Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар     109/ШШ2021/0035

 

 

 

 

 

 

                                            109/ШШ2021/0035

    

             Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд

           нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

           хэрэгсэхгүй болгох тухай

 

  

 Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, нэхэмжлэгч Х.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нарыг оролцуулан иргэн Х.Г-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх явцад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Х.Г-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2., 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар иргэн Х.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч эвлэрэх хүсэлтэй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Үүний улмаас Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.О-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчаас нэхэмжлэгч Х.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бол өөр тайлбар, санал хүсэлт алга, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх иргэн Х.Г-аас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. /х.х-н 1-5, 27/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг хүчингүй болгуулахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан Архангай аймгийн Засаг даргад холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.

Иргэн Х.Г нь анх Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн Б/101 дүгээр захирамжаар аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байжээ. /х.х-н 68/

Архангай аймгийн Засаг дарга 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/11 дүгээр захирамжаар Х.Г-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /х.х-н 69/

Иргэн Х.Г-аас дээрх Б/11 дүгээр захирамжид холбогдуулан Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, тус зөвлөлийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 157 дугаар тогтоолоор маргаан бүхий Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгожээ. /х.х-н/

Улмаар Архангай аймгийн Засаг дарга 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/24 дүгээр захирамжаар өөрийн гаргасан Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсон байна. /х.х.-н 9/

Гэтэл Архангай аймгийн Засаг дарга 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/25 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Төрийн аудитын газрын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 113 тоот хязгаарлалттай дүгнэлт авсан, 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 76/А0360213 АРА-2021/01-СТА-ТШЗ дугаартай зөрчил арилгуулах албан шаардлага, 77/А0360213 АРА-2021/01-СТА-ТШЗ дугаартай зөрчил арилгуулах албан шаардлага, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 790/А0360213 АРА-2021/01-СТА-ТШЗ дугаартай албан шаардлагуудыг хугацаанд нь биелүүлээгүй тул Орон нутгийн өмчийн газрын дарга Х.Г-ийг төрийн албанаас халсан байна. /х.х-н 10/

Ийнхүү иргэн Х.Г-аас дээрх Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан  албан тушаалд томилуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэжээ.

Түүнчлэн Архангай аймгийн Засаг дарга 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/11 дүгээр захирамжаар Х.-Гийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн Б/12 дугаар захирамжаар аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр А.О-г томилсон байна. /х.х-н 44, 69/

Үүний дараа Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.О 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар Орон нутгийн өмчийн газрын Захиргаа удирдлага, өмчийн албаны даргаар Х.Г-ийг томилсон тушаал гаргажээ. /х.х-н 47/

Улмаар Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 113 тоот хязгаарлалттай дүгнэлт авсан, 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 76/А0360213 АРА-2021/01-СТА-ТШЗ дугаартай зөрчил арилгуулах албан шаардлага, 77/А0360213 АРА-2021/01-СТА-ТШЗ дугаартай зөрчил арилгуулах албан шаардлага, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 790/А0360213 АРА-2021/01-СТА-ТШЗ дугаартай албан шаардлагуудыг үндэслэн Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар тус газрын Захиргаа удирдлага, өмчийн албаны дарга Х.Г-т албан тушаалын цалинг 2 сарын 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. /х.х.-н 48/

Хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагч Архангай аймгийн Засаг даргаас 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 01/1028 дугаар албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, бичгээр гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд өгсөн болно. /х.х-н 105/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэг Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 21.1.1.-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, ...”, 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасан.

Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/26 дугаар захирамжаар А.О-ийг Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байх бөгөөд нэхэмжлэгч Х.Г нь уг захирамжийн талаар маргаагүй, А.О-ийг томилогдохоос өмнө гарсан Б/25 дугаар захирамжийг хууль бус эсэхтэй холбоотой энэхүү маргаанд иргэн А.О нь тайлбар, нотлох баримт гарган мэтгэлцэх боломжгүй, уг захирамжийн улмаас түүний эрх хөндөгдөөгүй буюу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Иймд хариуцагч Архангай аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч Х.Г-ийн “Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах” шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1., 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., 49 дүгээр зүйлийн 49.1., Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3. дахь хэсгийг тус тус баримтлан хариуцагч Архангай аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч Х.Г-ийн “Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, иргэн Х.Г-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Засаг дарга /Тамгын газар/-аас 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.     

 

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ОДОНТУЯА