| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2024/0181/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/192 |
| Огноо | 2024-06-03 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Л.Наранхүү |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга М.Гантуяа,
улсын яллагч Л.Наранхүү,
шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б Б.Э холбогдох эрүүгийн 2434001630170 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 29-ний хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баян суманд 1982 оны 03 дугаар сарын 04-нд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдүүдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, Б Б.Э.
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Э нь 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Баян суман Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Гурван түрүү” гэх газар шороон зам дээр “Тоёота ланд круйзер-100” маркийн 39-51 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-д заасан “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, ...арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тус тээврийн хэрэгсэл урагш өнхөрч хохирогч Б.Смөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Б.Э:
... Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэж тус тус мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2434001630170 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Б.Энь 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Баян суман Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Гурван түрүү” гэх газар шороон зам дээр “Тоёота ланд круйзер-100” маркийн 39-51 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-д заасан “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, ...арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тус тээврийн хэрэгсэл урагш өнхөрч хохирогч Б.Смөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-17 дугаар хуудас/,
тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 18-31 дүгээр хуудас/,
шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 160 дугаартай ...Б.С биед баруун 2, 3-р хавирга урд төгсгөл болон мөгөөрсөн хэсэг өвчүүтэй бэхлэгдэх хэсгээр хоёрлосон зөрөөтэй хугарал, баруун 4-р хавирганы урд төгсгөл болон мөгөөрсөн хэсгээр гурвалсан зөрөөтэй хугарал, баруун 5, 6, 7-р хавирга урд төгсгөл болон мөгөөрсөн хэсгээр хоёрлосон зөрөөтэй хугарал, зүүн 5, 6, 7-р хавирганы мөгөөрсөн хэсгээр зөрөөтэй хугарал, баруун болон зүүн талын уушгины доод дэлбэнгийн ар гадаргын няцрал, баруун зүүн плеврийн хөндийд шингэн хуралдалт, зүүн нүдний алимны салстын цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүдийн баруун 2, 3-р хавирга урд төгсгөл болон мөгөөрсөн хэсэг өвчүүтэй бэхлэгдэх хэсгээр хоёрлосон зөрөөтэй хугарал, баруун 4-р хавирганы урд төгсгөл болон мөгөөрсөн хэсгээр гурвалсан зөрөөтэй хугарал, баруун 5, 6, 7-р хавирга урд төгсгөл болон мөгөөрсөн хэсгээр хоёрлосон зөрөөтэй хугарал, зүүн 5, 6, 7-р хавирганы мөгөөрсөн хэсгээр зөрөөтэй хугарал гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10.-д зааснаар гэмтлийн “ХҮНД” зэрэгт, баруун болон зүүн талын уушгины доод дэлбэнгийн ар гадаргын няцрал, баруун зүүн плеврийн хөндийд шингэн хуралдалт гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12.-д зааснаар гэмтлийн “ХҮНД” зэрэгт, зүүн нүдний алимны салстын цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн "ХӨНГӨН” зэрэгт тус тус хамаарна. 3. Дээрхи гэмтлүүдийн баруун 2, 3-р хавирга урд төгсгөл болон мөгөөрсөн хэсэг өвчүүтэй бэхлэгдэх хэсгээр хоёрлосон зөрөөтэй хугарал, баруун 4-р хавирганы урд төгсгөл болон мөгөөрсөн хэсгээр гурвалсан зөрөөтэй хугарал, баруун 5, 6, 7-р хавирга урд төгсгөл болон мөгөөрсөн хэсгээр хоёрлосон зөрөөтэй хугарал, зүүн 5, 6, 7-р хавирганы мөгөөрсөн хэсгээр зөрөөтэй хугарал, баруун болон зүүн талын уушгины доод дэлбэнгийн ар гадаргын няцрал гэмтлүүд нь шахагдах, дарагдах үйлчлэлээр үүсэх боломжтой. 4. Дээрхи гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс шалтгаална... талаарх дүгнэлт /хх-ийн 56-58 дугаар хуудас/,
техникийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 24/77 дугаартай ...1.Toyota Land Cruiser-100 маркийн 39-51 ТӨА улсын дугаартай автомашины жолооч Б.Энь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6 "Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө...” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Б.СМонгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3. Toyota Land Cruiser-100 маркийн 39-51 ТӨА улсын дугаартай автомашины жолооч Б.Энь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6 дахь заалтыг зөрчсөний улмаас /энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултад тусгагдсан/ уг зам тээврийн осол болсон гэж үзэж байна. 4. Уг зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. 5.Нэмж тусгах саналгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,
хохирогч Б.С ...Би 2024 оны 03 дугаар сарын 16-ны өглөө Төв аймгийн Баянцагаан суманд байх гэрээсээ ганцаараа өөрийн нэр дээр бүртгэлтэй байдаг 39-51 ТӨА улсын дугаартай Ланд-100 маркийн тээврийн хэрэгсэлдээ чиргүүл залгаад гэрээсээ холгүй байх 12-р зөрлөг дээрээс найз Очир, түүний эхнэр Чимгээ хоёрыг аваад Баянхангай арын бууцан дээрээс шүүрс авах гээд 11 цагийн үед хөдөлсөн. Тэгээд замдаа явж байхад шороон зам дээр цасанд суусан. Тэгээд найз Хишгээ, Сэргэлэн ах хоёрыг 12-р зөрлөг дээр байх гэрээс нь дуудаад тэр хоёр 15, 16 цагийн орчимд ирсэн. Тэгээд тэр хоёрын авчирсан тээврийн хэрэгсэлд татлага, төмрөөр чагтлаад манай машиныг урагшаа чирч гаргасан. Манай машиныг тухайн үед Чимгээ бариад Очроо бид хоёр түрээд Сэргэлэн ахаар татуулаад гарсан. Би тэгээд татлагаа салгах машины жолооч талын урд дугуйны урдуур цээж хэсгээрээ ороод татлагыг тайлаад буцаад гарах гэтэл машин гэнэт урагшаа яваад намайг хажуу тийш хараад хөндлөн хэвтэж байхад урд дугуйгаараа намайг цастай хавчсан би тэгээд өвдөөд намайг орилоход намайг цус байсан хүмүүс татаад авсан. Би тэгээд гараад жолоо хэн барьж байгаа бэ гэхэд Чимгээ цаснаас гаргаад арааг D-ээр нь тавиад буучхаж гэсэн. Тэгээд шууд эмнэлэг дуудаад эмнэлэгт хүргэгдсэн. Тухайн үед бид нар цасанд суусныхаа дараа Очир бид хоёр 0.75 гэх нэртэй архины талыг уусан. Чимгээ угаагүй. Одоо миний биед баруун талын хавирга хугарсан. Уушигны доод хоёр далбай бяцралттай гэсэн оноштой байгаа. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 34-36 дугаар хуудас/,
түүний дахин өгсөн ...Өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй. Би хохиролтой холбоотой санхүүгийн баримт байхгүй болно. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд өөрийн биеэр суухгүй болно... /хх-ийн 39 дүгээр хуудас/,
түүний дахин өгсөн ...Би хохирогчийн эрх үүргийг ойлгосон асууж тодруулах зүйл байхгүй. Өмнөх өгсөн мэдүүлгүүд үнэн зөв. Дээр нь нэмж ярих зүйл надад байхгүй. Зардалтай холбоотой баримтыг гаргаж өгч байна. Өмнө нь гаргасан зардалтай холбоотой баримтыг и-баримт гэсэн аплейкэшнээс хуулбарлан өгнө. Эрүүл мэнд болон эд хөрөнгийн хохиролтой байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл үнэн... /хх-ийн 26 дугаар хуудас/,
иргэний нэхэмжлэгч Б.Г...Миний хувьд хэргийн талаар мэдэх зүйл байхгүй байна. Би албан бичгийн дагуу томилолтоор хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Лавлагаагаар харахад Б.С нь 790.500 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Миний хувьд лавлагаагаар гарсан мөнгөн дүнг буцаагаад улсад буюу Эрүүл мэндийн даатгалын сангийн 100300020080 дугаартай дансанд буцаан шилжүүлж улсыг хохиролгүй болгомоор байна... /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
гэрч Ц.Т...Би 2024 оны 03 сарын 15-ны орой найз болох Сыг нүүрс татаад өгөөч гэж гуйсан. Тэр өдрөө С манайд өөрийнхөө машинтай ирж хоноод маргааш өдөр нь буюу 2024 оны 03 сарын 16-ны өдөр би мал хуйгаа янзалчхаад манай эхнэр Эрдэнэчимэг, С бид гурав нүүр авахаар Сын машинтай манайхаас 12 цагийн үед хөдөлсөн. Тэгээд замдаа цасанд суугаад нааш цаашаа явсаар байгаад сүүлдээ бүр явах боломжгүй болж цасанд суугаад нэг найзыгаа дуудсан чинь хол мал дээрээ байна гэхээр нь Сэргэлэн ахыг ирээд татаад гаргаад өгөөч гэж дуудсан. Тэгээд Сэргэлэн ах машинтай ирээд Сын машиныг цаснаас татаж гаргаж өгсөн. Цаснаас гарсны дараа Сэргэлэн ах машиныхаа араас тросоо тайлж байтал Сын машин өнхөрсөн. Тэр үед нь С машиныхаа тросыг тайлаад урд нь зогсож байсан. Тэгээд машин өнхөрч эхлэхэд С газарт унаад баруун урд талын дугуйнд цээж хэсгээрээ дарагдаад гулссан. Тэр үед нь би машин руу орж тормоз гишгэж зогсоосон. Тэгээд Сыг аваад өөрийнх нь машинаар сумын төв рүү эмнэлэгт хүргэж өгсөн. Сын машиныг татаж гаргах үед жолоо нь дээр нь манай эхнэр болох Эсууж байсан. Цаснаас татаж гаргасны дараа Эмашины асаалттай орхиод бууц ирсэн. Машин өнхрөх үед Сын машин дотор хүн байгаагүй. Би тэрийг анзаараагүй ороод шууд тормоз гишгэсэн. Намайг ороход машин бол асаалттай байсан. Тэгээд би шууд унтраасан. Уг машин автомат машин байсан. Тухайн үед Сэргэлэн, С, Эрдэнэчимэг, Хишигсүрэн бид нар байсан. Өөр хүмүүс байгаагүй. Өдөр манайхаас гарах үед С бид хоёр 0.5 граммын экс гэдэг нэртэй архи хувааж уугаад гарсан. Манай эхнэр Эархи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан... /хх-ийн 46-47 дугаар хуудас/,
гэрч П.С...2024 оны 03 сарын 16-ны өдөр гэртээ байж байхад 17 цаг 47 минутад манай нутгийн таньдаг хүн Төмөр-Очир над руу залгаад Сыг гуйгаад нүүрсэнд явж байгаад цасанд суучихлаа ирээд татаад гаргаад өгөөч гэсэн. Хаана суучихсан юм гэсэн чинь гурван түрүүний зүүн талд суучихсан байна гэсэн. Тэгээд би уг нь адуунд явах гэж байна. Зав муу л байна даа гэсэн чинь дахин дахин залгаад ирээд татаад гаргаад өгөөч гээд байхаар нь манай эхнэрийн дүү болох Батжаргал гэх хүний машиныг аваад эхнэрийнх нь хамт Төмөр-Очир дээр очсон. Намайг очиход Төмөр-Очир, С, Эгурав Сын машинтай байж байсан. Тэгээд би авч очсон тросоороо машиныг нь татаж гаргасан. Цаснаас машиныг нь гаргачихаад би өөрөө машиныхаа араас тросыг салгаж байтал Сын машин өнхөрсөн. Тухайн үед С машиныхаа урд гарчихсан тросыг нь салгах гээд байж байсан. Машин нь өнхрөнгүүт С сандарч босохдоо хальтирч унаад баруун урд талын дугуйн доогуур цээж хэсгээрээ ороод түрэгдсэн. Тэр үед нь Төмөр-Очир машин руу гүйж ороод тормоз гишгэж зогсоосон. Тэгээд бага зэрэг арагш нь ухраагаад Сыг аваад шууд тэр машинаар нь сумын төв рүү эмнэлэгт хүргэж өгсөн. Тэр үед Төмөр-Очирын эхнэр Эунаж байсан. Цаснаас татаад гаргасны дараа Эмашиныг асаалттай орхиод бууж ирсэн. Машин өнхрөх үед машин дотор хүн байгаагүй. Бүгд гадаа зогсож байсан. Тухайн үед Төмөр-Очир, С, Эрдэнэчимэг, Хишигсүрэн бид нар байсан. Өөр хүмүүс байгаагүй. Төмөр-Очир, С, хоёр архи согтууруулах ундаа хэрэглэсэн халамцуу байсан. Тэгээд Ээрүүл юм чинь би жолоо барья гээд машин унасан. Машин татах үед С трос дугуйн доогуур орчихож магадгүй гээд трос бариад тунрааг нь гаргаж өгөөд гадаа байж байсан... /хх-ийн 48 дугаар хуудас/,
гэрч Б.Эийн ...2024 оны 03 сарын 14-ны өдөр манай нөхөр болох Төмөр-Очир Стой утсаар яриад завтай бол ирээд нүүрс татаад өгөөч гэсэн чинь за тэгье гэсэн. Тэгээд 2024 оны 03 сарын 15-ны өдөр шөнө манайд ирж хоносон. Тэгээд 2024 оны 03 сарын 16-ны өглөө босоод манай нөхөр С бид гурав манай гадаа байсанд үхрэндээ өвч тэжээл өгчхөөд өдөр 13 цагийн үед нүүрсэндээ явсан. Тэгээд зам цас ихтэй цасанд суугаад явах боломжгүй байсан. Цас их ухсан. Тэгээд сүүлдээ нүүрс авах газраа очиж чадалгүй нэлээн орой болчихоор нь за ерөөсөө болье буцая гээд манайх руу буцаж явахдаа 12-р зөрлөгөөс зүүн тийш 2 километр орчим газарт цасанд суусан. Тэгээд цасаа ухаад бүр гарч чадахаа болиод П.Сэргэлэн гэх ахыг ирж машин татаад цаснаас гаргаад өгөөч гэсэн чинь П.Сэргэлэн ах дүүгийнхээ машинтай дүүтэйгээ хамт бид нар дээр ирж машин татаж гаргаж өгсөн. Машин татах үед С намайг чи жолоон дээр суугаад зөөлөн зөөлөн урагшаа хаазлаад яваарай гэсэн. Тэгээд би жолоон дээр нь суугаад хааз гишгэсэн чинь хөдлөхгүй байхаар нь энэ чинь хөдлөхгүй байна. Би ийм автомат машин унаж үзээгүй гэсэн чинь С өөрөө би D араан дээр нь тавиад өгье гээд араанд нь хийж өгсөн. Эхлээд нэг татахад нь машин гараагүй. Тэгээд дахиад нэг угзарч татсан чинь машин цаснаас гарсан. Цаснаас гарангуут нь би машинаас шууд буугаад гарсан. Тэгэхдээ арааг нь солиогүй буучихсан. Намайг буусны дараа С машиныхаа урд гараад тросоо тайлж байтал машин гэнэт өнхөрсөн. Тэгээд С цасан дээр хальтирч унаад машины баруун урд талын дугуйнд доошоо хараад цээж хэсгээрээ мөргүүлээд түрэгдээд явсан. Тэр үед нь манай нөхөр Төмөр-Очир машинд гүйж ороод машиныг зогсоосон. Тэгээд шууд Сыг өөрийнх нь машинд суулгаад Сэргэлэн ахаар унуулаад Баян сумын эмнэлэгт хүргэж ирсэн. Би машиныг асаалттай орхисон. Урд нь би автомат машин унаж байгаагүй болохоор автомат машин сайн мэдэхгүй. Арааг нь сольдгийг нь ч мэдэхгүй байсан. Сын машинд нүүрс ачна гээд чиргүүл чирчихсэн байсан. Цасанд суухад чиргүүлийн дугуй нэлээн гүн суучихсан. Манай нөхөртэй хамт чиргүүлийнхээ дугуйны цасыг ухаад байж байсан. Тухайн үед Сэргэлэн, С, Төмөр-Очир, Хишигсүрэн бид нар байсан. Өөр хүмүүс байгаагүй. Машин цасанд суучихсан байхад С манай нөхөр Төмөр-Очир хоёр машиндаа архи ууж байсан. Тухайн үед би гадаа цас ухаж байгаад цонхоор хартал тэр хоёр архи ууж байхаар нь та 2 болиочээ орой боллоо. Машинаа гаргачхаад гэртээ хариад наадахаа уугаач гэж хэлсэн. 0,500 граммын архи байсан. Дундаас нь нэлээн доогуур оруулчихсан байсан. Үлдсэн архийг нь тэнд нь асагаад шилийг нь тэнд нь үлдээсэн.
Жолооны эрхийн үнэмлэхтэй. В ангилалтай. Цаснаас машин гарангуут нь л би шууд машинаас буусан. Намайг машинаас буунгуут л машин шууд өнхөрсөн. Яг бид нарын цасанд газрын хажуугаар хуссан зам байсан. Тэгээд энэ зам руу орьё гэсэн чинь С гайгүй байх энэ жалгаар гарчих байх гээд жалга хонхор газар луу орсон. Яг гарахын даваан дээр чиргүүлийн 4 дугуй, машины арын дугуй хоёр нь суучихсан. Машинаас буухад цас нь гишгүүр хүрчихсэн байсан. Машиныг татаж гаргаад бага зэрэг уруу газар зогсоосон. Тэгээд л машин өнхөрчихсөн. Манайхаас гарахдаа архи дарс уугаагүй. Эрүүл гарцгаасан. Би урд өмнө автомат машин унаж байгаагүй. Манайх 2 машинтай. Тэр хоёр машин хоёулаа механик машин. Би тэр 2 машинаа бол уначихдаг... /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
гэрч Г.Х...2024 оны 03 сарын 16-ны өдөр 18 цаг өнгөрч байсан байх. Гэртээ байж байтал манайд байдаг ах П.Сутас руу Эзалгаад надтай ярьсан. Тэгээд С, Төмөр-Очир бид гурав явж байгаад цасанд суучихлаа ирээд татаад гаргаад өгөөч гэсэн. Би тэгээд П.Сэргэлэн ахаар машинаа унуулаад бид хоёр хамт тэр гурав дээр очсон. Тэр гурав руу явж байхдаа замдаа Төмөр-Очирын гэрээр очиж татлага трос аваад очсон. Бид хоёрыг очиход тэр гурав Сын машинтай цасанд суучихсан, гурвуулаа машиндаа хүлээгээд байж байсан. Бид хоёр очоод нөгөө татлагаа гаргаад зүүгээд Сын машиныг татаж гаргасан. 2 угзарч татаал гарсан. Машин татах үед Сын машины жолоон дээр нь Эсуучихсан байсан. С, Төмөр-Очир бид гурав татлага нь харвана шүү гээд жоохон зайтай хараад зогсож байсан. Машинаа татаж гаргасны дараа П.Сэргэлэн ах өөрийнхөө машинаас татлагаа салгаад С өөрийнхөө машины урд зогсоод татлагаа салгаад надад үзүүрийг нь авч өгсөн. Тэр татлага нь нэлээн урт татлага байсан. Тэгээд П.Сэргэлэн ах намайг наад татлагаа эвтэйхэн эхнээс нь эвхээд ав гэхээр нь би үзүүрийг нь цааш нь авч яваад эвхээд байж байгаад эргээд хартал Сын машин зугуухан хөдөлж эхэлсэн. Тэгэхээр нь би наад машин чинь хөдлөөд байна гэхэд С яг машиныхаа урд зогсож байгаад уначихсан. Тэгэхээр нь би эвхэж байсан татлагаа хаячхаад гүйгээд очтол С урд гүүпрэн доороо уначихсан байж байсан. Би очоод яасан бэ Соо гэсэн чинь миний цээж өвдөөд байна гэхээр нь яаралтай эмнэлэг хүргэж өгье гээд өөрийнх нь машинд суулгаад П.Сэргэлэн ах, Төмөр-Очир, С, Энар сумын төв рүү яваад би өөрийнхөө машиныг унаад гэрлүүгээ буцаад явсан. Машин өнхрөх үед Эхаана байсныг нь би анзаараагүй. Тухайн үед би цаашаа хараад татлагаа эвхээд явж байсан. С надад татлагын үзүүрийг дэгээнээс мултлаад өгөх үед Эмашин дотор жолоон дээр сууж байсан. Би тэгээд татлагаа аваад цаашаа хараад явсан. Эрдэнэчимэгийг хэзээ машинаас буусныг нь хараагүй. Машин хөдлөөд С газар уначихсан байхад нь намайг очиход бүгд л машины гадаа зогсож байсан. Сын машин асаалттай байсан. Татаж гаргаад удаагүй байсан. Тухайн үед Сэргэлэн, С, Төмөр-Очир, Эбид нар байсан. Өөр хүмүүс байгаагүй. Архи дарс хэрэглэсэн байсан эсэхийг нь мэдээгүй. Бид хоёр очоод удаагүй шууд л татлагаа гаргаад машинаа татаж гаргасан. Бид хоёрыг очиход С өөрөө машиныхаа жолоон дээр сууж байсан. Тэгээд машин татахад Эсолигдож машины жолоон дээр суусан... /хх-ийн 53 дугаар хуудас/,
яллагдагч Б.Эийн ...Би өмнө нь өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна... /хх-ийн 85-86 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Б.Энь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Эийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Л.Наранхүү:
...Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Наранхүү би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б.Эт холбогдох 2434001630170 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Б.Энь 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Баян суман Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Гурван түрүү” гэх газар шороон зам дээр “Тоёота ланд круйзер-100” маркийн 39-51 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-д заасан “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас тус тээврийн хэрэгсэл урагш өнхөрч хохирогч Б.Смөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч Б.С гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдэг. Иргэний нэхэмжлэгч Б.Гнэхэмжилсэн 790.500 төгрөгийг төлж барагдуулсан. Шүүгдэгч Б.Энь энэ хэрэгтээ бусдад төлөх төлбөргүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Э:
...Гэм буруу дээр хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Б.Эмаргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Энь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Эгэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэдэг хэдий ч дээрх дөрвөн нөхцөлүүдийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрдөггүй болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд тухайн бүлгийн гэмт хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь ...Жолооч автотээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан үйлдэл нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон нөхцөл байдлыг гэмт хэрэгт тооцохоор хуульчлан тогтоосон байна.
Хуулийн энэхүү зохицуулалтаар зам тээврийн ослын улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл эсхүл бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсныг гэмт хэрэг тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл ...Жолооч автотээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан үйлдэл нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон бол материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзнэ.
Тодруулбал: шүүгдэгч Б.Этээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-д заасан “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, ...арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө...” гэснийг зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.
Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.
Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдах шинжтэй.
Тэрээр шүүгдэгч Б.ЭЗамын хөдөлгөөний дүрмийн 14.6-т заасныг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний биед хүнд хохирол учирсан, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Эийн болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.С эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.
Хохирогч Б.С эмчилгээний зардалд 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 105 дугаар хуудас авагдсан хохирогчийн хүсэлтээр, мөн иргэний нэхэмжлэгч Төв аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн 790.500 /долоон зуун ерэн мянга таван зуу/ төгрөгийг төлж барагдуулсан нь шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Энь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж байгаа болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Л.Наранхүү:
...Шүүхээс Б.Эийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Эь Эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Б.Эрдэнэчимгэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, 7.3-т зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг гаргаж байна. Хэрэгт хураан авсан, битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүнд урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх дүгнэлтийг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Э:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.
Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй, зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.
Иймд шүүх шүүгдэгч Б.Эт хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.
Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэж, мөн тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж тус тус хуульчлагдсан учраас шүүгдэгч Б.Эийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2434001630170 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Ээнэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Б Б.Э шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Б.Э тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,
мөн тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2434001630170 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Ээнэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Б.Эийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс хугацааг тоолсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б Б.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Б.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН