Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 101/2021/02139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- тоотод оршин суух, Ц овогт Б-ийн Б,

нэхэмжлэгч- тоотод оршин суух, Зовогт Н Ч нарын нэхэмжлэлтэй,

хариуцагч- Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

үнэлгээ хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч О.Д, нэхэмжлэгч Н.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар 2020-10-27-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019-10-20-ны өдрийн 01746 дугаартай захирамжаар Б.Б, Н.Ч бид нар Голомт банкинд 114,105,195 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж, 399,338 төгрөг төлөхөөр болсон. Нийслэлийн Шүүхийн шийдвэр биелүүлэх газар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураан авсан Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 123-62 тоотод байрлах, миний өмчлөлийн 79.8 м.кв орон сууцыг үнэгүйдүүлэн 147,500,000 төгрөгөөр үнэлгээ тогтоож, худалдан борлуулахаар болсон тухай 2020.10.20-ны өдрийн 4-229/37778 тоотоор бидэнд мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хөрөнгийн үнэлгээний Файн Эстимэйт ХХК-иар манай орон сууцыг үнэлүүлэхдээ зах зээлийн судалгаа харьцуулалтыг үндэслэлгүйгээр, бодитой бус хийсэн гэж үзэж байна. Учир нь үнийн харьцуулалтыг хийхдээ зөвхөн Үнэгүй.мн сайтад байршуулсан зарыг үндэслэж, ойролцоо байрлал, ерөнхий байршилыг шалгуур болгосон хөрөнгийн үнэлгээг хэт багаар гаргах үндэслэл болсон байна. Түүнчлэн манай орон сууцыг хэт зөрүү ихтэй орон сууцуудтай харьцуулалт хийсэн нь үнийг бодитойгоор гаргахад сөрөг нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Угтаа 90-ээс дээш м.кв-тай болон хэт жижиг талбайтай орон сууцны талбайн зохион байгуулалт болон ипотекийн зээлийн шаардлагын улмаас үнэлгээ буурдаг. Иймд бүхэл бүтэн 17, 25, 40 м.квзөрүүтэй талбайртай орон сууцнуудтай харьцуулалт хийж үнийн дүнг дундажлах нь хөрөнгийг үнэгүйдүүлэх нөхцөл болж байна. Файн Эстимэйт ХХК нь манай байрыг бодит бус харьцуулалтаар 147,500,000 төгрөгөөр үнэлснийдагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь албадан борлуулах гэж байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу гомдол гаргаж байгаа ба дээрх үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ /хх-1/.

Нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ байрыг 2013 онд 103 сая төгрөгөөр худалдан авахдаа банкнаас зээл авсан бөгөөд банкны зээлээ төлж чадаагүй банкинд хураагдах болсон. Голомт банктай байсан зээлийн гэрээ байгуулж зээлээ төлөх гэж яваад чадаагүй. Одоо дуудлага худалдаанд ороход зээлийн төлбөрийн өр болох 115 сая төгрөгтөө хүрэхгүй 60, 70 сая төгрөгт зарагдах болоод байгаа. Манай орон сууцыг зах зээлийн үнээс багаар үнэлсэн тул энэ үнэлгээд бид зөвшөөрөхгүй гэж байгаа гэв.   

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019-6-11-ний өдрийн захирамжаар Б.Б, Н.Ч нараас 114.105.195 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 399.338 төгрөгийг гаргуулж “Голомт банкинд олгохоор шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нар төлбөрөө төлөөгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, нэхэмжлэгч Б-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/, Нарны зам 123 дугаар байрны 62 тоотод байрлах 79.8 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 20380039/08 дугаартай тогтоолоор барьцаалан хурааж, үнийн санал авахад нэхэмжлэгч нар 180.000.000 төгрөгөөр орон сууцыг үнэлсэн, төлбөр авагч зах зээлийн ханшаас хэт өндөр байна гээд хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт ирүүлснээр талууд үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/520 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг “Файн-Эстимэйт” ХХК-иар тогтоолгоход 147.500.000 төгрөгөөр үнэлсэн тухай тайлан ирүүлснийг нэхэмжлэгч нарт 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр танилцуулсан байгаа. Тиймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан “Файн-Эстимэйт” ХХК үнэлгээг үндэслэлтэй тогтоосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б, Н.Ч нар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэгч Б.Бын  нэг иргэний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/, Нарны зам 123 дугаар байрны 62 тоотод байрлах 79.8 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн “Файн эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ /хх-1/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай.

 

Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.

 

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл гэдэгт нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдаг тул нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг тул нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нотлох баримтын талаар тусгасан байхыг шаардахаас заавал хавсаргаж ирүүлэхийг шүүх шаардахгүй. Учир нь хэргийн оролцогчидод нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэхийн тулд хуулиар хугацаа тогтоогдсон бөгөөд уг хугацааны дотор буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хэрэг маргааныг шийдвэрлэнэ.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Учир нь, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/ дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Б, Н.Ч нар Голомт банк ХХК-иас нэхэмжилсэн 114.105.195,34 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 4 сарын хугацааны дотор буюу 2019-10-11-ний өдрийн дотор төлж барагдуулахаар, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож /хх-15-17, 31-32/ шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Баянзүрх дүүргийн шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр олгосон 01400 дугаартай /хх-29/ гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 20380039 дугаар тогтоолоор /хх-30/ үүсгэж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явуулж байгаа болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан дээрх баримтуудын нотариатаар баталгаажуулсан хуулбараар тогтоогдож нэхэмжлэгч нар маргаагүй.

 

Нэхэмжлэгч Б.Б, Н.Ч нар Голомт банк ХХК-д төлбөр төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан тул шүүгчийн захирамжаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа дурдаж, энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан /хх-28-60/.

 

Төлбөр төлөгч Б.Б, Н.Ч нар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийг сайн дураар төлөөгүй тул барьцаа хөрөнгө болох нэхэмжлэгч Б.Бын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/, Нарны зам 123 дугаар байрны 62 тоотод байрлах 79.8 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 20380039/03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж /хх-36/, хадгалалт хамгаалалтыг нь нэхэмжлэгч нарт хариуцуулсан, 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 20380039/08 дугаартай тогтоолоор дээрх эд хөрөнгийг төлбөрт хураасан /хх-40/ байх бөгөөд уг ажиллагаанд талууд гомдол гаргаагүй байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 10-р сарын 02-ны өдрийн 4-229/36022, 4-229/36021 дугаартай /хх-42/, 2020 оны 10-р сарын 05-ны өдрийн 4-229/36297 дугаартай /хх-43/ албан бичгээр нэхэмжлэгч Б.Б, Н.Ч нарт хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоох тухай мэдэгдэл хүргүүлснээр нэхэмжлэгч нар 2020-10-06-ны өдөр 180 сая төгрөгийн үнийн санал гаргаж /хх-44/, төлбөр авагч Голомт банк ХХК нь 2020-10-08-ны өдөр шинжээч томилон үнэлгээ хийлгэх хүсэлтийг /хх-46/ тус тус гаргаснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 2020 оны 10-р сарын 12-ны өдрийн 10/520 дугаартай тогтоолоор Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам 123 дугаар байрны 62 тоотод байрлах 79.8 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжээчээр “Файн эстимэйт” ХХК-ийг томилсон байна /хх-47/.

 

Хэргийн үйл баримтаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар үл хөдлөх хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй гэж үзэхээр байх тул шинжээчээр үнэлүүлэх ажиллагаа хийгдсэн нь буруу биш бөгөөд томилогдсон шинжээч болох “Файн эстимэйт” ХХК нь дээрх орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 147.500.000 төгрөг болохыг тодорхойлсон /хх-49/ байна.

 

Шинжээч орон сууцны зах зээлийн үнийг 147.500.000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар шинжээчийн тогтоосон үнээс багагүй үнээр өөрийн хөрөнгөө 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах эрхтэй талаар хариуцагч байгууллагаас төлбөр төлөгч Б.Б, Н.Ч нарт 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдсэн болох нь 4-229/37777 дугаартай мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна /хх-59/.

 

Харин нэхэмжлэгч Б.Б, Н.Ч нар дээрх үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, ипотекийн зээлд хамрагдах боломжтой талбайтай гэх тайлбар үндэслэлээ бодит зах зээлийн үнэ ямар байх талаар огт үнэлгээ тооцоолол хийгээгүй, үнэлгээг өөр аргаар хийлгэсэн эсэх, эрх бүхий байгууллагаар үнэлүүлсэн эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан журмын дагуу нотлоогүй, нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Төлбөр төлөгч Б.Б, Н.Ч нар шүүхийн шийдвэрээр баталгаажсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага үүргийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлбөр төлөгч нар сайн дураар төлөөгүй үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилэн хурааж, эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон дээрх ажиллагааг хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үнэлгээ тогтоосон 2020-10-19-ний өдөр гарсан шинжээчийн дүгнэлтийг тухайн өдөр хүлээн авч, төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч нарт 2020-10-21-ний өдөр 4-229/37777 дугаартай мэдэгдлээр үнэлгээг танилцуулсан /хх-59/ байх бөгөөд нэхэмжлэгч нар дээрх үнэлгээний талаарх нэхэмжлэлийг тус шүүхэд 2020-10-27-ны өдөр гаргасан байх тул хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас урьдчилан 2020-10-27-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019  оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/0 дугаартай зохигчдын эвлэрлийг баталсан захирамжийн үндсэн дээр явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/520 дугаартай шинжээч томилох тогтоолын дагуу гарсан “Файн эстимэйт” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тайлангаар тогтоосон Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам 123 дугаар байрны 62 тоотод байрлах 79.8 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Б, Н.Ч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШЗ2021/11215 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Д.ЯНЖИНДУЛАМ