Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар     109/ШШ2021/0037

 

 

 

 

 

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Д.Б

Хариуцагч: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, тус хэлтсийн улсын байцаагч Б.Б, Д.Г, Д.Т нар

            Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг төлүүлэх тухай” 115 дугаартай актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У, хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б, Д.Г, Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б миний бие 2012 онд бие тааруу Улаанбаатар хот явахаасаа өмнө Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харьяа Шивэртийн барилгад хамт ажиллаж байсан хүмүүс тэтгэвэрт ороод байна гэхээр нь н.А гэдэг хүнд өөрийнхөө иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтэр хоёроо үлдээгээд явсан. Би Улаанбаатар хотоос 6 сард ирэхэд тэтгэвэрт орчихсон байсан. Би өөрийгөө барилга дээр ажиллаж байсан, хамт ажиллаж байсан хүмүүс маань тэтгэвэртээ ороод байсан болохоор хуулийн дагуу л тэтгэвэрт орж байна гэж бодсон. Би өөрөө ямар нэгэн бичиг баримт бүрдүүлж өгөөгүй, шүүхийн шийдвэр гаргуулаагүй. 2021 оны өвөл 2 сард миний тэтгэврийг олгохгүй зогсоосон, тэгээд л нийгмийн даатгалын байгууллагын хүнтэй уулзахад шүүхийн шийдвэр гарсан байсныг мэдсэн юм. Би Шивэртийн барилга дээр барилгачин хийдэг байсан болохоор хүнд нөхцөлөөр тэтгэвэрт орж байгаа юм байх л гэж бодсон. Тэгээд л тэтгэврээ аваад яваад байсан. Миний тэтгэврийг зогсоосон, би эм тарианы мөнгөгүй аргагүй байсан учраас 115 дугаартай акт тогтоосныг тухайн үедээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан юм. Ингээд 115 дугаартай актыг өөрийнхөө гар дээр хүлээж аваад гэртээ хариад уншихад намайг худал мэдүүлэн шүүхийн шийдвэр гаргуулсан гэсэн байсан. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Иймд Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 115 дугаартай актыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Б Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 115 дугаартай актыг хүчингүй болгож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Актын үндэслэлд хуурамч нотлох баримт, хуурамч шүүхийн шийдвэр гаргуулж хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 10.876.790 төгрөгийн тэтгэврийг илүү авсан зөрчил илэрсэн гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч энэ актын үндэслэлийг хүлээн зөвшөөрдөггүй юм. Яагаад гэхээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.3-т зааснаар худал мэдүүлсэн шүүхийн шийдвэрийг хуурамчаар гаргуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл актын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Д.Б-г дээрх үндэслэлээр буруутгаж акт тавьсан. Анх Архангай аймгийн Батцэнгэл сумын нийгмийн даатгалын хэлтэст 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөдөл өгсөн байдаг. Тухайн өргөдлийг Д.Б өөрөө бичээгүй, тухайн үед нэгдэлд дундын үйлдвэрт барилга дээр ажиллаж байсан хүн байдаг. Тухайн үед хамт барилга дээр ажиллаж байсан хүмүүс өндөр насны тэтгэвэрт орж байна гэх сургаар танидаг хүндээ материалаа үлдээгээд Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан байдаг. Ингээд 2012 оны 6 сард ирсэн, ирэхэд нь таны тэтгэвэр тогтоогдсон гээд тэтгэврийн дэвтэр өгсөн асуудал байдаг. Тэтгэврийг хэзээнээс авч эхэлсэн бэ гэдгийг асууж тодруулах нь зүйтэй байх гэж бодож байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өндөр насны тэтгэвэрт гарахад тухайн хүн өөрөө өргөдлөө бичиж хүсэж гарах ёстой. Нэхэмжлэгч Д.Б өндөр насны тэтгэвэр авч байтал 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр зогсоосон ингээд нэхэмжлэгч нийгмийн даатгалын хэлтэст биечлэн ирж уулзахад хуурамч шүүхийн шийдвэр гарсан байна гэх асуудлыг ярьдаг. Гэтэл хуурамч шүүхийн шийдвэрийг тухайн хүн гаргаагүй нийгмийн даатгалын байгууллага хуурамч шүүхийн шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны алдаа, хэрвээ тэр шүүхийн шийдвэр байгаагүй бол өндөр насны тэтгэвэр нь тогтоогдохгүй орохгүй нөхцөл байгаа. Нэгдэл дундын үйлдвэрт барилга дээр ажилласан хугацаагаараа тэтгэвэрт орсон гэж ойлгож байсан. Гэтэл шүүхийн шийдвэр гарч гэмт хэргийн шинж чанартай нийгмийн даатгалын байгууллагад хохирол учирсан нөхцөл харагдаж байна. Тэгэхээр гэмт хэргийн улмаас төрд хохирол учир ч байгаа бол тухайн хүн өөрөө хариуцах ёстой. Түүнээс иргэн, хуулийн байгууллага болон холбогдох төрийн байгууллагын ажилтны хууль бус үйл ажиллагаатай холбоотой хохирлыг иргэн хариуцах үүрэггүй. Иймд нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч нарын гаргасан 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 115 дугаартай актыг хүчингүй болгож өгнө үү. Илүү авсан тэтгэврийг яаж тогтоох вэ гэхээр нэхэмжлэгчийн хаан банкны лавлагаа тодорхойлолт гаргаж өгсөн байдаг. Мөн тэтгэврийн дансны хуулга ирсэн байдаг. 1.861.161  төгрөг аваагүй байгаа. Нийгмийн даатгалын хэлтсийн шилжүүлсэн тэтгэврийн хугацааг тооцож тогтоосон байдаг. Хуулиас харахад актын дүн өндөр зөрүүтэй буруу тавигдсан байна гэж үзэж байна энэ нөхцөлийг шүүх хараад багасгах шаардлага байгаа гэв.

Хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б, улсын байцаагч Д.Г, улсын байцаагч Д.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан 2020 он 11 дүгээр сарын 6-ны өдрийн удирдамжийн дагуу тус газрын Хяналт шалгалтын газраас төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалт хийгдэж байх хугацаанд Д.Б-гийн 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 189 дугаартай шүүхийн шийдвэрт 1972 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 1975 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Ихтамир сумын нэгдэл дундын үйлдвэрийн барилгын салбарт ажилчин, 1976 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэл тус салбарт шавар будагчнаар ажиллаж байснаар тогтоолгож, 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна.

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/512 тоот албан бичгээр нэр бүхий хүмүүсийн шүүхийн шийдвэрүүдийг хавсралтаар хүргүүлж тулган шалгуулсан бөгөөд Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын архивт байх шүүхийн шийдвэрийн эх хувьтай тулган шалгахад 2021 оны 1 дугаар сарын 12-ны өдрийн 11 тоот албан бичгээр таарч байгаа болон зөрүүтэй шийдвэрүүдийг хавсралтаар ирүүлсэн. Д.Б-гийн 189 тоот шүүхийн шийдвэр Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын архивт байхгүй шийдвэрийн жагсаалтанд байгаа тул 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс тэтгэврийг түр зогсоосон. Мөн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр тэтгэвэр авагчтай уулзалтын тэмдэглэл хөтөлсөн. Тэмдэглэлд “Та өөрөө тэтгэвэр тогтоолгох материалаа өгсөн үү гэхэд тэтгэвэрт орох жилд бие муу Улаанбаатар хот явсан, ажилласан жилийнхээ юмнуудыг хүнд өгчхөөд явсан ирэхэд тэтгэвэр тогтоосон байсан” гэсэн байна. Тэгээд та өөрийн хаана ямар ажил хийж байсан хөдөлмөрийн дэвтэр, лавлагаа, цэргийн алба хаасан батлах, ажлаас чөлөөлсөн, томилсон тушаал холбогдох бусад материалаа авчирч тэтгэврээ тогтоолгох зөвлөгөөг өгсөн. Тус хэлтсээс зөвлөгөө өгсний дагуу Д.Б нь Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл, хугацаат цэргийн алба хаасан лавлагаа, ажлаас чөлөөлсөн, томилсон тушаалаа аймгийн архивын тасгаас гаргуулан холбогдох материалаа бүрдүүлэн ирж 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтын дагуу өндөр насны бүрэн тэтгэврийг дахин тогтоолгон тэтгэврээ үргэлжлүүлэн авч байгаа болно. Д.Б нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.3 дахь заалтыг зөрчиж тэтгэвэр тогтоолгон авч байсан тул Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 3 дугаар сарын 1-ний 6/301 тоот албан бичиг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн нийт 10.9 сая төгрөгийг буцаан төлүүлэх улсын байцаагчийн 115 тоот актыг тогтоосон. Энэхүү актын 10,9 сая төгрөг нь 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүртэл хугацааны буюу 60 нас хүртэл авсан мөнгөн дүн болно. Нэхэмжлэгч Д.Б нь тухайн актыг хүлээн зөвшөөрч 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 1.500.000 төгрөгийг тушаасан. Мөн өөрийнхөө ажиллаж байсан үеийнхээ материалыг бүрдүүлж ирээд өөрийн тэтгэврээ тогтоолгон авсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Иргэн Д.Б-гээс Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б, улсын байцаагч Д.Г, улсын байцаагч Д.Т нарт холбогдуулан “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг төлүүлэх тухай” 115 дугаартай актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэг авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч Д.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагын шаардлагаас төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Учир нь:

 

