Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Н.Адъяа, шүүгч Д.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн даргаар Э.Уранбилэг

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун, Ө.Амарбаясгалан

Иргэдийн төлөөлөгч Л.Лачирмаа

Гэрч Д.А

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Гд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Адъяасүрэнгийн хэлэлцүүлсэнээр хянан хэлэлцэв.

М.Г

Шүүгдэгч М.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн оройн 20 цагийн орчимд ... тоот өөрийн гэртээ иргэн Д.Хтэй архи ууж байгаад хоорондоо маргалдаж түүний хүзүүн тус газарт хутгалж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 01 дүгээр сарын 11-нд би Хийг дуудсан, юу хийж байна гэхэд хийсэн байхгүй гэхээр хүрээд ир гэсэн, юм ярьж сууж байгаад хоёулаа нэг шил архи аваад уучих уу гэсэн чинь тэгье гэсэн нэг шил архи аваад уусан, тэгээд нөгөө архиа уучихаад дахиад нэг шил архи аваад уух гэсэн чинь Х би согтоод байна гэхэд нь за ахын дүү харьж амар чи харьж чадах уу, би хүргэж өгөх үү гэсэн чинь би дүүгээ дуудаад хүргүүлчихье гэсэн тэгээд А дүүгээ дуудсан, тэр дүүтэй нэг шил архиа хуваалцаж уугаад байж байсан чинь Х А дүүдээ томроод агсараад байсан, чи одоо хүн дуудаж ирчихээд яагаад томроод байгаа юм бэ зүгээр бай гэж хэлсэн чинь чи надад заах болооогүй шүү гээд хоорондоо маргаж эхэлсэн, Х чаддаг юм бол намайг цохьчих гээд байсан чи чамайг цохьдог хүн биш гээд хацар дээр нь зөөлхөн алгадасан чинь намайг зөрүүлээд шууд цохьсон, би босч очоод бариад авсан чинь намайг шууд тонгороод унагасан, тэгээд ноцолдож байхад манай хүн салгасан, нөгөө хүүхэд байхгүй болчихсон, би салангуутаа хутга аваад битгий наашаа ойртоорй, цаашаа яв гэсэн чинь нөгөө Х над руу дайрч орж ирээд ийм асуудал болсон, хутгалья гэж хутгалаагүй” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Д.Хийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 01 сарын 11-ний өдөр ....Г... намайг гэртээ хүрээд ир гэж дуудсан юм. Намайг гэрт нь очиход Г ах эхнэртэйгээ хамт байсан юм... Тэгээд байж байхад Г ах хоёулаа нэг шил архи ууя гэхээр нь би та ажилтай шүү дээ гэхэд зүгээр амарч байгаа гэж байсан юм. Тэгээд бид 2 хамтдаа гэрээс нь гарч гэрийнх нь хажууд байдаг дэлгүүр орж Г ах тэр дэлгүүрээс нэг шил 0,75 гр хар чингис архи, ундаа шоколад печень авсан. Тэгээд бид 2 буцаад гэрт нь орж архиа уусан юм. Тэр архийг ууж дуусаад Г ах дахиад нэг юм ууя гэхээр нь дүүд нь юм алга байна дараа би танд юм авч өгье гэхэд зүгээрээ чи гараад түрүүний архи авдаг дэлгүүр ороод худалдагчийг нь надтай утсаар яриулчих гэсэн юм. Би тэгээд гараад нөгөө дэлгүүр лүү нь орж худалдагчийг нь Г ахтай яриулсан ба Г ах зээл хийж 1 шил 0,75 гр Экс архи авсан. Би гэрт нь буцаж ороод уг архийг уусан... Би төрсөн дүү Зын найз болох Аг утсаар ярьж хүрээд ир гэж дуудсан. Учир нь би согтох гээд байсан учир согтчих юм бол гэрлүүгээ хүргүүлэх санаатай дуудсан байсан юм... А ирчихсэн байсан ба А ямар ч л гэсэн дэлгүүр гараад архи авчирч байсан... Тэгээд л бид 3 тэр архийг уусан юм... нэг мэдэхэд би гарах гээд коридорт нь гутлаа өмсөж байснаа санаж байна. … нэг мэдэхэд л миний цээжнээс халуу оргиод явчих шиг болсон ба юу болсныг нь би бол мэдэхгүй байна. Нэг ухаан ороход орцонд хэвтэж байх шиг байсан ба 2 эгч хажууд байгаа бололтой наад хүн чинь цус алдаад үхлээ шдээ гээд байгаа бололтой байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

