| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2024/0184/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/198 |
| Огноо | 2024-06-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Хэрлэнчимэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга М.Гантуяа,
улсын яллагч М.Хэрлэнчимэг,
шүүгдэгч Ж.Знарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Х Ж.Зт холбогдох эрүүгийн 2434000000209 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1967 оны 01 дүгээр сарын 19-нд төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ганцаараа, урьд ял шийтгэлгүй, Х Ж.З
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ж.Знь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Ж.З:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2434000000209 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Ж.Зийн согтуугаар 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар баг, Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын танхимд насанд хүрээгүй хохирогч Б.Бөшиглөх, цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 277 дугаартай ...Б.Б биед тархи доргилт, дух, эрүүнд цус хуралт, цээжинд зулгаралт, дух, эрүүнд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 44 дүгээр хуудас/,
хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7 дугаар хуудас/,
жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
насанд хүрээгүй хохирогч Б.Б ...Би 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр сургууль дээрээ 3 дугаар цагийн хичээлдээ хамрагдаад сургуулийн спорт зааланд байж байгаад ангийн найз Хүслэнтэй барилдаж байхад миний араас хүчтэй өшиглөсөн тэгээд би иргээд харахад бөхийн Зоригоо багш нь байсан тэгтэл та нар ингэж барилдаггүй юм гэж хэлээд миний толгой руу гараараа цохисон тэгээд би толгойгоо бариад газар суух гэтэл миний зүүн эрүү рүү өшиглөсөн тэгээд миний чихнээс зулгаасан тэгээд нэг мэдэхэд тамирын багш ирсэн яаж байна гэсэн тэгээд удалгүй менежер Гансүх багш болон нийгмийн ажилтан нар нь ирсэн байсан намайг аваад захирлын өрөөнд орсон би тухайн үед уйлаад байж байхад манай аав, ээж нар нь ирсэн намайг эмнэлэгт үзүүлээд хот руу авч яваад мөн эмнэлэгт үзүүлсэн. Бөхийн Зоригоо багш нь миний бөгс рүү өшиглөөд толгой руу гараараа цохиж, дараа нь эрүү рүү нэг удаа өшиглөсөн тэгээд чихнээс зулгаасан би өөр болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Би найз Хүслэнтэй барилдаж байсан ангийн хүүхэд нар тоглоод зогсож байсан бөмбөгөөр. Тийм зүйл болоогүй. 2023 оны хавар нэг 7 хоног явж байгаад болсон одоо явдаггүй юм. Миний биед гэмтэл байгаа толгой их өвдөж хоол идэх гэхээр эрүү өвдөөд байгаа миний биеийг аав, ээж хоёр хот болон аймаг орж эмнэлэгт үзүүлсэн. Би гомдолтой байна... /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
түүний дахин өгсөн ...Эмнэлэгт үзүүлэхээр явсан замын зардал, толгойн томографикийн зураг авхуулсан зардал нийлээд 232.000 төгрөг болсон үүнийг баримтаар өгч хэрэгт хавсаргуулсан байгаа үүнийгээ нэхэмжилнэ. Би шүүх хуралдаанд сууна. Би хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 19 дүгээр хуудас/,
гэрч Т.Х...Би гэртэй 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 10 цаг өнгөрч сургуулийн захирал Хүрэлбаатар нь утсаар яриад чи сургууль дээр яваад ирээч энд нэг хэрэг гарчихлаа гэж хэлээд утсаа салгасан тэгээд би нөхөр Баасандоржид хэлээд бид хоёр сургууль ороод захирлын өрөөнд ороход манай хүү Билгүүн нь уйлсан толгой нь хавдсан эрүү нь хөхөрсөн байдалтай байсан тэгээд би яасан юм гэж хүүгээс асуухад сая намайг хичээл дээр байхад бөхийн Зоригоо багш нь согтуу намайг зодсон гэж хэлсэн тэгээд манай нөхөр Баасандорж нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн нөхөр бид хоёр хүү Билгүүнийг сумын эмнэлэгт үзүүлээд яаралтай гэмтлийн эмнэлэг орж эрүүнийхэн зураг толгойныхон зургийг авхуулж гэж хэлсэн тэгээд хүүгээ аваад хот руу яваад гэмтлийн эмнэлэг орж, дараа нь Төв аймгийн Шүүх шинжилгээний албан дээр очоод хүү Билгүүний биеийг үзүүлсэн, одоо манай хүү гэртэй хэвтэж байна. Бөхийн дасгалжуулагч Зоригоо багш нь зодож цохисон байна ямар учраас хүүхэд зодсон талаар би их гайхаж байна манай гэр бүл энэ хүнд гэм хор хийгээгүй би таньж мэдэхгүй хүн юм. Үгүй. Би хүүхэддээ учирсан гэмтлийг шүүх шинжилгээний байгууллагад үзүүлсэн. Би гомдолтой байна манай хүү Билгүүнийг хичээл дээр нь байж байхад учир шалтгаангүй гаднаас согтуу орж ирээд зодсон тул би их гомдолтой байна мөн хүүгийнхээ эмчилгээний мөнгө болон нааш цааш явсан зардлын мөнгийг гаргуулж авна буруутай этгээдээс мөн буруутай этгээд болох Зоригоо гэх хүнд хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна... /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
гэрч Н.У...Би сургуулийн спорт зааланд 2024 оны 05 дугаар сарын 13-ний өдөр 3 дугаар цагийн хичээлээ 6Б ангийн сурагч нарт орж байсан юм тухай үед цаг 10 цаг 30 минут болж байсан байх би сурагч нараас бие бялдрын сорил аваад дуусаад заалны арын багшийн өрөөнд ороод авсан сорилоо компьютерт шивэх гээд сууж байтал зааланд хүн чанга орилсон тэгээд багшийн өрөөнд Зоригоо багш орж ирсэн би та согтуу байж яах гээд заалаар үзэгдээд байгаа юм та гэртэй очиж амар гэж хэлэхэд чи хичээл орохдоо матраас хумилдаа гэж хэлсэн тэгээд би сая сорилго авсан юм гэж хэлээд өрөөнөөсөө гарж ирсэн тэгтэл сурагч Билгүүн сандал дээр уйлсан байдалтай сууж байсан би яасан юм гэж асуухад Зоригоо багш зодсон гэж хэлсэн тэгээд би өрөөндөө Зоригоо багшийг авч ороод яасан гэж хүүхэд байгаа юм бэ гэж асуухад дугарахгүй би явлаа гэж хэлээд гараад явсан би өрөөндөө Билгүүнийг аавын утасныхан дугаарыг олох гээд хэдэн хүн лүү залгасан дугаар нь олдохгүй байхаар нь би хоёр сурагч явуулаад нийгмийн ажилтан болон сургалтын менежер нарыг дуудаж Билгүүнийг захирлын өрөөрөө авч ороод эцэг эх нар луу нь захирал Хүрэлбаатар утсаар ярьж мэдэгдсэн. Би хараагүй Билгүүн ярихдаа Зоригоо багш дух руу гараараа цохиод газар унахад нь мөн толгой руу өшиглөсөн гэж хэлсэн. Жалцав овогтой Зоригоо багш нь манай сургуулийн багш биш хичээл тарсны дараа буюу үдэш хойш шатар, бөхөнд сонирхолтой хүүхэд нарт хувиараа төлбөртэй дугуйлан хичээлдэг юм. Зоригоо багш архи уусан байсан тухайн үйл явдал болохоос өмнө 10 минутын өмнө над дээр орж ирээд засуул хийх хүүхэд олмоор байна гэж хэлсэн тэгэхээр нь би та согтуу байна явж унт маргааш энэ асуудлаар ярь гэж хэлээд гаргаад явуулсан. Сурагч Б.Бнь Зоригоо багшийн хичээлдэг дугуйланд явдаггүй юм. Бөхийн дугуйланд 60 хүүхэд явдаг юм. Би ямар шалтгааны улмаас зодсон талаар мэдэхгүй байна. 6б ангийн сурагч нар байсан өөр хүн байхгүй байсан Билгүүн нь Хүслэн гэх хүүхэдтэй барилдаж байхад гаднаас Зориг багш нь орж ирээд алгадаж өшиглөж байгаа үйлдэл хяналтын камер дээр бичигдсэн байсан... /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
гэрч Б.Г...Би 2024 оны 05 дугаар сарын 13-ний өдөр ажлынхаа өрөөнд ажлаа хийгээд сууж байхад 6 дугаар ангийн 2 сурагч орж ирээд багшаа сая манай ангийг бие тамирын хичээл орж байхад бөхийн Зоригоо багш согтуу орж ирээд манай ангийн хүүхэд Билгүүнийг зодчихлоо таныг бие тамирын багш Ууганбаатар дуудаж байна гэж хэлсэн тэгээд би заал руу ороход Баасандорж овогтой Билгүүн сурагч нь нүүрээ дарсан үйлсэн байдалтай байсан хувцас сольдог өрөөнд сууж байсан тэгээд би сурагч Билгүүнийг яасан юм миний хүү гэж асуухад сая би Хүслэнтэй ноцолдож байхад Зоригоо багш гаднаас орж ирээд юм хэлэхгүй та нар ингэж барилдаггүй юм гэж хэлээд намайг алгадаж миний толгой өшиглөсөн гэж хэлсэн тэгээд байж байхад сургалтын менежер Гансүх орж ирсэн бид хоёр сурагч Билгүүнийг аваад захирлын өрөөнд орсон сургуулийн захирал Хүрэлбаатар нь яаралтай аав, ээж рүү нь залгасан тэгээд аав нь ирээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Би тухайн үйл явдлыг хараагүй хяналтын камерыг шүүж үзэхэд Зоригоо багш заал руу орж ирээд сурагч Билгүүний бөгс рүү өшиглөөд гараараа толгой руу нь цохиод газар суухад нь нүүр лүү нь өшиглөсөн үйлдэл гаргаж байсан. Жалцав овогтой Зориг нь манай сургуульд ажил хийдэггүй юм манай ажилтан биш хувиараа бөх болон шатар сонирхолтой хүүхэд нарт төлбөртэй дугуйлан хичээлдэг юм. Би мэдэхгүй байна. Б.Бнь бөхийн дугуйланд явдаггүй юм. Зориг багш нь архи уусан сургуульд дээр согтуу явж байсан гэсэн би таараагүй сургуулийн жижүүр Эрдэнэбилэг ах тэгж хэлсэн. Жижүүр Эрдэнэбилэг нь Зоригоо багшийг та согтуу байна сургуулиас гар гэж хэлэхэд за бие тамирын багш Ууганбаатартай уулзаа явлаа гэж хэлсэн гэсэн... /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
гэрч Г.Э...Би 2024 оны 05 дугаар сарын 13-ний өдөр 9 цаг өнгөрч байхад бөхийн дасгалжуулагч Зоригоо багш нь гаднаас архи үнэртүүлсэн байдалтай орж ирсэн тэгээд би та яаж яваа юм архи уучхаад юу хийж яваа юм битгий сургууль дээр ирээд байгаач гэж хэлэхэд ах нь шатрынхаа өрөө рүү ороод түлхүүр аваад гаръя гэж хэлсэн тэгэхээр нь би араас нь хараад зогсож байхад өрөө рүүгээ ороод гарсан тэгээд сургуулиас гарсан тэгээд удалгүй 40 минутын дараа байх ахиж орж ирсэн тэгээд би уурлаад яах гээд яваад байгаа юм гэж хэлэхэд бие тамирын багш Ууганбаатартай уулзаад гарлаа гэсэн тэгээд заал ороход нь би дагаж яваагүй өөрөө заал ороод удалгүй гараад ирсэн тэгээд шууд сургуулиас гараад явсан тэгтэл удалгүй Зоригоо багш хүүхэд зодсон гээд сургалтын менежер болон нийгмийн ажилтан нар хяналтын камер шүүсэн тэгээд зодуулсан хүүхдийн аав, ээж нар ирсэн. Би хараагүй хяналтын камераас бичлэгийг нь харсан шууд заал руу ороод ноцолдож байсан хоёр хүүхдийн нэгийг нь өшиглөөд алгадсан байдал харагдаад чихнээс нь зулгаагаад босгож байгаа бичлэг харагдсан... /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
гэрч С.Х...Би 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 10 цагийн үед албан өрөөндөө ажлаа хийгээд сууж байхад менежер Р.Гансүх болон нийгмийн ажилтан Б.Гэрэлмаа нар нь зургаа Б бүлгийн сурагч Баасандорж овогтой Билгүүнийг дагуулаад ороод ирсэн би яасан юм гэж асуухад менежер Гансүх нь сая бөхийн дасгалжуулагч Зоригоо багш нь зааланд хичээл орж байсан хүүхэд нар дээр ороод Билгүүнийг зодсон байна гэж хэлсэн тэгээд би яаралтай Билгүүний ээж Хандмаа руу утсаар яриад болсон үйл явдлыг хэлээд дуудсан тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Зоригоо багш нь манай сургуулийн ажилтан биш бөх, шатар, дааманд сонирхолтой хүүхэд нарыг бүртгээд төлбөртэй дугуйлан хичээлдэг бөх болохоор төлбөргүй хичээлдэг юм. Зоригоо багш нь уралдаан тэмцээнд хүүхэд нарыг авч явж амжилт гарагдаг тул манай байгууллага заал болон ангиар хангадаг юм манай үндсэн багш биш юм. Би Жалцав овогтой Зориг нь манай сумын бөхийн дасгалжуулагчаар 2023 оны хавар ирсэн тэгээд танилцсан юм тэрнээс бол манай нутгийн хүн биш Борнуур сумын иргэн юм. Зоригоо багш нь хүүхэд нарт үндэсний бөх, чөлөөт бөхийн бэлтгэл сургалтыг сайн хийж тэмцээн уралдаад амжилтай оролцдог юм. Яагаад ийм үйлдэл гаргасан талаар би их гайхаж байна уул нь нээх архи дарс хэрэглээд байдаггүй хүн, тухайн өдөр архи хэрэглэсэн байсан. Сурагч Билгүүн нь дугуйланд явдаггүй хичээлдээ сайн даруухан хүүхэд юм айлын хоёр дахь хүүхэд хүүхэд нартай эвсэг харилцаатай, буруу зуршилгүй сурагч юм... /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
яллагдагч Ж.Зийн ...Би прокурорын тогтоолыг уншиж танилцсан хүлээн зөвшөөрч байна. Төв аймгийн Угтаалцайдам сумын засаг дарга Нямлхагва гэх хүн 2023 оны 05 дугаар сард надад амаар санал тавьж Угтаалцайдам сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад чөлөөт бөх, Үндэсний бөхийн бэлтгэл сургуулилт хийлгэх санал тавьж би зөвшөөрч үйл ажиллагаагаа эхлүүлж одоог хүртэл үргэлжлүүлэн сургалт дасгалжуулалтыг хийж гүйцэтгэж байгаа юм аа. Би 2024 оны 05 дугаар сарын 13-ний өдөр сумын 100 жилийн ойн хүүхдийн барилдаанд барилдах сурагчдыг бүртгэх ажлыг биеийн тамирын багш Ууганбаатарт хэлэхээр биеийн тамирын заал pyy явж ортол хоёр хүүхэд зааланд ноцолдоод зогсож байсан. Тэгэхээр нь би ингэж барилдахгүй шүү дээ гээд хөлөөрөө өшиглөтөл шанаа руу нь өшиглөчихсөн юм аа ингээд л нөгөө хүүхэд уйлаад яваад өгсөн миний буруу. Хүүхдэд буруу байхгүй би тухайн архи уучихсан байсан юм аа. Би хохирлыг нь төлнө, одоохондоо мөнгөний боломж үгүй байна аа. Өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 54 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Ж.