Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2021/02083

 

 

 

 

 

 

 

 

 

    2021        07         09                                     101/ШШ2021/02083         

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, өөрийн байр хаягт байрлах, “АБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, Д овогт С.Э-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 73,284,945.41 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О,

Хариуцагч С.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Ж,

Гэрч С.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “АБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус банк нь зээлдэгч С.Э-тай 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 2100003136 тоот Зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 71,400,000 /далан нэгэн сая дервөн зуун мянга/ төгрөгийн зээлийг, жилийн 8 хувийн хүүтэйгээр, 120 сарын хугацаатай олгосон.

Зээлийн барьцаанд түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дугаар байрны 0 тоот хаягт байрлах Эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, 000504142 тоот гэрчилгээний дугаартай 40 м.кв талбай бүхий 3 өреө орон сууцыг барьцаалсан.

Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, 2017 оны 01 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зээлийг эргүүлэн төлөх хугацаа хэтэрч, зээл, зээлийн хүүний төлбөрийн хувиарийг зөрчсөөр 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлт огт хийгдээгүй.

Ингээд хариуцагч нь зээлээ хугацаанд төлөөгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, нэхэмжлэл гаргасан 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 60,266,595.63 төгрөг, зээлийн үндсэн хүү 5.672.383.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,680.86 төгрөг, нийт 65,997,656.30 төгрөг нэхэмжилсэн.

Уг шаардлагыг 2021 оны 05 сарын 27-ны  өдрийн байдлаар хүүд 5,672,380.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 58,680.56 төгрөг, нийт 7,027,251.84 төгрөгөөр нэмэгдүүлсэн ба үндсэн зээлийн үлдэгдэл 60,266,595.63 төгрөг, зээлийн үндсэн хүү 12,699,631.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 318,717.83 төгрөг, нийт 73,284,945.41 төгрөг болгосон.

С.Э-г зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч тэрээр “уг зээлийг би аваагүй, манай дүү С.Э авсан, би төлөхгүй” гэсэн хариу өгсөн тул шүүхэд хандахыг мэдэгдсэн.

Талуудын хооронд байгуулсан орон сууцны ипотекийн зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3-т:”Зээлдэгч зээлийн гэрээ болон түүний бүрэлдэхүүн хэсэг болох зээл, түүний хүү төлөх хуваарь, гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт, барьцааны болон батлан даалтын гэрээний заалтыг зөрчсөн” бол банк өөрийн санаачилгаар гэрээг цуцалж, зээл, түүний хүү, холбогдох бусад зардлыг зээлдэгчээр төлүүлнэ гэсний дагуу түүнтэй байгуулсан гэрээг цуцлахаар шаардаж байгаа болно.

Зээлдэгч С.Э нь 2016 оны 08 сарын 17-ны өдрөөс 2019 оны 02 сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлд 11,133,404.37 төгрөг, хүүд 11,430,797.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 18,471.81 төгрөг, нийт 33,716.079 төгрөг  төлсөн, үүнээс өөрөөр төлөлт хийгдээгүй.

С.Э өөрөө орон сууцны зээл авах хүсэлт гаргасан, түүний хүсэлтийг банк судалж үзээд түүнд зээл олгосон, тэрээр урьдчилгаа болох 30,605,000 төгрөг төлсөн зэрэг нь түүнийг тус банктай зээлийн гэрээ байгуулсан гэдгийг, мөн гэрээг хуульд заасны дагуу бичгээр байгуулж, наториатчаар гэрчлүүлэн, бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн зэрэг нь холбогдох хуульд нийцэж байгаа бөгөөд ийнхүү бүртгүүлсэн нь бүртгэлийн газраас ирсэн баримтаар тогтоогдоно. Үүнээс үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор бус, харин ч талуудын сайн дурын,  хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдсан болох нь харагдана. 

Талуудын хооронд гэрээ байгуулагдснаар 71,400,000 төгрөгийн зээл олгосон бөгөөд үүргийг хангах баталгаа болгож тэрээр тус банкны зээлээр худалдаж авсан өөрийн өмчлөлд бүртгэгдсэн орон сууцыг барьцаалсан.

Гэрч С.Э-н тус банктай 2015.03.17-ны өдөр байгуулагдсан 70,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг 2016.06.16-ны өдөр дуусгавар болгосон. Түүний энэхүү гэрээний үүрэг дуусгавар болсны дараа С.Э тус банкинд хандсан, ингэснээр түүнтэй 2016.08.17-ны өдөр орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулсан нь түүний  хүсэл зоригийн илэрхийлэл болно.

С.Э-ийн зээлийн гэрээний үүргийг түүнтэй хамаарал бүхий дүү, эцэг, эх хэн төлөх нь банкинд хамааралгүй бөгөөд гагцхүү зээлийн гэрээний дагуу зээлийг авсан хүн нь хариуцах учиртай гэж үзэж байна.

Иймд С.Э-тай 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан орон сууцны ипотекийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 60,266,595.63 төгрөг, зээлийн үндсэн хүү 12,699,631.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 318,717.83 төгрөг, нийт 73,284,945.41 төгрөгийг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгө болох түүний өмчлөлийн Эрхийн Улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 байр, 0 тоот, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00915 тоот шийдвэрийн дагуу С.Э-г эрэн сурвалжилж, түүний оршин суух хаягийг тогтоолгосон гэв.

 

Хариуцагч С.Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон өмгөөлөгч Н.Ж-н хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь “АБ” ХХК-тай өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр зээлийн гэрээг байгуулаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

2016.08.17-ны өдөр “АБ”-ХХК-иас 71,400,000 төгрөгийг, 8 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай авсан. Тухайн үед би өөрөө Москва хороололд 2 өрөө байртай байсан тул зээл авах шаардлагагүй байсан юм.

Манай дүү С.Э нь 2014-2015 оны хооронд “АБ” ХХК-иас зээл аваад уг зээлээ хугацаанд нь төлж чадаагүйгээс банк түүний зээлийн үүрэгт байрыг банк хурааж авсан байсан бөгөөд энэ байр нь бидний эцэг, эхийн гал голомт, бидний өссөн байр байсан юм.

Тэгээд С.Э байраа алдчихсан, байраа алдахгүйн тулд таны нэр дээр ипотекийн зээл гаргуулах боломжтой, “АБ” судалж үзээд таныг шаардлага хангана, боломжтой гэсэн хариу өгсөн гэсэн.

Энэ зээлийн төлбөрт сар бүр 800,000 төгрөг төлөхөөр байсан тул төрийн байгууллагад ажилладаг цалин маань хүрэлцэхгүй, ийм хэмжээний төлбөрийг сар бүр төлөх боломжгүй гэдгийг С.Э-д хэлэхэд тэр өөрөө хариуцаад зээлийг төлөөд явчихна, та санаа зоволтгүй гэсэн. Ингээд АБ-с эдийн засагч ирж надтай уулзаад, гэрээнд гарын үсэг зуруулсан.

Миний бие тухайн үед дүүдээ итгээд зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан. Энэ зээлийн гэрээний урьдчилгаа болох 30,605,000 төгрөгийг би төлөөгүй, С.Э төлсөн.

2019 оны 4, 5 сарын үеэс АБ, Цагдаагийн газраас намайг дуудаж, зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй байна гэхээр нь зээл аваагүй гэдгээ хэлж, С.Э-н утасны дугаарыг өгсөн.

Зээлийг та авсан учир зээлээ төл гэж банкнаас шаардсан. С.Э уг нь зээлийн төлбөрт 2019 оны 02 сар хүртэл 30,000,000 гаруй төгрөгийг үндсэн зээл, хүү аль нь ч юм төлсөн байсан. 

“АБ” ХХК нь анх нэхэмжлэл гаргасан 2019.12.13-ны өдөр үндсэн зээлийн үлдэгдэл 60,266,595.63 төгрөг, хүү 5,672,380.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,680.56 төгрөг, нийт 65,997,656.30 төгрөг нэхэмжилсэн шаардлагаа 2021.05.27-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 7,027,251.84 төгрөгийг нэмж, 73,284,945.41 төгрөг болгосон. 

Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын 8 дах хэсэгт “Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг зөвлөсөн” байна.

Үүний дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос банк, банк бус санхүүгийн байгууллагад мэдэгдэл явуулсан байдаг бөгөөд зээлдэгч нарт дарамт үүсгэхгүйгээр зээлийн нэмэгдүүлсэн хүүг тооцохгүй байх чиглэл өгсөн байдаг. Гэтэл АБ-аас цар тахлын хугацаанд зэлийн нэмэгдүүлсэн хүүг тооцож нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх 2020.09.07-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан, анхан шатны шүүхэд хэрэг ирснээс эхлэн шүүх хуралдаан хэзээ болох эсэх талаар шүүгчийн туслахаас асууж байнга холбоотой байдаг байсан.

Миний зүгээс хэрэг хянан хэлэлцэх ажиллагааг санаатайгаар хойшлуулсан зүйл огт байхгүй. Тухайлбал 2020.11.13-ны өдрийн 13-30 цагт шүүх хуралдаан товлогдсон боловч 2020.11.11-ний өдөр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотой товлогдсон шүүх хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон. Түүнчлэн 2021 он 3 сард АБ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрчлөгдөж хэргийн материалтай танилцах зэргээр хугацаа алдаж байсан.

Түүнчлэн Нийслэл Улаанбаатар хотод 2020 оны 11 сараас 2021 оны 5 сар хүртэл Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр 5, 7, 14, 28 хоногийн хугацаатай үргэлжилсэн хөл хорих тогтоосонтой холбоотойгоор давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр шүүх хуралдаан хуралдах боломжгүй байсан билээ.

Цар тахлын нөхцөл байдлаас болж хуралдаан зарлах боломжгүй зэрэг хэргийн хугацаа удаашрахад гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн байхад нэхэмжлэлийн шаардлагыг 7,027,251.84 төгрөгөөр нэмэгдүүлж байгааг зөвшөөрөхгүй.

Хэрэгт авагдсан “АБ” ХХК-иас ирүүлсэн баримтаас харахад С.Э нь өөрийнхөө авсан зээлийн барьцаанд дээрх байрыг барьцаалсан болох нь тогтоогдож байна. Гэтэл уг байр С.Э-н өмчлөлөөс “АБ” ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй байтал банкны өмчлөлд хэрхэн шилжсэн нь тодорхойгүй байдаг, ийм байтал банкнаас С.Э-ийн  өмчлөлд шилжсэн нь тодорхойгүй байдал үүсгэж байна.

С.Э-ийн “АБ” ХХК-тай 2016.08.17-ны өдөр байгуулсан 71,400,000 төгрөгийн зээлийн гэрээний урьдчилгаа болох 30,605,000 төгрөгийг С.Э төлсөн, тэрээр уг барьцааны орон сууцанд өөрийн гэр бүлийн хамт амьдарч байгаа, түүнээс өөр хэн нэгэн хүн оршин суудаггүй. Зээлийн эргэн төлөлт хийсэн гүйлгээний утга хэсэгт С.Э гэж бичигдсэн байдаг.

Үүнээс үзэхэд С.Э-н “АБ” ХХК-тай байгуулсан бизнесийн зээлийг ипотекийн зээл рүү шилжүүлсэн, энэ дунд С.Э оролцсон байна. “АБ” ХХК болон С.Э нарын хооронд 2016.08.17-ны өдөр байгуулагдсан зээлийг эргүүлэн төлөх үүрэгтэй хүн бол С.Э юм.

“АБ” ХХК-тай 2015 онд байгуулсан зээлийг С.Э 2016.06.16-нд хааснаас хойш 2 хоногийн дараа С.Э маргаж буй зээлийг авсан байдаг.

Дээрх байдал нь С.Э өөрийнхөө зээлийг халхавчилж С.Э-ийн нэр дээр зээл авсан гэдэг нь тодорхой болж байх тул “АБ” ХХК болон С.Э нарын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасны дагуу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл болох нь тогтоогдож байна.

Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулагдсан болох нь тогтоогдож байх тул уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, ийнхүү тооцсонтой холбоотойгоор талуудын өгсөн, авсныг буцааж өгөх нь зүйтэй гэж үзэж байна.

Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах талаар шаардлага гаргаагүй, гэрээг баталсан нотариатчийн үйлдэл, улсын бүртгэлийн талаар гомдол гаргаж байгаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг өдийг хүртэл дээрх үндэслэлээр үгүйсгэж, татгалзсан тайлбар хийж байгаа болно.

Иймд С.Э-аас зээлийн гэрээний үүрэгт 73,284,945.41 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрч С.Э--н мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “АБ” ХХК нь хариуцагч С.Э-д холбогдуулан талуудын хооронд 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 73,284,945.41 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, түүний хавсралтаар тохирсон зээл эргэн төлөх хуваарийг зээлдэгч нь эс биелүүлж, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн зөрчсөн, 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш зээл эргэн төлөх үүргээ зээлдэгч биелүүлээгүй, үүргээ биелүүлэхийг шаардсан боловч зөрчлөө арилгаагүй тул гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3-т зааснаар орон сууцны ипотекийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан нь үндэслэлтэй гэжээ.

 

Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь өөр хэлцлийг буюу тодруулбал С.Э-н тус банктай байгуулсан бизнесийн зээлийг халхавчлах зорилгоор байгуулагдсан тул уг хэлцлээр авсан зүйлээ харилцан буцааж өгөх нь үндэслэлтэй гэж маргасан.

 

Зохигчийн тайлбар, гэрч С.Э-н мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “АБ” ХХК болон гэрч С.Э нарын хооронд 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болсон байх ба хариуцагч С.Э нь 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 71,400,000 төгрөгийг, 120 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалттай зээл олгох хүсэлтийг “АБ” ХХК-д гаргасан, 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр урьдчилгаа төлбөр болох 30,605,000 төгрөгийг тус банкны дансанд байршуулсан, түүний хүсэлтийг тус банкны ТАБ ерөнхий хороо 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар хэлэлцээд, Y-0 улсын бүртгэлийн дугаартай, 102,000,000 төгрөгийн барьцаалах үнэлгээ бүхий орон сууцны 70 хувь болох 71,400,000 төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн болох нь зээлийн хүсэлт, депозит дансны хуулга, зээлийн хорооны хурлын шийдвэр, орлогын маягт, зээлийн дансны хуулга зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.

 

/ I хавтас 14,  92, 16, 177-185, 199, 216-217 тал/

 

“АБ” ХХК, С.Э нарын хооронд 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 байр, 0 тоот хаягт байршилтай, №0 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй, орон сууцны зориулалттай, 40 м.кв талбайтай, гурван өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, үнэ болох 102,000,000 төгрөгийн урьдчилгаа 30,600,000 төгрөгийг тус банкны дансанд байршуулсан, үлдэх 71,400,000 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр тохиролцжээ.

 

/ I хавтас 98 тал/

 

Үүний үндсэн дээр “АБ” ХХК болон С.Э нарын хооронд 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр  №2100003136 дугаартай “Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ” байгуулагдаж, 71,400,000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалт бүхий орон сууцны ипотекийн зээл олгох, зээлдэгч нь үүргийн биелэлтийг хангах арга болгож, "Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-ний зүйл болох дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, мөн өдөр №0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагджээ.

/ I хавтас 12-13 тал/

 

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т: “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2-т: “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ”, 

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т: “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ”, 12.3-т “Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заажээ.

 

Талууд орон сууцны ипотекийн зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байгааг дээр дурдсан хуулийн шаардлагад нийцсэн гэж үзнэ. 

 

/ I хавтас 8-13, 95-113 тал/

 

Хариуцагч С.Э-ийн нэхэмжлэгч “АБ” ХХК дахь .... дугаарын дансанд 2016-08-10-ны өдөр урьдчилгаа утгаар 30,605,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байх ба “АБ” ХХК нь 2016-08-18-ны өдөр “...ОСЗОлгов. С.Эд” утгаар 71,400,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь депозит дансны хуулгаар тогтоогдож байна.

 

/ I хавтас 16 тал/ 

 

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг,  зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-т: “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасан ба хэрэгт авагдсан дансны хуулгаар зээлдүүлэгч нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн нэр дээр зээлийн дансанд шилжүүлж, зээл олгожээ.

 

Дээр дурдсан байдлаас үзэхэд “АБ” ХХК, С.Э нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, тэдний хооронд гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.

 

Зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаар талууд харилцан тохиролцож, орон сууц худалдан авах хүсэл зорилгоо чөлөөтэй илэрхийлсэн, уг хүсэл зоригийн илэрхийлэл болгож зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь холбогдох хуульд заасан шаардлагыг хангасан байх ба уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №2100003136 дугаартай “Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ”-ний хугацаа 120 сар, тодруулбал 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаатай, эргэн төлөх хуваарьт заасны дагуу зээлийг, хүүгийн хамт төлж байхаар тохиролцсоноос үзэхэд уг гэрээ нь урт хугацаатай гэрээ байх бөгөөд талууд ийнхүү хугацаа, төлөлтийг тохиролцсон нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар гэрээний гол нөхцөл гэж үзнэ. 

 

Зээлдэгч С.Э нь гэрээнд заасан зээлийн төлбөрийг тодорхой цаг хугацаанд, тогтсон дүнгээр төлж биелүүлэхээр гэрээний гол нөхцөл болгон зээлдүүлэгчтэй тохиролцсон тул энэ нь талуудын хувьд хугацаа, эргэн төлөлт нь гэрээний үүргээ тохирсон хугацаандаа зохих ёсоор биелүүлэхэд чухал ач холбогдолтой байна.

 

“Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ”-ний 5 дугаарт гэрээг дуусгавар болох, түүнийг цуцлах үндэслэлийг тохиролцсон байх ба 5.2-т гэрээг зөрчсөн гэж Банк тооцож, гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцлах, 5.2.3-т:”Зээлдэгч зээлийн гэрээ болон түүний бүрэлдэхүүн хэсэг болох зээл, түүний хүү төлөх хуваарь, гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт, барьцааны болон батлан даалтын гэрээний заалтыг зөрчсөн” бол гэж тусгажээ.

 

Зээлдэгч С.Э нь зээлийн гэрээний үүрэгт эргэн төлөлтийн хуваарьт тусгагдсаны дагуу 2016 оны 08 сарын 17-ны өдрөөс 2019 оны 02 сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлд 11,133,404.37 төгрөг, хүүд 11,430,797.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 18,471.81 төгрөг, нийт 33,716.079 төгрөг төлсөн байх бөгөөд 2017 оны 01 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зээлийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн, 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс зээлийн эргэн төлөлт хийгдээгүй байх бөгөөд энэ талаар зохигч маргаагүй болно.

 

/ I хавтас 17-21тал/

 

Хариуцагч С.Э нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.6-д заасан зээл эргэн төлөх хуваарийг зөрчсөн, зээлдүүлэгчийн зүгээс үүргээ гүйцэтгэхийг зээлдэгчид мэдэгдэж байсан зэргээс үзэхэд зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, түүнд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэж үзэхээр байна.

/ I хавтас 24, 36 тал/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар зээлийн гэрээний 5.2.3-т заасан зээлдүүлэгч гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд зээлдүүлэгч нь 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т тус тус зааснаар гэрээ цуцлах талаар зээлдэгчид мэдэгдсэн, үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, түүнчлэн үүргээ гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан зэргээс үзэхэд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй болох нь тогтоогдож байна гэж үзэхээр байна. 

 

Зээлдэгч С.Э нь гэрээний үүргийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу биелүүлээгүй, дутуу биелүүлсэн, 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш гэрээний үүргийг биелүүлээгүй тул зээлдүүлэгч нь гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.3-т зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлах шаардлагыг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөр тооцож гаргасан тул мөн өдрөөр гэрээг цуцалж, цуцлах хүртэл хугацааны гэрээний үүргийг шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т: “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацааг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсон гэж тооцоход талуудын гэрээгээр тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг мөн өдрөөс хойш тооцох ёстой бөгөөд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар нэмэгдүүлсэн хүү нь гэрээний хугацаа дууссанаас хойш хүлээдэг үүрэг гүйцэтгэгчийн хариуцлага учраас гэрээг хугацаанаас өмнө цуцалж байх тул тэдний зээл ашигласан хугацаанд хариуцлага тооцох үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч С.Э-аас 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 60,266,595.63 төгрөг, хүүд 5,491,272 төгрөг /2018.11.19-ний өдрөөс 2019.12.13-ны өдөр хүртэлх хугацааны хүүд 5,491,272 төгрөг /60,266,595.63 Х 0.67%=403,786 төгрөг: 30 хоног=13,459 төгрөг Х 408 хоног=5,491,272 төгрөг/, нийт 65,757,867 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “АБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хүү, нэмэгдүүлсэн хүү 7,527,078 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан барьцааны зүйл болох С.Э-ийн өмчлөлийн

Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 байр, 0 тоот хаягт байршилтай, №0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, орон сууцны зориулалттай, 40 м.кв талбайтай, гурван өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй байх тул хариуцагч С.Э нь зээлийн гэрээний дээрх үүргийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу албадан дуудлагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч С.Э-аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 60,266,595.63 төгрөг, хүү 5,491,272 төгрөг, нийт 65,757,867 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “АБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,527,078 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч С.Э нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд

С.Э-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 байр, 0 тоот хаягт байршилтай, №0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, орон сууцны зориулалттай, 40 м.кв талбайтай, гурван өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулсугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч С.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 556,939 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “АБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 689,685.28 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