Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 981

 

185/2020/0495/Э

 

 

 

 

     2020            8            6                                          2020/ДШМ/981    

 

Д.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор П.Эрдэнэбаатар,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/498 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Амарбатын бичсэн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 25 дугаартай эсэргүүцлээр Д.Б-д холбогдох эрүүгийн 200900000055 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б-,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 1059 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр эдэлж дууссан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1780 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр эдэлж дууссан,

 

Д.Б- нь согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 27-ны шөнийн 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах 27/1 байрны харуулын байранд Б.Баярааг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Тавнан овогт Даржаагийн Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Э.Амарбат бичсэн эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ прокурорын саналын хүрээнд шийдвэрлэсэн байна.

Шийтгэх тогтоолыг хянавал шүүгдэгчид оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохиролд нийцээгүй, шийтгэх тогтоол хуульд заасан шаардлага, нөхцөлийг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх дараах үндэслэл байна.

Үүнд: 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” тухай нөхцөл байдал бүрдээгүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гэж үзнэ.

Учир нь, “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх”-ийг тодорхойлох нөхцөл нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэг өгч, өөрийн сайн дураар гэмт үйлдэл, түүнээс үүсэх үр дагаврыг хүлээн зөвшөөрөх явдал юм. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэж мэдүүлснээр хязгаарлаж шүүхээс түүний гэм буруу, хүлээлгэх хариуцлагын хэмжээ, бусад асуудлаар дүгнэлт хийх нь хангалтгүй бөгөөд энэ нь шүүх хуралдаанаар тогтоогдвол зохих хэргийн нөхцөл байдалд бодитой хууль зүйн дүгнэлт хийх боломжгүйд хүргэсэн байна. Өөрөөр хэлбэл, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуулиар тогтоосон тусгай журам, тухайлан хангасан шалгуурын дагуу хэрэгждэг ажиллагаа тул энэ нь шүүгдэгч мэдүүлэг өгөхгүй байх, мэдүүлэг өгөхөөс татгалзах эрх болон уг эрхийг зөрчвөл үүсэх үр дагавраас тусдаа харилцаа, хууль зүйн шинэ журам тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тохиолдолд шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийн талаар бүрэн гүйцэд мэдүүлэх, энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд гаргасан шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахгүй гэж үзэв.

2. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасны дагуу “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” ёстой бөгөөд шүүх сонгон хүлээлгэж буй эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлийг шүүхийн шийдвэрт тодорхой заана. Гэтэл шүүгдэгч Д.Б- урьд нь зургаан сар хүрэхгүй хугацаанд хоёр удаа шүүхээр бусдын бие махбодид хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт шийтгүүлж байсан, энэ шийтгэх тогтоолоор ял шийтгүүлэх гэмт хэргийг үйлдэхдээ “хохирогч А.Баяраагийн бие махбодид “Цээжний зүүн талд 5, 6, 7, 8, 9-р хавирганы хугарал, сээрний 12-р нугалмын шахагдсан хугарал, тархи доргилт, зүүн зулай, дагзны хуйх, дух, зүүн эгэм, зүүн чих, хөмсөг, цээж, баруун тохой, шуунд цус хуралт, баруун шуунд зулгаралт, зүүн шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж үйлдсэн байхад учирсан хохирол, хор уршгийн аль шинж чанар, шүүгдэгчийн хувийн ямар байдлыг хэрхэн үнэлж, дүгнэлт хийж байгааг ойлгомжтой тодорхойлохгүйгээр хуульд заасан ялын хамгийн бага хэмжээтэй дүйцэхүйц хэмжээгээр шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд Д.Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/498 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

 

Прокурор П.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Д.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2020 оны 3 дугаар сарын 27-ны шөнийн 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах 27/1 байрны харуулын байранд Б.Баярааг “согтсон байна, унтаад яв” гэх шаардлага тавихад түүнийг эсэргүүцэн уурлаж, улмаар цохиж унагаан цээжин тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь цээжний зүүн талд 5, 6, 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал, сээрний 12 дугаар нугалмын шахагдсан хугарал, тархи доргилт, зүүн зулай, дагзны хуйх, дух, зүүн эгэм, зүүн чих, хөмсөг, цээж, баруун тохой, шуунд цус хуралт, баруун шуунд зулгаралт, зүүн шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Баяраагийн “...шөнийн 03 цагийн үед хамт ажилладаг Б- нилээн согтуу орж ирэхээр нь би унтуулаад гаргачих санаатай харуулын байр луу оруулсан. Тэгтэл миний үгэнд оролгүй шууд намайг цохисон. Би тухайн үед 2-3 удаа цохиулаад ухаан алдсан байсан. ...” /хх 7-8/,

Д.Б-гийн яллагдагчаар өгсөн “...өглөөний 04 цагийн үед намайг унтаж байх үед Баяраа сэрээсэн. Тэгээд Баяраатай маргалдаж, шанаа, эрүү хэсэгт нь гараараа цохисон. Баярааг цохиулаад газар уначихаар нь цээж хэсэгт нь хөлөөрөө 1-2 удаа өшиглөсөн. ...Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 18-19/ гэх мэдүүлгүүд,

 

“...Б.Баяраагийн биед хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 4014 дугаартай дүгнэлт /хх 14-15/  зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн Д.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.Б-гийн хохирогч Б.Баяраагийн “унтаад яв” гэсэн шаардлагын эсэргүүцэн түүний шанаа, эрүү хэсэгт гараараа цохиж унагаан, цээжин хэсэгт  өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарласан буюу Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Прокурор Э.Амарбат “...шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь түүний гэм бурууд тохироогүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хуулийн шаардлагыг хангахгүй байна. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Прокурор, мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна.” гэж хуульчилжээ.

 

Энэ хэргийн тухайд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч, хохирогч нар нь “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтүүдийг /хх 36-37/ гаргаж, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрх хүсэлтийг хүлээн авч тогтоол гарган /хх 38/, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа прокурор яллагдагч Д.Б-д танилцуулан гарын үсэг зуруулж /хх 43/, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Хэдийгээр анхан шатны шүүх прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо ялын зүй зохистой харьцаа, ял шийтгэлийн биелэгдэх боломж зэрэг хүчин зүйлсийг оновчтой сонгон оногдуулах учиртай.

Учир нь, гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.

 

Шүүгдэгч Д.Б- нь урьд 2019 оны 7 дугаар сарын 2, 11 дүгээр сарын 25-ны өдрүүдэд хоёр удаа шүүхээр ял шийтгүүлж, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр дахин гэмт хэрэг үйлдэхдээ бусдын эрүүл мэндэд “...цээжний зүүн талд 5, 6, 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал, сээрний 12 дугаар нугалмын шахагдсан хугарал. ...” бүхий хүндэвтэр хохирол учруулсан байхад прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тогтоол гарган, шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргаж шүүхээр шийдвэрлүүлсэн нь прокурорын шатанд хэргийг хянахдаа дээрх эрүүгийн хуулийн зорилго, зарчмыг хангаж ажиллаагүй, зорилго, зарчимд нийцээгүй дүгнэлтийг хийсэн гэж үзэхээр байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Э.Амарбатын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/498 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Э.Амарбатын бичсэн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 25 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН