Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/84

 

2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр                   Дугаар 2024/ШЦТ/84                                        ******* сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга А.Золзаяа,

            Улсын яллагч О.Батнасан,

            Шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овгийн Ж-н А-д холбогдох 2428000540070 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ж.******* нь Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байхдаа ******* 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн үед над руу залгаж 2.000.000 /хоёр сая төгрөг/, 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 300.000 /гурван зуун мянган/ төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 700.000 /долоон зуун мянган/ төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 2.800.000 /хоёр сая найман зуун тавин мянган төгрөг нийт 5.850.000 /таван сая найман зуун тавин мянган/ төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ж.*******ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 7 дугаар сургуульд сагсан бөмбөгийн багшаар ажиллаж байсан. Тухайн үедээ улсын аваргад явах гэж байсан. Тэмцээний зардлаа өөрсдөө гаргадаг. Хүүхдүүдээ авч явах гээд хуурай ах Ганболд руу хэлэхэд 2.500.000 төгрөгийн туслалцаа үзүүлье гэж хэлсэн. Би тэмцээнд явсан дараа өгөх юм байна гэж бодоод ******* эгчээс таньдаг мөнгө зээлэх хүн байна уу? гэхэд Буян гэх хүнтэй танилцуулсан. Тэгээд тэр хүнээс зээлсэн мөнгөө хугацаандаа өгсөн. Дараа дахин тэмцээнд явахдаа бага багаар аваад төлж чадаагүй. Манай эмээ өндөр настай хүн байдаг учраас хотод эмнэлгээр явж байгаад ирсэн. Тэр хүнийг хууръя гэсэн бодол байгаагүй.

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед би автомашин худалдан борлуулчихсан мөнгө төгрөгтэй байсан юм. Тэр үед миний төрсөн эгч ******* над руу утсаар ярьсан. Тэгээд манай ажлын залууд мөнгө зээлчих найдвартай гэсэн тул би *******тай утсаар ярьж байгаад эхний удаа буюу 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 1.500.000 төгрөг зээл 11-9 гэж бичиж шилжүүлсэн. Уг мөнгийг ******* 2021 оны 12 сарын 02-ны өдөр гадаа ирж бэлнээр өгсөн юм. Тэр үед би *******ыг найдвартай залуу юм байна гэж итгэсэн. Тэрнээс хойш ******* эгч мөнгө зээлэхэд оролцоогүй ******* над руу залгаж мөнгө зээлэх болсон. 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн үед над руу залгаж 2.000.000 /хоёр сая төгрөг/ зээлчих удахгүй өгнө гэж хэлсэн тэр үедээ манай эхнэр банкинд ажилладаг тийм болохоор гүйлгээний утга хэсэгт нь 7 дугаар сургуульд гэж шилжүүлээрэй гэж хэлсэн. Тэрнээс хойш 3 хоногийн дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дахин залгаж 300.000 /гурван зуун мянган/ төгрөг. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 700.000 /долоон зуун мянган/ төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 2.800.000 /хоёр сая найман зуун тавин мянган/ төгрөгийг тус тус өөрийнхөө Хаан банкны харилцах 5585172965 тоот данс руу шилжүүлж залилуулсан. Одоо Ж.******* руу 4 удаагийн гүйлгээ хийж шилжүүлсэн 5.850.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ******* над руу утсаар ярьж 2.500.000 төгрөг шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 3.550.000 төгрөгийг нэхэмжилнэ. /хавтаст хэргийн 07-08 дахь тал, 119-121 дэх тал/

Гэрч С.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Ж.******* бид хоёр ******* сумын Ерөнхий боловсролын 7 дугаар сургуульд хамт ажилладаг байсан бөгөөд тэр цаг хугацаанд ******* мөнгөний хэрэг байна гэхээр нь манай дүү хүнд мөнгө зээлүүлдэг юм шиг байна лээ асуугаад үз гэсэн. Тэр үед дүүд бас хэлэхдээ мөнгөний боломж байгаа юмуу хүн мөнгө асууж байна сайн судалж үзээд Ж.*******д туслах хэрэгтэйг хэлсэн. Өөр зүйл болоогүй. /хавтаст хэргийн 11-12 дахь тал/

 

Шүүгдэгч Ж.*******ын Хаан банкны  депозит дансны дэлгэрэнгүй хуулга /ХХ-ийн 59-106-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 09-13 дахь тал/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 57 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно,

мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Ж.*******ын гэм буруутай үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ж.*******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Ж.******* нь Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байхдаа ******* 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн үед 2.000.000 /хоёр сая төгрөг/, 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 300.000 /гурван зуун мянган/ төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 700.000 /долоон зуун мянган/ төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 2.800.000 /хоёр сая найман зуун тавин мянган төгрөг нийт 5.850.000 /таван сая найман зуун тавин мянган/ төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч *******гийн  мэдүүлэг /хавтаст хэргийн 05-10 дахь тал/, гэрч С.*******гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 09-13 дахь тал/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.*******ын гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт хуульчилжээ.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байхыг шаарддаг.

 

Шүүгдэгч Ж.******* нь хохирогч ******* 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 1.500.000 төгрөгийг зээлж авч улмаар 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр буцаан өгсөн. Үүний дараа 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн үед 2.000.000 /хоёр сая / төгрөг 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 300.000 /гурван зуун мянган/ төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 700.000 /долоон зуун мянган/ төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 2.800.000 /хоёр сая найман зуун тавин мянган төгрөг нийт 5.850.000 /таван сая найман зуун тавин мянган/ төгрөгийг зээлж авсан, манай эхнэр банкинд ажилладаг тул гүйлгээний утга хэсэгт 7 дугаар сургуульд гэж бичүүлсэн, хохирогч ******* өмнө нь мөнгө зээлээд буцаагаад өгч байсан тул найдвартай хүн байна гэж итгэсэн гэх боловч улмаар мөнгийг буцаан төлөөгүй зэрэг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан ба шүүгдэгч Ж.******* нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр, 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрүүдэд нийт 4 удаагийн үйлдлээр хохирогч ******* мөнгө авч буцаан өгөөгүй байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч Ж.******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцов.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч *******гийн мэдүүлэгт “...2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 2.500.000 төгрөг шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 3.350.000 төгрөгийг нэхэмжилнэ /хавтаст хэргийн 119-121 дэх тал/ гэжээ.

 

Шүүгдэгч Ж.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******д 5.850.000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч *******д 2.500.000 төгрөг төлсөн болох нь депозит дансны хуулга, шүүгдэгч хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.4-т “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах”-ыг тогтоохоор хуульчилсны дагуу шүүх шүүгдэгч Ж.*******аас 3.350.000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч хохирол төлбөр төлөхөөр шүүх хуралдаанд ажлын 5 хоногийн завсарлага авч, хохирогч, иргэний нэхэмжлэгч *******д 3.350.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, депозит дансны хуулга зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Ж.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.*******ын хувийн байдлын тухайд 36 настай, Өмнөговь аймгийн Булган сумын 4 дүгээр багийн Баянзагийн 2-3 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст ”Бүртгэгдээгүй” /хавтаст хэргийн 29 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 18 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 19 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтаст хэргийн 21 дэх тал/, ******* сумын 7 дугаар сургуулийн захирлын 2024 оны 02 сарын 07-ны өдрийн 13 дугаартай тодорхойлолтод: Ж.******* нь тус сургуульд сагсан бөмбөгийн багш дасгалжуулагчаар 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй болно /хавтаст хэргийн 34 дэх тал/ зэргээр тодорхойлогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.*******ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Улсын яллагчийн зүгээс “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа  өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал, дүгнэлтийг,

Шүүгдэгч Ж.*******ын зүгээс “...Би Оюутолгойд спорт заалны менежерийн ажилд орох гэж байгаа. 14 хоногт нааш цаашаа явах ажилтай болсон. Тэнсэн харгалзах ял авсан нь ажилд ороход хэцүү байдалд орох уу. Тийм бол торгуулийн ял шийтгэл оногдуулж өгөөч гэх тайлбарыг  тус тус гаргав.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг   нь ял шийтгэлийн хувьд  дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульд заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж тус тус хуульчилсан.

 

Шүүх шүүгдэгч Ж.*******ын үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, ажил хөдөлмөр эрхэлж, нийгэмд эзлэх байр сууриа олсон зэрэг хувийн байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогчийг гомдол, саналгүй болсон зэрэг байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Ж.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, дараах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ж.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч Ж.******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ж.******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч Ж.*******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ж.******* нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа, хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ж.******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч *******д 5.850.000 /таван сая найман зуун тавин мянга/ төгрөг төлсөн, хохирол төлбөрийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Ж.******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Ж.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