Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2030

 

 

 

 

 

 

 

 

 

Ү.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/01708 дугаар шийдвэртэй, Ү.Нгийн нэхэмжлэлтэй, хариуцагч “КХ” ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлт, бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Цэрэндулам,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “КХ” ХХК-тай 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр 6 сарын хугацаатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажилд орсон, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хүссэн боловч туршилтын 6 сарын хугацаанд ажил гүйцэтгэх гэрээ байгуулдаг юм гэж хэлсний дагуу гэрээ байгуулсан. Уг гэрээ дуусмагц хөдөлмөрийн гэрээ байгуулахыг ажил олгогчоос удаа дараа шаардсан боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Ажиллаж байх хугацаанд хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажиллаж, зөрчил дутагдалгүй ажиллаж байсан. Гэтэл 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/94 дугаар ажил гүйцэтгэх гэрээ цуцлах тухай тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ажлын байр нь байнгын үргэлжилсэн шинжтэй бөгөөд ажлын тогтмол цагтай, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг байгууллагаас төлдөг зэргээр компанитай хөдөлмөрийн харилцаа үүссэн байхад ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлаас халсан нь үндэслэлгүй. Тушаалд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт зааснаар хэдийд ч цуцлах эрхтэй гээд үндэслэлээ ч заагаагүй ажлаас халсан. Тушаалыг гардаж авсны дараа байгууллагаас бичиг баримт авах үедээ хөдөлмөрийн гэрээний төсөл боловсруулагдаж байсныг хуулбарлан авсан. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийхийг даалгаж өгнө үү.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ү.Нг зөөлөн оёдлын үйлдвэрлэл хариуцсан тооцоологч инженерийн ажлын орон тоон дээр 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 6 сарын хугацаатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан авч ажиллуулсан. Тэрээр захиалгат загвараа зөв тооцоолж албан ёсоор батлуулж хэрэгжүүлдэггүй, дураараа аашилдаг, компанийн дүрэм мөрддөггүй, ажлын цагаас хоцрох, таслах, хариуцсан цех хамт олны дунд зохисгүй ааш зан гаргах, хэрэлдэж маргалдах зэргээр зөөлөн оёдлын цехийн ажилтнуудын тогтвор суурьшилтанд муугаар нөлөөлсөн алдаа дутагдал удаа дараа гаргаж байсан учраас ажлаас чөлөөлсөн.

Нийт 4 удаа арга хэмжээ авагдсан ба цаашид ажиллуулах боломжгүй гэж үзсэн. Ажлын байр нь байнгын орон тоо боловч загвараа батлуулалгүйгээр ажлаа хийсэн. Зан аашийн хувьд хамт ажиллаж байгаа хүмүүстэйгээ таардаггүй. Хэрэв сайн ажиллаж байсан бол хөдөлмөрийн гэрээ байгуулах байсан. Гэтэл сайн ажиллаагүй учир хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Анх орж байгаа ажилтантай шууд хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, заавал хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байж болно. Тиймээс тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ү.Нг “КХ” ХХК-ийн зөөлөн оёдлын үйлдвэрлэл хариуцсан тооцоологч инженерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “КХ” ХХК-иас нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 625 542 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ү.Нд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “КХ” ХХК-д даалгаж, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 72 958 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ү.Н нь ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж, ажлын хариуцлага сул, ширүүн догшин зан авиртай, хамт олны эвсэг байдлыг эвддэг, ажлын цаг ашиглалт муу, ажлаас байнга хоцрох, таслах зэрэг зөрчил гаргадаг байсан. Тухайлбал, захиалгат засварыг албан ёсоор батлуулдаггүй, дураараа хэрэгжүүлдэг, компанийн дотоод дүрмийг мөрддөггүй, шинээр орсон ажилтантай зүй зохисгүй харьцсанаас болж тус албаны 2 хүн “Ү.Нтой ажиллаж чадахгүй” гэх шалтгаанаар ажлаас гарах хүсэлтээ гаргаж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан” тухай баримт хэрэгт байгаа. Мөн ажлаас хоцрох, таслаж зэрэг зөрчилтэй холбоотой баримтыг хэрэгт гаргаж өгсөн. Эдгээр шалтгаанаар ажил олгогчоос удаа дараа анхааруулж, олон удаа арга хэмжээ авсан боловч зөрчлөө арилгахгүй дахин давтаж байсан тул цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэж гэрээг цуцалсан. Гэтэл шүүх хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байхад тус гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Компанийн хувьд өөрийн ажлын онцлог байдал, ажлын эрх ашиг, сонирхол, зорилго, чиглэл, чиг үүргийг харгалзан тухайн ажилтантай ямар гэрээ байгуулж ажиллах нь байгууллагын эрх хэмжээнд хамаарах асуудал юм. Нэхэмжлэгчийг үүрэгт ажлаа гүйцэтгэж чадахгүй, ажлын шаардлага хангахгүй байсан тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцалсан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, холбогдох хуулийг оновчтой зөв тайлбарласан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч Ү.Н нь хариуцагч “КХ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр /хх33/ нэхэмжлэгч Ү.Н нь хариуцагч “КХ” ХХК-д “зөөлөн оёдлын үйлдвэрлэл хариуцсан тооцоологч инженер”-ийн ажил үүрэг гүйцэтгэж байгаад 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гүйцэтгэх захирлын Б/94 тоот тушаалаар /хх 16/ уг гэрээг цуцалжээ.  

 

Талууд байнгын ажлын байранд “Ажил гүйцэтгэх гэрээ” гэж нэрлэгдсэн гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй боловч тэдгээрийн хооронд эрх зүйн ямар харилцаа үүссэн талаар маргаж, анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн байна.

 

Уг гэрээний 1.2-т “БҮА-ны зөөлөн оёдлын үйлдвэрлэл хариуцсан тооцоологч инженер. Оёмол бүтээгдэхүүний зураг тооцоолол хийж суурь үлгэр байгуулах, эсгүүр хувилах, шаблом үлгэрийг хугацаанд хийж үйлдвэрлэлд оруулах” гэж тухайн ажлын байранд гүйцэтгэх ажлыг тодорхойлж, 1.3-т “удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай гүйцэтгэх, компаниас өгсөн ямар ч ажлыг хийж, компанийн дотоод журмыг мөрдөн ажиллана” гэж ажилд тавигдах шаардлагыг заасан, 1.4-т “ажиллах хугацааг 6 сар” гэх зэргээр гэрээний нөхцлийн талаар харилцан тохиролцож, гарын үсэг зуржээ.

 

Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь “Ажил гүйцэтгэх гэрээ” гэж нэрлэгдсэн боловч гэрээний дээрх нөхцөл түүний агуулга, гэрээг цуцлах тушаалд Ү.Нтой холбогдох тооцоог хийж, ээлжийн амралтыг бодож олгох, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг холбогдох албан тушаалтанд үүрэг болгосон заалтууд, гэрээ цуцлах үндэслэлийн талаарх хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт хийгдсэн бичилт буюу ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тухай тэмдэглэл зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар харьцуулан үзвэл хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Дээрх тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу тухайн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах нь хууль болон нэхэмжлэгчийн эрх ашигт нийцэх юм. Гэтэл хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэх үндэслэлээр 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/94 тоот тушаалаар Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Ү.Нтой байгуулсан гэрээг цуцалсан нь буруу болжээ.

 

Иймд анхан шатны шүүх ажилтныг ажилд эгүүлэн тогтоож, олговор гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцэж байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/01708 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 73 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Т.ТУЯА