| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2021/01587/и |
| Дугаар | 101/ШШ2021/01810 |
| Огноо | 2021-06-14 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2021/01810
| 2021 06 14 | 101/ШШ2021/01810 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Х нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ХӨСҮТ холбогдох
ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Баасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энх-Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.Х миний бие 2016 оноос ХӨСҮТд Санхүү албаны дарга, ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажилд ажиллаж, ажил олгогчоос хүлээлгэсэн үүрэг даалгаврыг биелүүлэн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүртэл ажилласан. Г.Х миний бие хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, албан тушаалаар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, ямар нэгэн алдаа дутагдал гаргаж, сахилгын болон бусад шийтгэл хүлээж байгаагүй болно. 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тус төвийн захирлын зөвлөлийн хуралдаанаар ХӨСҮТийн санхүүгийн тайланд их хэмжээний өр үүсгэсэн, Шилэн дансны тухай хууль зөрчсөн гэх мэт асуудлаар Г.Х намайг буруутган 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тус төвийн ерөнхий захирал Д.Наранзул Б/50 тоот тушаал гарган Г.Х миний ажлыг түр түдгэлзүүлэхээр шийдвэрлэж миний хариуцсан ажлыг тус төвийн ахлах нягтлан бодогч Д.Даваацэрэнд хавсруулан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Тушаалд Г.Хгийн ажилд хийх хяналт шалгалтын дүн гартал хугацаагаар миний ажлыг түдгэлзүүлэх, хяналт шалгалт явуулах комисс томилохыг хүний нөөцийн дарга И.Орхонд даалгасан юм. Энэ комисс өнөөдрийг хүртэл томилогдон ажиллаагүй байна. Г.Х би тус төвийн ерөнхий захирал Д.Наранзулын Б/50 тушаалын хуулбарыг 2021 оны 3 дугаар сарын 12-нд хүлээн авч, энэ тушаалаар манай ажилд ямар нэгэн шалгалт хийгээгүй миний ажлыг түр түдгэлзүүлэх нэрийдлээр хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй зэргээр ажлаас хууль бусаар ажлаас халав хэмээн үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. ХӨСҮТийн Б/50 тоот тушаалаар миний хөдөлмөрлөх эрх чөоөөг дараах байдлаар хохироосон.
ХӨСҮТийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журамд ажилтны ажил, албан тушаалыг түдгэлзүүлэх эрх тусгагдаагүйн зэрэгцээ Эрүүл мэндийн яамнаас 2021 оны 02 дугаар сарын 15-нд ирүүлсэн 3/688 тоот албан бичигт Г.Хд хариуцлага тооцох тухай дурдсанаас биш Г.Хгийн ажлыг түдгэлзүүлэх тухай дурдаагүй байна. Дээрх албан бичигт дурдсан Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Төсвийн тухай хуулийн заалтуудад санхүүгийн ажилтны ажлыг түдгэлзүүлэх тухай ямар нэгэн заалт, зохицуулалт байхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд буй ажилтны ажлыг түдгэлзүүлэх үйл ажиллагаа нь хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллагын шаардлагад үндэслэн явагддаг байна. Г.Хгийн ажлыг түдгэлзүүлэх шаардлагатай талаар ХӨСҮТд ямар ч шаардлага албан ёсоор шүүх, цагдаа, эрх бүхий бусад газруудаас ирүүлээгүй бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/50 тоот тушаал гарах үед ийм шаардлага байгаагүйг дурдая. Б/50 тоот тушаалын 5 дахь заалтаас үзэхэд миний ажлыг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс түдгэлзүүлсэн атлаа мөн сарын 15-ны өдрөөс комисс томилж Г.Хтай холбоотой асуудлыг шалган тогтоохыг журамлажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд буй агуулгаар авч үзэхэд эрх бүхий байгууллага холбогдох асуудлыг шалгаж тогтоосны дараа ажилтны ажлыг түдгэлзүүлэх асуудлыг хөндөх нь тодорхой. Тушаалд буй комисс томилогдоогүй шалгалт явагдаагүй байхад миний ажлыг түдгэлзүүлсэн. Ингэхдээ түр түдгэлзүүлэв хэмээн ХӨСҮТийн ерөнхий захирлын тушаал гаргасныг гайхаж бас эргэлзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд бусад хуульд ажилтныг ажлаас нь түр түдгэлзүүлэх гэдэг заалт буюу зохицуулалт байхгүй байхад ХӨСҮТийн ерөнхий захирал Б/50 тоот тушаалд “түр” гэдэг агуулга тусгагдсан нь дураараа аашилсан хууль дээдэлдэггүй, улс төржсөн мэт санагдсаныг нуугаад яахав. Хууль зүйн үндэслэлгүйгээр Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн албан бичгийн дагуу муйхарлан зүтгэж намайг ажлаас халж хохироогоод байна. Түүгээр ч барахгүй миний оронд бусдыг ажиллуулахаар ажил олгогчоос санаачлагыг одоогоор гаргаад байна.
