Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/646

 

 

 

 

 

    2024       06          05                                   2024/ШЦТ/646

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранзаяа,

улсын яллагч М.Нямжав,

хохирогч Ц.С  ,

шүүгдэгч Т.Ж , Ц.Э , тэдгээрийн өмгөөлөгч Д.Алтансүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ж , Ц.Э  нарт холбогдох эрүүгийн 2306 01692 0401 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

 

Холбогдсон хэргийн талаар:

Т.Ж , Ц.Э  нар бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 05-ны ....  тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ц.С  ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ж ын өгсөн “2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр намайг гэртээ байхгүй байх үед Ц.С  ирсэн байсан. Үүнээс хойш манай эхнэртэй хамт 2-3 хоног архидсан байсан. Би Ц.С ын гэрийг мэдэхгүй учраас эхнэрийн бага дүүгээс гэрийн хаягийг нь авч очих замдаа Ц.Э  ахтай тааралдаад О  согтуу байх шиг байна хоёулаа түшээд аваад ирье гээд Ц.С ын гэр рүү орсон. Ц.С ыг хараад миний уур хүрээд цохисондоо харамсаж байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э ын өгсөн “Тухайн үед Т.Ж тай 12 цагийн үед автобусны буудал дээр таарсан. Эхнэр О ийг аваад ирье ойрхон айлд дүүгийндээ байгаа гэж хэлээд цуг явсан. Ороход Ц.С  хаалга онгойлгосон, О  нэлээн согтолттой орныхоо хажууд 0,5 литрийн архи талаас доогуур болчихсон байсан. Тэгээд Т.Ж , Ц.С  2 маргалдсан. Бие муутай хүнийг архи уулгалаа гээд маргалдаад жижиг өрөө рүү орсон. Би О ийг даралт чинь ихэсдэг, татаж унадаг байхад олон хоног архи ууж болохгүй гээд яриад сууж байсан. Тухайн үед О  нимгэн халаадтай байсан. Би хувцсыг нь өмсүүлээд байж байтал жижиг өрөөнөөс чимээ гарсан. Жижиг өрөө рүү ороход Т.Ж , Ц.С  нар дээр доороо ороод ноцолдож байсан. Тэгээд би энэ хоёрыг салгаад Т.Ж , Ц.С  нарыг түлхэж унагаасан. Тэгээд гайгүй болж хоорондоо юм яриад, би О ийн гутлыг өмсүүлээд гэрээс нь гарсан” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.С  ын өгсөн “Би Д  гэх хүнтэй 2 жил гаруй хугацаанд хамт амьдарсан. Манай хамтран амьдрагч Д  2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймаг рүү мөсний баярт наймаа хийх зорилгоор явсан. 03-ны өдөр ачаа бараагаа янзлаад байж байхад Т.Ж ын эхнэр О  над руу залгаад Б  миний дүү эгчийгээ ямар нэг аргаар ирээд авчих, зодуулчихсан хэцүү байдалд байна гэхээр нь би завгүй, амжихгүй гээд утсаа салгасан. Тэгсэн дүү рүүгээ залгасан байсан. Манай хамтран амьдрагч Д  над руу залгаад очоод авчих юм уу гэж хэлэхээр нь би такси бариад гэрт нь очсон. Намайг очиход Т.Ж ын нэг ажилтан юм уучихсан согтуу, эхнэр нь 2 тортой хувцсаа бэлдчихсэн одоо явахгүй бол цаадах чинь намайг явуулахгүй шүү гэтэл Т.Ж ын ажилтан явуулахгүй байсан. Такси дуудаад гурвуулаа манайд ирсэн. Манайд ирээд 1 шил архи уусан. Т.Ж ын ажилтныг одоо та гэртээ харь гээд унаанд суулгаж өгөөд явуулсан. Тэгээд эгч нь бие өвдөөд байна гээд дахиад 1 шил архи авчраад уусан. Айхтар согттолоо уугаагүй. Өглөө нь дахиад нэг шил архи уусан. Би тэрнээс нь 2 удаа уусан. Тэгээд гэрээ цэвэрлэчхээд зурагт үзээд байж байтал хамтран амьдрагч Д  залгаад одоо ингээд Хөвсгөлөөс гарна, юу болсон гайгүй юу гэхээр нь гайгүй ээ гэж ярьсан. 05-ны өдөр 13 цагийн үед Т.Ж , Ц.Э  нар манайд ирсэн. Би тэгэхэд халамцуу байсан. Т.Ж  шууд эхнэр рүүгээ уурлаад, уух байсан юм бол гэртээ уухгүй яасан юм гээд загнасан. Орж ирэхдээ 6 лааз пивотой орж ирсэн. Би пивоноос нь уугаагүй. Тэгээд явах болсон чинь Т.Ж  гэнэт над руу уурласан. Чи над руу энд байгаа гэдгийг нь утсаар хэлж болно шүү дээ гээд уурлаад байсан. Би өөрийнх нь дугаарыг мэдэхгүй учраас түүн рүү залгах боломж байгаагүй. Иймэрхүү байдлаар над руу уурлаад цохиж авсан. Би зодоон хийгээд яах вэ дээ гэтэл учиргүй цохиж аваад байсан. Миний ухаан балартсан байсан уу, сайн санахгүй байна. Ц.Э  гэдэг нь надтай зууралдаад байх шиг байсан. Тэр үед бид хоёрыг Ц.Э  салгасан уу санахгүй байна. Ам ангайж болохгүй цус болчихсон зуураад байсан. Т.Ж , Ц.Э  нарыг явсны дараа би өөрөө түргэн тусламж дуудсан. Намайг үзээд өвчин намдаах тариа хийгээд та шууд гэмтлийн эмнэлэг яв гэж хэлсэн. Гар утсан дээрээ зургаа аваад эмнэлэг рүү явсан. Ц.Э ын хувьд тухайн үед ухаан балартсан байсан болохоор буруу ойлгосон байж магадгүй. Эрүүл мэндийн байдал одоо хэвийн болсон. Надад гомдоод байх зүйл байхгүй. Т.Ж аас эмнэлэг хэвтэхийн өмнө 1,000,000 төгрөг бэлнээр, эмнэлгээс гарсны дараагаар хоол идэхэд хэцүү байдалтай байсан болохоор шингэн төрлийн хүнс хэрэглэж байна гээд 2,500,000 төгрөг авсан. Мөн 100 доллар өгсөн. Би тухайн үед 3 сар хөдөлмөр эрхлэх боломжгүй гэртээ байсан. Тоос сорогч эвдэрсэн. Эвдэрсэн зүйл, 3 сарын ажилгүй байх хугацааны цалингаа төлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч дараах нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ц.С  ын “Би 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн үед эхнэр Д гийн төрсөн эгч О  миний ....  дугаар руу .... дугаараас залгаад эгчийгээ ирээд ав, нөхөр Т.Ж  зодоод алах гээд байна гэсэн. Тэгээд би тухайн орой О ийн гэр болох Баянзүрх дүүрэг 1000 оюутны айлаас очиж авсан. Тэгээд О  манайд байсан. 2023 оны 03 дугаар сарын 05-ны өглөө сэрээд би эгч О тэй касс нэртэй 0,5 литрийн савлагаатай пиво 1 ширхгийг уугаад, хөргөгчид байсан 1 литр орчим Монгол архи байсныг би бага багаар халааж уусан. 13 цагийн үед манай хаалгыг Т.Ж  тогшоод би онгойлгоход баз хүргэн ах Т.Ж  үл таних залуугийн хамт манай гэрт орж ирээд чи муу яагаад манай авгайг авч яваад байгаа юм гэсэн. Т.Ж тай хамт явж байсан залуу миний зүүн гарыг мушгиж намайг унагаагаад охины өрөө рүү намайг чирээд оруулсан. Тэгээд миний уруул хэсэгт 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Миний уруулаас цус гараад би гараараа дарсан. Т.Ж  миний хэвлий, цээж хэсэгт 2-3 удаа өшиглөөд тоос сорогчийн төмөр сугалж аваад миний биеийн бүх хэсэгт цохисон. Тэгээд би гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд уруул сэтэрсэн тул 2 оёдол тавиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч С.С-ийн “Дээрх гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ц.С   нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 3,458,000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Т.Ж , Ц.Э  нараас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дахь тал/,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3387 дугаартай “Ц.С  ын биед эрүүний баруун үений сэртэнгийн хугарал мултрал, уруулд язарсан шарх, хүзүүнд зулгаралт, зүүн бугалга, тохой, дал, нуруу, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 39-40 дэх тал/, 

Яллагдагч Ц.Э ын “Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 132-133 дахь тал/, 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ж , Ц.Э  нарын өмгөөлөгч Д.Алтансүх дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Гэрч Х.О ийн “Ц.Э  нь тухайн үед эв эрүүл, сав саруул байсан бөгөөд хэн нэгнийг цохиж зодсон зүйл байхгүй. Бид нар хоорондоо муудалцаж байхад Ц.Э  зохицуулж авч гарсан. Үүнээс цааш мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дахь тал/,

Гэрч Х.Д гийн “Би 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мөсний баярт Хөвсгөл аймаг руу явсан ба гэрт нөхөр Ц.С  болон охин А  нар үлдсэн. Миний төрсөн эгч О  над руу 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр залгаад манай нөхөр Ж архи уугаад хэрүүл хийгээд байна. Би Б г дуудаад танай гэрт очлоо гэж ярьсан. Тэгээд манай нөхөр гэрээс нь очиж авсан гэсэн. Яг хэзээ очиж авсныг нь мэдэхгүй байна. Б  гэрт нь очоод О ийн хувцсыг аваад хамт таксигаар гэрт ирсэн гэсэн. Гэрт ирээд О , Ц.С  2 хамт архи уусан байсан. Би мөсний Б  дуусаад 03 дугаар сарын 05-ны өдөр нөхөр Ц.С  руу залгаад Ж  ирээд намайг зодчихлоо, би түргэн дуудчихаад байж байна. Миний эрүү эвгүй болчихлоо гэж ярьсан. Манай нөхөр төрсөн дүүгээ дагуулж гэмтлийн эмнэлэг очиж үзүүлээд шууд цагдаа дээр ирээд тэндээсээ шүүх эмнэлэгт очиж үзүүлсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дахь тал/,

Ц.Э ын гэрчээр өгсөн “Тухайн өдрийн 10-11 цагийн орчим өөрийн танил Т.Ж тай ...  орчимд таарсан. Т.Ж  надад өөрийн эхнэр О  нь 2-3 хоног гэртээ ирсэнгүй. ...  хотхонд эгчийндээ байгаа юм шиг байна. Хамт явъя гэхээр нь би зөвшөөрсөн. Хаяг дээр нь очиход Т.Ж ын эхнэр О  нь нэлээн согтолт өндөртэй том өрөөнд байсан. Мөн үл таних 40 гаран насны согтууруулах ундаа хэрэглэсэн дан ганц биеийн тамирын өмдтэй залуу байсан. Тэгсэн Т.Ж  нөгөө үл таних залууд хандаж яагаад бие муутай хүнийг архи уулгаад байгаа юм бэ гэж яриа эхлээд жижиг өрөө рүү хамт орсон. Удалгүй түжигнээд унахаар нь би орсон чинь Т.Ж  доор нь байрлалтай ноцолдож байхаар нь болиулсан. Би тэр хоёрыг салгачхаад буцаж гарч ирээд О тай юм ярьж байх үед дахин түжигнээд эхэлсэн. Дахиад яваад ортол Т.Ж  нь тухайн залуугийн дээр гарчихсан ноцолдож байхаар нь би дахин салгаад О , Т.Ж  хоёрыг гэрт нь хүргэж өгөөд өөрөө харьсан. Ямар нэгэн цус гарсан, гэмтэл, шарх учирсан юм бол байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дахь тал/,

Т.Ж ын гэрчээр өгсөн “2023 оны 03 дугаар сарын эхээр манай эхнэр О  нь 2, 3 хоног архи уугаад гэртээ ирээгүй. Тэгээд би эхнэр О ийн төрсөн дүү Д гийн гэрт архи ууж байна гэдэг сураг сонсоод 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ....  хотхонд байдаг Д гийн гэрт найз Ц.Э ын хамтаар очиход манай эхнэр О  нь Д гийн нөхөр Ц.С ын хамт согтуу байж байсан. Тэгэхээр нь би Ц.С ыг эхнэр О тэй хардаад Ц.С ын нүүр рүү нь 1 удаа цохитол миний эрүү эвгүй болчихлоо гээд тонгойхоор нь би тоос сорогчийн шланкийг сугалж авч байгаад нуруу хэсэгт 2 удаа цохисон. Тэгтэл манай найз Ц.Э  хажуугаас одоо боль боль гэж хэлээд салгасан. Тэгсэн чинь Ц.С  миний эрүү эвгүй болчихлоо, та надад ганц пиво аваад өгчих гэхээр нь би дэлгүүр гараад 3 ширхэг лаазтай пиво авч өгчхөөд эхнэрээ аваад явсан. Тэр өдрөөс хойш би Ц.С тай гар утсаар холбогдоход эрүү хугарчихсан байна, би гэмтэл орчхоод ирлээ, эмнэлэгт хэвт гэж байна. Эрүүгээ хадуулна, эмчилгээний зардал өндөр гараад байна гэхээр нь би Ц.С тай очиж уулзаад эхний ээлжид гээд 1,000,000 төгрөг, 100 доллар зэргийг бэлнээр өгсөн. Түүнээс 10 орчим хоногийн дараа 2,500,000 төгрөг мөн бэлнээр өгсөн. Ц.Э  Ц.С ыг ямар нэгэн байдлаар зодож цохиогүй. Харин Ц.С ыг цохих үед Ц.Э  гүйж бид хоёрыг салгасан. Энэ зодоонд Ц.Э  ерөөсөө оролцоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дахь тал/, 

Ц.Э од Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг танилцуулсан талаарх “Уншиж танилцсан, тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тэмдэглэл /хх-ийн 130 дахь тал/,

Ц.Э ын яллагдагчаар өгсөн “Би 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүүгийнхээ гэр рүү явах гэж байгаад буруу автобусанд суугаад ... ны тэнд буугаад байж байхад нэг нутгийн зүс таних Т.Ж  гэх залуутай таарсан. Т.Ж  намайг ийшээ хоёулаа нэг айл руу яваад ирье, манай эхнэр тэнд 2-3 хоног архи уугаад гэртээ ирэхгүй байна, аваад ирье гээд бид хоёр такси бариад академийн тэнд нэг байранд очсон. Байранд ороод лифтээр дээш гараад нэг айлын хаалга тогшиход нэг үл таних эрэгтэй хаалга тайлсан. Гэрт нь ороход хөргөгч зассан гээд нэг залуу Т.Ж  бид хоёрыг ороход шууд зөрөөд гарсан. Тэгээд гэрт нэг эрэгтэй, нэг эмэгтэй байсан. Тэр хоёр хүн согтуу байсан. Эмэгтэй нь том өрөөнд дээгүүрээ халаад өмссөн байдалтай орон дээр хэвтэж байсан. Нөгөө эрэгтэй нь коридорт зогсож байсан. Т.Ж  нөгөө эрэгтэйд чи одоо бие хаа муутай татаж унадаг хүнийг 2-3 өдөр архи уулгалаа гээд уурлаад тэр хоёр маргалдаад жижиг өрөө рүү яваад орсон. Би тэр хооронд Т.Ж ын эхнэр гэх эмэгтэйтэй юм яриад миний дүү битгий архи уу бие хаа муутай хүн байж гээд байж байхад жижиг өрөөнд түжигнээд эхэлсэн. Би жижиг өрөөнд ороход Т.Ж  дээр нь гарчихсан нөгөө залуу доор байхаар нь салгаад нөгөө жижиг өрөөнөөс гарсан. Намайг жижиг өрөөнөөс гарч байхад Т.Ж  тоос сорогчийн шланк бариад үлдсэн. Би Т.Ж ын эхнэр дээр очоод хувцсаа өмсчих гээд хэлээд гутлыг нь зөөж өгөөд байж байхад Т.Ж  тэр хоёр нөгөө өрөөнд түжигнээд байхаар нь ороход хоёулаа газар уначихсан, тэврэлдсэн байдалтай байж байсан. Тэгээд би Т.Ж ыг салгаж аваад бид гурав гараад явсан. Эхлээд би Т.Ж ын эхнэртэй гараад араас Т.Ж  удаагүй гарч ирсэн. Би тэр залуугийн биед огт халдаагүй. Би зүгээр ноцолдож байхад нь салгасан. Хохирогч залууг огт танихгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 132-134 дэх тал/,

Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89, 98 дахь тал/,

Т.Ж аас хохирогч Ц.С  т 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 2,500,000 төгрөг өгсөн талаарх баримт /хх-ийн 139 дэх тал/, 

Хохирогч Ц.С  аас 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр прокурорын газарт гаргаж өгсөн “Миний бие Т.Ж-т холбогдох хэрэгт хохирогчоор тогтоогдсон ба биеийн байдал хэвийн болсон, санал гомдол огт байхгүй, нэхэмжлэх зүйлгүй болно. Түүнчлэн намайг хамт нийлж цохиж зодсон хүн байхгүй бөгөөд Ц.Э  нь харин ч биднийг салгасан хүн. Иймээс би ямарч гомдолгүйг энэ хүсэлтээр илэрхийлж байна” гэсэн хүсэлт /хх-ийн 140 дэх тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Боржигин овогт Тэрбишийн Т.Ж ын хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон баримт 1 хуудас баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлтийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

            Гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.Ж , Ц.Э  нарыг 2023 оны 10 дугаар сарын 05-ны ....  тоотод хохирогч Ц.С  ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь хохирогч Ц.С  , иргэний нэхэмжлэгч С.С, яллагдагч Ц.Э  нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон тул гэм буруутай гэж дүгнэсэн бол,    

шүүгдэгч нарын  өмгөөлөгчөөс бүлэглэн үйлдсэн нь тогтоогдоогүй тул шүүгдэгч Т.Ж т холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх, шүүгдэгч Ц.Э од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах байр суурь илэрхийлж оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

             Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар

- Т.Ж , Х.О  нар эхнэр, нөхрийн харилцаатай бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдсан,

- Х.О  нь төрсөн дүү Х.Д  руу ярьж түүний нөхөр Ц.С  аар гэрээсээ авхуулж дүүгийнхээ гэрт очсон, очсоноосоо хойш 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд дүүгийн нөхөр Ц.С  тай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн,

 - Т.Ж  нь найз Ц.Э ын хамт 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн орчим Ц.С  ын гэрт очсон, эхнэрээ архи уусан байдалтай байхыг хараад уурлаж Ц.С  тай маргалдсан улмаар биед нь хүч хэрэглэн халдсан,

- Ц.Э  нь зодооныг салгасан гэх үйл баримт тогтоогдсон байна.

Х.О ийн хувьд хэрэг гарах цаг хугацаанд хамт байсан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа чухал гэрч бөгөөд тэрээр мэдүүлэгтээ гэмт хэрэгт Ц.Э  оролцоогүй талаар,

Хохирогч Ц.С   нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчид үзүүлэхдээ эгчийн нөхөр зодсон талаар тус тус илэрхийлжээ.

Уг хэрэг 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 13-14 цагийн орчим үйлдэгдсэн бөгөөд тухайн цаг хугацаанд хохирогч Ц.С   нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан байдалтай байсан, улмаар цагдаагийн байгууллагад хандаж тус өдрийн 21 цаг 44 минутад хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгсөн, энэ үед мөрдөгчөөс түүний согтуурлын зэргийг шалгалгүйгээр мэдүүлэг авсан зөрчлийг дурдах нь зүйтэй.

Ц.С  ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “Т.Ж тай хамт явж байсан залуу миний зүүн гарыг мушгиж намайг унагаагаад охины өрөө рүү намайг чирээд оруулсан. Тэгээд миний уруул хэсэгт 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн” гэх мэдүүлэг нь 

- Гэрч Х.О ийн “Ц.Э  нь тухайн үед эв эрүүл, сав саруул байсан бөгөөд хэн нэгнийг цохиж зодсон зүйл байхгүй. Бид нар хоорондоо муудалцаж байхад Ц.Э  зохицуулж авч гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дахь тал/,  

- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2023 оны 3387 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр эгчийн нөхөр зодсон, эрүү рүү өшиглөсөн, унагааж байгаад тоос сорогчийн төмрөөр цохисон” гэж тэмдэглэсэн болсон хэргийн товч /өөрийн хэлснээр/ хэсэг /хх-ийн 39-40 дэх тал/,

- Хохирогч Ц.С  аас гаргасан “... намайг хамт нийлж цохиж зодсон хүн байхгүй бөгөөд Ц.Э  нь харин ч биднийг салгасан хүн” гэсэн хүсэлт /хх-ийн 140 дэх тал/,

- Яллагдагч Ц.Э ын “Би Т.Ж ын эхнэр дээр очоод хувцсаа өмсчих гээд хэлээд гутлыг нь зөөж өгөөд байж байхад Т.Ж  тэр хоёр нөгөө өрөөнд түжигнээд байхаар нь ороход хоёулаа газар уначихсан, тэврэлдсэн байдалтай байж байсан. Тэгээд би Т.Ж ыг салгаж аваад бид гурав гараад явсан. Эхлээд би Т.Ж ын эхнэртэй гараад араас Т.Ж  удаагүй гарч ирсэн. Би тэр залуугийн биед огт халдаагүй. Би зүгээр ноцолдож байхад нь салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 132-134 дэх тал/,

- Ц.С  ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “тухайн цаг хугацаанд шоконд орсон байсан, ам ангайж болохгүй зуураад байсан, ухаан балартсан байсан тул нөхцөл байдлыг буруугаар ойлгосон байж болзошгүй” гэх мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна.

Улсын яллагчаас Ц.Э ын яллагдагчаар өгсөн “Би 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 2306 01692 0401 дугаартай тогтоолтой уншиж танилцсан, би үйлдсэн хэрэг, тогтоолоо хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгийн хэсгийг яллах талын нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэлгүй юм.

Ц.Э  нь уг мэдүүлэгтээ Ц.С  ыг цохиогүй, Т.Ж , Ц.С   нар ноцолдоод байхаар нь салгасан гэх агуулга илэрхийлсэн, мөн  эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг танилцуулсан тэмдэглэлд “уншиж танилцсан, тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж бичиж тэмдэглэжээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос өгсөн нэг удаагийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаас зөрүүтэй, эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдсон байхад хохирогчоос дахин мэдүүлэг аваагүй, нотлох баримтуудад харьцуулан дүгнэлт хийлгээгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Э од холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.    

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

            Шүүгдэгч  Т.Ж  нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдсан идэвхтэй үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр атлаа зориудаар хийж хохирол учрахад хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.

            Уг үйлдлийн улмаас хохирогчийн биед шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон бөгөөд үйлдэл, хохирол хоорондоо шууд шалтгаант холбоотой.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол” гэж гэмт хэргийн шинжийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “Энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хүндрүүлэх нөхцөл байдлыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад “бүлэглэж” гэж хүндрүүлэх шинжийг тус тус хуульчилжээ.

“Бүлэглэж” гэдгийг хоёр, түүнээс дээш хүн үйлдлээрээ санаатай нэгдсэн байхыг ойлгох бөгөөд уг хэрэгт Ц.Э ын үйлдэл, оролцоо тогтоогдоогүй тул Т.Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай тооцож шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд Т.Ж ын эхнэрийн архины хамааралтай байдал, үүнийг таслан зогсоохгүйгээр түүнтэй хамт ахуйн хүрээнд үргэлжлүүлэн архидан согтуурсан хохирогч Ц.С  ын зохисгүй үйлдэл, харилцаа хандлага зэрэг нь  нөлөөлжээ. 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.С  ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тогтоогдсон бөгөөд хохирогчийн зүгээс 916,251 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн, шүүгдэгч Т.Ж  нь хохирогчид 3,500,000 төгрөг, 100 ам доллар төлсөн байна.

Гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 3,458,000 төгрөгийн хохирол тогтоогдсон, төлөгдөөгүй тул үүнийг Т.Ж аас гаруулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.

Хохирогч Ц.С   нь энэ гэмт хэргийн улмаас учирсан ажилгүй байсан 3 сарын хугацааны орлого, цалин хөлс, хамрын таславчийн хагалгаанд орох зардал зэрэг гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Т.Ж аас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.  

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Т.Ж  нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.Ж т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, уг ялыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх нөхцөлөөр эдлүүлэх санал гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгчөөс торгох ял оногдуулах санал тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Шүүгдэгч Т.Ж ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “ учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсаны улмаас тэтгэвэр тогтоолгосон гэх хувийн байдал, тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хор уршиг учирсан гэх шинж чанар, учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан

  Т.Ж т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т.Ж ын цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Ж , Ц.Э  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ц.Э од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Т.Ж т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

3. Т.Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Ж т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Ж т шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг 90 /ер/ хүртэл хоногоор тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Ж  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ж аас 3,458,000 /гурван сая дөрвөн зуун тавин найман мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

8. Хохирогч Ц.С   нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Т.Ж аас нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Т.Ж , Ц.Э  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ХАТАНЦЭЦЭГ