Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2058

 

 

 

 

 

 

 

 

 

БНХАУ-ын иргэн Ц-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШЗ2018/01206 дугаар шийдвэртэй, БНХАУ-ын иргэн Ц-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Ч, Т.А нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 48 420 000 юань буюу 16 961 526 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа,

Хариуцагч Н.Чын өмгөөлөгч А.Зоригтбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНХАУ-ын иргэн Цай овогт Юн Чинь нь Монгол улсад нүүрсний бизнес эрхлэх зорилгоор Өвөрмонгол иргэн н.Буянхишигээр дамжуулан Н.Чтай танилцсан. Н.Ч нүүрсний орд газар худалдан авахад хөрөнгө оруулаач гэсний дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байх 12799Х дугаартай тусгай зөвшөөрөлтэй орд газрыг худалдан авахад урьдчилгаа болгож 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 7 сая юань, 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 5 сая юань, нийт 12 сая юанийг Н.Чад өгсөн. Дээрх тусгай зөвшөөрөл бүхий газарт эрэл хайгуулын ажлыг хийгээд нүүрсний нөөц тогтоогдвол 4 сая ам.доллараар хамтран худалдаж аваад цаашид хамтран ажиллах, нүүрсний нөөц тогтоогдохгүй бол 12 сая юанийг зээлээр тооцож Н.Ч нь БНХАУ-ын иргэн Цд буцаан өгөхөөр тохиролцсон. Ингээд дээрх нүүрсний орд газарт монгол компаниар 2 сая юань зарцуулан Ц өөрийн зардлаар нүүрсний нөөц байгаа эсэхийг тогтоолгохоор хайгуулын ажил хийлгэсэн боловч нөөц тогтоогдоогүй. Иймд Н.Чаас 12 сая юаниа буцааж авъя гэхэд мөнгийг нүүрс худалдаж авах урьдчилгаанд өгсөн, шууд мөнгө өгөх боломжгүй байна, өнөө маргааш өгнө гэх мэт шалтаг тоочсоор 12 дугаар сар болсон. Тухайн үед дээрх бүх үйл явдалд Н.Чтай танилцуулсан Буянхишиг, Н.Чын төрсөн дүү Т.А нар хамтран оролцож байсан бөгөөд өөрсдийн Улзын ундарга ХХК-ийн нэр дээр дээрх 12 сая юаниа төлөхөөр зээлийн гэрээ хийж хууран мэхэлж байсан. Н.Ч 2010 оны 12 дугаар сард 12 сая юанийг 1 сарын 4 хувийн хүүтэй зээл болгоё гэж санал тавьж, баримт бичиж өгснийг зөвшөөрсөн. Энэ үед Н.Ч 12 сая юанийн зээлийн хүү гэж 136.000 ам.доллар өгсөн. Улмаар баталгаажуулж 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Ц, Н.Ч нар харилцан тохиролцож дээрх зээлсэн мөнгийг хүүгийн хамт 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт төлөх 15.3 сая юань байхаар тооцоо нийлж, зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Н.Чын эзэмшлийн гэх Сфико-Монгол ХХК-ийн 35 хувийн хувьцааг барьцаалсан. Уг зээлийн гэрээний 1.3-т 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө 3.300.000 юань, 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө 4.000.000 юань, 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө 4.000.000 юань, 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс өмнө 4.000.000 юань тус тус төлж дуусгах байсан ч Н.Ч нь нийт 15.3 сая юанийг төлөөгүй. Зээлийн гэрээний 2.3-т зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш сар бүр 480.000 юанийн хүүг зээл төлөх хүртэл хугацаагаар төлөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй 5 жил 9 сар буюу 69 сарын хүү 33.120.000 юанийг төлөөгүй байна. Иймд үндсэн зээл 15.300.000 юань, хүү 33.120.000 юань, нийт 48.420.000 юанийг нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны ханш болох 350.3 төгрөгөөр тооцож 16.961.526.000 төгрөгийг хариуцагч Н.Ч, Т.А нараас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Н.Чын төлөөлөгч Т.Дэлгэрбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дурдаж байгааг хүлээн зөвшөөрч байна. 2010 оны 4-5 дугаар сард БНХАУ-ын иргэн Ц нь Өвөрмонгол иргэн Буянхишигтэй Монголд ирээд ашигт малтмалын нүүрсний лиценз авч хамтран ажиллая гэж санал тавьсаны дагуу тэд хамтран ажиллаж эхэлсэн. Өмнөговь аймгийн Хамрын үзүүр гэх газар 12799Х лицензтэй 15 га газрыг авахаар тохиролцож Улзын ундарга ХХК-ийг Н.Ч 700.000 ам.доллараар худалдан авч хайгуулын ажлаа хийж нүүрс гаргахаар тохиролцсон. Уг газарт хайгуул хийх 2 сая юанийн зардлыг Ц хариуцахаар болсон. Ц нь Хятадын геологичдыг авчирч өрөмдлөг хийсэн боловч ашигт малтмал илрээгүй учир хөрөнгө оруулах гэж өгсөн мөнгөө зээлийн гэрээний хэлбэрт шилжүүлсэн. Үүний дараа 2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нүүрсний экспортын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй компани худалдан авч нүүрс гаргахаар тохиролцож итгэлцлийн гэрээ байгуулсны дагуу тусгай зөвшөөрөлтэй компани байсан боловч олдоогүй, олдсон ч маш их үнэтэй байсан учир өөрсдөө ийм компани байгуулж, Цагаан хаданд гаалийн хяналтын талбайтай болъё гээд 75:25 хувиар хувь эзэмших эрхтэйгээр Өмнийн гялбааХХК-ийг байгуулсан. Гэвч компанийн ажил урагштай яваагүй, үйл ажиллагаа явагдаж байхад үйл ажиллагаатай холбоотой их зардал гараад эхлэнгүүт хоёр тийшээ болох процесс эхэлсэн. Н.Ч нь Өмнийн гялбааХХК-ийг байгуулаад их бүтээн байгуулалт хийсэн учир зээлсэн мөнгийг төлж чадахгүй байсан. 2011 оны 10 дугаар сарын 10-нд Н.Чыг Бугатад дуудаад хамтран ажиллахаа болилоо, хөрөнгө оруулсан мөнгийг зээлийн гэрээний хэлбэрт шилжүүлнэ гээд зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ нэхэмжлэгчийн шаардаад байгаа гэрээ юм. Уг  гэрээг байгуулахдаа Н.Чыг Хөх хотод урьж, Бугатад зээл буцаан олгох тухай хэлэлцээрийг хийхдээ маш их дарамт шахалтын үндсэн дээр гарын үсэг зуруулсан. Монголд ирээд энэхүү зээлийн гэрээг нотариатаар батлуулсан учир хүчин төгөлдөр бус гэрээ. Зээл нь хөрөнгө оруулалтын хэлбэрээр орж ирсэн байдаг. Зээлийн гэрээний хэлбэрт шилжсэнээс хойш зээлээ төлж чадаагүй учир Эрүүгийн цагдаагийн газраар шалгуулсан боловч иргэн хоорондын харилцаа гэж үзээд хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн хэрэгт дүгнэлт гаргасан Мишээл-Од аудит ХХК-ийн дүгнэлтээр 9.3 сая юанийг эргүүлэн төлсөн нь тогтоогдсон. Манайх зээлийн гэрээг чөлөөтэй байгуулах ёстой бөгөөд эрсдэлд орохоороо ийм гэрээ байгуулсан нь хууль бус гэж үзэж байна. Зээлийн гэрээ байгуулсан 2010 оны 10 дугаар сарын 21-нд мөнгө шилжүүлсэн зүйл байхгүй учир Иргэний хуулийн 284 дүгээр зүйлд зааснаар байгуулагдаагүй, үнэн санаанаасаа хийгээгүй учраас хүчин төгөлдөр бус юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Т.Аийн төлөөлөгч Т.Дарьсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Уг хэрэгт Т.А хариуцагч байх үндэслэлгүй. Юуны учир Т.Аринбилэгийг хариуцагчаар татаад байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээнд Н.Ч, Ц нар гарын үсэг зурсан. Харин 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Н.Ч, Ц нар хамтын ажиллагааны урьдчилсан хэлэлцээр байгуулсан. 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлэг хийж 12 сая юанийг шилжүүлснийг Ариунболд гэж хүн авч Н.Чад өгсөн байдаг. Энэхүү Ариунболд гэж хүнийг Ариунбилэг гэж үзээд нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. 2010 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Н.Чын худалдаж авсан Улзын ундарга ХХК-ийн нэр дээр ашигт малтмалын лиценз байсан учир компанийн нэр дээр хайгуулын ажил хийе, үр дүнг хамтран эзэмшье гэсэн урьдчилсан хэлэлцээр байгуулагдсан. Уг лицензтэй хайгуулын талбайд өрөмдлөг явуулсаны дагуу хайгуулын тайлан ирүүлээгүй ч  юм гараагүй гэсэн. Мөн талууд нүүрс экспортлох компанитай болъё гээд итгэлцлийн гэрээ байгуулсан. Ийм зөвшөөрөлтэй компани үнэтэй байсан учир хамтраад өөрсдөө компани байгуулъя гээд Өмнийн гялбаа ХХК-ийг байгуулсан. Уг ажлын хүрээнд маш олон ажил хийгдсэн. Гол хоёр хэлэлцээр амжилтгүй болсон учир Ц нь өгсөн 12 сая юаниа буцаан авах хэлэлцээр хийж Н.Чтай зээл буцаан олгох гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу Улзын ундарга ХХК нь Цай Юн Чинээс мөнгө зээлж байгаагүй. Энэ гэрээг байгуулахад Т.А гэж хүн байгаагүй. Харин Т.А Өмнийн гялбаа ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Өөрөөр Т.А уг харилцаанд оролцож байгаагүй. Дараа нь Т.А Улзын ундарга ХХК-ийг эзэмшдэг болсон. 12 сая юань бол зөвхөн нэг удаа шилжсэн бөгөөд Улзын ундарга ХХК 12 сая юанийг авсан зүйлгүй. Эдгээр гэрээнүүд, бусад нотлох баримтаар Т.Аийг хариуцагчаар татагдах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт зааснаар БНХАУ-ын иргэн Цай Юн Чин-ийн хариуцагч Н.Чад холбогдуулж шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Чаас 2 726 093 100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 235 532 900 төгрөгийн болон хариуцагч Т.Ат холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлвөл зохих улсын тэмдэгтийн хураамжийг багасгаж, 10 000 000 төгрөгөөр тогтоосон тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Цай Юн Чинийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 000 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Чаас улсын тэмдэгтийн хураамжид 13 788 415 төгрөг гаргуулж үүнээс 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Цд олгож, 3 788 415 төгрөгийг улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан хэмээн талуудын хооронд үүссэн харилцааг зөв дүгнэсэн ба нэхэмжлэгч, хариуцагч нар хамтран ажиллах хэлцэл хийж уг хэлцлийн дагуу 12 000 000 юанийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн асуудалд маргаагүй. Ийнхүү шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасан хамтран ажиллах харилцаа дуусгавар болсон гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй байна. Учир нь зохигчдын хооронд хамтран ажиллах хэлцэл хийгдсэн ба хэлцэлд заасан үүргээ харилцан гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг, Хамрын үзүүр гэх газарт байрлах 12799Х дугаар бүхий ашигт малтмалын талбайд хайгуулын ажил хйисэн боловч нөөц тогтоогдоогүй тул талууд Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4-т “хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон” гэж зааснаар уг гэрээг дуусгавар болгож, гэрээг дүгнэх учиртай. Гэвч нэхэмжлэгч хуулийн дээрх зохицуулалтын дагуу хамтран ажиллах гэрээг дүгнэж, дуусгавар болгоогүй ба гэрээг харилцан дүгнээгүй атлаа тухайн гэрээг зээлийн гэрээний хэлбэрт шилжүүлэн Н.Чаар гарын зуруулсан нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1, 479 дүгээр зүйлийн 479.6 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн. 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээгээр хамтран ажиллах гэрээний хүрээнд бий болсон эрсдлийг ганц Н.Чад хариуцуулсан нь үндэслэлгүй юм. Шүүх дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй, хамтран ажиллах гэрээг дуусгавар болгох хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, хуульд нарийвчлан заасан зохицуулалт бус ерөнхий зохицуулалтыг хэрэглэж, хамтран ажиллах гэрээг дуусгавар болгон дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул уг гэрээг дүгнэж, ашиг алдагдлыг зохигчид хамтран хариуцах үүрэгтэй байтал шүүх тухайн нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... хариуцагч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээл 12 000 000 юанийг төлөх үүрэгтэй” гэсэн ба энэ тохиолдолд тухайн зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэхэд шүүх дүгнэлт хийх ёстой. Уг зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Учир нь мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгч 12 000 000 юанийг харицагчид зээлийн гэрээний дагуу шилжүүлээгүй нь хэрэгт авагдсан төлбөрийн баримт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогддог. Иймд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл бөгөөд зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Шүүх нэхэмжлэгчээс зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлээгүй, зээлийн гэрээг нөхөж хийсэн талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн атлаа Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар үүрэг дуусгавар болж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийсэн үйл баримтыг үндэслэн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн шүүхийн шийдвэрт “...2010 оны 11 дүгээр сард аман хэлбэрээр зээлийн гэрээг байгуулсны дагуу зээлийн төлбөрийг төлж иржээ” гэсэн. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2010 оны 11 дүгээр сард аман хэлбэрээр зээлийн гэрээ огт байгуулаагүй ба энэ талаарх баримт хэрэгт байхгүй атал шүүх нотлох баримтгүйгээр хэт нэг талыг баримталж зээлийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...эрүүгийн хэрэгт хийсэн Мишээл-Од аудит ХХК-ийн гүйцэтгэлийн аудитын тайлангаар зээлийн гэрээний дагуу 15 300 000 юанийн төлбөрөөс 9 012 509 юанийг төлж, 6 287 491 юанийн төлбөрийн үлдэгдэлтэй байна гэж дүгнэснийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй. Учир нь дээрх тайланд зохигчдын нүүрс худалдан авч экспортлохоор хамтран байгуулсан Өмнийн гялбаа ХХК-д оруулсан 8 500 000 юанийн хөрөнгө оруулалтыг хамтатган тооцож, Улзын ундарга ХХК, Өмнийн гялбаа ХХК-ийн хамтран ажиллах гэрээний дагуу төлсөн төлбөр, 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулах хүртэл амаар тохиролцон төлсөн зээлийн хүүгийн төлбөрийг зээлийн төлбөрт тус тус оруулан тооцсон байна” гэж дурджээ. Н.Чад холбогдох эрүүгийн хэргийг шалгах явцад мөрдөн байцаагчийн тогтоолоор Мишээл-Од аудит ХХК гүйцэтгэлийн аудитын тайланг гаргасан ба шүүх уг тайланг нотлох баримтаар үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Учир нь аудитын тайланд хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгчээс шилжүүлсэн 12 000 00 юань, 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Өмнийн гялбаа ХХК-д хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн 8 500 000 юаны зарцуулалт, буцаан төлөлтийг тус тусад нь дүгнэж энэ талаар аудитын дүгнэлтэд маш тодорхой дурдсан байхад шүүх тайлантай бүрэн танилцаагүй, дээрх 2 төлбөрийн зарцуулалт болон буцаан төлөлтийг аудитын тайланд хамтатган гаргасан гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, аудитын тайлангийн 26 дугаар талд “зээлийн гэрээний дагуу 15 300 000 юанийн төлбөрөөс 9 012 509 юанийг төлж, 6 287 491 юанийн төлбөрийн үлдэгдэлтэй байна гэж үзлээ” хэмээн дурдсан ба хоёр дахь хэсэгт “Таван толгой ХК-иас 200 мянган тонн нүүрс худалдан авах гэрээг 2011 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө хийхээр болж 2010 оны 9 дүгээр сарын 20-нд А талаас 8.5 сая юанийг хүлээн авсан болно” хэмээн нэхэмжлэгчээс хариуцагчид хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн 12 000 000 юань болон Өмнийн гялбаа ХХК-д нүүрс худалдан авахаар шилжүүлсэн 8 500 000 юанийн зарцуулалт, буцаан төлөлтийг нарийвчлан гаргасан. Мөн 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн №102 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын 1 дэх хэсэгт “...энэ зээлийн гэрээний дагуу 9 012 509 юанийг Н.Ч нь Ц-д төлсөн болох нь Мишээл-Од аудитын ХХК-ийн 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн дүгнэлтээр тогтоогджээ”, 2 дахь хэсэгт “...2011 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор байгуулж, түүнээс 8 500 000 юань авсан байна” гэж дурдсан. Гэтэл шүүх Мишээл-Од аудит ХХК-ийн гүйцэтгэлийн тайлан, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг нотлох баримтаар үнэлээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.

