Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2029

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК, Д.М, М.О нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/02055 дугаар шийдвэртэй, “Х” ХХК, Д.М, М.О нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Тт холбогдох гэрээний үүрэг болон бусад зардалд нийт 4 300 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Номин-Эрдэнэ, өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ, хариуцагч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК нь Г.Ттэй ажлын байр түрээслэх 281 дугаартай гэрээ байгуулж, сарын 1 200 000 төгрөгөөр 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2 жилийн хугацаатай байхаар тохиролцсон бөгөөд түрээслэгч нь гэрээг 2015 оны 10 дугаар сарын сүүлчээр цуцалж байрнаас гарсан. Түрээсийн үлдэгдэл төлбөр 3 620 000 төгрөг, алдангид 1 810 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, нийт 5 500 200 төгрөг, үүнээс барьцаанд үлдээсэн 1 200 000 төгрөгийг хасч, 4 300 200 төгрөгийг гаргуулахаар нэХж байна.

Хариуцагчийн хувьд төлбөрийн асуудлыг нэхэмжлэгч Д.Мтай тохиролцсон гэж ярьдаг. Түрээсийн зүйл нь Д.М, М.О нарын өмч бөгөөд “Х” ХХК-д уг эд хөрөнгөө түрээслүүлэх эрх олгосон тул хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Хос” худалдааны төвтэй түрээсийн гэрээ байгуулсан боловч сүүлд түрээслүүлэгч нь “Х” ХХК гэдгийг мэдсэн. Тус компанийн павилоныг 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түрээслэсэн. 2015 оны наадмаас хойш эгч Т.Чанцалдуламд павилоныг үлдээсэн боловч 2 сар ажиллуулах гэж үзээд ашиггүй байна гэсэн. Би 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүүхдээ төрүүлсэн учир гэрээгээ 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр цуцалж, нэхэмжлэгчийн агуулахад тоног төхөөрөмжөө хийж, 2015 оны 10 дугаар сарын сүүлчээр буцаан авахад үлдэгдэл төлбөр нэхээгүй тул Д.Мтай ойлголцсон гэж бодсон. НэХж буй 4 300 200 төгрөгөөс 1 200 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Тээс 2 500 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 800 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83 753 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 47 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Г.Тээс улсын тэмдэгтийн хураамжид 54 953 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч тал “Хос” худалдааны төвийн 2 давхрын 12 тоот олон үндэстний хоол хийх зориулалттай тохижуулсан павилоныг хариуцагч Г.Тт түрээсэлсэн. Уг гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй юм. Шүүх түрээсийн гэрээг 2015 оны 9 дүгээр сард дуусгавар болсон гэж үзэн тооцоо хийснийг хүлээн зөвшөөрөхгүй. 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрээ дууссан гэж үзэж байна. Г.Тийн хүсэлтээр ирсэн гэрч нь түрээсийн гэрээг 2015 оны 9 дүгээр сарын 20-нд дууссан гэж анх хүлээн зөвшөөрдөг байснаа өмгөөлөгчөөс зөвлөгөө аваад 1 200 000 төгрөг төлнө гэх болсон. Уг нь бидийн маргаан анх 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны хооронд 1 сарын түрээсийн төлбөр дээр зөрөлдөж байсан. Хариуцагч 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байрыг хүлээлгэн өгсөн гэдэг. Бид гэрээний дагуу гэрээ цуцлах мэдэгдлийг сарын өмнө бичгээр өгөөгүй, гэрээний 3.5-д зааснаар түрээсийн зүйлийг хүлээлгэн өгөөгүй үндэслэлээр 10 дугаар сарын 20-ны хүртэл 1 сарын түрээсийг нэмж нэХсэн. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ 7 сарын түрээсийн үлдэгдэл төлбөр 420 000 төгрөг, 8 сарын түрээсийн төлбөр 1 200 000 төгрөг төлөх талаар зөв тооцоолол хийсэн боловч гэрээний дагуу барьцаанд төлсөн 1 200 000 төгрөгийг хэрхэх талаар ямар ч шийдвэр гаргалгүй орхигдуулж, нотлох баримтыг дутуу үнэлсэнд гомдолтой. Нийт төлөх төлбөрийн талаар тооцоолол хийхдээ 2015 оны 7, 8 дугаар сарын түрээсийн төлбөр 1 620 000 төгрөгөөс дээрх 1 200 000 төгрөгийг хасч, 420 000 төгрөгийн түрээсийн төлбөр, мөн дүнгээс алданги болох 210 000 төгрөг, нийт 630 000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх байсныг буруу тооцож шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг өөрчилж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрлөлт оруулах шаардлагатай гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Г.Тт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 3 620 000 төгрөг, алданги 1 810 000 төгрөг, бусад зардал 70 200 төгрөг, нийт 5 500 200 төгрөгөөр барьцааны 1 200 000 төгрөгийг хасч нийт 4 300 200 төгрөг гаргуулахаар нэХж, хариуцагч 1 200 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.М, М.О нар нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин хамтран нэхэмжлэгчээр оролцсон байна.

 

Хэрэгт авагдсан 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн ажлын байр түрээслэх гэрээгээр /хх5/ нэхэмжлэгч нь хариуцагчид Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Намянжүгийн гудамж Их тойруу 155 тоот хаягт байрлах “Хос худалдааны төв”-ийн 12 дугаартай павилоныг сарын 1 200 000 төгрөгөөр тооцож, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 2 жилийн хугацаатай түрээслэх, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги тооцох нөхцлийг харилцан тохиролцож байгуулжээ.

 

Шүүх, талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт заасантай холбон дүгнэж, эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтаар тайлбарласан нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Хуулийн дээрх заалт болон талуудын байгуулсан гэрээний дагуу хөлслөгч тал нь эд хөрөнгийг ашигласан хугацааны төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд хөлслүүлэгч тал гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

 

Талууд эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болсон хугацааны талаар маргаж, шүүх 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ажлын байрыг чөлөөлсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж дүгнэжээ. Нэхэмжлэгчийн хувьд хариуцагчийг 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байрыг хүлээлгэн өгсөн, гэрээ цуцлах мэдэгдлийг сарын өмнө бичгээр өгөөгүй тул 10 дугаар сарын 20-ны өдөр гэрээ дуусгавар болсон гэж нэхэмжлэлийн шаардлага болон давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарласан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын тайлбар нь тухайн хэргийн үйл баримтыг тогтоох нотолгооны хэрэгсэлд хамаардаг. Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь “...9 дүгээр сарын 20-ны өдөр өөрөө тоног төхөөрөмжөө аваад явсан, ... харилцан акт үйлдэж хүлээлгэн өгсөн зүйл байхгүй” гэж тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд /хх220/ тусгагдсан байгааг шүүх үнэлэх нь хуулийн дээрх заалтад нийцэх юм.

 

Түүнчлэн, гэрээний 3.6-д гэрээг цуцлахыг хүсвэл саналаа нөгөө талд 1 сарын өмнө бичгээр мэдэгдэх үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч Г.Т нь гэрээний зүйл болох эд хөрөнгийг ашиглах боломжгүй болсон тодорхой нөхцөл байдал үүссэн буюу 2015 оны 8 дугаар сард “амаржих” талаар захирал Д.Мт  мэдэгдсэн гэснийг нэхэмжлэгч тал үгүйсгэж, няцаагаагүй байна. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар удаа дараагийн шүүх хуралдаанд Г.Тийн өөрийнх нь санаачилгаар гэрээг цуцалсан, 2015 оны 7 сард “би төрөх гээд явлаа” гэсэн, 8 дугаар сард төрсөн гэх тайлбарууд /хх 100, 219/, гэрч Т.Чанцалдуламын мэдүүлэг /хх100-101/, хариуцагчийн өөрийн тайлбараар 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр “хүүхэд төрүүлсэн” үйл баримт тогтоогджээ.

 

Хариуцагч нь гэрээ цуцлахыг бичгээр мэдэгдсэн баримтгүй боловч талуудын гаргаж буй тайлбар, гэрчийн мэдүүлгийг харьцуулан үзвэл түүнийг гэрээ цуцлахыг урьдчилан мэдэгдэх үүргээ зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд хариуцагч эд зүйлээ хүлээн авч, ажлын байрыг чөлөөлсөн 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ цуцлагдсан гэж үзнэ.

 

Харин эд хөрөнгө ашигласан хугацааны хөлсийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т зааснаар төлбөрийг гэрээ дуусгавар болсон 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд тооцон гаргуулах нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэх юм. Иймд нэхэмжлэгчийн тооцож буй 2015 оны 7 дугаар сарын төлбөрийн үлдэгдэл 420 000 төгрөг, 8 дугаар сарын төлбөр 1 200 00 төгрөг, үүнд ногдох алдангид 810 000 төгрөг, 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацааны төлбөр 800 000 төгрөг, нийт 3 230 000 төгрөгийг хариуцагч тал төлөх үүрэгтэй.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.8, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах хэсэгт зааснаар алдангийг тооцсон шүүхийн дүгнэлт зөв бөгөөд гэрээ цуцлахыг мэдэгдсэн хугацаанаас хойш алданги тооцох шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Нэхэмжлэгч тал хариуцагч Г.Тийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүх, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн маргаан шийдвэрлэхтэй холбоотой бусад зардал гэж үзэж хариуцагчийн төлөх төлбөрт нэмж тооцсон нь зөв болжээ. Харин дээрх 3 300 200 төгрөгийн төлбөрөөс гэрээний барьцаанд хариуцагчаас байршуулсан мөнгөн хөрөнгө болох 1 200 000 төгрөгийг хасч тооцох талаар талууд маргаагүй тул нийт 2 100 200 төгрөгийг Г.Тээс гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрээг цуцалсан тул тухайн хугацааны 1 200 000 төгрөгийг нэмж гаргуулана” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/02055 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Тээс гэрээний үүрэгт 2 100 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 199 800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “48 550” гэснийг “50 147” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 43 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлсөн 43 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Т.ТУЯА