| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2024/0090/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/91 |
| Огноо | 2024-06-10 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/91
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Б.Мөнхдөл,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Ж-ы өмгөөлөгч Ц.Баярмаа,
Шүүгдэгч Ө.Ц, Б.Ө,
Нарийн бичгийн дарга Б.Хулан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ө-ийн Ц, Б овогт Б-ийн Ө нарт холбогдох 2428000760074 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.Ц, Б.Ө нар нь бүлэглэж иргэн Н.Ж-ы итгэлийг урвуулан ашиглаж Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дундсайханы гэр хорооллын 6а-01 тоотод байршилтай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай гэрчилгээтэй ... нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 720 м/кв газар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлтийн ... дугаартай 2 хүний өмчлөлийн дэлгүүр, ажлын байр, хувийн зориулалттай 93 м/кв талбайтай орон сууц, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлтийн ... дугаартай 2 хүний өмчлөлийн хувийн сууцны зориулалттай 40 м/кв талбайтай хөрөнгүүдийг 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр бэлэн 100,000,000 төгрөгөөр худалдаж авна гэж хуурч мэхлэн нүүн орж, улмаар уг эд хөрөнгүүдийг барьцаанд тавьж бэлэн мөнгө гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, иргэний эрх зүйн гэрээгээр халхавчлан эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авч 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Шийдэл Финанс” Банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж зээлээр авч иргэн Н.Ж-д 35,000,000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 65,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ө.Ц, Б.Ө нарыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ө.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Залилсан асуудал бол болоогүй. Мөнгө орж ирэхгүй жаахан сунжирсан асуудал байна. Анх Банк бус санхүүгийн байгууллагаас бүхлээр нь авах гэж байсан. Гэтэл хүү нь орж ирээд, надад мөнгөний хэрэг байна гэж хэлээд, өөр Банк бус санхүүгийн байгууллагаас 80,000,000 төгрөг авсан. Машинаа авахаар нэг залуутай тохиролцсон байсан. Тэр хүн нь аваагүй. Тухайн үед 35,000,000 төгрөг өгөхдөө Н.Ж ахад хэлсэн. Одоо өндөр төлөлттэй асуудалтай болчихлоо. Наймаагаа буцаая гэж хэлсэн. Гэтэл Н.Ж ах надад яараад байх юм байхгүй. Чи зүгээр машинаа хурдан зарах талаараа бод гэж хэлсэн гэв.
Шүүгдэгч Б.Ө шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Н.Ж манай нөхрийн үеэл ах нь байгаа. Бид анх зөндөө байшин үзэж явсан. Н.Ж ах миний дүү нар мөнгө төгрөгийг нь яаруулахгүй, та нарт өгчихье гэж хэлсэн. Бид нар оръё гэж хэлээгүй байхад өөрсдөө бүх зүйлээ аваад явчихсан байсан. Бид нарт мөнгө орж ирэх байсан. Одоо хүртэл орж ирээгүй байгаад байна. Хөөцөлдөөд яваад байгаа. Ер нь ойрын хугацаанд орж ирнэ гээд байгаа. Хэрвээ мөнгө ороод ирвэл шууд өгнө гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2023 оны хавраас өөрийн эзэмшилд байсан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дундсайхан гэр хорооллын 6а-1 тоотод байх хашаа, байшин, газраа зарахаар хүмүүст зар мэдээлэл тарааж байсан юм. Тэгсэн манай үеэл Х, эхнэр Б.Ө, түүний хүү Ө.