Мөн хариуцагчийн зүгээс 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Ц-д төлсөн одоогоор хадгалагдаж байгаа төлбөрийн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хүргүүлсэн. Уг баримтын хүрээнд нийт 7 047 667 юанийг төлсөн байдаг. Гэвч шүүх 2011 оны 8 дугаар сарын 24-нд 150 000 ам.доллар буюу 958 697 юань, 2011 оны 10 дугаар сарын 18-нд 150 000 ам.доллар буюу 956 446 юанийг зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулахаас өмнө амаар тохиролцсон хүүд төлөгдсөн, үүнийг талууд зээлийн гэрээний үндсэн төлбөрөөс хасч тооцолгүйгээр зээлийн гэрээг байгуулсан тул зээлийн төлбөрөөс хасч тооцох үндэслэлгүй хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй. Учир нь зохигчид аман хэлбэрээр зээлийн гэрээг хийгээгүй, хийгдээгүй гэрээний хүүгийн төлбөрт дээрх төлбөрийг суутган тооцсон нь үндэслэлгүй.

Шүүх зээлийн гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн ба хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохыг тогтоосон атлаа Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн үндэслэлгүй. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд сэргээхээр зохицуулсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч үүнтэй холбоотой хүсэлт, баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хүндэтгэн үзэх шалтгааныг үндэслэж бус Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шалгасантай холбогдуулж хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй ба хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэгт холбогдуулан хариуцагчийг шалгасан үйлдэл нь хуулийн дээрх зохицуулалтад зааснаар хүндэтгэн үзэх шалгаан биш бөгөөд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзсэн тохиолдолд ч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хугацаа өнгөрсөн юм. Нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэхтэй холбоотой хүсэлтийг огт гаргаагүй ба хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэх тайлбарыг гаргаж мэтгэлцсэн. Нэгэнт нэхэмжлэгч талаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохыг хүлээн зөвшөөрч, хугацаа сэргээлгэх хүсэлтийг огт гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэж, шийдвэр гаргахдаа хөөн хэлэлцэх хугацааг өөрийн санаачилгаар сэргээх эрхийг хуулиар олгоогүй ба хэт нэг талыг баримталж, хугацааг сэргээсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлбөр гаргуулах шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй.

Анхан шатны шүүх Ц-ийн нэхэмжлэлтэй, Н.Чад холбогдох хэргийг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 183/ШЗ2018/01206 дугаар захирамж гаргасан. Энэ нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 116 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг удирдлага болгон маргаан шийдвэрлэсэн боловч захирамжийн дугаар авсан байгааг шүүхийн шийдвэр гарсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг тал бүрээс үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан захирамжаар шийдвэрлэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөт оруулж, нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ц нь хариуцагч Т.А, Н.Ч нараас зээлийн гэрээний үүрэгт 48 420 000 юань буюу 16 961 526 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Зээлийн гэрээ /1хх17-18/ гэх баримтад үндэслэсэн боловч энэ нь хэрэгт хуулбараар авагдсан байна. Үүнийг шүүх шийдвэрийн үндэслэлээ болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх, шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах гэсэн зохицуулалттай нийцэхгүй байна.

 

Талуудын хооронд үүссэн маргааны зүйл нь хамтран ажиллах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэнтэй холбоотой байх бөгөөд 2010 оны 6 дугаар сард нэхэмжлэгчээс шилжүүлсэн 12 000 000 юанийг зээлийн гэрээний үүрэг болгон сольсон гэдэг үйл баримтад маргаж буй тохиолдолд тухайн зээлийн гэрээ нотлох баримтаар үнэлэгдэх учиртай.

 

Иймд дээрх баримтыг хуульд заасан шаардлагыг хангасан байдлаар хавсаргах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой бөгөөд уг баримтад үндэслэн талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч гомдол гаргаагүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Түүнчлэн, шүүх 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны шийдвэрийн дугаарыг 183/ШЗ2018/01206 гэж шүүгчийн захирамж буюу “ШЗ” дугаараар тэмдэглэсэн алдаа гаргасныг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШЗ2018/01206 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 788 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                    Т.ТУЯА