Знь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Ж.Згэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч М.Хэрлэнчимэг:
...Шүүгдэгч Ж.Знь согтуугаар 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар баг, Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын танхимд насанд хүрээгүй хохирогч Б.Бөшиглөх, цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Зийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ж.З:
...Хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Ж.Змаргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Знь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Ж.Знь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч Ж.Зийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.
Үүнээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэсэн гэмт хэрэг нь бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.
Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотно хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Тухайлбал шүүгдэгч Ж.Знь насанд хүрээгүй хохирогч Б.Б биед тархи доргилт, дух, эрүүнд цус хуралт, цээжинд зулгаралт, дух, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж байгаа үйл баримт нь гэмт хэрэг юм.
Тэрээр шүүгдэгч Ж.Зт хүний биед хүч хэрэглэн халдаж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хүч хэрэглэн зодож цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд биед тархи доргилт, дух, эрүүнд цус хуралт, цээжинд зулгаралт, дух, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Ж.Зийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ж.Зийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Б биед тархи доргилт, дух, эрүүнд цус хуралт, цээжинд зулгаралт, дух, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон хөнгөн хохирол учирсан байна.
Насанд хүрээгүй хохирогч Б.Бболон түүний хууль ёсны төлөөлөгч И.Хандмаа нар нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 69 дүгээр хуудаст авагдсан түүний хүсэлт, түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ж.Зэнэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч М.Хэрлэнчимэг:
...Шүүгдэгч Ж.Зийг гэмт хэрэгт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрсөн болно. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй. Эд мөрийн баримтаар нэг ширхэг СД хураагдаж ирсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ж.З:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй, зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.
Иймд шүүх шүүгдэгч Ж.Зийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Харин прокурор зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар санал гаргаагүй байх тул шүүх шүүгдэгч Ж.Зт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож,
шүүхээс тогтоосон хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2434000000209 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ж.Зэнэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х Ж.Зийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х Ж.Зийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х Ж.Зийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Х Ж.Зт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 2434000000209 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ж.Зэнэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х Ж.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х Ж.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН