| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2024/0162/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/173 |
| Огноо | 2024-05-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Ариунтуяа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга М.Гантуяа,
улсын яллагч А.Ариунтуяа,
шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч М М.Бхолбогдох эрүүгийн 2434000000149 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Бүрэн суманд 1983 оны 11 дүгээр сарын 06-нд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, М М.Б
ТОДОРХОЙЛОХ нь:
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч М.Б:
...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2434000000149 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч М.Бийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын Баянцогт 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хамар ус” гэх газарт иргэн Ж.М маргалдаж, улмаар цээжин тус газарт нь өшиглөж, эрүүл мэндэд нь 5 дугаар хавирга зөрүүгүй, 6 дугаар хавирганы зөрөөтэй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Үүнд:
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1-2 дугаар хуудас/,
шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 167 дугаартай ...Үзүүлэгч Ж.Мбиед зүүн 5 дугаар хавирга зөрүүгүй, 6 дугаар хавирга зөрөөтэй далд хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй болно... талаарх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
хохирогч Ж.М ...2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн үед Төв аймгийн Бүрэн сумын Баянцогт багийн Хамар ус буюу Сэнжит гэх газар А.Эрдэнэ гэх нутгийн айлд орсон. Гэрт нь А.Эрдэнэ, Бурмаа нар байсан. Б гаднаас орж ирээд хонио ав гэж хэлээд зүүн хавирга руу 1 удаа өшиглөж, зүүн хөлний зузаан гуя руу 1 удаа өшиглөсөн, малгайгаар толгой руу 2 удаа шавхдаж цохисон. М.Бийн гэр манай гэр хооронд 3 орчим км газарт байрладаг саахалт айлууд манай хонь тэдний гэрийн ойролцоо бэлчсэнээс болж маргалдсан байх. Би цохиогүй. Би Улаанбаатар хотод гэмтэл согог судлалын төвд рентгэн зураг авахуулахад зүүн талын 2 ширхэг хавирга хугарсан онш гарсан. А.Эрлэнэ гэрийн баруун орон дээр унтаж байсан. Эхнэр Бурмаа нь зуухны дэргэд сууж хоол хийж байсан. Намайг М.Б цохисны дараа сэрсэн байх. Би эмчилгээний зардал 500 мянга төгрөг гаргасан байна... /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
түүний дахин өгсөн ...М.Б миний 2 хавиргыг хугалж хүндэвтэр гэмтэл учруулсан. Сэтгэцэд учирсан хохирлыг шүүх шинжилгээний байгууллагаар шинжилгээ хийлгэж тогтоолгох шаардлагагүй. 2 сая 500 мянган төгрөгийг нэхэмжилж байна. Надад 7 хоногийн дотор М.Б өгнө гэсэн. Надад одоогоор биеэ эмчлүүлсэн санхүүгийн баримт байхгүй байна. Нэмж хэлэх асуух зүйл байхгүй... /хх-ийн 10 дугаар хуудас/,
гэрч Г.О ...Төв аймгийн Бүрэн суман Баянцогт 2 дугаар багийн нутагт Сэнжит гэх газар нөхөр Ж.Мхамт мал маллаж амьдардаг. 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр би айл нүүлгээд 18 цагийн үед гэртээ ирэхэд нөхөр Ж.Мнадад А.Эрдэнэ гэх нутгийн айлд хоол идээд сууж байтал гаднаас М.Б орж ирээд хонио хараач пизда минь гэж хэлээд намайг өшиглөсөн тухай ярьсан. Би тухайн үед нь биеийнх нь аль хэсэгрүү өшиглөсөн эсэхийг тодруулж асуугаагүй. Маргааш буюу 2024 оны 03 дугаар сарын 21-ний өглөө орноос босохдоо хавирга суга хавьцаа өвдөөд байна гэж хэлсэн. Би Эрдэнийн эхнэр Бурмаа руу 98803447 гэсэн дугаар руу залгаж, Ж.Мөнхбаярыг Б өшиглөсөн үү гэж асуухад хониноос болж маргалдаад савах шиг болсон би мэдэхгүй гэж хариулсан. Тэгж хэлээд шууд утсаа тасалсан. Манай хонь Бийн гэрийн ойролцоо очиж бэлчээд байдаг үүнд М.Б дургүй байдаг. Ж.Мөнхбаярыг Б нь зодсон байх. Надад 2024 оны 03 дугаар сарын 21-ний өглөө М.Б нь миний нөхөр Ж.Мзүүн суга руу 1 удаа өшиглөсөн, зүүн хонго руу 1 удаа өшиглөсөн, малгайгаараа 2 удаа толгой руу цохисон тухай нөхөр Ж.Мнадад ярьсан. Төв аймгийн Бүрэн сумын Баянцогт 2 дугаар багийн Хамар ус гэх газар А.Эрдэнийн гэрт 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр миний нөхөр Ж.Мөнхбаярыг М.Б нь зодсон. Хэдэн цагийн үед гэдгийг нь мэдэхгүй байна. А.Эрдэнэ түүний эхнэр Бурмаа нар нь зодсон үйлдлийг харсан боловч үнэн мэдүүлэг өгөхгүй байх магадлалтай. Учир нь А.Эрдэнэ, Бурмаа нарын гэрт М.Б байнга орж гардаг ойр дотны харилцаатай хүмүүс. Манай нөхөр 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт үзүүлж рентгэн зураг авхуулахад 2 хавирга нь хугарсан онош гарсан... /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
гэрч М.Б ...Жавчивын Мнь манай аав. 2024 оны 03 дугаар сарын 21-ний өглөө аав надад хэлэхдээ зүүн суга хэсэг зовиуртай гэмтсэн байх гэж хэлсэн. М.Б гэх хүний миний аав Ж.Мөнхбаярыг Төв аймгийн Бүрэн сумын Баянцогт 2 дугаар багийн Хамар ус гэх газар 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр А.Эрдэнийн гэрт хоол идэж байхад нь цээжний зүүн хавирга хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Манай хонь М.Бийн гэрийн ойролцоо бэлчсэнээс болж миний аав Ж.Мөнхбаярыг М.Б зодсон. Манай гэр М.Б гэр хоёр хоорондоо 2 км орчим зайтай. Тийм болохоор тэдний хонь манай хонь ойрхон бэлчих, нэгнийхээ гэрийн ойролцоо бэлчих асуудал байдаг. Танина манай нутгийн саахалт айлын хүн. 2024 оны 03 дугаар сарын 21-ний өглөө 09 цагийн үед би Төв аймгийн Бүрэн сумын Баянцогт багийн Хамар ус гэх газар хонины бэлчээр дээр М.Бтай уулзаж ярилцсан. Би Бт хандаж та хүн өшиглөх ёстой юм уу? гэж асуухад би хүнийг яаж зодохоо мэднэ. Би Ж.Мхавирга руу нь өшиглөөгүй гуя руу нь өшиглөсөн гэж хариулсан. М.Б уурлаад намайг ална гэж хэлсэн. Манай аав Ж.МУлаанбаатар хот Гэмтэл согог судлалын төвд цээжний рентген зураг авхуулахад зүүн талын 2 хавирга хугарсан. 1 хавирга нь дотогшоо цөмөрсөн тул уушигны рентген зураг авхуулсан... /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
гэрч А.Эрдэний ...Төв аймгийн Бүрэн суманд 1991 онд 8 дугаар анги төгссөн. Бүрэн бус дунд боловсролтой. Танина. Төв аймгийн Бүрэн сумын Баянцогт багт иргэн. Манай гэрээс баруун урагш 5 км орчим газарт байдаг. Өдөр 12 цагийн үед ирээд цай ууж суусан. Манай гэрт байсан. Гэрийн гаднаас М.Б орж ирээд мал, хонио аваач гэж Ж.Мөнхбаярт хандан хэлээд 1 удаа өшиглөсөн, малгайгаар 2 удаа толгой руу савсан. Хаашаа нь биеийн аль хэсэг рүү нь өшиглөснийг хараагүй. М.Б нь Ж.Мтолгой руу нь малгайгаараа 2 удаа, 1 удаа бие рүү нь өшиглөсөн байх. Би гэрийнхээ баруун орон дээр хэвтэж байсан. Эхнэр Бурмаа зуухны хажууд сууж байсан. Ж.Мзуухны хойд харалдаа байх ширээний зүүн талд урагшаа харж явган сууж байсан. Энэ хоёрын гэр хоорондоо 3 км орчим байдаг хонь нь бэлчихдээ М.Бийн гэрийн гадна очоод байдаг. Тэрнээс болж М.Б уурласан байх. Нутаг усны жирийн харилцаатай. Нэг нэгнийхээ гэрт орж байдаг. Манай эхнэр Д.Бурмаа 6 дугаар анги төгссөн... /хх-ийн 19 дүгээр хуудас/,
сэжигтэн М.Бийн ...Төв аймгийн Бүрэн сумын Баянцогт 2 дугаар багийн Хамар ус гэх газар ээж Цэндээсүрэнгийн хамт мал аж ахуй эрхэлдэг. Манай Төв аймгийн Бүрэн сумын Баянцогт багт мал аж ахуй эрхэлдэг. Манай гэрээс 3-4 орчим км газар байрлан амьдардаг. Ж.Мхонь ямаа нь манай гэрийн гадаа байсан тэжээл өвч зэргийг идээд байсан. Ж.Мнь хонь ямаагаа гэрийн гаднаас тууж авахгүй орхиод байсан. 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр барагцаагаар 14 цагийн орчимд Төв аймгийн Бүрэн сумын Баянцогт багийн нутаг Хамр ус гэх газар А.Эрдэнийн гэр рүү ороход Ж.Мөнхбаяр, А.Эрдэнэ, Д.Бурмаа нар байсан. Тэгээд би шууд Ж.Мөнхбаярыг малгайгаараа 2 удаа толгой руу нь ороолгож, зүүн өгзөгөнд 1 удаа, зүүн хавирганд нь 1 удаа өшиглөсөн. Удаа дараагийн бэлчээрийн маргаанаас болсон. 2023 оны 10 сараас хойш Ж.Мөнхбаярынх манайхтай саахалт буусан. Манай гэрийн гадаа хонь ямаа, үхэр нь ирж бэлчээд миний өөрийн малд тавьж өгсөн өвсийг идээд байсан. үүнээс болж би Ж.Мөнхбаярт удаа дараа хонь, ямаа, үхрээ аваачээ гэж зөндөө хэлсэн. 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Ж.Мхонь, ямаа нь манай гэрийн гадаа бас бэлчиж байсан. Тэр өдөр би Ж.Мөнхбаярыг А.Эрдэнийн гэрт сууж байхад нь зүүн хавирга руу 1 удаа, зүүн өгзөг рүү 1 удаа өшиглөсөн, малгайгаараа толгой руу нь 2 удаа ороолгосон. Ж.Мэхнэр Отгонжаргал манай хонь ямаа танай гэрт очоод тогоотой хоолыг чинь идээд байна уу гэж хэлсэн. Намайг хэл амаар доромжилж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
яллагдагч М.Бийн ...Би уг тогтоолтой танилцлаа, тогтоолыг ойлгосон би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь өгсөн сэжигтний мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би Ж.Мхэвлий хэсэгт нэг удаа өшиглөх үед 2 хавирга гэмтээсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 38 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч М.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч М.Б гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруу:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч А.Ариунтуяа:
...Шүүгдэгч М.Бийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын Баянцогт 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хамар ус” гэх газарт иргэн Ж.М маргалдаж, улмаар цээжин тус газарт нь өшиглөж, эрүүл мэндэд нь 5 дугаар хавирга зөрүүгүй, 6 дугаар хавирга зөрөөтэй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн:
...Гэм буруу үйлдэл дээрээ маргахгүй байгаа. Хохирогчид хохирол болох 2 000 000 төгрөг төлсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 500 000 төгрөгөөр торгох улсын яллагчийн саналыг дэмжиж оролцож байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч М.Б:
...Дахиж ийм алдаа дутагдал гаргахгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч М.Бийг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч нь маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Б гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутай гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч М.Б дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч М.Бийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч М.Б нь хохирогч Ж.Мөнхбаярыг цохиж түлхэх, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.
Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч М.Б нь хохирогч Ж.Мцээжин тус газарт өшиглөсний улмаас хүндэвтэр гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.
Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд зүүн шаант яс, тахилзуур ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч М.Бийг гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Ж.Мбиед зүүн 5 дугаар хавирга зөрүүгүй, 6 дугаар хавирганы зөрөөтэй далд хугарал бүхий гэмтэл тогтоогдсон хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Ж.Мнь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 56 дугаар хуудаст авагдсан түүний хүсэлт, түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Б энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч А.Ариунтуяа:
…Шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгж буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн:
...Хэлэх зүйлгүй... гэсэн тайлбарыг,
Шүүгдэгч М.Б:
... Дахиж ийм алдаа дутагдал гаргахгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй, зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.
Иймд шүүх шүүгдэгч М.Бийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Харин прокурор нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар санал гаргаагүй байх тул шүүх шүүгдэгч М.Бт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож,
шүүхээс тогтоосон хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2434000000149 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, хохирогчид 2.000.000 төгрөг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч М М.Б шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 2434000000149 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М М.Бурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М М.Бавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН