| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2021/00168/и |
| Дугаар | 101/ШШ2021/01978 |
| Огноо | 2021-06-24 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2021/01978
2021 06 24 101/ШШ2021/01978
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр байр, 0 тоот хаягт оршин суух, У овогт Б.Б,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр байр, 0 тоот хаягт оршин суух, Г овогт Л.Ж нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, НШШГГ-т холбогдох,
Барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг дахин үнэлгээ тогтоолгохыг шийдвэр гүйцэтгэгчид даалгах, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12/15 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/14 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б, Л.Ж нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч Б.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3078 дугаар шийдвэрээр Л.Ж, Б.Б нараас 57,521,787 төгрөгийг гаргуулж “ХХБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Л.Ж-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байрны 0 тоотод байрлах, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон.
Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хөрөнгийн үнэлгээ хийсэн “В” ХХК нь барьцаа эд хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байрны 0 тоотод байрлах, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцын өнөөгийн зах зээлийн үнийг 109,524,000 төгрөгөөр тогтоож, хөрөнгийн үнэлгээний тайланг НШШГГ-т 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүргүүлсэн байдаг.
НШШГГ барьцаа эд хөрөнгийг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй. 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 86,050,000 төгрөгөөр худалдан борлогдсон. Төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүх нэхэмжлэлийг хангаж 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч д/ч Э.Б 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12/15 дугаар тогтоолоор барьцаа эд хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, тогтоол мэдэгдлийг төлбөр төлөгч нарт хүргүүлсэн.
Барьцаа эд хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байрны 0 тоотод байрлах, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууц нь улсын бүртгэлийн гэрчилгээ дээр 40 м.кв талбайтай, харин бодит талбайн хэмжилт нь 75 м.кв талбайтай байдаг. Монгол улсад орон сууцны талбайн хэмжээг тооцохтой холбоотой Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлагдсан “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 дугаартай стандарт үйлчилж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасан нөхцөл үүссэн. Үүнд: 1. Барьцаа эд хөрөнгийн үнэлгээ хийгдсэнээс хойш 7 сар 18 хоногийн хугацаа өнгөрсөн байна. 2. Барьцаа эд хөрөнгө нь үнэлэгдсэн өдрөөс өнөөг хүртэлх хугацаанд ойролцоогоор 38,000,000 төгрөгөөр зах зээлийн ханш өсч үнийн дүнд өөрчлөлт орсон байна. /Үнийн өөрчлөлт орсон нөхцлийг хавсралт хуудас буюу баримтаар үзүүлэв/ 3. Барьцаа эд хөрөнгийг өнөөгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор “Д” ХХК-иар хөрөнгийн үнэлгээг хийлгэхэд зах зээлийн үнийг 148,500,000 төгрөгөөр тогтоосон. /Тайланг хавсралтаар хүргүүлэв/ 4. Үнэлгээ хийсэн “В” ХХК нь 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр барьцаа эд хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байрны 0 тоотод байрлах, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцын өнөөгийн зах зээлийн үнийг 109,524,000 төгрөг буюу 1 м.кв талбайг 1,460,000 төгрөгөөр тогтоосон. Дээрх эд хөрөнгө нь өнөөгийн байдлаар 1 м.кв талбай 1,980,000 төгрөг буюу 38,976,000 төгрөгийн өөрчлөлт орсон байна.
Монгол улсад орон сууцны зах зээлийн ханшинд бодитойгоор өөрчлөлт орсон гэж үзэж төлбөр төлөгч Л.Ж, Б.Б нарын зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон нь үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж зааснаар шинжээч томилуулан тухайн хөрөнгийн зах зээлийн үнэлгээг гаргуулах мөн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч болон улсын ерөнхий гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч хүлээн авахаас татгалзаж хариу ирүүлсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийн хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан тул 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Гомдлын хариуг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шуудангаар хүлээн авсан.
Дээр дурдсанаар хуулийн хугацаанд гомдлыг гаргаж урьдчилан шийдвэрлүүлсний дараагаар уг нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаа болно.
Монгол улсад орон сууцны зах зээлийн ханшинд бодитойгоор өөрчлөлт орсон, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Л.Ж-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байрны 0 тоотод байрлах, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнэ өсч анх үнэлэгдсэн үнэлгээнээс 38,976,000 төгрөгийн өөрчлөлт орсон байх тул барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг дахин үнэлгээ тогтоолгохыг шийдвэр гүйцэтгэгчид даалгах мөн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12/15 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.
Мөн НШШГГ-н 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагаас анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар нийтэд зарласан боловч Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолыг үндэслэн Коронавируст халдвар /ковид 19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх зарлагдсан албадан дуудлага худалдааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан учир дуудлага худалдаа зарлагдсан хугацаандаа болоогүй юм.
Тус барьцаа эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байрны 0 тоотод байрлах, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт тус газрын 200 тоот өрөөнд хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар “Үндэсний шуудан” сонингийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны №04/3714/ дугаартай нийтлэгдсэн мөн НШШГГ-н /http://www.niislel.cd.gov.mn/ сайтад 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байршуулсан байна.
Мөн тус газраас анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, мэдэгдлийг төлбөр төлөгч, өмчлөгч нарт 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мэдэгдсэн.
Ахлах шийдвэр гүйцэтгэгчид д/ч Э.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/14 дугаар тогтоолоор барьцаа эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, тогтоол мэдэгдлийг төлбөр төлөгч нарт хүргүүлсэн. Энэ тогтоолд гомдол гаргаагүй, шууд шүүхэд хандсан.
Нэхэмжлэгч нар барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг дахин үнэлгээ тогтоолгохыг шийдвэр гүйцэтгэгчид даалгах, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12/15 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/14 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан.
Иймд нэхэмжлэлээс барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг дахин үнэлгээ тогтоолгохыг шийдвэр гүйцэтгэгчид даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү, бусад шаардлагаас татгалзаж байна гэв.
Хариуцагч “НШШГГ”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3078 дугаар шийдвэрээр Л.Ж, Б.Б нараас 57,521,787 төгрөгийг гаргуулж ХХБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийн дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 164/01 дугаар мэдэгдлийг гардуулан өгч, 2020 оны 03 дугаар сарын 19, 24, 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд хаягаар очин зарлан болон мэдэгдэл хаалган дээр наасан.
Гүйцэтгэх баримт бичигт дурдсан үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байрны 0 тоотод байрлах, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2020.04.02-ны өдөр битүүмжилж, 2020.04.21-ний өдөр хураан авсан.
Төлбөр төлөгч нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн санал авахад тус бүр 250,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч ХХБ ХХК эс зөвшөөрч, хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 4/234 дүгээр тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “В” ХХК-ийг томилоход уг орон сууцыг 109,524,000 төгрөгөөр үнэлсэн.
Уг үнэлгээг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 4/17087 дугаар албан бичгээр төлбөр төлөгч нар болон төлбөр авагчид мэдэгдэхэд төлбөр төлөгч нар 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62-т зааснаар бие даан борлуулах хүсэлт ирүүлсэн.
Дурдсан хугацаанд өөрөө бие даан худалдан борлуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр үнэлэгдсэн үнийн 70 хувь буюу 76,666,800 төгрөгөөр оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 7/48 дугаар тогтоол, 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 4-162/24329 дугаар мэдэгдлийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн байна.
Хоёр дахь дуудлага худалдаанд 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр үнэлэгдсэн үнийн 50 хувь буюу 54,762,000 төгрөгөөр оруулахад 86,050,000 төгрөгөөр худалдан борлогдсон.
Төлбөр төлөгч Б.Б нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, шүүхээс 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 3620 дугаар шийдвэрээр худалдан борлуулсан тодорхой ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Хоёр дахь дуудлага худалдаанд 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр үнэлэгдсэн үнийн 50 хувь буюу 54,762,000 төгрөгөөр оруулахаар нийтэд мэдээлсэн.
Албадан дуудлага худалдаанд оруулах 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/14 дүгээр тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4-164/38 дугаар мэдэгдэлийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төлбөр төлөгч нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШЗ2021/01198 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулаагүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талууд уг ажиллагаатай холбоотой гомдлоо гаргахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д заасан журам, хугацааг баримтлах ёстой.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч Б.Б, Л.Ж нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б, Л.Ж нар хариуцагч “НШШГГ”-т холбогдуулан
Барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг дахин үнэлгээ тогтоолгохыг шийдвэр гүйцэтгэгчид даалгах, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12/15 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/14 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгч Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг дахин үнэлгээ тогтоолгохыг шийдвэр гүйцэтгэгчид даалгах шаардлагыг дэмжиж, бусад шаардлагаас татгалзсан боловч түүнд 2021.04.02-ны өдөр олгосон итгэмжлэлд түүнд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрх олгоогүй байхаас гадна нэхэмжлэгч Л.Ж өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
/I хавтас 227, II хавтас 6 тал/
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ анх тогтоосноос хойш 13 сарын хугацаа өнгөрсөн, хөрөнгийн бодит хэмжээ 75 м.кв бөгөөд анх тогтоосон үнэлгээнд үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт буюу 39,976,000 төгрөгийн өөрчлөлт орсон, үнэлгээг дахин тогтоолгох хүсэлтийг хуульд заасан журам, дараалалын дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргасан, үүний эцэст шүүхэд гаргасан гэжээ.
Хариуцагч “НШШГГ” нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/03078 дугаар шийдвэрээр:
Хариуцагч Л.Ж, Б.Б нараас 57,521,787.59 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ХХБ” ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг Л.Ж-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 байр, 0 тоот хаягт байрлах, 40 м.кв талбай бүхий, гурван өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулахаар шийдвэрлэсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
/I хавтас 66-69 тал/
Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч Л.Ж, Б.Б нарыг сайн дураараа биелүүлээгүй гэж үзсэн төлбөр авагч “ХХБ” ХХК-ийн хүсэлтийн дагуу тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01580 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн хариуцагч НШШГГ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон.
/I хавтас 65, 70 тал/
Үүнээс үзэхэд Л.Ж, Б.Б нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т: “Төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэнэ” гэж заасны дагуу төлбөр төлөгч буюу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал байна.
Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хариуцагч нь төлбөр төлөгч Л.Ж, Б.Б нараас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгасан Л.Ж-ийн өмчлөлийн
Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол 0 байр, 0 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020.04.02-ны өдөр битүүмжилж, 2020.04.21-ний өдөр хураан авсан, уг ажиллагааны явцад тэмдэглэл үйлдсэн байх ба эдгээр ажиллагааны талаар төлбөр төлөгч гомдол гаргаагүй байгаа нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ.
/I хавтас 85-100 тал/
Төлбөр төлөгч үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гүйцэтгэгчээс үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэнээр төлбөр төлөгч Л.Ж, Б.Б нар 250,000,000 төгрөгөөр тус тус үнэлснийг төлбөр авагч “ХХБ” ХХК эс зөвшөөрч, шинжээч томилуулан зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгох хүсэлт гаргажээ.
/I хавтас 101 тал/
Нэгэнт талууд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй тул НШШГГ-с 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №4/234 тоот “Шинжээч томилох тухай тогтоол”-оор хөрөнгийн үнэлгээний “В” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д тус тус заасантай нийцсэн байх ба уг ажиллагааг дээр дурдсан хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
“В” ХХК нь 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №Ш-5/1 тоот үнэлгээний тайлангаар Л.Ж-ийн өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дээрх өдрийн зах зээлийн үнэ цэнийг “109,524,000” төгрөг гэж үнэлжээ.
/I хавтас 102-122 тал/
Хариуцагч нь “В” ХХК-ийн үнэлгээг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, үнэлгээг төлбөр төлөгч Л.Ж, Б.Б нарт 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдэж, танилцуулсан, энэ талаар тэмдэглэл хөтөлсөн байх ба төлбөр төлөгч нар өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах санал гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д: “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө”,
62 дугаар зүйлийн 62.1-д: “Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно”,
62.2-т: “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн саналыг ажлын 3 өдрийн дотор шийдвэрлэнэ. Шийдвэр гүйцэтгэгч саналыг хүлээн авсан тохиолдолд бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг төлбөр төлөгчид олгож, энэ хугацаанд тухайн хөрөнгийг албадан борлуулах ажиллагааг зогсооно” гэж заасантай тус тус нийцсэн байна.
/I хавтас 106-108 тал/
Дээрх хугацаанд Л.Ж, Б.Б нар өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулаагүй тул хариуцагч нь шинжээчийн тогтоосон 109,524,000 төгрөгийн 70 хувь болох 76,666,800 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосон талаар 2020.06.26-ны өдрийн 4-162/24329 дугаартай албан бичгээр, албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 7/48 дугаартай тогтоолыг 2020.06.29-ний өдөр тус тус нэхэмжлэгч нарт мэдэгджээ.
/I хавтас 134-135 тал/
Уг хөрөнгө 2020.07.09-ний өдрийн анхны дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүйн улмаас хариуцагч нь 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 8/12 тоот тогтоолоор хоёр дахь дуудлага худалдааг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр явуулахаар шийдвэрлэж, дуудлага худалдааны санал болгох доод үнийг шинжээчийн тогтоосон үнийн 50 хувь буюу 54,762,000 төгрөг байхаар тогтоосон байна.
/I хавтас 135-137 тал/
Үүнийг эс зөвшөөрсөн Л.Ж, Б.Б нарын нэхэмжлэлийг тус шүүх 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2020/03620 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн, уг шийдвэрээр НШШГГ-н 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдсан “Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа”-ны 13 дугаарт бичигдсэн Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 байрны 0 тоотод орших улсын бүртгэлийн Y-0 дугаартай 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан борлуулсан тодорхой ажиллагааг хүчингүй болгож,
хариуцагчийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 8/12 тоот “Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
/I хавтас 178-182 тал/
Хариуцагч НШШГГ-ын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12/15 дугаартай ”Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоолоор Л.Ж, Б.Б нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн 2020.07.10-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож, хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнийг шинжээчийн тогтоосон үнэ 109,524,000 төгрөгийн 50 хувь болох 54,762,000 төгрөгөөр дуудах үнийг тогтоож, дуудлага худалдааг 2020.11.25-ны өдрийн 10-00 цагт зохион байгуулахаар шийдвэрлэснийг нэхэмжлэгч нарт 2020.11.10-ны өдөр мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн.
/I хавтас 184-187 тал/
Гэвч Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 дүгээр тогтоолыг үндэслэн Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор дуудлага худалдааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан болох нь 2020.12.16-ны өдрийн 4-160/71793 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.
/I хавтас 189-190 тал/
Үүний дараа ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021.01.06-ны өдрийн 1/14 дугаартай “Хоёр дахь албадан дуудлага явуулах тухай” тогтоолоор:
1. Төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн 2020.07.10-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож, хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнийг шинжээчийн тогтоосон үнэ 109,524,000 төгрөгийн 50 хувь болох 54,762,000 төгрөгөөр дуудах үнийг тогтоож, 2021.01.22-ны өдрийн 10-00 цагт албадан дуудлага хурдалдааг зохион байгуулах болсныг 2021.01.07-ны өдрийн 4-164/38 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч нарт мэдэгджээ.
/I хавтас 191-192 тал/
Нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2021.01.20-ны өдрийн 101/ШЗ2021/01198 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/03078 дугаартай шийдвэрийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэхийг хариуцагч НШШГГ-т даалгасан байна.
/I хавтас 56-58 тал/
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан баримтаас үзэхэд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021.01.06-ны өдрийн 1/14 дугаартай “Хоёр дахь албадан дуудлага явуулах тухай” тогтоолоор төлбөр төлөгч Л.Ж, Б.Б нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн 2020.07.10-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцсон,
2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12/15 дугаартай тогтоолын дагуу хоёр дахь албадан дуудлага худалдааг Засгийн газрын 2020.11.15-ны өдрийн 181 дүгээр тогтоолыг үндэслэн Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан, ингэснээр дээрх тогтоолын дагуу хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдаагүй байх ба шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлснээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/14 дүгээр тогтоол хэрэгжээгүй үйл баримт тус тус тогтоогдож байна.
Дээр дурдсан тогтоогдож буй үйл баримт нь нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Нэхэмжлэгч Л.Ж, Б.Б нар хөрөнгийн үнэлгээг дахин хийлгэх, уг үнэлгээг хүчингүйд тооцож өгөх хүсэлтийг НШШГГ-н ахлах шийдвэр гүйцэтгэгчид, түүний шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид тус тус гаргасан байх ба тэдэнд ахлах шийдвэр гүйцэтгэгч нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 4/1172 дугаартай албан бичгээр, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01/366 дугаартай албан бичгээр хариуг тус тус өгчээ.
/I хавтас 27-28 тал/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгэр зүйлийн 44.3-т: “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно”, 44.4-т: “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан.
Нэхэмжлэгч нар ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг 2020.12.22-ны өдөр шуудангаар хүлээн авсан гэж тайлбарласан, талууд ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор шүүхэд гомдлоо гаргахаар байна.
Тус шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1051 цагт хүлээн авсан болох нь тэдний нэхэмжлэлд дарагдсан шүүхийн дардас тэмдгээр тогтоогдож байх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд уг ажиллагаатай холбоотой гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан хугацаанд гаргаагүй, уг хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
/I хавтас 3 тал/
Түүнээс гадна ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/14 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагыг гаргахдаа дээр дурдсан хуульд заасан хугацаа, журмыг баримтлаагүй болох нь тогтоогдож байна.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нар нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн хариуг хүлээн авснаас хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргахдаа шуудангаар хүргүүлсэн гэж тайлбарласан боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэв.
Иймд хариуцагч НШШГГ-т холбогдох,
Барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг дахин үнэлгээ тогтоолгохыг шийдвэр гүйцэтгэгчид даалгах, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12/15 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/14 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Б, Л.Ж нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.4-т “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч Л.Жгийн өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийн дагуу түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж, түүний шүүхэд урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзсэн болохыг дурдав.
/II хавтас 6 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.5-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч “НШШГГ”-т холбогдох
Барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг дахин үнэлгээ тогтоолгохыг шийдвэр гүйцэтгэгчид даалгах, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12/15 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/14 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Б, Л.Ж нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШЗ2021/01198 тоот захирамжаар авсан “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” арга хэмжээ нь хэвээр байхыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