Ц нар анх 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр манайд ирээд миний зарах гэж байгаа хашаа, байшин, газрыг үзэж сонирхъё гэж хэлсэн. Тухайн үед би тэд нарт зарах гэж байгаа хашаа, байшин, газраа үзүүлээд үнэ ханшаа ярилцаад тэд нар яваад өгсөн. Тэгсэн хэд хоногоос Ө над руу утасдаад танай хашаа, байшин, газрыг чинь авъя гэхээр нь би таньдаг мэддэг улсууд юм байна мөнгө төгрөгөө яаж авахаа ярилцъя гээд би 100,000,000 төгрөгөөр газар, хашаа, байшингаа зарахаар тохиролцсон. Тухайн үед Ө мөнгөө бэлэн мөнгөөр өгнө ахын мөнгийг тасдаж барихгүй бөөнд нь өгнө гэж ярьж байсан. Манай үеэл Х, эхнэр Б.Ө нар гэр бүлтэйгээ 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр миний зарах гэж байсан газар руу нүүж орсон. Тэд нар нүүж орсноос эхлээд хүнээс бэлэн мөнгө аваад өгнө гэж байсан. Тухайн үед мөнгөө бүрэн аваад үл хөдлөх хөрөнгийнхөө гэрчилгээг би шилжүүлнэ гэж байсан. Тэгсэн Ө, Ц нар 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөнгөө бэлэн өгч чадахааргүй боллоо танай хашаа, байшин, газрыг өөрийн нэр дээр шилжүүлээд банканд барьцаанд тавиад зээл аваад таны 100,000,000 төгрөгийг өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би таньж мэдэх хүмүүс байна гэж итгээд 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бүртгэлийн 0370, 0371, 0372 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээг Ө.Цтой байгуулаад нотариатаар баталгаажуулсан. Тухайн гэрээ нь дээр 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төлбөрийг бүрэн барагдуулахаар заасан байгаа. Би 10-наас хойш мөнгөө яагаад өгөхгүй байгаа юм гэж Ө, Ц нартай байнга уулзаж байсан. Тэд нар 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр миний зарсан хашаа, байшин, газрыг банк бусын байгууллагад 80,000,000 төгрөгийн барьцаанд тавиад мөнгө гаргуулж авсан. Тухайн өдөр банкнаас тэд нар мөнгөө авсан гээд надтай уулзсан. Уулзаад Ө 80,000,000 төгрөгөөс 45,000,000 төгрөгийг энэ “Lexus 470” загварын автомашины барьцаанд өгнө танд одоо 35,000,000 төгрөгийг өгье маргааш энэ “Lexus 470” загварын автомашиныг зараад таны мөнгийг гүйцээгээд өгнө машин авах хүн бэлэн байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би таньж, мэддэг хүмүүс юм чинь хурдан өгөөрэй гээд тухайн үедээ зөвшөөрсөн. Одоо тэрнээс хойш надад нэг ч төгрөг өгөөгүй. Уулзахаар маргааш өгнө, нөгөөдөр өгнө гээд хойшлуулаад худлаа хэлээд намайг хуурч мэхлээд яваад байдаг. Үүнээс болоод надад маш их хохиролтой байна. Жишээ нь 2023 оны 07 дугаар сард хүүдээ авч өгсөн орон сууцныхаа мөнгийг төлж чадахгүй нөгөө хүн маань надаас мөнгөө нэхээд хэцүү байгаа. Тэд нар анхнаасаа надад худлаа хэлээд хуураад байсан юм байна лээ анх хашаа, байшинд нүүж орохдоо хүнээс мөнгө аваад удахгүй бэлнээр нь мөнгөө бүрэн өгнө гэж байснаа нүүж орсныхоо дараа хашаа, байшин, газраа өөрсдийнхөө нэр дээр шилжүүлж байгаад банканд тавиад миний мөнгийг гүйцээж өгнө гэчихээд яг банкнаас мөнгөө авсныхаа дараа 35,000,000 төгрөг өгснөө машиныхаа зээлийг төлөөд машинаа зараад мөнгийг нь танд өгнө гэчихээд одоо хүртэл байхгүй машин нь хаана байгаа нь ч мэдэгдэхгүй байна. Ийм учраас цагдаагийн байгууллагад хандсан. Өөрт учирсан бүх хохирлоо төлүүлмээр байна. Гэрээний үүргийг биелүүлмээр байна. Ө, Ц нар намайг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан бидний дунд үүссэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг минь урвуулан ашиглаж миний эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч намайг залилсан тул энэ хэргийг шийдэж өгнө үү... 65,000,000 төгрөгөө л авчихвал ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Удахгүй өгнө гэж байгаа учраас гомдол санал байхгүй.” /хавтаст хэргийн 30-31, 33 дахь тал/
Гэрч С.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Н.Ж нь манай ээжийн талын үеэл ах минь байгаа юм. Бид хоёр бие биеэ сайн мэднэ байнга хоорондоо харилцаа холбоотой байдаг. 2023 оны 09 дүгээр сард Ө, Ц бид гурав Ж ахын хашааг очиж үзээд 100,000,000 төгрөгөөр авахаар болсон. Тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг хүү Цын нэр дээр шилжүүлж авсан. Тэгээд банкнаас миний нэр дээр зээл авах гэсэн над дээр зээл гарах боломжгүй байна гэхээр нь би яваад өгсөн. Тэрнээс хойш би ажил руугаа яваад зарим үйл явдалд нь бараг оролцоогүй. Яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Манай эхнэр Ө, хүү Ц нар сайн мэдэж байгаа. Одоо би уг мөнгийг төлж барагдуулахаар банкнаас цалингийн зээл хөөцөлдөж аваад бас төлөхөөр болж байгаа. Манай эхнэр Ө ажлаа хийгээд эхэлсэн байгаа. Ц машинаа зарахаар Улаанбаатар хотод байгаа, тэгээд үлдэгдэл мөнгөө өгөөд дуусгая гэж бодож байна. Уг мөнгөнөөс 35,000,000 төгрөгийг Ж ахад өгсөн гэж байсан. Үлдэгдэл мөнгийг нь би яасан талаар мэдэхгүй байна. Манай гэрийн санхүүг манай эхнэр хариуцдаг юм.” /хавтаст хэргийн 42 дахь тал/
Гэрч Ж.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...өмнө нь миний эзэмшилд байсан машин байгаа юм. Тухайн 30-02 ӨМҮ улсын дугаар нь миний өөр машины улсын дугаар байсан. Би тухайн “Lexus 470” загварын тээврийн хэрэгслээ зарах гээд дугаарыг нь солиод тавьчихсан. Тухайн үед “Lexus 470” загварын тээврийн хэрэгсэл нь 11-19 ӨМҮ гэсэн улсын дугаартай байсан... Би 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 60,000,000 төгрөгөөр зарсан. Ц надад эхлээд 20,000,000 төгрөгийг урьдчилгаа болгож өгсөн. Тэгээд үлдэгдэл 40,000,000 төгрөгөө 09 сард өгнө гэж хэлсэн. Тэгээд өгөхгүй байхаар нь мөнгөө нэхсээр байгаад 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 40,000,000 төгрөг миний Хаан банкны 5031223118 дугаарын данс руу шилжүүлээд төлбөр дууссан.” /хавтаст хэргийн 44 дэх тал/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дахь тал/
Н.Ж-ы Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 19 дэх тал/
Н.Ж-ы Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлт /хавтаст хэргийн 148 дахь тал/
Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хавтаст хэргийн 20, 25, 131, 133, 135 дахь тал/
Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ..., ... тоот гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 21, 23, 134, 136 дахь тал/
Худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хавтаст хэргийн 22, 24 дэх тал/
Б.Ө-ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 77-92 дахь тал/
Ө.Ц-ын эзэмшлийн Хаан банкны ... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 93-98 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Ө, Ө.Ц нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Ө, Ө.Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогч Н.Ж-д учирсан 65,000,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Ө, Ө.Ц нараас хувь тэнцүүлэн гаргуулах саналтай байна гэх,
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд хохирогч Н.Ж-ы өгсөн бүх мэдүүлэг, тайлбар дээрээс харвал энэ хүмүүс таньдаг айл байсан учраас холбоо барихгүйгээр гэрт нь шууд очсон байдаг. Эхлээд эцэг, эх нь очоод, хүү Ө.Ц-ыг дуудсан. Тэгээд бүгдээрээ ярилцсан байгаа. Н.Ж үл хөдлөх эд хөрөнгөө зарах гэж байсан болохоор хоосон байсан. Гэтэл хамаг зүйлээ аваад нүүсэн, бид нарыг оруулсан гэдэг ухагдахууныг шүүх бүрэлдэхүүнд өгч байна. Очиж үзэхэд 2 матраас байсан. Ингээд тохиролцож худалдахаар болсон. Тохиролцохдоо Х цалингийн зээлийг удахгүй авна, гар дээр бэлэн мөнгө байгаа. Бэлэн мөнгийг нь өгнө гэж хэлсэн байдаг. Бэлэн мөнгө өгнө гэх төөрөгдлийг хохирогчид өгсөн. Удахгүй өгнө гэж хэлсэн учраас гэрт байсан 2 матраасаа авсан, Н.Ж-тай 2 удаа уулзсан байдаг. Ер нь бид нар 100,000,000 төгрөгөө авчихлаа, байшиндаа нүүж орно гэж хэлсэн. Хоёр дахь удаагийн уулзалт дээр гурвуулаа очоод, нүүж орсон. Гэтэл Ө.Ц нүүж ороогүй гэх зүйл хэлээд байна. Нүүж орсноос хойш 2 хоногийн дараа бэлэн өгнө гэсэн мөнгө нь байхгүй болчихсон. Тэгээд мөнгөө асуухад одоо өгнө гэж хэлдэг. Н.Ж удаа дараа очиж мөнгөө нэхдэг болсон. Ингээд бэлэн мөнгө өгнө гэсэн хүмүүс сүүлдээ бид нар энэ байрыг банк бус санхүүгийн байгууллагад тавиад, танд мөнгийг чинь өгье гэж ундууцаж эхэлсэн байгаа юм. Тэгээд мөнгө авах зорилгоор өөрсдийн нэр дээр үл хөдлөх хөрөнгөө шилжүүлж өгсөн. Хэд хоног харсан боловч банк бус санхүүгийн байгууллага санхүүжилт байхгүйн улмаас зээл гаргахгүй байсан. Ө.Ц-ын зүгээс Н.Ж-ы хүү Ж.А руу залгаж, танай мөнгийг гаргаж өгөх боломжгүй болчихлоо, хөөцөлдөөд өгөөч гэж гуйсан байгаа юм. Танай мөнгийг зээл орвол шууд төлнө гэж хэлсэн гэж байгаа. Ингээд Ж.А 80,000,000 төгрөгийн зээлийг Б.Ө-ийн нэр дээр гаргаж өгсөн. Гэтэл зээл авсны дараа энэ хоёрын зан нь хувирсан. Бидний машиныг хүн авна гэж хэлсэн, барьцаанд байгаа учраас зээлээ төлөөд таны мөнгийг өгнө, та 35,000,000 төгрөгийг авч бай гэж хэлээд өгсөн байгаа. Машинаа зараад, мөнгө нь маргааш ороод ирэхээр шууд өгнө, ямар ч асуудалгүй гэж хэлсэн. Тэгээд Н.Ж бас хүлээх шаардлагатай болсон. Маргааш нь Н.Ж залгаад мөнгөө асуухад, уурласан байдаг. Тэгээд Н.Ж цагдаагийн байгууллагад хандсан. Энэ хоёр хүний нөхцөл байдал, бие биеэ дэмждэг, үйлдэл холбогдлын хувьд дандаа цуг яваад, хийгээд байдаг. Тэгэхээр санаатайгаар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж харж байгаа. Хэргийн зүйлчлэлийн хувьд маргах зүйлгүй. Н.Ж байшингаа буцааж авъя гэхээр зээлийн барьцаанд байгаа. Эсвэл машиныг нь авъя гэхээр мөн адил зээлийн барьцаанд байгаад байдаг. Энэ 2 хүний бүлэглэсэн санаатай үйлдлийн улмаас Н.Ж-д их хэмжээний хохирол учирсан байна. Хэрвээ энэ мөнгийг өгөх байсан бол энэ хагас жилийн хугацаанд төлөх боломж байсан. Х-ийн хувьд цалингийн зээл хөөцөлдөж байгаа гэж хэлдэг. Гэтэл ийм үйл баримт тогтоогдохгүй байна. Х-ийн мэдүүлгээр манай эхнэр ажилдаа орсон, удахгүй төлнө гэж хэлдэг. Энэ хүмүүсийн хувьд төлөх санаачилга байдаггүй, дандаа худлаа хэлдэг. Санаа сэдэл, гэм буруугийн хувьд төлье гэсэн санаа зорилго байхгүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд 65,000,000 төгрөгийг төлчихвөл өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлдэг. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч тус бүрээс 32,500,000 төгрөг гаргуулан хохирогч Н.Ж-ыг хохирол төлбөргүй болгож өгнө үү гэх дүгнэлтүүдийг,
Шүүгдэгч Б.Ө-ийн зүгээс өр төлбөрөө яаралтай төлж барагдуулна гэх, шүүгдэгч Ө.Ц-ын хувьд хохирол төлбөрийг төлж барагдуулна, ер нь бол тээврийн хөлс биш компаниас газрын төлбөр авах юм, газрын асуудал байгаа, хэрвээ тэр мөнгө ороод ирвэл төлнө гэх тайлбарыг тус тус гаргав.
Хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ө.Ц, Б.Ө нар нь бүлэглэж иргэн Н.Ж-ы итгэлийг урвуулан ашиглаж Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дундсайханы гэр хорооллын 6а-01 тоотод байршилтай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай гэрчилгээтэй ... нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 720 м/кв газар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлтийн ... дугаартай 2 хүний өмчлөлийн дэлгүүр, ажлын байр, хувийн зориулалттай 93 м/кв талбайтай орон сууц, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлтийн ... дугаартай 2 хүний өмчлөлийн хувийн сууцны зориулалттай 40 м/кв талбайтай хөрөнгүүдийг 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр бэлэн 100,000,000 төгрөгөөр худалдаж авна гэж хуурч мэхлэн нүүн орж, улмаар уг эд хөрөнгүүдийг барьцаанд тавьж бэлэн мөнгө гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, иргэний эрх зүйн гэрээгээр халхавчлан эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авч 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Шийдэл Финанс” Банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж зээлээр авч иргэн Н.Ж-д 35,000,000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 65,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилж, их хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ц, Б.Ө нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Ж-ы мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31, 33 дахь тал/, гэрч С.Хийн мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дахь тал/, Н.Ж-ы Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 19 дэх тал/, Н.Ж-ы Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлт /хавтаст хэргийн 148 дахь тал/, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хавтаст хэргийн 20, 25, 131, 133, 135 дахь тал/, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ..., ... тоот гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 21, 23, 134, 136 дахь тал/, худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хавтаст хэргийн 22, 24 дэх тал/, Б.Ө-ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 77-92 дахь тал/, Ө.Цын эзэмшлийн Хаан банкны ... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 93-98 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нараас яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “... их хэмжээний хохирол учруулж үйлдсэн... ” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус тодорхойлсон байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг баталгаажуулжээ.
Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь хохирлын хэмжээ шаардахгүй буюу хэлбэрийн шинжтэй байхаар хуульчлагдсан ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцно.
Харин залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг дээрх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.
Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг залилах гэмт хэрэг гэж үзэхгүй. Харин гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж, бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийх эсхүл, залилах гэмт хэргийн халхавч болсон гэрээ хэлцэл нь хуурч мэхлэх, итгэл эвдэх арга дээр үндэслэгдсэн, шунахай сэдэлтээр, дан ганцаар ашиг олох, гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилгоор хийгдсэн, гэрээ анхнаасаа биелэгдэх боломжгүй байсан нь тогтоогдсон, үүнийгээ гэрээний нэг тал урьдчилан мэдсээр байж байгуулсан, хохирогч тал нь мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан, гэрээгээр хүлээсэн төлбөрийг төлөх бодит хөрөнгөгүй, гэрээ байгуулах журмыг санаатай зөрчсөн бол залилах гэмт хэргээр зүйлчилдгээрээ иргэний эрх зүйн харилцаанаас ялгагдана.
Хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзвэл хохирогч Н.Ж нь шүүгдэгч Б.Ө-ийн нөхөр С.Х-тэй үеэл буюу садан төрөлтэй холбоотой, бие биеэ мэддэг бөгөөд шүүгдэгч нарын хувьд энэхүү садан төрлийн харилцаанаас үүссэн итгэлийг урвуулан ашиглан хохирогчийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулах замаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байх ба уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх бодит хөрөнгөгүй, урьдчилгаа мөнгөгүй, биелэгдэх боломжгүй гэрээг халхавчлан хүнээс авах ажлын хөлс болох 100,000,000 төгрөгөөр богино хугацаанд төлж барагдуулна хэмээн хуурч мэхлэн бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулж, улмаар үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Шийдэл Финанс” Банк бус санхүүгийн байгууллагад 80,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, 35,000,000 төгрөгийг хохирогчид өгч 45,000,000 төгрөгөөр барьцаалан зээлдүүлэх төвийн барьцаанд байгаа “Lexus 470” загварын тээврийн хэрэгслийг чөлөөлж, уг тээврийн хэрэгслийг авахаар тохиролцсон хүнд зарж борлуулан үлдэгдэл мөнгийг төлнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгосон нөхцөл байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ө.Ц нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Минжийн төв” ХХК-иас 2014 оноос хойш аваагүй ажлын хөлс болох 100,000,000 төгрөгийг удахгүй авна гэж тайлбарлаж байгаа боловч түүний мэдүүлгийг давхар нотлох баримт хэрэгт авагдаагүйн зэрэгцээ ажлын хөлс биш газар зарсан төлбөр хэмээн өмнөх мэдүүлгээ шүүх хуралдааны явцад үгүйсгэж мэдүүлсэн болно.
Түүнчлэн 45,000,000 төгрөгөөр “Lexus 470” загварын тээврийн хэрэгслийг барьцаалан зээлдүүлэх төвийн барьцаанаас чөлөөлж, бусдад худалдан борлуулж үлдэгдэл 65,000,000 төгрөгийг хохирогчид бүхэлд нь төлөхөөр ярилцсан гэх боловч энэ нь гэрч Ж.Эийн “...өмнө нь миний эзэмшилд байсан машин байгаа юм. Тухайн 30-02 ӨМҮ улсын дугаар нь миний өөр машины улсын дугаар байсан. Би тухайн “Lexus 470” загварын тээврийн хэрэгслээ зарах гээд дугаарыг нь солиод тавьчихсан. Тухайн үед “Lexus 470” загварын тээврийн хэрэгсэл нь 11-19 ӨМҮ гэсэн улсын дугаартай байсан... Би 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 60,000,000 төгрөгөөр зарсан. Ц надад эхлээд 20,000,000 төгрөгийг урьдчилгаа болгож өгсөн. Тэгээд үлдэгдэл 40,000,000 төгрөгөө 09 сард өгнө гэж хэлсэн. Тэгээд өгөхгүй байхаар нь мөнгөө нэхсээр байгаад 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 40,000,000 төгрөг миний Хаан банкны 5031223118 дугаарын данс руу шилжүүлээд төлбөр дууссан.” /хавтаст хэргийн 44 дэх тал/ гэх мэдүүлгээр няцаагдаж байх тул зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасны дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Ц, Б.Ө нар нь санаа зорилгоороо нэгдэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ө, Ө.Ц нар нь бүлэглэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг хангажээ.
