Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар     109/ШШ2021/0036

 

 

 

 

 

 

                                          109/ШШ2021/0036

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Т.М

Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга

            Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн “Т.М-г аймгийн Музейн захирлын албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/19 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс /7.403.824 төгрөг/-ийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.М миний бие Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/146 дугаартай захирамжаар Архангай аймгийн Музейн захирлаар томилогдсон. Намайг ажлаас халах талаар ямар нэгэн байдлаар огт мэдэгдээгүй байж байтал 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 11 цаг 48 минутанд ******* дугаарын утсаар Засаг дарга дуудуулж байна гэсний дагуу аймгийн Засаг дарга Д.З-тай уулзсан. Засаг даргын өрөөнд Засаг дарга өөрөө, Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Б нар байсан. Тэгээд Засаг дарга Д.З танд сонсох ажиллагаа явуулж байна, чамайг ажлаас чөлөөлсөн, та музейн даргын ажлыг муу хийсэн, төрийн хууль тогтоомж зөрчиж, сонгон шалгаруулалтгүй ажилд томилогдсон гэсэн зүйл хэлсэн. Би энэ үйл явлыг хүлээн зөвшөөрөхгүй гээд гарын үсэг зурахаас татгалзаж гарч ирсэн. Намайг ажлаас халах гэж байгаа талаар надад огт мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй, надад ажлаас халсан захирамжаа гардуулж өгөөгүй.

Иймд Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн “Т.М-г аймгийн Музейн захирлын албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/19 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.М-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна. Маргаан бүхий захиргааны акт болох 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Б/19 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэлийг үзэхээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэл болгожээ. Үүнд Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан. Хуульд нийцүүлж захирамж гаргах зохицуулалттай байдаг. Уг захирамжийн үндэслэл болгосон зүйл нь сонгон шалгаруулалтгүй томилсон Т.М-г 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн байна. Ингэхдээ сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон гэдэг асуудлыг дурдсан байдаг. Хэрэгт цугларсан баримтаас захиргааны акт ойлгомжтой тодорхой байх гэсэн нөхцөл хангагдаагүй байна. Ажлаас нь чөлөөлөх гэж байгаа тохиолдолд Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар соёлын асуудал эрхэлсэн төв байгууллагатай зөвшилцөх ёстой. Т.М сонгон шалгаруулалтгүй томилогдсон учраас чөлөөлөх гэж байгаа талаараа соёлын асуудал эрхэлсэн төв байгууллагатай зөвшилцөөгүй байна. Мөн Монгол Улсын Засаг захиргаа  нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь хэсгийг зөрчсөн байна.

Т.М нь 2016 онд музейн захирлаар томилогдсон байдаг. Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 25 дугаар тогтоолыг маргаан бүхий актдаа үндэслэсэн байгаа. Тухайн үед үйлчилж байсан захиргааны хэм хэмжээний актын дагуу байх ёстой болохоос биш Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 25 дугаар тогтоол 2016 онд үйлчлээгүй байсан. Өөрөөр хэлбэл буцаан хэрэглэх хэм хэмжээ биш юм. Захирамжийн үндэслэл нь хуульд нийцээгүй байна. Музейн захирлын ажил албан тушаалын тодорхойлолт хэрэгт авагдсан байсан. Ажлын байрны тодорхойлолтыг 2016 оноос музейн захирлаар томилогдох үед тухайн үед дагаж мөрдөж байсан тодорхойлолтыг хавсаргаж өгсөн байгаа. Мөн албан тушаалын 2021 оны шинэчлэн батлагдсан тодорхойлолт хэрэгт авагдсан байдаг. Тэгэхээр тухайн албан тушаал эрхлэх болзол шаардлагыг нэхэмжлэгч Т.М хангасан байдаг. Сонгон шалгаруулалтыг хэн зарлах юм түүний захиалгыг хэн хүргүүлэх юм гэдэг нь нэхэмжлэгчээс шалтгаалах үйл баримт биш.

Хэрэгт сонсох ажиллагааны тэмдэглэл авагдсан байгаа. 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 11 цаг өнгөрч байхад өөртэй нь ярьж аймгийн Засаг даргатай уулзалт хийсэн тэмдэглэлийг сонсох ажиллагааны тэмдэглэл гэж хэрэгт хавсаргасан байдаг. Уг тэмдэглэлд музейн захирлын ажлыг муу хийсэн өөрийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн юм уу гэдэг ойлголт төрөхөөр нөхцөл байдал үүсэж байгаа. Уг ажлаас чөлөөлсөн захирамжийг өөрт нь танилцуулж гардуулж өгөөгүй байдаг. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны акт гаргах эрх бүхий субъект актаа гаргахдаа судалгаа төлөвлөгөөтэй акт гаргах шаардлага үндэслэлийг нэг бүрчлэн судалж  хувийн хэрэгт баримтжуулсан байх хэрэгтэй. Захиргааны акт гаргахдаа холбогдох нотлох баримтыг цуглуулах нь захиргааны байгууллагын үүрэг юм. Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагаа зөрчигдсөн байна. Тухайн маргаан бүхий захиргааны актын хувийн хэрэг гэж байхгүй байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Т.М нь аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр  сарын 30-ны  өдрийн Б/146 дугаартай захирамжаар тус албан тушаалд анх томилогдохдоо сонгон шалгаруулалтад хамрагдаагүй, хууль зөрчин шууд томилогдож ажиллаж байсан. Мөн 2020 онд аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр хангалтгүй үнэлгээ авсан. Т.Мг ажлаас чөлөөлөхдөө Захиргааны ерөнхий хуульд зааснаар биечлэн уулзах хэлбэрээр тэмдэглэл хөтөлж, сонсох ажиллагааг хийн ажлаас чөлөөлсөн байна. Архангай аймгийн Музейн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулахаар 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд сонгон шалгаруулалтын захиалгыг хүргүүлсэн байна. Ковид-19 цах тахлын нөхцөл байдлын улмаас Улсын онцгой комиссын шийдвэрээр 2021 оны 8 дугаар сарын 31-нийг дуустал сонсон шалгаруулалт явуулах боломжгүй байгаа болно. Т.М нь холбогдох хууль, журмын дагуу уг сонгон шалгаруулалтад оролцон тус ажилд эгүүлэн жинхэлэн томилогдох боломжтой юм. Иймд нэхэмжлэгч Т.М-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарыг шинжлэн судлаад

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүхэд иргэн Т.М-гээс Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн “Т.М-г аймгийн Музейн захирлын албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/19 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “ажилгүй байсан хугацааны цалин хөлс /7.403.824 төгрөг/-ийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах” гэж ихэсгэсэн байна.[1]

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэг. Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд:

Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/112 дугаар захирамжаар Б.Ц-ыг өөр ажилд шилжин ажиллах тухай хүсэлтийн дагуу Архангай аймгийн Музейн захирлын ажлаас чөлөөлжээ.[2]

Иргэн Т.М нь бүжгийн дасгалжуулагч, багш мэргэжилтэй, төрийн захиргааны удирдлагын магистр зэрэгтэй бөгөөд Архангай аймгийн Засаг даргын  2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/146 дугаар захирамжаар аймгийн Музейн захирлаар томилогдсон байна.[3] Улмаар 2016 онд үр дүнгийн гэрээ 81.9 хувь,  2017 онд үр дүнгийн гэрээ 81.5 хувь, 2018 онд үр дүнгийн гэрээ 82.1 хувь, 2019 онд 92 хувь, 2020 онд 58.6 хувь үнэлэгджээ.[4]

            Архангай аймгийн Засаг дарга 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн Б/19 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2., 30 дугаар зүйлийн 30.1.10., Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2., Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн Музейн захирлын албан тушаалд төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулалт зарлалгүйгээр томилогдсон гэх үндэслэлээр Т.М-г ажлаас чөлөөлж, мөн өдрийн  Б/20 дугаар захирамжаар Л.О-г аймгийн Музейн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. [5]

            Ийнхүү иргэн Т.М-гээс шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэжээ.

Хоёр. Маргаан бүхий Б/19 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухайд:

Анх хариуцагч захиргааны байгууллага болох Архангай аймгийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/146 дугаар захирамжаар нэхэмжлэгч Т.М-г аймгийн музейн захирлаар томилсон байдаг.

Нэхэмжлэгч Т.М-гийн ажиллаж байсан аймгийн Музейн захирлын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. дэх хэсэг Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна: 14.1.2.-т “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал гэж заасан.” гэж зааснаар төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалд хамаарч байна.

Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн Б/19 дугаартай захирамжаар Т.М-г аймгийн Музейн захирлын албан тушаалд төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулалт зарлалгүйгээр томилогдсон гэх үндэслэлийг дурдаж чөлөөлсөн байна. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа “нэхэмжлэгч Т.М-г төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн хувьд сонгон шалгаруулалт зарлалгүйгээр томилогдсон, ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж 2020 аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр хангалтгүй үнэлгээ авсан” гэх тайлбар гаргажээ.

Нэхэмжлэгч Т.М-г аймгийн Музейн захирлын албан тушаалд томилогдох үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4. дэх хэсэг Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна: 16.4.18.-д “төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн.”, Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 10 дугаар зүйлийн 10.1. дэх хэсэгт “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн.”, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруудах журмын 1.4.-д Удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг: 1.4.2.-т “Аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх бусад төсвийн байгууллага (хүн эмнэлэг, театр, чуулга, музей, соёлын төв, номын сан зэрэг бусад байгууллага)-ын дарга (захирал, эрхлэгч)-ын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг тухайн аймаг, нийслэл дэх Салбар зөвлөл” гэж тус тус заасан байна.

Хууль, журмын дээрх заалтын агуулгаас үзвэл, төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) буюу Архангай аймгийн Музейн захирлын албан тушаалд томилогдох этгээдийг сонгон шалгаруулах ажиллагааг Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь Салбар зөвлөл зохион байгуулахаар зохицуулсан байжээ.

Маргаан бүхий энэ хэргийн тухайд, нэхэмжлэгч Т.М-г анх тухайн албан тушаалд томилохоос өмнө  тус сонгон шалгаруулалтыг Салбар зөвлөл зохион байгуулаагүй байна.

Харин Архангай аймгийн Засаг дарга 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01/1157 дугаар албан бичгээр аймгийн Музейн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь Салбар зөвлөлд хүргүүлж байжээ.[6]

 Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгч Т.М-г тухайн албан тушаалд “... төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулалт зарлалгүйгээр томилогдсон ...” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь ойлгомжгүй байна.

Тодруулбал, сонгон шалгаруулалтын захиалга өгөх, сонгон шалгаруулалт зарлах, зохион байгуулах ажиллагаа нь төрийн захиргааны байгууллагын эрх хэмжээ, чиг үүрэгт хамаарах ажиллагаа атал иргэн Т.М-г сонгон шалгаруулалт зарлалгүйгээр томилогдсон буюу сонгон шалгаруулалтад ороогүй гэх агуулгаар маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, хариуцагч маргаан бүхий актын үндэслэлдээ сонгон шалгаруулалт зарлалгүйгээр гэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байх хугацаанд төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт зарлаагүй, зохион байгуулаагүй нь захиргааны байгууллаганы буруутай үйл ажиллагаа байх бөгөөд үүнд нэхэмжлэгчийг буруутгах нь үндэслэлгүй байна.

Дээрх үйл баримтаас дүгнэж үзвэл хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4. дэх хэсэгт “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарлатай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг баримт цуглуулах замаар тогтоох үүргээ бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан зарчмын агуулгыг мөн зөрчсөн байна.

Мөн Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т “Улсын болон бүс нутгийн чанартай соёлын байгууллагын даргыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн соёлын байгууллагын дарга, захирлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн аймаг, нийслэлийн Засаг дарга, сум, дүүргийн соёлын байгууллагын дарга, захирлыг аймаг, нийслэлийн соёлын байгууллагын дарга, захиралтай зөвшилцөн сум, дүүргийн Засаг дарга тус тус томилж, чөлөөлнө.”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн  30.1.10.-т “хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг, нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж заажээ.

Монгол Улсын Соёлын яамны 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 4/1236 дугаар албан бичигт[7] “ ... Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ... зааснаар Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас Архангай аймгийн Музейн захирал Т.М таныг ажлаас чөлөөлөх асуудлаар зөвшилцөх холбогдох баримт бичиг тус яаманд 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар ирээгүй байна” гэх тайлбар ирүүлсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ ... Т.М-г ажлаас чөлөөлөхдөө соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөөгүй ...” гэх тайлбар гаргасан болно.

Хуулийн дээрх зохицуулалтын агуулгаас үзвэл, хариуцагч Архангай аймгийн Засаг дарга нь аймгийн Музейн захирал Т.М-г ажлаас чөлөөлөхдөө хууль зааснаар харьяалах төрийн захиргааны /төв/ байгууллагатай зөвшилцөх шаардлагатай байжээ.

Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох, мэдэгдэх ажиллагааны тухайд, нэхэмжлэгч  Т.М шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: “ ... аймгийн Засаг дарга яаралтай ирж уулз гэхээр нь ортол аймгийн Засаг дарга, хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн байсан,  надад мэдэгдэл өгөөгүй, ажлаас чөлөөлөх тухай өмнө  мэдэгдээгүй ...” гэх тайлбар гаргасан бөгөөд хариуцагчийн төлөөлөгчөөс мэдэгдэл хүргүүлээгүй гэх асуудлаар маргаагүй болно.

Хавтаст хэрэгт авагдсан 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэлд: “ ... Засаг дарга: ... та төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонсон шалгаруулалт зарлалгүйгээр тухайн албан тушаалд томилогдсон байна. Иймд сонгон шалгаруулалт явуулах зайлшгүй шаардлага үүссэн учир таныг ажлаас чөлөөлж байна ..., Т.М: ... бичгээр сонсох ажиллагаанд тайлбар өгөх хэрэгтэй гэж үзэж байна ...” гэх тайлбар гаргасан байх бөгөөд Т.М гарын үсэг зураагүй байна.[8]

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсэг Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.6.-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 26 дугаар зүйлийн 26.1. дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 26.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ.”, 27 дугаар зүйлийн 27.1. дэх хэсэгт “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно.”, 27.2. дахь хэсэг Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ: 27.2.1.-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх”, 27.3. дахь хэсэг Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана: 27.3.1.-д “сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл”, 27.3.2.-т “захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт”, 27.3.3.-т “захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл.”, 27.5. дахь хэсэгт “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна.”, 29 дүгээр зүйлийн 29.1. дэх хэсэгт “Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивт хадгална.” гэж тус тус заасан.

Маргаан бүхий энэ хэргийн тухайд, Архангай аймгийн Засаг дарга 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн Б/19 дүгээр захирамжаар Т.М-г ажлаас чөлөөлөхдөө урьдчилан мэдэгдээгүй, мэдэгдэх хуудас хүргүүлэлгүй 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 12 цаг 37 минутад Т.М-тэй уулзаж тэмдэглэл үйлдэж, мөн өдрөө буюу 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдөр ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдож байна.

Ийнхүү маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг хангаагүй, /зөвшилцөх/ ажиллагааг явуулаагүй Б/19 дүгээр захирамжийг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. дахь хэсэгт заасан “хууль тогтоомжид нийцсэн” байх шалгуурыг хангахгүй гэж үзлээ.

2020 онд аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр хангалтгүй дүгнэгдсэн гэх тайлбарын тухайд:

Нэхэмжлэгч Т.М нь аймгийн Музейн захирлаар ажиллаж байх хугацаандаа аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний үнэлгээгээр 2016 онд 81.9 хувь,   2017 онд 81.5 хувь, 2018 онд 82.1 хувь, 2019 онд 92 хувь, 2020 онд 58.6 хувь үнэлэгдсэн байна.[9]

2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн 2020 оны жилийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тайланд “ ... 6. Музей ... жилийн ерөнхий үнэлгээ 87.8 ...” гэж дүгнэжээ.[10]

Нэхэмжлэгч Т.М нь 2020 оны үр дүнгийн гэрээ дүгнэсэн үнэлгээнд холбогдуулан Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж байсан байна. Харин дээрх асуудлаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, маргаан үүсгээгүй болно.

Төсвийн шууд захирагч үр дүнгийн гэрээгээр хангалтгүй үнэлэгдсэн тохиолдол цаашид авах арга хэмжээний талаар холбогдох журмаар нарийвчлан зохицуулсан бөгөөд дээрх үндэслэл нь түүнийг албан тушаалаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлд хамааралгүй байна.

Тодруулбал, үр дүнгийн гэрээ /гүйцэтгэлийн төлөвлөгөө/ -гээр хангалтгүй үнэлэгдэх нь тухайн албан хаагчид хариуцлага хүлээлгэх /сахилгын шийтгэл/ үндэслэл болдог бол албан тушаалаас чөлөөлөх нь хуульд тусгайлан заасан төрийн албанаас чөлөөлөгдөх үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд хэрэгжих зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, дээрх ялгаатай ойлголт нь нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн харилцан адилгүй үр дагавар үүсгэдэг байна. Нэхэмжлэгч Т.М нь 2020 оны үр дүнгийн гэрээгээр хангалтгүй үнэлэгдсэн нь түүнийг албан тушаалаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлд хамааралгүй юм.

Түүнчлэн маргаан бүхий албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж буй Л.О нь төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй[11] бөгөөд албан тушаалын тусгай шаардлагыг хангаагүй талаар Авлигатай тэмцэх газраас дүгнэлт ирүүлсэн болохыг тэмдэглэв.

Иймд шүүх дээр дурдсан үндэслэлээр Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн “Т.М-г аймгийн Музейн захирлын албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/19 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Т.М-г урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гурав. Ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 7.403.824 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх, нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Шүүхээс нэхэмжлэгч Т.М-г Б/19 дүгээр захирамжаар ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4., Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7 дахь хэсгийн а-д заасны дагуу нэхэмжлэгч Т.М-гийн 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс хойшхи хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7.403.824 /долоон сая  дөрвөн зуун гурван мянга найман зуун хорин дөрөв/ төгрөгийг хариуцагч Архангай аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1., 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Т.М-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн “Т.М-г аймгийн Музейн захирлын албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/19 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Т.М-г урьд эрхэлж байсан Архангай аймгийн Музейн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4., Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсэг заасныг баримтлан хариуцагч Архангай аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч Т.М-гийн 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс хойшхи хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7.403.824 /долоон сая  дөрвөн зуун гурван мянга найман зуун хорин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Архангай аймгийн Засаг даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Засаг даргаас 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ТҮВШИНТУЛГА

 

 

[1] 1-р хавтаст хэргийн 198 дахь тал

[2] 1-р хавтаст хэргийн 132 дахь тал

[3] 1-р хавтаст хэргийн 133, 236-248 дахь тал

[4] 1-р хавтаст хэргийн 166-180 дахь тал

[5] 1-р хавтаст хэргийн 8, 21 дэх тал

[6] 1-р хавтаст хэргийн 225 дахь тал

[7] 1-р хавтаст хэргийн 152 дахь тал

[8] 1-р хавтаст хэргийн 69 дэх тал

[9] 1-р хавтаст хэргийн 169-180 дахь тал

[10] 1-р хавтаст хэргийн 159-162 дахь тал

[11] 1-р хавтаст хэргийн 226, 228 дахь тал