Нэг. Хэргийн үйл баримтын тухайд:

Иргэн Б овогт Д-гийн Б нь 1956 оны 10 дугаар сарын 6-ны өдөр төрсөн, 65 нас 1 хоногтой эрэгтэй байна.[1]

Анх иргэн Д.Б нь Архангай аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 189 дугаартай шийдвэрээр[2] 1972 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 1975 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын салбарт ажилчин, 1976 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэл тус салбарт шавар будагчнаар ажиллаж байснаар тогтоолгож 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгожээ.[3]

Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2020 оны 11 дүгээр сард хяналт шалгалт хийж, хуурамч баримт бичиг бүрдүүлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий иргэдээр үндэслэлгүй олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх чиглэл хүргүүлсэн байна.[4]

Улмаар Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б, Д.Г, Д.Т нар 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 115 дугаар актаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 6/301 дүгээр албан бичгийг үндэслэн иргэн Д.Б-гээс илүү тогтоолгон авсан 10.876.791 /арван сая найман зуун далан зургаа долоон зуун ерэн нэг/ төгрөгийг төлүүлэхээр тогтоожээ.[5]

Ийнхүү иргэн Д.Б-гээс дээрх улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулахаар шүүхэд маргаан үүсгэсэн байна.

 

Нэг. Архангай аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 189 дугаартай шийдвэрийн тухайд:

Архангай аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 4 дугаар сарын 25-ны өдрийн 189 дугаартай шийдвэр нь бодит байдал дээр гараагүй “жинхэнэ бодитой биш, дуураймал, хуурамч” бичиг баримт болох нь хэрэгт авагдсан дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:

1. Архангай аймгийн шүүхийн Тамгын газрын 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дугаартай албан бичгийн 2 дугаар хавсралт Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын архивт байхгүй шийдвэрийн жагсаалтын 47-д тэмдэглэсэн, Архангай аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 189 дугаартай шийдвэр болон хэргийн материал гэж байхгүй талаар баримтыг шүүхэд ирүүлсэн байна.[6]

2. Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 207 дугаар албан бичигт[7] “... Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 189 дугаартай шийдвэрийг тухайн үед ашиглаж байсан judge-2005 программ, архивын хэргийн бүртгэл, шийдвэрийн эх хувь, шийдвэрийн дугаарын бүртгэлтэй тулган шалгаж үзэхэд шийдвэр, хэрэг шүүхийн Тамгын газрын архивт байхгүй бөгөөд уг дугаар дээр шийдвэрлэгдсэн Б.Б-ын хүсэлттэй 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 189 дугаартай шийдвэрийг хүргүүлэв ...” гэх хариу ирүүлжээ.

3. 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн Тэтгэвэр авагчтай хийсэн уулзалтын тэмдэглэлд: 1975-1978 онд цэргийн алба хаасан зэргээр мэдүүлсэн тэмдэглэлээс үзэхэд иргэн Б.Б нь дээрх шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаанд уг ажлыг хийж ажиллаж байгаагүй болох тогтоогдож байна. [8]

 Нэхэмжлэгч Д.Б-гийн 0128667 дугаартай тэтгэврийн хувийн хэрэгт хадгалагдаж буй Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан өргөдөлд “...би хуурамч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр авч байсан хугацааны тэтгэврээ улсад буцаан төлөх учиртайг ойлгож мэдлээ. Иймд миний цуглуулсан албан бичиг, нотлох баримтын хүрээнд миний тэтгэврийн зөрчлийг арилгаж, миний тэтгэврийг үргэлжлүүлэн оруулж өгнө үү” гэх өргөдөл[9] зэргээс үзэхэд иргэн дээрх шүүхийн шийдвэр гэх баримтаар тогтоосон хугацаанд уг ажлыг хийж ажиллаж байгаагүй болох нь давхар тогтоогдож байна. 

Мөн Архангай аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 4 дугаар сарын 25-ны өдрийн 189 дугаартай шүүхийн шийдвэр гэх баримтад 1972 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 1975 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын салбарт ажилчин, 1976 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэл тус салбарт шавар будагчнаар ажиллаж байсан гэх боловч дурдсан хугацаанд өөр ажил хийж байсан болох нь тэтгэврийн хувийн хэрэгт авагдсан тушаалууд, 1975 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс цэргийн албанд татагдаж 1978 оны 8 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанаас халагдсан тухай Батлан хамгаалахын төв архивын 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 1288 дугаартай лавлагаагаар[10] нотлогдож байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд Архангай аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 4 дугаар сарын 25-ны өдрийн 189 дугаартай шийдвэр нь бодит байдал дээр гараагүй “жинхэнэ бодитой биш, дуураймал, хуурамч” бичиг баримт мөн байна

Хоёр. Маргаан бүхий 115 дугаартай улсын байцаагчийн акт хууль зүйн үндэслэлийн тухайд:

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д зааснаар тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол суутгал хийж болно гэж заасан.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д заасныг үндэслэн гаргасан 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг төлүүлэх тухай” 115 дугаартай улсын байцаагчийн акт хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан хууль дээдлэх зарчмыг хангаж гарсан хууль ёсны, үндэслэл бүхий захиргааны акт байна гэж үзлээ.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 26.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, 27 дугаар зүйлийн 27.6. дахь хэсэгт “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна.” гэж заасан.

Хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч нар захиргааны актын улмаас эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээд болох иргэн Д.Б-тэй  2021 оны 2 дүгээр сарын 1-ны өдөр биечлэн уулзаж, уулзалтын тэмдэглэл, 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэлд[11] актыг зөвшөөрсөн гэсэн тэмдэглэлтэй” байх бөгөөд эдгээр баримтаас үзэхэд хариуцагч захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах нөхцөл байдлын талаар иргэнд урьдчилан мэдэгдэж санал, тайлбар гаргах боломжийг олгосон байна. Энэ нь дээрх хуульд заасан оролцогчийг сонсох ажиллагааг явуулж, санал, тайлбарыг авсан байх бөгөөд хуульд заасан эдгээр нөхцөл, шаардлагыг захиргааны байгууллага /албан тушаалтан/ хангасан байна.

Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 115 дугаартай актыг гаргахаас өмнө Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/512 дугаартай албан бичгээр нэр бүхий иргэдийн ажилласан жил тогтоосон шүүхийн шийдвэрийг хавсралтаар хүргүүлж эх хувьтай нь тулган шалгуулсан байх бөгөөд Архангай аймгийн шүүхийн Тамгын газрын 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дугаартай албан бичгээр иргэн Д.Б-д хамааралтай шүүхийн шийдвэр, хэрэг шүүхийн архивт байхгүй талаар баримтыг цуглуулж, нөхцөл байдлыг тогтоосон байна.

Өөрөөр хэлбэл, тухайн иргэнд хамааралтай шүүхийн шийдвэр болон хэрэг нь шүүхийн архивт байхгүй тул бодит байдалд ийм шийдвэр гараагүй, хуурамч бичиг баримтыг бүрдүүлсэн болохыг тогтоосон байна гэж үзэх үндэстэй тул Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 115 дугаартай акт нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д заасан урьдчилсан нөхцөлийг хангасан байна гэж дүгнэв.

Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс хуурамч шийдвэр гарсанд би буруугүй, маргаан бүхий актаар тогтоосон төлбөрийг төлөхгүй, акт үндэслэлгүй гэж маргаж буй боловч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3-т заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй байх хугацаандаа буюу 2012 оны 6 дугаар сараас 2016 оны 10 дугаар сар хүртлэх хугацаанд хуулиар авах ёсгүй байсан тэтгэврийг авч байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч нарын тайлбараар тогтоогдож байна.

Ийнхүү маргаан бүхий 115 дугаартай актыг гаргахаас өмнө дээрх байдлаар нэхэмжлэгч нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон болох нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулж, үнэлэх ажиллагааг хийсэн байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасантай нийцсэн бөгөөд дээрх дурдсан үндэслэлээр акт тогтоосныг хууль бус гэж үзэх боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгч Д.Б нь маргаан бүхий 115 дугаартай актаар тогтоосон төлбөрөөс 2021 оны 4  дүгээр сарын 13-ны өдөр 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн **************** дугаартай дансанд төлжээ.[12]

Хэдийгээр цагдаагийн байгууллагаас хуурамч баримт үйлдсэн эсэх асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэдий ч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан /Архангай аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 189 дугаартай шийдвэрээр 1972 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 1975 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын салбарт ажилчин, 1976 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэл тус салбарт шавар будагчнаар ажиллаж байснаар тогтоолгож 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон нь өөр бусад/ баримтаар бодит байдалд шүүхийн шийдвэр гэх баримтад дурдагдсан нөхцөл байдал болоогүй, нэхэмжлэгч ч үүнийг үгүйсгээгүй, ийм шийдвэр байхгүй болох нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдсон болно.

 

Гурав. Маргаан бүхий 115 дугаар актаар тогтоосон төлбөрийн тооцооллын тухайд:

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн хуулийн 26 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийг үйлчлэгч банкаар дамжуулан сар бүр олгоно.” гэж заажээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ ... Нийгмийн даатгалын байгууллага банкруу шилжүүлж банк тэтгэврийг олгодог. 2012 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2013 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр  хүртэл нийгмийн даатгалын байгууллагаас орж ирсэн орлого нь харагдахгүй байгаа болохоор нэхэмжлэгчийг аваагүй гэж үзэхээс өөр аргагүй. Тухайн актаас 2012 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2013 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл тогтоосон хэсэг хасах шаардлагатай ... “ гэж тайлбарлаж байна.

Анх иргэн Д.Б нь 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон боловч ХААН банкны лавлагаагаар 2013 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөс тэтгэвэр нь тэтгэврийн дансанд орсон байна. Тухайлбал, ХААН банкнаас ирүүлсэн 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 5135/433 дугаартай албан бичигт[13] “... уг дансанд анх тэтгэвэр олгосон огноо буюу 2013 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс хойш дансны хуулгыг гаргаж хүргүүллээ.” гэсэн албан бичиг, тус албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Д.Бгийн ********** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулганы дэс дугаар 24-т 2013 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 4 дүгээр сарын тэтгэвэр 180,300 төгрөг орсон гэсэн баримт хэрэгт авагдсан.

Мөн Хаанбанкны 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 5135/499 дүгээр албан бичигт[14] “ ... Д.Б нь Хаанбанкнаас 2013 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэврээ авч эхэлсэн тул 2012 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2013 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн хооронд зээл авч байгаагүй” гэх тайлбар,

Төрийн банкны Архангай аймаг дахь салбарын 2021 оны 9  дүгээр сарын 22-ны өдрийн 35/576 дугаар албан бичигт[15] “ ... иргэн Д.Б нь манай банканд харилцах болон хадгаламжийн данс эзэмшдэггүй болно ...” гэх тайлбар тус тус ирүүлсэн байна.

Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2012 оны массив[16] гэх баримт ирүүлсэн боловч уг баримт нь иргэн Д.Б-д өндөр насны тэтгэврийн мөнгийг тэтгэврийн дансанд шилжүүлсэн болохыг нотлохгүй байна. Өөрөөр хэлбэл дээрх баримт нь иргэний тэтгэврийн мөнгийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2013 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд тэтгэвэр авагчид үйлчлэгч банкаар сар бүр дамжуулан олгосон болохыг нотлохгүй байна.

Иймд иргэн Д.Б-д 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2013 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд өндөр насны тэтгэвэр олгосон болох нь баримтаар нотлогдохгүй байх тул маргаан бүхий 115 дугаартай актаар тогтоосон төлбөрөөс 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2013 оны 4 дүгээр сар хүртлэх тэтгэврийн 10 сарын мөнгөн дүнтэй тэнцэх төлбөр буюу 1.861.161 /Нэг сая найман зуун жаран нэгэн мянга нэг зуун жаран нэг/ төгрөгийг хасч төлбөр тогтоосон актын төлбөрийг хэмжээг багасгах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүх дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Д.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагын шаардлагаас төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.6, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5/., Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1/, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.Б-гийн Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 115 дугаартай актаар тогтоосон 10.876.791 /арван сая найман зуун далан зургаан мянган/ төгрөгийн төлбөрөөс 1.861.161 /нэг сая найман зуун жаран нэгэн мянга нэг зуун жаран нэг/ төгрөгийг хасч багасган, үлдэх төлбөрийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              А.ТҮВШИНТУЛГА

 

 

[1] 1-р хавтаст хэргийн 31 дэх тал

[2] 1-р хавтаст хэргийн 32 дахт тал

[3] 1-р хавтаст хэргийн 34 дэх тал

[4] 1-р хавтаст хэргийн 35-36, 48 дахь тал

[5] 1-р хавтаст хэргийн 2 дахь тал

[6] 1-р хавтаст хэргийн 39-40 дэх тал

[7] 1-р хавтаст хэргийн 51-55 дахь тал

[8] 1-р хавтаст хэргийн 41-43 дахь тал

[9] №0128667 дугаартай тэтгэврийн хувийн хэргийн материал 5 дахь тал

[10] №0128667 дугаартай тэтгэврийн хувийн хэргийн материал 9-42 дахь тал

[11] 1-р хавтаст хэргийн 43 дахь тал

[12] 1-р хавтаст хэргийн 204-205 дахь тал

[13] 1-р хавтаст хэргийн 74-79 дэх тал

[14] 1-р хавтаст хэргийн 210 дахь тал

[15] 1-р хавтаст хэргийн 219-220 дахь тал

[16] 1-р хавтаст хэргийн 207-208 дахь тал