Миний хувьд Төсвийн тухай хуульд зааснаар ХӨСҮТийн төсвийг зохистой, үр ашигтай зарцуулах үүрэгтэй бөгөөд уг хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар ерөнхий нягтлан бодогч нарыг шийтгэл ноогдуулах, ажлаас халах тохиолдолд дээд шатны санхүүгийн байгууллагын зөвшөөрөл авах журмыг ХӨСҮТийн ерөнхий захирал Д.Наранзул зөрчсөн. Бодит байдалд Г.Х миний ажлыг түр түдгэлзүүлэв гэдэг хууль бус үндэслэлээр ажлаас үндэслэлгүй халсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11-д заасан үндэслэлээр зөрчигдсөн эрх, эрх чөлөөг шударга шүүхээр хамгаалуулах зорилгоор Монгол улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Иймд ХӨСҮТийн ерөнхий захирлын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/50 тоот тушаалыг хууль бусд тооцуулан Г.Хг ХӨСҮТийн Санхүү бүртгэлийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
Хариуцагч ХӨСҮТийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энх-Амгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Г.Х нь ХӨСҮТийн Ерөнхий захирлын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/50 тоот тушаалыг хууль бусд тооцуулах, ажилд эгүүлэн тогтоолгох зэрэг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагчийн зүгээс тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Эрүүл мэндийн яамнаас 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Хариуцлага тооцох тухай” 3/688 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Г.Хг Төсвийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг тус тус зөрчиж мэргэжлийн алдаа гаргасан тул хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцох талаар албан бичиг ирүүлсэн байдаг. Тус албан бичигт үндэслэн ХӨСҮТийн Удирдлагын зөвлөл хуралдаж, улмаар Г.Хг үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлэх арга хэмжээг Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу авах шийдвэр гаргасныг үндэслэн ерөнхий захирал тушаал гаргасан болно. Өөрөөр хэлбэл Г.Хгийн ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа бөгөөд түүний ажлыг шалгах ажлын хэсэг байгуулагдаагүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь тус байгууллагын маргаан таслан комисст хандах ёстой байсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан үндэслэл тогтоогдож байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бий болсон гэж үзэж байна. ХӨСҮТөөс 2015 онд маргаан таслах комиссыг баталсан байдаг.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Х нь хариуцагч ХӨСҮТд холбогдуулан ХӨСҮТийн ерөнхий захирлын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/50 тоот тушаалыг хууль бусд тооцуулан Г.Хг ХӨСҮТийн Санхүү бүртгэлийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.
Хариуцагч нь Г.Хгийн хувьд ажлаа хийхийг нь түр түдгэлзүүлсэн тул ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа, мөн тус байгууллагын маргаан таслах комисст хандах ёстой байсан зэргээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
ХӨСҮТийн Ерөнхий захирлын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/50 дугаартай “Үүрэгт ажлаас түр түдгэлзүүлэх, ажил үүргийг түр орлон гүйцэтгүүлэх, нэмэгдэл хөлс олгох, ажил хүлээлцэх ажлын хэсэг томилох тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, Эрүүл мэндийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 23 дугаартай албан даалгавар, Эрүүл мэндийн яамны 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Хариуцлага тооцох тухай” 3/688 дугаар албан бичиг, Удирдлагын зөвлөлийн 2021 оны 01 дүгээр хурлын шийдвэр зэргийг үндэслэн Санхүү бүртгэлийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч Г.Хтай холбогдох санхүүгийн сахилга батыг удаа дараа зөрчин батлагдсан төсвийг зөв зохистой зохион байгуулж ажиллах үүргийг хэрэгжүүлээгүй, Шилэн дансны тухай хууль болон Тендерийн тухай хуулийг тус тус зөрчсөн гэх асуудлыг шалган тогтоох шаардлагатай байх тул 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс хяналт шалгалтын дүнг гарч дуусах хүртэл хугацаагаар үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсоохоор шийдвэрлэжээ.
Уг тушаалын дагуу Г.Хгийн ажлыг хүлээлцүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Г.Х нь дээрх тушаалыг хүлээн авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж зааснаар тэрээр шүүхэд 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гомдлын шаардлагаа гаргасан буюу хуулийн хугацаанд гомдлоо гаргажээ.
“Үүрэгт ажлаас түр түдгэлзүүлэх, ажил үүргийг түр орлон гүйцэтгүүлэх, нэмэгдэл хөлс олгох, ажил хүлээлцэх ажлын хэсэг томилох тухай” тушаалын үндэслэл болгосон хуулийн заалт, бусад эрхийн актад ямар үндэслэл заасныг үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтныг тухайн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно” гэж,
Эрүүл мэндийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 23 дугаартай “Коронавируст /COVID-19/-аас урьдчилан сэргийлэхтэй холбоотойгоор Эрүүл мэндийн байгууллагууд 2020 оны батлагдсан төсвийг зөв зохистой зарцуулж, санхүүгийн сахилга хариуцлагыг дээшлүүлж, Төсвийн тухай хуулийг мөрдлөг болгон ажиллах тухай” албан даалгавар,
Эрүүл мэндийн яамны 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 3/688 дугаартай “Хариуцлага тооцох тухай” албан бичгээр “...танай байгууллагын санхүү бүртгэлийн албаны дарга, ахлах нягтлан бодогч Г.Х санхүүгийн сахилга батыг удаа дараа зөрчин батлагдсан төсвийг зөв зохистой зохион байгуулж, ажиллах үүргийг хэрэгжүүлээгүй тул Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.8, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалтууд, Эрүүл мэндийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 23 дугаар албан даалгаврыг тус тус үндэслэн хариуцлага тооцож, хариуг ирүүлнэ үү” гэж,
ХӨСҮТийн Удирдлагын зөвлөлийн хурлын 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хурлаар “Санхүү бүртгэлийн албаны даргад хариуцлага тооцох тухай” асуудлыг хэлэлцэж, “Зөрчил асуудлыг тогтоох комиссыг ЭМЯ-ны менежментийн багаас 1 хүн, удирдлагын зөвлөлөөс 1 хүн, ажилчдын төлөөллөөс 1 хүн, хуулийн 1 хүн, аудитын 1 хүний бүрэлдэхүүнтэй комисс томилж асуудлыг тогтоон, холбогдох хариуцлагыг тооцож, ЭМЯ-д хариу хүргүүлэхээр” гэж тус тус заажээ.
Дээрх “Хариуцлага тооцох тухай” 3/688 дугаартай албан бичиг болон уг албан бичгийн дагуу хуралдсан Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл зэргээс үзэхэд нэхэмжлэгч Г.Хтай холбоотой асуудлыг бүрэлдэхүүнтэй комисс томилон, гаргасан зөрчил байгаа эсэхийг олж тогтоон, Эрүүл мэндийн яаманд хүргүүлэх, Г.Хд хариуцлага тооцох эсэхийг шийдвэрлэхээр шийдвэрлэсэн ба түүнийг ажил үүргээс нь хуульд зааснаар түдгэлзүүлсэний үндсэн дээр зөрчилтэй холбоотой асуудал байгаа эсэхийг шалгахаар шийдвэрлээгүй, Эрүүл мэндийн яамнаас түдгэлзүүлэх талаар ч тодорхой чиглэл өгөөгүй байна.
Ажил олгогчийн зүгээс тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтныг тухайн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно” гэж заасныг үндэслэсэн ба эрх бүхий байгууллагын буюу цагдаа, прокурорын зэрэг байгууллагаас Г.Хгийн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлэх талаар шийдвэр ажил олгогчид ирээгүй, хуульд зааснаар түдгэлзүүлэх үндэслэл бий болоогүй байхад Г.Хгийн ажил, албан тушаалыг түүний ажлыг шалгах гэсэн агуулга, үндэслэлээр “түр түдгэлзүүлэх”-ээр шийдвэрлэсэн Б/50 тоот тушаал үндэслэлгүй болжээ.
Түүнчлэн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс нэхэмжлэгч Г.Хтай холбогдох асуудлыг шалган тогтоох ажлын хэсгийг томилон ажиллуулахыг Хүний нөөцийн албаны дарга И.Орхонд үүрэг болгосон байхад шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар ажлын хэсэг томилогдоогүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т заасан “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах ...” Монгол Улсын иргэний эрхийг зөрчиж байна гэж үзэхээр байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “Шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх дутам хянан шийдвэрлэнэ”, 126.2-т “Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрмийг Засгийн газар батална” гэж зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ХӨСҮТийн маргаан таслах комисст хандах ёстой гэж маргаж, тус төвийн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/8 дугаартай “Хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулах тухай” тушаалыг шүүхэд ирүүлжээ.
Уг А/8 дугаартай тушаалаар хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг таслах комиссын бүрэлдэхүүнд “Дэд захирал С.Энхболд, хүний нөөцийн албаны дарга И.Орхон, хуулийн зөвлөх Г.Орхон, хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Уртнасан, ШБСБХТасгийн эрхлэгч Ж.Улаан, уушигны 1 дүгээр тасгийн эрхлэгч Б.Мөнхзул” нарын бүрэлдэхүүнтэй томилсон, эдгээр албан тушаалтнуудын хувьд зарим нь одоо ажил үүргээ гүйцэтгэхээ больсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-т “Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрмийг Засгийн газар батална” гэж зааснаар Засгийн газрын 1999 оны 122 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт “Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрэм”-ийн 9-д “Комиссын бүрэлдэхүүнд орох өөрчлөлтийг энэ дүрмийн 7 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ” гэж заасан ба дүрмийн 7-д “Комиссын бүрэлдэхүүнд орон ҮЭ-ийн болон ажилтны төлөөлөгчийг тухайн байгууллагуудын нийт ажилтны хурлаас олонхийн саналаар сонгоно. Ажил олгогчийн төлөөлөгчийг ажил олгогчийн шийдвэрээр томилно. Нийт ажилтны хурлын болон ажил олгогчийн шийдвэрт төлөөлөгчдийг ямар хугацаагаар сонгосон буюу томилсон тухай тэмдэглэсэн байна” гэж зааснаар 2015 оны дээрх комиссын бүрэлдэхүүн нь хууль болон дүрэмд заасны дагуу өөрчлөгдөж, одоо үйл ажиллагаа явуулдаг эсэхтэй холбоотой баримтыг хариуцагч нь шүүхэд ирүүлээгүй байна.
Эдгээрээс үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 126, 1267 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмын талаар хуульд заасан журмыг зөрчсөн, энэ журмыг хэрэглэх боломжтой гэж үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгч Г.Хгийн гаргасан нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д “хууль тогтоомжоор шүүхэд харьяалуулсан бусад маргаан”-д хамааруулан шийдвэрлэх нь зүйтэй байх ба дээр дурдсанаар хариуцагч ХӨСҮТийн ерөнхий захирлын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/50 тоот тушаал нь хуульд нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын хүрээнд нэхэмжлэгч Г.Хг ХӨСҮТийн Санхүү бүртгэлийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчийн ажил, албан тушаалыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заажээ.
Г.Хг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлыг нь түр түдгэлзүүлсэн, тэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн ба шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажлын 63 хоногийн цалин, хөлстэй тэнцэх олговрыг дараахи байдлаар тооцох нь зүйтэй байна.
Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … олговор олгох … хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтаны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж зааснаар дундаж цалин хөлсийг 2020 оны 12, 2021 оны 01, 02 дугаар сард авсан цалингаас тооцоход дундаж цалин нь 2,186,869 төгрөг гарч байх ба ажлын 21.5 өдөрт хуваахад 1 өдрийн цалин хөлс нь 101,714.8 төгрөг гарч байх бөгөөд үүнийг ажилгүй байсан 63 хоногоор тооцоход 6,408,032.4 төгрөг гарч байна.
Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн тооцохыг даалгуулахаар нэхэмжлэгч шаардлага гаргасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар энэхүү шаардлага нь үндэслэлтэй юм.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Хг ХӨСҮТийн Санхүү бүртгэлийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчийн ажил, албан тушаалыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхийг хариуцагч ХӨСҮТд даалгаж, ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 6,408,032.4 /зургаан сая дөрвөн зуун найман мянга гучин хоёр төгрөг дөрвөн мөнгө/ төгрөгийг хариуцагч ХӨСҮТөөс гаргуулж, нэхэмжлэгч Г.Хд олгож, Г.Хгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, зохих бичилт хийхийг хариуцагч ХӨСҮТд даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч ХӨСҮТөөс улсын тэмдэгтийн хураамжид 117,478.5 /нэг зуун арван долоон мянга дөрвөн зуун далан найман төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