Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2024/00099

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2024/00166 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2024/00412 дугаар магадлалтай

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“О” ХХК, “Э” ХХК-д тус тус холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “О” ХХК, “Э” ХХК-д холбогдуулж барилгын ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд авсан О орон сууцны барилгын 3 давхрын үйлчилгээний талбайн баруун талд байрлах 74,2 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2024/00166 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар хариуцагч “О” ХХК, “Э” ХХК-д холбогдох Барилгын ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд авсан О орон сууцны барилгын 3 давхрын үйлчилгээний талбайн 74,2 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2024/00412 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2024/00166 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б дүүргийн * дүгээр хороо, ** дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж ** байр, * давхар, ** тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2204099269 дугаартай, 74,2 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч “Т” ХХК-ийг тогтоож, тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг “Э” ХХК-д даалгасугай гэж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “О” ХХК-аас 70,200 төгрөг, хариуцагч “Э” ХХК-аас 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3-д заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.

4.1.Магадлалаар “... “Э” ХХК нь 2017.10.11-ний өдөр байгуулсан үйлчилгээний талбайн болзолт захиалгын гэрээ болон зээлийн гэрээний үүргийг зөвхөн “Т” ХХК-аас шаардах эрхтэй. Хэрэгт авагдсан баримтаар ийнхүү шаардсан үйл баримт тогтоогдоогүй, түүнчлэн “О” ХХК-аас тухайн үл хөдлөх хөрөнгийг өөр үүргийн харилцааны үндсэн дээр хүлээн авсан болохоо хариуцагч “Э” ХХК нотлоогүй” гэх үндэслэлээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг удирдлага болгон өмчлөгчөөр тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн.

Гэвч “Т” ХХК болон “Э” ХХК-ийн байгуулсан 2017.10.11-ний өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээгээр тухайн төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд эд хөрөнгийг “Э” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх зөвшөөрөл, албан хүсэлт баримтыг “Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болон эцсийн өмчлөгч нараас зөвшөөрсөн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, гүйцэтгэх захирлын албан бичгийг хавсаргасан ба 2021.01.12-ны өдрийн өр төлбөр барагдуулах гэрээгээр дээрх үл хөдлөх хөрөнгийг шилжүүлснийг хүлээн зөвшөөрсөн дундын төлбөр тооцооноос хасуулсан нь гэрээ хэлцэл баримтаар тогтоогдсон атал Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.6-д заасан өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн, шилжүүлэхээр зөвшөөрсөн үйл баримтыг нотлох баримтаар үнэлэлгүй шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй байна.

4.2.Мөн магадлалд “...Ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр нэхэмжлэгчийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон, мөн “Э” ХХК-ийг 2017.10.11-ний өдөр үйлчилгээний талбайн болзолт захиалгын гэрээний үндсэн дээр маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө аваагүй гэж дүгнэсэн тул “Т” ХХК болон “Э” ХХК-ийн байгуулсан зээлийн гэрээ, үйлчилгээний талбайн болзолт захиалгын гэрээ, “Э” ХХК болон “С” ХХК-ийн байгуулсан 2019.03.04-ний өдрийн зээлийн гэрээний төлбөр шилжүүлэх тухай гэрээ, “С” ХХК, “Б” ХХК, “Э” ХХК, “Т” ХХК болон иргэн Ц.Б-ын хооронд байгуулсан 2021.01.12-ны өдрийн хэлцэлд шүүх эрх зүйн дүгнэлт өгөхгүй, энэ талаар маргах эрх тухайн гэрээний оролцогчдод нээлттэй” гэж тэмдэглэжээ.

“Э” ХХК болон “Т ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэгч “Т” ХХК-аас тухайн гэрээ хэлцэлд маргаагүй. 2021.01.12-ны өдрийн хэлцлээр тухайн үл хөдлөх хөрөнгийг өр төлбөрт суутган тооцож харилцан тохиролцож гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар /талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан/ хэлцэл хүчин төгөлдөр бөгөөд Иргэний хуулийн 56, 57 дугаар зүйлүүдэд заасан гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус байх нөхцөл байдал тогтоогдоогүй, талууд маргаагүй гэрээ, хэлцэл баримтыг шүүх үнэлээгүй нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2, 172.2.3-д тус тус заасныг зөрчсөн тул магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

5.Хариуцагч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.04.25-ны өдрийн 001/ШХТ2024/00469 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Хариуцагч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

7.Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “О” ХХК, “Э” ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож,  өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “... “Т” ХХК болон “О” ХХК-ийн хооронд 2016.04.06-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. “Т” ХХК нь гэрээний үүргийг биелүүлж барилга угсралтын ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн, гэрээний төлбөрийн 35 хувийг мөнгөөр, 65 хувийг тухайн баригдаж буй барилгаас орон сууц, автомашины зогсоол, үйлчилгээний зориулалттай хэсгээс өгөхөөр тохиролцсон. Гэтэл 3 давхрын 274,2 м.кв үйлчилгээний талбайгаас 74,2 м.кв талбайн өмчлөлийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, харин “Э” ХХК нь манай компанийн хувьцаа эзэмшигчтэй байгуулсан зээлийн гэрээний төлбөрт маргаан бүхий талбайг  “О” ХХК-аас шилжүүлэн авч өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. Иймд 74,2 м.кв талбайн өмчлөгчөөр “Т” ХХК-ийг тогтоож, талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү” гэжээ.

8.Хариуцагч “О” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...барилгын ажил гүйцэтгэх явцад “Т” ХХК санхүүгийн дэмжлэг хүссэний дагуу ерөнхий захирал М.Н 300 хүртэл сая төгрөгийн зээл олгож байсан, мөн ажлын хөлсөнд авахаар тохирсон үйлчилгээний талбайг  барьцаалан “Э” ХХК-аас зээл авахад нь манай компани татгалзалгүй дэмжин оролцсон. Барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүйгээс  гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй. Гэтэл “Т” ХХК зээлээ хугацаанд барагдуулахгүй их хэмжээний өр үүсгэсэн,  ажлын хөлсөнд авах,  “Э” ХХК-д зээлийн гэрээгээр барьцаалсан барьцааны зүйлийг бусдад худалдсан үйлдэл хийж манай компанийн болон “Э” ХХК-ийн итгэлийг алдсан, тиймээс  “Э” ХХК барьцааны зүйлийг шилжүүлэхийг манай компанид мэдэгдсэн. Энэ талаар “Т” ХХК-д мэдэгдсэн. Иймээс 74,2 м.кв үйлчилгээний талбайг тус компанид шилжүүлж, бичиг баримтын бүрдлийг зохих журмын дагуу холбогдох байгууллагад хүргүүлсэн. Үүний  дагуу манай компаниас “Т” ХХК-д төлөх  ажлын хөлсний төлбөр болон “Т” ХХК-аас “Э” ХХК-д төлөх зээлийн төлбөр тус тус хасагдаж тооцогдсон. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй.” гэсэн.

9.Хариуцагч “Э” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... “Т” ХХК нь 2017.10.11-ний өдөр “О” ХХК-ийн захиалгаар баригдах барилгын ажилд зориулж манай компаниас 400,000,000 төгрөгийн зээлж,  “О” ХХК-аас ажлын хөлсөндөө авах 400 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалтын талбайг барьцаалж зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Үүнийг “О” ХХК дэмжсэн. Зээлээ хугацаанд нь төлөөгүй бөгөөд барьцааны зүйлийг бусдад худалдах үйлдэл гаргасан. Бусдад шилжээгүй байгаа барьцааны зүйл болсон 74,2 м.кв талбайн өмчлөлийг зээлийн төлбөрт төлүүлэхээр манайд шилжүүлж өгөхийг “О” ХХК-д хүсч гэрчилгээг компанийн нэр дээр шилжүүлж авсан. Үүнийг “Т” ХХК нь мэдэж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан.

10.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “О” ХХК-ийн захиалгаар барилга угсралтын ажил гүйцэтгэхээр талууд  2016.04.06-ны өдөр гэрээ байгуулж төлбөрийн 35 хувийг бэлэн мөнгөөр, 65 хувийг барьж буй барилгаас орон сууц, авто зогсоол болон үйлчилгээний талбайгаар тооцохоор тохиролцсон. “Т” ХХК нь ажлыг гүйцэтгэх явцдаа барилгын санхүүжилтэд зориулж ... 2017.10.11-ний өдөр “Э” ХХК-аас 400,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлж, “О” ХХК-аас ажлын хөлсөнд авах 400 м.кв үйлчилгээний талбайн зориулалттай талбайг барьцаалж гэрээ  байгуулсан. “Т” ХХК нь зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тул 2017.10.11-ний өдөр байгуулсан үйлчилгээний талбайн болзолт захиалгын гэрээний 1.4.1, зээлийн гэрээний 3.2.4, 6.1, 6.2-д 400 м.кв үйлчилгээний талбайг захиран зарцуулах эрхийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангана гэж заасны дагуу  2019.01.11-ний өдөр бусдад худалдагдаагүй 74,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр хариуцагч “Э” ХХК  бүртгэгдсэн нь хууль зөрчөөгүй.” гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн.

11.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ба үндэслэлийг  “...нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд 74,2 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч “О” ХХК-аас шаардах эрхтэй бөгөөд тус компани уг талбайг  “Э” ХХК-ийн өмчлөлд шилжүүлснээр ажил гүйцэтгэх гэрээний  үүргээ зөрчсөн байна.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл ...эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгөх ёстой, эд хөрөнгийг хүлээн авах эрхийг “Т” ХХК нь “Э” ХХК-д шилжүүлээгүй, түүнчлэн “О” ХХК нь уг үл хөдлөх эд хөрөнгийг “Э” ХХК-ийн шаардсанаар өмчлөлд нь шилжүүлж байгаа болохыг “Т” ХХК-д мэдэгдээгүй. “Э” ХХК нь “Т” ХХК-тай 2017.10.11-ний өдөр үйлчилгээний талбайн болзолт захиалгын гэрээ байгуулсан атлаа гэрээний үүргийг биелүүлэхийг “Т” ХХК-аас шаардаагүй, ийнхүү шаардсан нь тогтоогдоогүй, гэрээний оролцогч биш “О” ХХК-аас шаардсан нь үндэслэлгүй. “О” ХХК-аас тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өөр үүргийн харилцааны үндсэн дээр хүлээн авсан болохоо хариуцагч “Э” ХХК нотлоогүй. Тус компани нь 2017.10.11-ний өдөр байгуулсан үйлчилгээний талбайн болзолт захиалгын гэрээний үндсэн дээр маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө аваагүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 153.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь барьцааны зүйлийг өмчлөлдөө шилжүүлж авсан нь үндэслэлтэй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд “О” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, 74,2 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож,  тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг “Э” ХХК-д даалгах нь хуульд нийцнэ. Зээлийн гэрээ, үйлчилгээний талбайн болзолт захиалгын гэрээтэй холбоотой  маргах эрх тухайн гэрээний оролцогчдод нээлттэй” гэж үзсэн байна.

  12.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2, 172.2.3-т заасан үндэслэлд хамааруулсан байх боловч  Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар гомдлыг хэлэлцэхэд  агуулга нь хуулийн 172.2.1-д заасан шүүхийн хууль хэрэглээ  зөрүүтэй  гэсэн үндэслэлийг хангасан тул энэ хүрээнд хэргийг хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

13.Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй   гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримталж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

14.Нэхэмжлэгч “Т” ХХК болон  хариуцагч “О” ХХК-ийн хооронд 2016.04.06-ны өдөр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээний үүргээ нэхэмжлэгч биелүүлж барилгын ажлыг гүйцэтгэж ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн, хариуцагч нь төлбөл зохих ажлын хөлснөөс шилжүүлэхээр тохиролцсон 74,2 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс бусдыг хүлээлгэн өгсөн талаар зохигч маргаагүй.

Түүнчлэн нэхэмжлэгч “Т” ХХК  нь хариуцагч “Э” ХХК-тай    2017.10.11-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 400,000,000 төгрөг зээлж, зээлийн үүргийг хангуулахаар  “О” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний  хөлсөнд авах 400 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан, хариуцагч  “Э” ХХК нь зээлийн төлбөрт барьцааны зүйлийн зарим хэсэг буюу маргааны зүйл болсон 74.2 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “О” ХХК-аас шилжүүлэн авч, 2019.01.11-ний өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн, эдгээр үйл баримтыг хоёр шатны шүүх хэргийн баримтад үндэслэн дүгнэсэн байна.

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх явцад дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны зүйл болох талаар зохигч хэн аль нь тайлбар гаргажээ.

15.”Т” ХХК-тай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу  “О” ХХК нь  ажлын хөлсөнд шилжүүлэхээр гэрээгээр тохирсон  74,2 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг  ажил гүйцэтгэгчид шилжүүлж  өгөх үүрэгтэй, “Э” ХХК нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг, уг үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг “ Тунамал үйлс” ХХК-д хандаж гаргах эрхтэй боловч хэргийн баримтаар тогтоогдсон нөхцөл байдлыг  давж заалдах шатны шүүх анхааралгүй нэхэмжлэлийг хангасан нь буруу болжээ.

16.Маргааны зүйл болох 74.2 м.кв бүхий талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох бөгөөд  “Э” ХХК-д шилжүүлснээр энэхүү зүйл  “О” ХХК-д байхгүй болсон, ийм тохиолдолд нэхэмжлэгч “Т” ХХК-ийн  хариуцагч “О” ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүргээ биелүүлж  дээрх талбайн өмчлөгчөөр тогтоолгох, шилжүүлж өгөхийг даалгах шаардлагыг  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хангаж шийдвэрлэх бодит боломжгүй юм.

17.Нэхэмжлэгч “Т” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Э” ХХК-ийг хамтран хариуцагчаар татаж, 74.2 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох, шилжүүлж өгөхийг даалгах нэхэмжлэлийг хоёр хариуцагчид холбогдуулахдаа  “О” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авах эрхгүй этгээдэд  шилжүүлсэн, “Э” ХХК нь барьцааны эрхээ буруу хэрэгжүүлснээс өмчлөлийн зүйлийг хууль бусаар олж авсан  гэсэн агуулгаар тайлбарласан боловч эдгээр үндэслэлийг үгүйсгэх дараах нөхцөл тогтоогдсон байна.

18.Зохигч хэн аль нь арилжаа эрхлэгч буюу нэхэмжлэгч “Т” ХХК болон “О” ХХК нь гадаад худалдаа, барилгын материалын худалдаа, барилга угсралтын чиглэлээр, “Э” ХХК нь барьцаалан зээлдүүлэх болон ачаа тээвэр, автомашины түрээсийн үйлчилгээний чиглэлээр тус тус үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бизнесийн урт хугацааны хамтын харилцаатай  байсныг зохигч маргаагүй.

“Т” ХХК нь “О” ХХК-ийн захиалгаар барилгын ажил гүйцэтгэх явцад энэ бизнесийн үйл ажиллагаанд зориулж, хэн алины хамтын  харилцааны итгэлийг үндэслэн хариуцагч “Э” ХХК-аас 400,000,000 төгрөгийн зээл авахаар болж, уг зээлийг авахад хариуцагч “О” дэмжиж, улмаар барилгын ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд ирээдүйд шилжүүлэх үл хөдлөх эд хөрөнгөөс барьцаалж гэрээ байгуулахад  татгалзаагүй байна.

Эдгээр нөхцөл байдлыг үндэслэн хариуцагч “Э” ХХК нь нэхэмжлэгч “Т” ХХК-д 2017.10.11-ний өдөр 400,000,000 төгрөгийн зээл олгож, зээлийн болон үйлчилгээний талбайн барьцааны гэрээ байгуулжээ.

Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө барьцаалах аргын онцлог нь үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчийн  үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэнэ  гэсэн амлалтаас гадна тухайн барьцааны зүйл болж байгаа эд хөрөнгөд найдаж  итгэдэг.

Гэвч энэ маргааны зүйлээс харахад  “Э” ХХК  болон “Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг хангуулах барьцааны зүйл нь  шинээр баригдаж байгаа, дуусаагүй, улсын бүртгэлээр баталгаажаагүй, бусдаас ажлын хөлсөнд авах үл хөдлөх эд хөрөнгө ба  хэрэв “Т” ХХК ажлаа зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцаагаар хангуулах тухайн шаардлага эрсдэлтэй болох ийм нөхцөл байдалд  “Э” ХХК нь   хамтын харилцаатай, зээл авсан “Т” ХХК-аас гадна  “О” ХХК-д итгэж зээл олгосон  гэж үзэх үндэслэл тогтоогджээ.

Энэхүү байдал ч зээлийн гэрээний 6.2-т  “үйлчилгээний зориулалттай барилгын талбайн болзолт захиалгын гэрээ нь зээлийн гэрээний үндсэн хугацаа дуусгавар болоход гэрээний үүргийн гүйцэтгэлийн 70%-аас бага эргэн төлөлттэй тохиолдолд хэрэгжинэ” гэж,  үйлчилгээний талбайн болзолт захиалгын гэрээний 1.4.1, “зээлийн гэрээний 3.2.4, 6.1, 6.2-д зааснаар 400 м.кв үйлчилгээний талбайг захиран зарцуулах эрхийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлнэ” гэж заасан тохиролцоогоор нотлогдсон байна.

19.”Э” ХХК нь 2018.11.19-ний өдөр 184 тоот албан бичгээр “О” ХХК-д хандахдаа “ танай компани болон “Т” ХХК-тай 2012 оноос эхлэн хамтран ажилласан, нийт 5 удаагийн зээлийн гэрээгээр 1 тэрбум төгрөг зээлдүүлсэн боловч “Т” ХХК нь 473,3 сая төгрөгийн үлдэгдэлтэй, ... барьцааны гэрээгээр 400 м.кв талбай барьцаалсан боловч ...74,2 м.кв талбай л үлдсэн, бусдыг бусдад худалдсан, шилжүүлсэн байна. Энэ нь танай 2 байгууллагын бидний итгэл алдсан үйлдэл болж байна, барьцааны зүйлийг манай мэдэлд шилжүүлнэ үү” гэж мэдэгджээ.

Үүний дагуу “ Оршил констракшн” ХХК нь 2018.11.20-ны өдрийн 2018/468 тоот албан бичгийг “Т” ХХК-д хүргүүлэхдээ ” ... “Э” ХХК-ийн албан бичгийн хуулбарыг хүргүүлж байна, танай хариуцлагагүйгээс манай нэр хүнд итгэлцэл алдагдахад хүрээд байна, зээлийн төлбөрийн асуудлаа нэн даруй шийдвэрлэнэ үү” гэсэн, мөн “О” ХХК болон Тунамал үйлс” ХХК-ийн удирдлагууд  “Э” ХХК-аас нийт 5 удаагийн гэрээгээр зээлсэн 1 тэрбум төгрөгөөс төлөгдсөн болон үлдсэн төлбөрийн тооцоолол хийж баталгаажуулж байсан  баримт хэрэгт авагдсан байна.

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч “Т” ХХК нь зээлийг хугацаандаа төлөөгүй, ажлын хөлсөнд авах үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдаж байгаагаас шалтгаалж, “Э” ХХК нь “О” ХХК-д хандсан, энэ талаар “О” ХХК-аас “Т” ХХК-д мэдэгдсэн, үүний дараа “Э” ХХК нь барьцааны зүйл болсон 74,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг “зээлийг эргэн төлөөгүй үүрэг зөрчигдсөн тохиолдолд үл маргах журмаар барьцааны зүйлийг шилжүүлэх” тухай  барьцааны гэрээнд болон бизнесийн урт хугацааны хамтын ажиллагааны итгэлцэлд суурилж “О” ХХК-аас шилжүүлэн авч, улмаар  2019.01.11-ний өдөр өмчлөгчөөр улсын бүртгэлд  бүртгэгдсэн гэж үзэхээр байна.

Хариуцагч “Э” ХХК  74,2 м.кв талбайн өмчлөгч болсон энэ цаг хугацаанаас хойш 2021 онд  зохигч  компаниудын хооронд зээлийн болон ажил гүйцэтгэх хэд хэдэн, үүний дотор 2017.10.11-ний өдрийн зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдлийг барагдуулах гэрээ байгуулагдсан, ингэснээрээ  нэхэмжлэгч “Т” ХХК–ийн зээлийн төлбөрийн зохих хэсэг хасагдаж, “О” ХХК нь ажлын хөлс  төлөх үүргээс чөлөөлөгдсөн гэж үзэх нөхцөл тогтоогдсон.

20.Иймд хариуцагч “Э” ХХК-ийг дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар олж авч нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчсөн гэж  дүгнэхгүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар барьцааны зүйлийг шаардах эрхгүй, энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож,  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2024/00412 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2024/00166 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Э” ХХК-ийн 2024.04.03-ны өдөр төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Г.АЛТАНЧИМЭГ                               

ШҮҮГЧИД                                                           Н.БАТЗОРИГ

                                                                               Н.БАТЧИМЭГ

                                                                                 Д.ЦОЛМОН