Ямар ч байсан гэрээс гараад гудамжаар явж байхад араас М- гүйж ирээд миний хэвлийн хэсэг рүү 2 удаа хутгалсан. ...Би М-д хутгалуулчихаад хэсэг хэвтэж байгаад ухаан ороод А- ахын гэрт очоод эмнэлэг дуудаад өгөөч гэж хэлээд ухаан алдсан, нэг сэрэхэд эмнэлэг дээр байсан” гэсэн /хх 38 ху/, гэрч А.А-ы “...00 цаг 15 минутын орчим гэрийн хаалга өшиглөөд би үхлээ, танай хаалганы харалдаа үхлээ шүү гээд байхаар нь би хаалга онгойлготол Э- толгой нь хагарчихсан, хутгалуулчихлаа гээд гэдсээ үзүүлсэн. Чамайг хэн хутгалсан юм бэ, хэнтэй хамт архи уусан юм бэ гэхэд дуугарахгүй байсан. ...Тухайн үед Э-ыг эмнэлгийн машинд суулгаж байхад миний өмсөж байсан цагаан өнгийн цамц цус болчихсон байхаар нь угаасан. Удалгүй цагдаа ирээд намайг авч явсан” гэсэн /хх 55 ху/, гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн биед хүйсний зүүн доод талаар хэвлийн хөндийд нэвтэрч сэмж, цөсний хүүдийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун шуунд шалбархай, баруун нүдний дээд, доод зовхи, толгойн орой, баруун даланд зөөлөн эдэд цус хуралт, баруун мөр, даланд зулгаралт, хуйханд дагз хэсэгт язарсан шарх, баруун нүдний салстад цус харвалт зэрэг гэмтэл үүсч гэмтлийн улмаас цоорсон цөсний хүүдий болон хоёрдогчоор үүссэн мухар олгойг авсан ба хэвлийн гялтангийн тархмал үрэвсэл, гэдэсний саажилт, ерөнхий гүн хордлого, хурц цус багадалттай болсныг тогтоосон шинжээчийн 721 тоот дүгнэлт болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.М- нь дээрх гэмт хэргийг үйлдэхээс өмнө болон гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн өвчтэй байсан, үйлдсэн хэргээ хариуцах чадваргүй болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дүгнэлт болон шинжээч Ж.Должмаагийн мэдүүлэг, гэрч Д.Т-ын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэхээр шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Д.М-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээг харгалзан түүнд авах эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг сэтгэцийн эмгэг судлалын ердийн эмнэлэгт байлгахаар тогтоох нь зүйтэй.

 

Хохирогч Б.Э- нь гэм хорын хохиролд 1.400.000 гаруй төгрөгийг нэхэмжилж 530 170 төгрөгийн хохирлын баримтыг ирүүлснийг шүүгдэгч талаас шүүхийн шатанд төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хивсний хайчилсан хэсэг, дэрний цагаан даавуу, цэнхэр өнгийн жинсэн өмд, бор өнгийн ноосон цамц, Сэрүүн гэсэн бичигтэй пивоны ногоон өнгөтэй хуванцар сав, бор өнгийн Сэнгүр гэсэн бичигтэй пивоны хуванцар сав, цус мэт зүйлээр бохирлогдсон мод, хохирогч Б.Э-гийн өмсөж байсан гэх урдаа бичигтэй цэнхэр өнгийн юүдэнтэй цамц, улаан өнгийн хагас ханцуйтай футболк, хар өнгийн даавуун өмд, улаан өнгийн ноосон оймс 1 хос зэргийг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Д.М- нь 198 хоног цагдан хоригдсон болохыг дурьдав.