Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2021/02103

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                              

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- байрлах, М д ХК- ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- тоотод оршин суух, Б овогт Э Э-т холбогдох,

4.001.531 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, хариуцагч Э.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч 2021-03-18-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани эрх зүйн туслалцаа үзүүлэх 16/086 тоот гэрээг хуульч Э.Э тай 2016-05-20-ны өдөр байгуулж ажилласан ба 2019-01-29-ний өдөр гэрээг харилцан дүгнэж, төлбөрийн үлдэгдэлийг тооцсон тухай тооцоо нийлсэн акт үйлдсэн. Хуульч Э.Э  нь гэрээний дагуу хууль зүйн туслалцаа үзүүлэхдээ манай компанид нийт 4.001.531 төгрөгийн өр төлбөртэй болсон байх бөгөөд 2019-02-15-ны өдөр 2.001.531 төгрөг, 2019-03-15-ны өдөр 2.000.000 төгрөгийг төлж барагдуулахаар тохирсон. Гэвч өнгөрсөн 2 жилийн хугацаанд огт төлбөр төлөөгүй болно. Иймд Э.Э аас хохирлын төлбөр болох 4.001.531 төгрөгийг гаргуулж М д ХК-д олгож өгнө үү гэжээ /хх-1/.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэхгүй саналгүй. Манай компани хариуцагчтай 2016-05-20-нд гэрээ байгуулж, 2019-01-29-ний өдөр тооцоо нийлж акт үйлдсэнийг хариуцагч зөвшөөрч гарын үсэг зурсан боловч төлбөрөө төлөөгүй. Энхбаатар нь эрх зүйн туслалцааа үзүүлэх гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг ажилд зарцуулаагүй, зарцуулсан талаарх санхүүгийн баримтад манайд хүлээлгэн өгөөгүй тул актаар тогтоосон төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.4-т заасан хохирол уччирсан болох нь тооцоо нийлсэн актаар тогтоогдож байгаа тул 4.001.531 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шаардаж байна гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компанитай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсанд маргахгүй. 2016-05-20-ны өдрийн гэрээнд дурдсан харилцаанд тооцоо нийлсэн актанд дурдсан харилцааг тодорхойлоогүй. Тиймээс гар утас худалдан авсан 1.350.000 төгрөгийг зөвшөөрч байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг төлснөөр шүүх хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн тул О-д холбогдох хэрэг шүүхээр шийдэгдсэн байгаа. Нэхэмжлэгч компаний нэхэмжлэлтэй болон холбогдох хэрэгт маргаанд ажиллах хугацаанд нотлох баримт бүрдүүлэхээр баримт гаргуулж байсан тул улсын тэмдэгтийн хураамж илүү төлсөн, зөрүү гэх төлбөр нь надад хамааралгүй, мөн шүүхийн шийдвэр захирамжид илүү төлсөн зөрүү гэх төлбөрийг надад олгохоор заагаагүй. Тооцоо нийлцсэн акт үйлдсэн шалтгааны тухайд нэхэмжлэгч компаний хуульч Удвалын хүсэлтээр үйлдсэн бөгөөд энэхүү актад дурдсан төлбөрөөс гар утас худалдан авсан 1.395.333 төгрөг, Б-той холбоотой 1.000.000 төгрөг, нийт 2.395.333 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө. Бусад шаардлагын тухайд надад хамааралгүй, 1706 дугаартай шийдвэр гэдэг нь ямар хэргийнх болохыг би мэдэхгүй. Нэхэмжлэгч талаас надад эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ цуцалсан талаар мэдэгдэл өгч байгаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагаас 2.395.333 төгрөгийг зөвшөөрч бусад шаардлагыг хүлээн зөвөшөөрхгүй, эдгээр төлбөр надад хамааралтай болох нь нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М д” ХК нь хариуцагч Э.Э т холбогдуулан 2016-05-20-ны өдөр байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу тооцоо нийлсэн 2019-01-29-ний өдрийн актын төлбөрт 4.001.531 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчаас зээлээр авсан гар утасны төлбөрийн 1.395.333 төгрөг, иргэн Баярцогттой холбоотой 1.000.000 төгрөгийн төлбөрийн шаардлагыг тус тус хүлээн зөвшөөрч, бусад шаардлагын тухайд надад уг төлбөрийг шилжүүлээгүй, шаардлагын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй тул бусад төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд зохигчидын хооронд 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээний 1.1-т үйлчлэгч нь үйлчлүүлэгчийн энэхүү гэрээний дагуу гаргасан хүсэлт, холбогдох захиалгын дагуу маргааныг үр дүнтэйгээр зохицуулах зорилгоор холбогдон гарах хууль, эрх зүйн асуудлаар шаардлагатай хууль зүйн туслалцаа, зөвлөгөө өгөх, шүүхэд төлөөлөх, эрх зүйн үйлчилгээг зохих ёсоор үзүүлж, ажлын хөлс авахаар, гэрээний 2.1-д гэрээний үнэ нь гүйцэтгэсэн ажлын үнийн дүн буюу маргааны дүнгээс хамаарахаар гүйцэтгэсэн ажиллагааны хөлсийг хувиар тогтоожээ /хх-5-7/.

 

Дээрх гэрээний талуудын эрх үүрэг, гэрээний шинж зэргээс үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1заасан Хөлсөөр ажиллах гэрээ”-ний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд энэхүү гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Зохигчид 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдэхдээ эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг харилцан дүгнэж, төлбөрийн үлдэгдэлийн талаар тооцоо нийлэв гээд Э.Э  нь дараах хэрэг маргаанд М д ХК-д хууль зүйн туслалцаа үзүүлэхдээ нийт 4.001.523,34 төгрөгийн өр төлбөртэй болсон гээд МОХ-той илүү шилжүүлсэн НДШ, ХАОАТ 477.600 төгрөг, 17/200 гэрээний дагуу худалдаж авсан гар утасны төлбөр 1.395.333 төгрөг, О-тай холбоотой дээд шүүхэд төлөх байсан УТХ 353.770 төгрөг, Н-тай холбоотой маршлын байрны СӨХ-н баримт 669.200 төгрөг, 1706 шүүхийн шийдвэрт бичигдсэн болон М д ХК-иас авсан улсын тэмдэгтийн хураамж зөрүү 105.628 төгрөг, Б-той холбоотой гэрээний үр дүнд хүрээгүй тул 1.000.000 төгрөг гэж /хх-11/ дурдснаас хариуцагч нь гар утас зээлээр авсны төлбөр 1.395.333 төгрөг, Б-той холбоотой 1.000.000 төгрөгийг тус тус төлөхөөр хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

Харин МОХ-той илүү шилжүүлсэн НДШ, ХАОАТ 477.600 төгрөг, О-тай холбоотой дээд шүүхэд төлөх байсан УТХ 353.770 төгрөг, Н-тай холбоотой маршлын байрны СӨХ-н баримт 669.200 төгрөг, 1706 шүүхийн шийдвэрт бичигдсэн болон М д ХК-иас авсан улсын тэмдэгтийн хураамж зөрүү 105.628 төгрөгийн гэх үүргийг хариуцагч хүлээсэн болох нь тодорхойгүй, талуудын байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 2.8-д үйлчилгээний ажлын явцад гарах зардал болох улсын тэмдэгтийн хураамж, нотариат, нотлох баримт бүрдүүлэх гэх мэт зардлыг үйлчлүүлэгч хариуцахаар заажээ.

 

Мөн 2019-01-29-ний өдрийн тооцоо нийлсэн актад дурдсан өр төлбөрийг хариуцагч Э.Э т шилжүүлсэн болон хариуцах үүрэгтэй болохыг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасан.

 

Түүнчлэн бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөхөөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бөгөөд хэрэгт нэхэмжлэлийн 4.001.531 төгрөгийн шаардлага болон түүний үндэслэлийг нотолсон баримтын эх хувь эсхүл түүний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар хувь ч авагдаагүй.

 

Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1зааснаар хэргийн оролцогч болох нэхэмжлэгч нь өөрийн шаардлага болон түүний үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй тул хариуцагчийн зөвшөөрсөн 2.395.333 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 1.606.198 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон баримтыг нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар гаргаагүй болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан 2021-03-11-ний өдөр төлсөн 78.975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас зөвшөөрсөн шаардлагад ногдох хураамжид 53.275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч Б овогт Э-ын Э-аас 2.395.333 /хоёр сая гурван зуун ерэн таван мянга гурван зуун гучин гурван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М д ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.606.198 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 78.975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Э аас 53.275 /тавин гурван мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Мандал даатгал” ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                     Д.ЯНЖИНДУЛАМ