Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2017/0013

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Базарсад, түүний өмгөөлөгч Г.Мандахсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 861 дүгээр шийдвэртэй, “Чинтөгс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг  давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 861 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Чинтөгс” ХХК-ийн Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан, Уянга сумын нутаг, Асгатын дархад нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын 10335Х тоот тусгай зөвшөөрлийг 2015 оны тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй үндэслэлээр цуцалсан шийдвэрийг хүчингүй болгож, “Чинтөгс” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 10335Х дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Чинтөгс” ХХК-ийн захирал Б.Базарсад давж заалдах гомдолдоо: “Чинтөгс” ХХК-ийн захирал Б.Базарсад миний бие Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд "Чинтөгс" ХХК-ний эзэмшдэг 10335Х дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 3-р сарын 25-ны өдрийн 231 дүгээр шийдвэрээр 2015 оны тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй үндэслэлээр цуцалсан шийдвэрийг хүчингүй болгож, “Чинтөгс” ХХК-ийн Ашигт малтмалын хайгуулын 10335Х дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээхийг АМГ-ын Кадастрын хэлтэст даалгуулах нэхэмжлэх гаргасан билээ.

Уг нэхэмжлэлийн дагуу 2016 оны 11-р сарын 2-ны өдрийн 861 тоот шийдвэрээр миний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Манай коммани нь 2013 он, 2014 онд хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай дээрээ хайгуулын ажил хийх гэтэл тухайн Уянга сумын төрийн байгууллагаас Ж нь: Засаг дарга П.Баатар, 3-р багийн Засаг дарга Т.Хүрэлбаатар, 3-р багийн Иргэдийн хурлын тэргүүлэгч гишүүн Л.Баярсайхан, Н.Оюунчимэг, сумын хэсгийн төлөөлөгч, дэслэгч Чойжил нарын хүмүүс удаа дараа ирж хөөж байсан. Бүүр сүүлдээ 2015 оны 2-р сарын 9-ний өдөр Сумын засаг дарга П.Баатар А/25 албан бичгээрээ “Чинтөгс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайг сумын тусгай хэрэгцээнд авсан тул цаашид үйл ажиллагааг түдгэлзүүлсэн албан бичгийг надад өгсөн. Үүний улмаас цаашид манай компани ажиллах ямар ч нөхцөлгүй болж, Захиргааны хуулийн дагуу удирдах дээд шатны байгууллага Өвөрхангай аймгийн Засаг дарга, Ашигт малтмалын газар бүгдэд нь хандаж байсан бөгөөд уг байдлын талаар Өвөрхангай аймгийн захиргааны хэргийн шүүхэд гомдлоо гаргаж, одоо ч Иргэний хэргийн шүүхэд гомдлоо гаргаад, шүүхийн шатандаа явагдаж байна.

Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын шийдвэрүүдтэй холбоотойгоор буюу тухайн тусгай зөвшөөрөлтэй шууд холбоотой асуудлаар шүүхийн маргаан үргэлжилж байсан. Энэ талаар Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүхээс 2015.05.11-ний өдөр 27 дутаар тоотоор АМГ-т албан бичиг хүргүүлсэн. Энэ төрийн захиргааны байгууллага тухайн маргааны талаар мэдэж байсныг нотолж байгаа болно. Гэтэл энэхүү нөхцөл байдлыг АМГ харгалзан үзэлтүйгээр нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр /цуцлах/ гаргасан.

Нэгэнт дээр дурдсанаар хайгуулын ажил хийлгэхгүй, улмаар тухайн тусгай зөвшөөрөлтэй талбайд шүүхийн маргаан үүссэн учир төлбөр төлөх боломжгүй болсон буюу “Чинтөгс” ХХК-иас 2015 оны 9-р сарын 07-24-ний өдрүүдэд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс, Ашигт Малтмалын Газрын дэд даргад тус тус хандан тусгай зөвшөөрөл цуцлах тухай шийдвэрийг түр түдгэлзүүлэх тухай хүсэлтээ гаргаж байсан.

Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүх үүнийг анзаарч үзсэнгүй, Ж нь: Бид тусгай зөвшөөрөл ямар нэгэн маргаангүй байсан бол банкнаас зээлээд ч хамаагүй төлбөрөө төлөх боломжтой байсан. Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд цаашид хөрөнгө оруулалт татаж санхүүгийн асуудлуудаа шийдэх боломж бүрдэх байсан. Гэвч талбай дээр ажил хийлгэхгүй байсан тул гадна, дотны хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулахаас цааргалсан.

Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг буруу үнэлж, “Чинтөгс” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 231 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгч “Чинтөгс” ХХК-ийг хайгуулын XY-010335 дугаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлөөгүй гэж үзэж, тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Тус компани нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай буюу Өвөрхангай аймгийн Уянга сумын Асгатын дархад нэртэй нутагт 2014, 2015 онд хайгуулын үйл ажиллагаа явуулахыг Уянга сумын Засаг дарга, мөн сумын 3 дугаар багийн Засаг дарга зэрэг орон нутгийн удирдлага, иргэдийн зүгээс хориглож, саад хийж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, Уянга сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/25 дугаар албан бичигт “тус талбайг сумын тусгай хэрэгцээнд авсан тул хайгуулын үйл ажиллагаа явуулахыг түдгэлзүүлсэн” гэж дурдсан, мөн Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 23 дугаар шийдвэрээр “Чинтөгс” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хамаарахаас бусад талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан Уянга сумын 3 дугаар багийн Засаг даргын захирамжилсан үйл ажиллагааг хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа орон нутгийн удирдлагын зүгээс хориглосны улмаас хайгуулын үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаа талаараа удаа дараа мэдэгдсэний хариуд хариуцагч Ашигт малтмалын газраас 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 3/1428 дугаар албан бичгээр “Чинтөгс” ХХК-д “... сумын тусгай хэрэгцээнд авсан талаар Ашигт малтмалын тухай хуулийн 14.1-д заасны дагуу сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, албан бичгийг Ашигт малтмалын газарт ирүүлээгүй учраас тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаандаа хуульд заасан журмын дагуу үйл ажиллагаагаа явуулах бүрэн эрхтэй ...” гэж мэдэгджээ.

Хэдийгээр хариуцагч нь дээрх албан бичгээр хайгуулын үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй гэж мэдэгдсэн боловч дээрх захиргааны хэргийн шүүхийн 23 дугаар шийдвэрээр “Чинтөгс” ХХК-ийн хайгуулын талбайн зарим хэсэгт үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан  Уянга сумын 3 дугаар багийн Засаг даргын захирамжилсан үйл ажиллагааг хууль зөрчөөгүй гэж үзэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосноос үзвэл “Чинтөгс” ХХК нь тусгай зөвшөөрлийн талбайдаа бүхэлд нь хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй байсаар байжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 6/6721 дүгээр албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.2-т заасны дагуу төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар “Чинтөгс” ХХК-д мэдэгдсэн боловч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” гэж заасны дагуу тус компаниас 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 23 дугаар албан бичгээр “... шүүгчийн захирамж гартал цуцлах үйл ажиллагааг түдгэлзүүлэх” талаар хүсэлт гаргаж, дээрх захиргааны хэргийн 13 дугаар шүүхийн 23 дугаар шийдвэр, Уянга сумын Засаг даргын албан бичиг зэрэг 13 хуудас материал хавсарган хүргүүлсэн байна.

Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн ирүүлсэн дээрх баримт бичгийг хянаж захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр төлбөр төлөх үүргийн биелэлтийг түдгэлзүүлэх талаар шийдвэрлээгүй, мөн орон нутгийн удирдлагын хайгуулын үйл ажиллагаанд саад хийсэн үйл ажиллагааны талаар шүүхийн шийдвэр гарснаас хойш үйл ажиллагаагаа явуулах боломжтой байсан гэж үзэж тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-д заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба ... шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж заасныг зөрчжээ.

Учир нь “Чинтөгс” ХХК нь орон нутгийн удирдлагын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хайгуул хийлгэхгүй, саад хийсний улмаас Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх хайх” эрхээ эдэлж чадаагүй байх тул тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагуудын үйл ажиллагаа уялдаа холбоогүйн улмаас нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг явуулж чадаагүй байхад уг шалтгааныг харгалзаж үзэлгүй тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 231 дүгээр шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 56.4-д заасныг зөрчсөн, уг хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл эзэмших эрх зөрчигдсөн байна.

 Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан Уянга сумын Засаг даргын албан бичиг, тус сумын 3 дугаар багийн Засаг даргын захирамжилсан үйл ажиллагааны талаар шийдвэрлэсэн захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, нэхэмжлэгч болон бусад байгууллагаас хариуцагчид “Чинтөгс” ХХК нь хайгуулын үйл ажиллагааг явуулахыг хязгаарласан, энэ талаар маргаан үүссэн талаар мэдэгдсэн албан бичиг зэрэг баримтуудыг буруу үнэлж, нэхэмжлэгчийг “үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх бололцоо бий болсон, төлбөр төлөхийг түдгэлзүүлсэн шийдвэр гараагүй, хүндэтгэн үзэх зайлшгүй нөхцөл байдлын улмаас төлбөр төлөх боломжгүй байсан нь нотлогдоогүй” гэж үзэж тусгай зөвшөөрөл цуцалсан маргаан бүхий захиргааны актыг хуульд нийцсэн гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “Чинтөгс” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь “... Кадастрын хэлтсийн 231 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, манай компанийн ашигт малтмалын хайгуулын 10335Х тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг Кадастрын хэлтэст даалгах ...” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч Кадастрын хэлтсийн 231 дүгээр шийдвэрийг хүчингүй болгосноор уг хууль бус захиргааны актын улмаас зөрчигдсөн нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл эзэмших эрх сэргэх тул “10335Х тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг Кадастрын хэлтэст даалгах” шаардлагыг нэхэмжлэлийн бие даасан шаардлага гэж үзээгүйг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.2, 121.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 861 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 56 дугаар зүйлийн 56.3, 56.4-т заасныг баримтлан “Чинтөгс” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 231 дүгээр шийдвэрийн “Чинтөгс” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                         ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

                         ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

                         ШҮҮГЧ                                                          С.МӨНХЖАРГАЛ