Гэрч Ж.Агийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ...манай найз Зын төрсөн ах Х над руу утсаар яриад айлд байж байна хүрээд ир гэж дуудсан... Тэгээд би тэр байгаа айлыг нь заалгаад хүрээд очсон. Намайг очиход Х ах болон тэр гэрийн эзэн нь гэх Г гээд ахтай хамт архи уугаад сууж байсан. Намайг очиход 1 шил 0,75 гр ЭКС архи уугаад дуусаж байсан юм. Тэгээд намайг очиход тэр архинаасаа Х ах хийж өгсөн би тэрнээс 2 татсан юм. Тэгээд тэр архи дууссан... Намайг анх очиход Х ах болон Г ах нар нилээн согтуу байдалтай байсан юм... тэр айлын Г ах намайг гараад гадаа байгаа дэлгүүр лүү ороод утсаа өгөөд надтай худалдагчийг нь яриулчих нэг шил архи авна гэсэн юм... Тэгээд би гарч зааж өгсөн дэлгүүр дээр нь очиж утсаараа Г ахтай худалдагчийг нь яриулсан ба тэр дэлгүүрийн хүн 0,75 гр ЭКС архи болон нэг коло ундаа өгсөн... Тэгээд тэр архиа ууж байхдаа бид нар гар барилдаан хийгээд би Г ахыг 3 ялсан юм. Тэгээд юм яриад сууцгааж байхад нэг мэдэхэд л Х ах Г ах 2 бие биенээ чи би дээрээ тулчихсан чи надтай үзэх юм уу гээд л бие биенээ хэлээд маргаад эхэлсэн юм... Тухайн үед яг юунаас болж маргалдсаныг бол мэдэхгүй байна. Согтуу хүмүүс л үгэн дээрээсээ болоод л маргалдсан байх гэж бодоод байна. Тэр үед Г ахын эхнэр нь та нар одоо болно явцгаа гэж байсан ба Г ах болон Х ах 2 маргах гээд чи би дээрээ тулаад үг яриа нь ондоо болоод явчихсан юм. Тэр үед Г ах гэрийнхээ гал тогооны өрөөнд байсан хутганы комон дотроос заазуур авсан тэгэхэд эхнэр нь нөхрөө бариад хорьсон юм. Тэр үед Г ах миний хажууд гал тогоонд сууж байсан ба заазуур авахлаар нь би босоод коридорт байсан гутлаа углаад өлгүүрээс куртикээ аваад хурдан гарсан юм. Тэр үед Х ах мөн коридорт гараад ирчихсэн байсан ба би түрүүлээд гэрээс нь гарсан юм. Тэгээд л би доошоо 2 давхар болон 3 давхар 2-н голд нь очиход араас Х ах гарч ирээгүй байхлаар нь би дутуу өмссөн гутлаа гүйцэд өмсөөд барьж гарсан куртикээ өмсөөд буцаад дээшээ гараад очиход тэдний гэрийн хаалга онгорхой хагас дэлгээтэй байсан. Тэгэхэд Г ахын эхнэр нөхрөө чи хүн алчихлаа шдээ гээд хашгирч байсан. Тэгээд л би ороод очиход Г ах том өрөөнийхөө хаалганы наад талд нь зогсож байсан ба эхнэр нь хажууд нь зогсоод нөхрийнхөө гараас хутгыг нь авч байгаа харагдаж байсан юм. Тэр хутга нь хүрэн бор иштэй урт хутга байгаа харагдсан юм. Харин Х ах гэрийнх нь корьдорт ордог хаалганы баруун гар талд хана налаад 2 хөлөө жийгээд сууж байсан ба хүзүүнээс нь цус гарч байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54- 56 дугаар хуудас/