Шүүгдэгч Б.Ө, Ө.Ц нар нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгч Б.Ө, Ө.Ц нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.Ө, Ө.Ц нарын үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Ж-д 100,000,000 төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Ж-ы зүгээс “...банкнаас мөнгөө авсныхаа дараа 35,000,000 төгрөг өгснөө машиныхаа зээлийг төлөөд машинаа зараад мөнгийг нь танд өгнө гэчихээд одоо хүртэл байхгүй машин нь хаана байгаа нь ч мэдэгдэхгүй байна... 65,000,000 төгрөгөө л авчихвал ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Б.Ө, Ө.Ц нараас 65,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Ж-д олгох нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Ө, Ө.Ц нарыг бүлэглэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон шийдвэрийн үндэслэлийг танилцуулсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч нар завсарлага авч, шүүхээс хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Ж-д олгохоор тогтоосон 65,000,000 төгрөгөөс 5,800,000 төгрөгийг төлсөн байх тул уг төлсөн төлбөрийг хасаж, үлдэх 59,200,000 төгрөгийг шүүгдэгч Б.Ө, Ө.Ц нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Жд олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Ө, Ө.Ц нарын үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар тус бүрд нь 4 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна гэх,
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх дээр гэм буруутайд тооцож, хохирол төлбөрөө төлөх 5 хүртэл хоногийн хугацаанд завсарлага авсан боловч энэ хугацаанд үүргээ биелүүлсэнгүй. Хохирогчийн зүгээс шүүгдэгч нарын утсаар ярих байх гэж хүлээсэн боловч шүүгдэгч нар холбогдоогүй. Хоёрдугаарт хохирогчтой очиж уулзах байх гэж харж байлаа. Хохирогчийн зүгээс ах, дүү хүмүүс хоорондоо тохиролцоо хийе гэж байсан. Гэтэл шүүгдэгч нар холбогдоогүй. Өчигдөр Н.Ж шүүгдэгч нар руу өөрөө залгаж хохирол төлбөрөө төлөх үү гэхэд Улаанбаатар хотоос мөнгө ирэх ёстой, бид нар аймаг дээр ирчихээд хүлээгээд байна гэдэг мэдээллийг өгсөн боловч өнөөдрийн шүүх хуралдаан дээр цалингийн зээл авна гэх тайлбарыг хэлж байна. Үнэхээр цалингийн зээл авах гэж байсан бол зээлийн эдийн засагчаас тодорхойлолт авч ирэх боломжтой байсан гэж үзэж байна. Иймээс шүүхээс тогтоосон хугацаанд хохирол, төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Хохирол төлбөрөө төлөөгүй байгаа учраас улсын яллагчийн шүүхэд оруулж байгаа дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Торгох ял оногдууллаа гэхэд шүүгдэгч нар төлөх ямар ч боломжгүй юм байна. Торгох ял оногдуулбал шүүгдэгч нарын эрх зүйн байдал нь дордох хэмжээнд хүрэх учраас улсын яллагчийн ялын дүгнэлтийг дэмжиж байна гэх дүгнэлтүүдийг,
Шүүгдэгч Ө.Ц-ын зүгээс өнөөдөр 11 цагийн үед хотоос мөнгө орж ирнэ гэж хэлсэн. Н.Ж ахтай яагаад холбоо бариагүй вэ гэхээр тодорхой шийдэлд хүрээгүй байсан учраас холбоо бариагүй гэх, шүүгдэгч Б.Ө-ийн зүгээс миний хүү уржигдар шөнө Улаанбаатар хотоос ирсэн. Нөгөө хүмүүс нь хойноос нь явуулна гэж хэлээд өгөхгүй байна. Миний хүү хүлээгээд л байгаа. Харин өчигдөр холбоо бариад 06 дугаар сарын 10-ны өдрийн 11 цагт хийнэ гэж хэлсэн байна. Мөнгө нь ороод ирвэл Н.Ж ах дээр очих гэж байсан. Гэтэл мөнгө орж ирээгүй. Цалингийн зээл үдээс хойш гарна гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгч Ө.Ц, Б.Ө нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Ө.Ц, Б.Ө нарыг бүлэглэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөр төлөгдөөгүй байдал, шүүгдэгч Б.Ө-ийн /51 настай/ хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хоёр төрлийн ялаас шүүгдэгч Ө.Ц-т хорих ял, шүүгдэгч Б.Ө-т торгох ялыг сонгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ө.Ц-т 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч Б.Ө-т 15,000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч Ө.Ц-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан 15,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлаар.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Ө-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ө.Ц, Б.Ө нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Ж-д 40,800,000 /дөчин сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Өийн Ц, шүүгдэгч Б овогт Б-ийн Ө нарыг бүлэглэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ө.Ц-т 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч Б.Өт 15,000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ц-т оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-т шүүхээс оногдуулсан 15,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ө.Ц, Б.Ө нараас 59,200,000 /тавин есөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Ж-д олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шүүгдэгч Ө.Ц, Б.Ө нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Ж-д 40,800,000 /дөчин сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ө.Ц-т авсан цагдан хорих, шүүгдэгч Б.Ө-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