Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2021/01795

 

 

 

 

 

 

 

2021 06 11

101/ШШ2021/01795

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                              

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Э ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Э холбогдох

 

18,976,319 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч ЭХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Энь ЭХХК-д жолооч-оор ажиллаж байхдаа 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №СГ-06/13 дугаартай, Сургалтын төлбөрийн зээлийн гэрээ-г байгуулж, Шинжлэх ухаан технологийн их сургуульд Авто замын инженер мэргэжлээр суралцсан. Сургалтын төлбөрийн зээлийн гэрээ-ний 1.1-д Зээлдүүлэгч 73 кредит буюу 3,975,000 төгрөг хүртэлх хэмжээнд 6,5 жилийн хугацаатай, сарын 1,8 хувийн хүүтэйгээр, сургалтын төлбөрийн зориулалтаар зээлдэгчид зээлдүүлж болно, 2.1-д зээлдэгч нь сургалтын хуваарийн дагуу суралцаж, 2015 оны 7 дугаар сард багтаан Шинжлэх ухаан технологийн их сургуулийг Авто замын инженер мэргэжлээр дүүргэж, бакалаврын зэрэг авах, 2.3-т зээлдэгч нь сургуулиа төгссөнөөс хойш 5-с доошгүй жил хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр зээлдүүлэгчид ажиллах, 3.5-д Суралцах хугацаанд зээлдэгчид үндсэн цалингийн 70 хувь хүртэл хэмжээтэй тэтгэлэг олгоно гэж суралцах хугацааны болон ажиллах нөхцөлийг талууд тохиролцсон байдаг.

Б.Энь компанийн зардлаар суралцаж, ажиллаж байхдаа мөн адил компанийн зардлаар Хяналтын инженерийн сургалт-д хамрагдаж, энэхүү сургалтын төлбөр болох 220,000 төгрөгийг ЭХХК-иас төлүүлсэн болно. 2018 оны 4 дүгээр сард Б.Энь хүндэтгэх шалтгаангүйгээр ажлаасаа гарсан нь Сургалтын төлбөрийн зээлийн гэрээ-ний 4.1-д Зээлдэгч ... өөрийн саналаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ... хөдөлмөрийн гэрээг зээлдүүлэгч цуцлах тохиолдолд гэрээгээр хүлээсэн уургээ зөрчсөн гэж үзэж /үндсэн зээл болон тэтгэлгийн нийлбэр/, туүний хүүгийн нийлбэрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлнө гэсэн нөхцөл байдлыг үүсгэсэн.

Б.Энь ЭХХК-д ажиллаж байхдаа, 2014 оны 12 дугаар сараас 2018 оны 5 дугаар cap хүртэлх хугацаанд компанийн өмчлөлийн Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 6 дугаар байрны ******* тоот орон сууцанд гэр бүлийн хамт амьдарч байсан. Ажилтан нь хүндэтгэх шалтгаангүйгээр ажлаасаа гарсан тохиолдолд тус байрыг компанид буцаан хүлээлгэж өгөх, амьдарсан хугацааны түрээсийн төлбөрийг компанид төлөх үүргийг тухайн ажилтанд анх ороход нь хэлж, тайлбарлаж, байрыг хүлээлгэж өгдөг. Б.Энь энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрч, тус байранд 4 жил гаруй хугацаанд амьдарсан. Б.Эаас байрыг хүлээж авахдаа 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Байр хүлээлгэн өгөх, хүлээн авах акт-ыг үйлдсэн бөгөөд энэхүү актын ард Б.Энь тус байранд амьдрах хугацаандаа хийсэн засварын жагсаалтыг бичсэн боловч түрээсийн төлбөр-ийг төлөөгүй болно. Өнгөрсөн хугацаанд Б.Эаас дээр дурдсан төлбөр тооцоогоо төлж дуусгахыг удаа дараа шаардаж байсан боловч төлнө гэхээс өөрөөр тодорхой үйлдэл хийхгүй, зайлсхийж алга болсон. Энэхүү асуудлаар өмнө нь тус шүүхэд нэхэмжпэл гаргаж байсан боловч хариуцагч Б.Эын оршин суух хаяг нь тодорхойгүй гэх үндэслэлээр буцаж, эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасны дагуу тус шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2020/03039 захирамжаар хариуцагч Б.Эын оршин суух хаягийг Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлгийн 2 дугаар гудамж, 23 тоот гэж тодорхойлсон учир дахин нэхэмжпэл гаргаж байгаа болно. Налайх дүүрэгт байрлах 1 өрөө орон сууцыг хөлсөлж буй жишиг үнийг үндэслэн сарын төлбөрийг 200,000 төгрөгөөр тооцсон.

Иймд 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №СГ-06/13 дугаартай, Сургалтын төлбөрийн зээлийн гэрээ-ний төлбөрийн үлдэгдэл 10,527,889 төгрөг, Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 6 дугаар байрны ******* тоот орон сууцны ашиглалт, түрээсийн төлбөр 8,448,430 төгрөг, нийт 18,976,319 төгрөгийг Б.Эаас гаргуулж, ЭХХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болсон 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн СГ-6/13 дугаар бүхий Сургалтын төлбөрийн зээлийн гэрээ-г байгуулсан. Гэвч нэхэмжлэгч тал зохих ёсоор үүргээ гүйцэтгээгүй. Мөн ажиллаж байхдаа 2014 оны 12 дугаар сараас 2018 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд нэхэмжлэгчийн өмчийн Налайх дүүрэг, 2 дугаар хороо, ******* байрны ******* тоотод оршин суусан. Уг оршин суусан хугацааны түрээсийн төлбөрийг үндэслэлгүй нэхэмжилсэн байна. Цалингийн задаргаа, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаас харахад авч байгаа цалин нь харагдах болно. Энэхүү зээлийн гэрээнд байгаа сургалтын төлбөрийг суутгасан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээний 2.1-д сургууль төгссөнөөс хойш 5 жил ажиллана гэж заасан. Гэхдээ нэхэмжлэгчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй байсан. Сургалтын төлбөрт тэтгэлэг тооцох байсан боловч тэтгэлэг олгоогүй сургалтын төлбөрийг суутгаж байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЭХХК нь хариуцагч Б.Эт холбогдуулан Сургалтын төлбөрийн зээлийн гэрээ-ний төлбөрийн үлдэгдэл 10,527,889 төгрөг, Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 6 дугаар байрны ******* тоот орон сууцны ашиглалт, түрээсийн төлбөр 8,448,430 төгрөг, нийт 18,976,319 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь ЭХХК гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, тухайн компанид ажиллаж байхдаа компанийн мэдлийн орон сууцанд амьдарч байсан нь үнэн боловч орон сууцанд орохоос өмнө засвар хийсэн, түрээсийн төлбөрийн талаар тохиролцоогүй тул төлөх үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Б.Энь ЭХХК-д 2013 оны 01 дүгээр сард жолоочоор ажилд орж, 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс ажил олгогчийн зүгээс ажилтанд цалин олгож, 2018 оны 4 дүгээр сарыг дуустал ажил олгогчийн зүгээс ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар төлж байсан боловч зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаагүй болох нь Хас банкин дахь Б.Эын ******* дугаартай Дансны хуулга, Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ЭХХК нь Б.Этай СГ-06/13 дугаартай Сургалтын төлбөрийн зээлийн гэрээ-г байгуулжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ гэж, мөн Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1-д Иргэн нь иргэн болон хуулийн этгээдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж болно гэж тус тус заасан ба зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй боловч талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 369 дүгээр зүйлийн 369.1-д тус тус зааснаар хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэж заасан боловч ажил олгогч ажил үүрэг гүйцэтгүүлсний үндсэн дээр цалин хөлс олгож байсан, ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байсан, улмаар компанийн хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.3.с-д Ажилчин сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэн гэрээний үндсэн дээр төлбөрийг нь байгууллагаас төлж болно гэж заасныг үндэслэн Сургалтын төлбөрийн зээлийн гэрээ-г байгуулагджээ.

 

Нэхэмжлэгч ЭХХК нь хариуцагч Б.Этай байгуулсан СГ-06/13 дугаартай Сургалтын төлбөрийн зээлийн гэрээ-ний дагуу ШУТИС-ийн Барилга, архитектурын сургууль руу 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 1,335,450 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 150,900 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 855,100 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 967,270 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 347,070 төгрөг, нийт 3,655,790 төгрөгийг төлсөн болох нь 0010000435 дугаартай Төлбөрийн даалгавар, Сургалтын төлбөрийн гүйлгээний жагсаалт-аар тогтоогдож байна.

 

            Хариуцагч Б.Энь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуульд Автозамын барилга мэргэжлээр суралцан төгсөж, тус сургуулийн захирлын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тушаалаар Барилгын инженерийн бакалавр-ын зэрэг олгогдсон болох нь ******* дугаартай бакалаврын дипломоор тогтоогдож байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэж заасан ба Монгол Улсын иргэн өөрийн ажиллах газар, суралцах чиглэл, төрлөө бие дааж чөлөөтэй сонгож, бусдын дарамт шахалтгүйгээр хөдөлмөрлөх эрхтэй.

 

            Ийнхүү сургуулиа төгснөөс хойш Б.Энэхэмжлэгч ЭХХК-д үргэлжлүүлэн ажиллаж, 2018 оны 4 дүгээр сарыг дуустал ажиллаж, тодорхой шалтгааны улмаас ажил үүрэг гүйцэтгэхээ больсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба Б.Эын хувьд ийнхүү суралцаж ирснийхээ дараа 5-аас доошгүй жилийн хугацаанд зөвхөн нэхэмжлэгч ЭХХК-д тогтвортой ажиллах үүрэг хүлээсэн нь түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн үйлдэл биш юм. Учир нь, тэрээр ажиллах газраа нэхэмжлэгчийн зүй бус нөлөөний улмаас сонгоогүй ба зохигчид бие биедээ харилцан ашигтай байдлаар гэрээний гол нөхцөлийг тохирсон байх тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцэж байна.

 

            Сургалтын төлбөрийн зээлийн гэрээ-ний 1.1-д Зээлдүүлэгч 73 кредит буюу 3,975,000 төгрөг хүртэлх хэмжээнд 6,5 жилийн хугацаатай сарын 1,8 хувийн хүүтэйгээр сургалтын төлбөрийн зориулалтаар зээлдэгчид зээлдүүлж болно гэж зааснаар нэхэмжлэгч ЭХХК нь сургалтын төлбөрт 3,655,790 төгрөгийг төлж, үүргээ биелүүлсэн, гэрээний 2.3-т Зээлдэгч нь сургуулиа төгснөөс хойш 5-аас доошгүй жил хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр зээлдүүлэгчид ажиллах гэж заасан үүргийг Б.Энь хүлээсэн ба энэхүү 5 жилийн хугацаа болоогүй байхад тодорхой шалтгааны улмаас ажил үүргээ гүйцэтгэхээ больсон буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сургалтын төлбөрийн зээлийн гэрээний дагуу Б.Эын цалингаас суутгаж байсан гэх боловч Хас банкин дахь Б.Эын ******* дугаартай Дансны хуулга, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргээс үзэхэд уг гэрээ байгуулагдсанаас хойш цалин хөлснөөс суутгал хийсэн болох нь тогтоогдохгүй байхын зэрэгцээ талууд энэ талаар гэрээгээр тохиролцоогүй байна.

 

            Өөрөөр хэлбэл гэрээний дагуу Б.Энь ЭХХК-д сургууль төгснөөс хойш 5-аас доошгүй жилийн хугацаанд ажилласнаар гэрээний үүрэг дуусгавар болохоор байсан байх ба тэрээр сургууль төгссөн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 2 жил 4 сар 4 хоног ажиллажээ.

 

            Зохигчдын хооронд байгуулсан Сургалтын төлбөрийн зээлийн гэрээ-ний харилцааг Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хуулиар тухайлан зохицуулаагүй боловч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна гэж зааснаар нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан байна.

 

            Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр гэрээнээс татгалзсантай холбоотой хохирлыг шаардах эрхтэй байна.

 

            Сургалтын төлбөрийн зээлийн гэрээ-ний 1.1-д Зээлдүүлэгч 73 кредит буюу 3,975,000 төгрөг хүртэлх хэмжээнд 6,5 жилийн хугацаатай сарын 1,8 хувийн хүүтэйгээр сургалтын төлбөрийн зориулалтаар зээлдэгчид зээлдүүлж болно гэж зааснаар нэхэмжлэгч нь сургалтын төлбөрт шилжүүлсэн 3,655,790 төгрөг болон 234 хоногийн хүүд 3,216,136 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилж буй нь үндэслэлтэй байна.

 

            Дээрх гэрээний 4.1-д Зээлдэгч нэг талын санаачилгаар хугацаанаас өмнө энэхүү гэрээг цуцлах, өөрийн саналаар хөдөлмөрийн гэрээг цуцлах, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах хугацаандаа сахилгын зөрчил гаргах, өөрийн буруугаас хөдөлмөрийн гэрээг цуцлахаас өөр аргагүй байдалд зээлдүүлэгчийг хүргэсний улмаас хөдөлмөрийн гэрээг зээлдүүлэгч цуцлах тохиолдолд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж зээл /үндсэн зээл болон тэтгэлгийн нийлбэр/, түүний хүүгийн нийлбэрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.5-д заасан зохицуулалтад нийцэхгүй байх тул торгуульд нэхэмжилсэн 3,435,963 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

            Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг хяналтын инженерийн сургалт-д хамрагдахад төлбөрт төлсөн 220,000 төгрөгийг нэхэмжилж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэхүү нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

            Налайх дүүрэг, 2 дугаар хороо, ******* байрны ******* тоот, 36,54 мкв талбайтай, 1 өрөө орон сууцанд хариуцагч Б.Энь нэхэмжлэгч компанид ажиллаж байх хугацаандаа гэр бүлийн хамт амьдарч, засвар үйлчилгээ хийсэн, 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр орон сууцыг хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

            Хариуцагч Б.Эт нэхэмжлэгч ЭХХК нь дээрх орон сууцыг хүлээлгэн өгөхдөө орон сууц хөлслүүлэх талаар бичгийн гэрээ байгуулаагүй ба сарын төлбөрийг 200,000 төгрөгөөр тооцон, 2014 оноос 2018 оны 4 дүгээр сарыг дуустал хугацааны төлбөрт 8,200,000 төгрөг, ашиглалтын зардлын үлдэгдэл 248,430 төгрөг, нийт 8,448,430 төгрөгийг нэхэмжилсэн боловч энэхүү шаардлагын хувьд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа Налайх дүүрэгт байрлах 1 өрөө орон сууцыг хөлсөлж буй жишиг үнийг үндэслэн сарын төлбөрийг 200,000 төгрөгөөр тооцсон гэх боловч энэ нь мөн баримтаар тогтоогдохгүй байна.

 

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс сургалтын төлбөрт шилжүүлсэн 3,655,790 төгрөг болон хүүд тооцсон 3,216,136 төгрөг, нийт 6,871,9******* төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус зааснаар хариуцагч Б.Эаас 6,871,9******* /зургаан сая найман зуун далан нэгэн мянга есөн зуун хорин зургаа/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЭХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 12,104,393 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,831.60 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эаас улсын тэмдэгтийн хураамж 124,901 /нэг зуун хорин дөрвөн мянга есөн зуун нэг/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЭХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2, 122.3-т тус тус зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШЗ2021/02896 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжаар авсан арга хэмжээ нь давж заалдах журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд, хяналтын журмаар гомдол гаргасан бол хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