Гэрч Н.Нын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 01 сарын 11-ний өдөр манай нөхөр Г ажлаасаа бууж ирчихээд гэрээсээ гараагүй... 14-15 цагийн хооронд болов уу гэж бодож байна манай гэрт манай нөхрийн танил залуу ирсэн юм... тэр 2 гараад явсан буцаад ирэхдээ 0,75 гр Хар чингис архи аваад ирсэн. Тэгээд тэр 2 тэр архиа уусан... Тэгээд тэр 2 архийг дуусгаад уг залууг гаргаад дахиад архи авчируулж байгаа бололтой байсан юм. Тэгээд л тэр 2 архиа уугаад юм яриад суугаад байсан ба тухайн залуу утсаар нэг хүнтэй яриад л нэг хүнийг дуудаад байгаа бололтой байсан юм... Миний хувьд тэр сүүлд ирсэн залууг огт танихгүй зүс харж байгаагүй залуу байсан... Тэгээд сүүлд ирсэн залуу намайг өрөөндөө орсны дараа гадагшаа гараад явж байсан ...гаднаас архи аваад орж ирсэн юм... би тайвшраад том өрөөндөө байж байтал манай нөхрийн дуу болон эхлээд ирдэг Х 2-ын дуу чангараад ирэхлээр нь хоорондоо муудаад байгаа юм болов уу гэж бодоод гал тогооны өрөөнд ороод нөхөр болон Х хоёр бие биерүүгээ том том дуугараад муудах гээд шөргөөцөлдөөд байсан юм... Манай нөхрийгХ та намайг цохих юм уу, цохичих л доо гээд нүүрээ өгөөд байсан юм. Тэгэхэд манай нөхөр Г Х гээд залуугийн нүүрэнд нь зөөлхөн цохиод авсан юм. Тэгтэл нөгөө залуу нь та намайг цохиж байгаа юм уу гээд л тэр 2 маргаад эхэлсэн ба тэр үед сүүлд ирсэн залууд нь чи найзыгаа аваад яв л даа гэж хэлж байх хооронд л Х манай нөхөр 2 босоод барилцаад авсан юм. Тэгэхлээр нь би сандраад тэр 2-ыг хооронд нь ороод салгахад манай нөхөр гал тогооны өрөөнд байсан хутганы комон дотроос заазуур авсан юм. Би сандраад нөхрөө барьж аваад гараас нь заазуурыг нь тавиулаад нөхөртэйгөө зууралдаад та 2 явцгаа гараад зугтаарай гэж хэлсэн тэгэхэд уг 2 залуу манай гэрээс гарсан ба хаалга дуугараад хаагдсан юм. Тэгээд би нөхрөө бариад коридорт нөхрөө хойш нь татаад унасан юм. Намайг анх заазуурыг тавиулахад тэндээс зөрүүлээд манай нөхөр хутга авсан юм шиг байгаа юм би тэрийг нь бол мэдээгүй юм. Тэгээд л нөхрөө хойш нь татаад коридорт унасан ба тэр үед нөгөө 2 гараад хаалгаа хаасан байсан юм... Тэгээд би тухайн үед хаалга руу харахад тэр 2 байхгүй гараад явчихсан байхлаар нь явчихаж дээ гэж бодоод нөхрөө араас нь татаж байснаа болиод тавьсан ба манай нөхөр босохлоор нь би араас нь мөн босоод иртэл гэрийн хаалга гэнэт онгойсон ба хартал нөгөө Х гээд залуу буцаад ширүүн ууртай ороод ирсэн. Тэгтэл манай нөхөр тэр залуу руу дайрсан ба би сандраад нөхрийнхөө араас нь хальт бариад авахад нь манай нөхрийн гар нь хөдлөх шиг болсон ба нөгөө орж ирсэн залуу хүзүүгээ дараад сонин болоод хана налаад хойшоо суусан юм. Тэгэхэд гарынх нь салаагаар цус гарч байсан юм. Би сандраад нөхрөө дараад газар унахад манай нөхрийн гараас нь манай гэрийн хүрэн модон иштэй урт хутга унасан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59- 62 дугаар хуудас/,

Гэрч Ш.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: "... 2017 оны 01 сарын 11-ний орой хүнтэй уулзахаар гэрээсээ гараад явж байгаад юм аа орхисоноо гэнэт санаад эргээд гэр рүү орохоор шатаар өгсөж явтал манай гурван давхрын зүс таних залуугийн хаалга нь онгорхой нэг танихгүй залуу хүзүүг нь даавуугаар дарчихсан мөн нөгөө залуу эхнэртэйгээ сандарсан байдалтай зогсож байсан. Би даавууг нь аваад үзэхэд цус их алдаж байсан тэгэхээр нь би шарх руу нь гараа хийгээд цус алдаж байгаа судсыг нь гараараа чимхэж цусыг нь тогтоосон төд удалгүй түргэний эмч ирээд цус тогтоох тариа хийгээд эмнэлэг явсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 73-74 дүгээр хуудас/,

Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн .... тоот шинжээчийн: “...Д.Хийн биед хүзүүний баруун хэсгийн буюу нэргүй венийг гэмтээсэн шарх, хурц цус алдалт, цус алдалтын дараах цус багадалт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгтогтоох журмын 3.1.8, 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна....” гэсэн дүгнэлт/хх-ийн 91 дүгээр хуудас/,

Хэрэг, учралын газарт үзлэг хйисэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 07-10,

Хутганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14/

Шинжээч томилох тогтоол /хх-ийн 90, 95, 101,/

Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 91, 96, 98, 102/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 126/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол / хх-15-р хуудас / болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч М.Г нь 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн оройн 20 цагийн орчимд ... тоот өөрийн гэртээ иргэн Д.Хтэй архи ууж байгаад хоорондоо маргалдаж түүний хүзүүн тус газарт хутгалж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна. Шүүгдэгч М.Г нь энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу мөн хуулийн 92, 93 дугаар зүйлд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн доорхи нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: хохирогч Д.Хийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 01 сарын 11- ний өдөр ....Г... намайг гэртээ хүрээд ир гэж дуудсан юм. ...Тэгээд бид 2 хамтдаа гэрээс нь гарч гэрийнх нь хажууд байдаг дэлгүүр орж Г ах тэр дэлгүүрээс нэг шил 0,75 гр хар чингис архи, ундаа шоколад печень авсан. Тэгээд бид 2 буцаад гэрт нь орж архиа уусан юм. Тэр архийг ууж дуусаад Г ах дахиад нэг юм ууя гэхээр нь дүүд нь юм алга байна дараа би танд юм авч өгье гэхэд зүгээрээ чи гараад түрүүний архи авдаг дэлгүүр ороод худалдагчийг нь надтай утсаар яриулчих гэсэн юм. Би тэгээд гараад нөгөө дэлгүүр лүү нь орж худалдагчийг нь Г ахтай яриулсан ба Г ах зээл хийж 1 шил 0,75 гр Экс архи авсан. Би гэрт нь буцаж ороод уг архийг уусан… нэг мэдэхэд л миний цээжнээс халуу оргиод явчих шиг болсон ба юу болсныг нь би бол мэдэхгүй байна. Нэг ухаан ороход орцонд хэвтэж байх шиг байсан ба 2 эгч хажууд байгаа бололтой наад хүн чинь цус алдаад үхлээ шдээ гээд байгаа бололтой байсан юм...” гэсэн мэдүүлэг,гэрч Ж.Агийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ...манай найз Зын төрсөн ах Х над руу утсаар яриад айлд байж байна хүрээд ир гэж дуудсан... Намайг очиход Х ах болон тэр гэрийн эзэн нь гэх Г гээд ахтай хамт архи уугаад сууж байсан... Намайг анх очиход Х ах болон Г ах нар нилээн согтуу байдалтай байсан юм... Тухайн үед яг юунаас болж маргалдсаныг бол мэдэхгүй байна. Согтуу хүмүүс л үгэн дээрээсээ болоод л маргалдсан байх гэж бодоод байна. ...Тэгээд л би доошоо 2 давхар болон 3 давхар 2-н голд нь очиход араас Х ах гарч ирээгүй байхлаар нь би дутуу өмссөн гутлаа гүйцэд өмсөөд барьж гарсан куртикээ өмсөөд буцаад дээшээ гараад очиход тэдний гэрийн хаалга онгорхой хагас дэлгээтэй байсан. Тэгэхэд Г ахын эхнэр нөхрөө чи хүн алчихлаа шдээ гээд хашгирч байсан. Тэгээд л би ороод очиход Г ах том өрөөнийхөө хаалганы наад талд нь зогсож байсан ба эхнэр нь хажууд нь зогсоод нөхрийнхөө гараас хутгыг нь авч байгаа харагдаж байсан юм...” гэсэн мэдүүлэг,гэрч Н.Нын мөрдөн байцаалтанд өгсөн “...манай нөхөр тэр залуу руу дайрсан ба би сандраад нөхрийнхөө араас нь хальт бариад авахад нь манай нөхрийн гар нь хөдлөх шиг болсон ба нөгөө орж ирсэн залуу хүзүүгээ дараад сонин болоод хана налаад хойшоо суусан юм. Тэгэхэд гарынх нь салаагаар цус гарч байсан юм...” гэсэн мэдүүлэг, гэрч Ш.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: "... 2017 оны 01 сарын 11-ний орой ...манай гурван давхрын зүс таних залуугийн хаалга нь онгорхой нэг танихгүй залуу хүзүүг нь даавуугаар дарчихсан мөн нөгөө залуу эхнэртэйгээ сандарсан байдалтай зогсож байсан. Би даавууг нь аваад үзэхэд цус их алдаж байсан тэгэхээр нь би шарх руу нь гараа хийгээд цус алдаж байгаа судсыг нь гараараа чимхэж цусыг нь тогтоосон төд удалгүй түргэний эмч ирээд цус тогтоох тариа хийгээд эмнэлэг явсан...” гэсэн мэдүүлэг, .. тоот шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Гд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч М.Г нь хохирогч Д.Хд 3 200 000 төгрөгийг төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч М.Гд холбогдох хэрэгт цугларсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хавтаст хэргийн 148-149 дүгээр хуудсанд авагдсан ажил байдлын тодорхойлолт бусад баримтууд нь шүүгдэгч М.Гын хувийн байдлыг буюу хамт олонтойгоо эвсэг харьцаатай , ажил хөдөлмөртөө тэргүүний болохыг нотлож байгаа тул шүүхээс эдгээр нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч М.Г нь 2017 оны 01 сарын 12-ны өдрөөс 2017 оны 01 сарын 13 хүртэл нийт 1 хоног хойшлуулшгүйгээр баривчлагдсан ба хэрэгт иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хүрэн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Г нь 2001 оны 11 сарын 29-ний өдрийн 154 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан ялын ялтай байдал нь дууссан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч М.Г нь охин Г.У-ыг өөрийн асрамжинд өсгөж хамтран амьдрагч эхнэр Н.Наас тусдаа амьдарч байгаа болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн гэрч Д.Аын мэдүүлэг, хэрэгт хавсаргагдсан Сайншанд сумын 7 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, “Талст зам” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул түүнийг гурав хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч М.Гыг хүүхдээ асран хүмүүжүүлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийг журамлан ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ.
             Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч М.Гыг бусдын бие махбодид хүнд  гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч М.Гыг 5 жил 1 сар  хорих ял шийтгэсүгэй.

 

             3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гд оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гын цагдан хоригдсон 1 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

            5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

             6.Шүүгдэгч М.Г нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг  дурьдсугай.

 

  7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гд 5 жил 1 сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт хариуцуулсугай.

 8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гд хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд хорих ялыг биечлэн эдлүүлэх учрыг тайлбарласугай.

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Гд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ГАНБОЛД

 

                          ШҮҮГЧИД                                                Н.АДЪЯА

 

                                                                                        Д.АДЪЯАСҮРЭН