| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2021/02460/И |
| Дугаар | 101/ШШ2021/02127 |
| Огноо | 2021-07-20 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2021/02127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- тоотод оршин суух, Д овогт Б-ийн П-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- тоотод оршин суух, Б овогт Г-ын З-д холбогдох,
үндэслэлгүй хөрөнгөжсөн 4.534.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.П, хариуцагч Г.З, гэрч Б.Б, Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би хамт ажиллаж байсан хүнтэй уулзахаар Баянзүрх дүүрэг 21-р хороонд очих үеэрээ овоолсон шороо бүхий газрыг хараад засах боломжтой байна гээд хүүдээ хэлж, 21-р хорооны 8 хэсэг Жамсран уулын өвөр 3423 Б тоотод байрлах 1 айлын газрын хогийн цэгийг цэвэрлэж, шороог нь тэнд зогсоолд зогсдог Балжинням гэдэг хүний техникээр тэгшилж, түрүүлсэн. Энэ ажлыг 2018 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд хийж, хогийн цэгийг цэвэрлэн ачуулж, цэвэр шороо асган дагтаршуулан газрыг тэгшилж, тойруулан 2 метрийн өндөртэй банзаар хашаа тус тус барьсан. Миний цэвэрлэж, тэгшилсэн газар 0,7 га хэмжээтэй бөгөөд 2019 оны 4-р сард энэ газар дээр ирэхэд айл буусан байхад нь хүний газар зассан юм байна гээд юмаа нэхээгүй.
Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 24-нд БЗД-н газрын мэргэжилтэнтэй уулзахад хэсгийн ахлагчийн хүүхэд буусан гэж хэлсэн, газар дээр очин үзээд өөрсдийн засаж янзалсан газарт сууршиж болно хэмжээн зөвшөөрсөн боловч хариуцагч өөрийн гэр бүлийн хамт дур мэдэн суурьшсан. Үүнтэй холбоотой маргаан үүсч хороон дарга Н газар дээр очиж үзэн бусдын тохижуулсан газарт дур мэдэн ашиглаж болохгүй өөр газар өгье газрыг нь яаралтай чөлөөл гэсэн боловч өнөөдрийг хүртэл хариуцагч нь өөрийн гэр бүлийн хамт миний өөрийн хөрөнгө хүч хөдөлмөрөөр барьсан газарт дур мэдэн оршин сууж надаас гарсан зардал болох 4.534.000 төгрөгийг үр шимийг хүртэж энэ манай газар хэмээн маргасаар байна. Тухайн газарт хайрга буулгах гэтэл зулцэцэгийн нөхөр нь гарч ирээд хэл ам хийгээд буулгаагүй, 2020 оны 10-р сар гэхэд хашаа бариагүй байсан.
Газрын зөвшөөрөл аваагүй эхлээд тэгшлээд цэвэрлээд дараа нь бичг баримтаа хөөцөлдөе гэж байтал газрын хойт хэсэгт нэг айл буусан байгаад алдсан тул газрын албанаас заасан урд хэсгийн газарт буух зөвшөөрөл амаар өгснөөр очиход хариуцагч Г.З гэр барьж буусан байсан. Тиймээс овоолсон шороог тэгшилэхэд гарсан зардалд 1.800.000 төгрөг, хово машинаар шороо зөөлгөсөн зардалд 1.200.000 төгрөг, тухайн газарт байсан хогийн портерээр зөөлгөсөн зардалд 100.000 төгрөг, хашаа барихад гарсан зардал 1.434.000 төгрөг, нийт 4.534.000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Баянзүрх дүүргийн 21-р хороо Жамсран уулын өвөр 8-р гудамжны 3423 Б тоотын 14-р хэсэгт хоёр жил амьдарч байна. Хашааны газартаа 2020-04-01-ний өдөр кадастрын зураг гаргуулж, 2021-10-29-нд Баянзүрх дүүргийн 21-р хорооноос хашааны дугаар номерыг авсан. Анх энэ газар маш их хогтой байсныг би өөрийн хөрөнгө мөнгөөрөө тохижуулж, одоо болтол амьдарч байна. Хар шороо асгасан зүйл байгаагүй.
Энэ хүний тэгшилж янзалсан газар нь манай байгаа газрын хойт хэсэг юм шиг байна лээ, манайхыг ирж буухад хоёр талдаа хашаагүй, нүүрэн талын жоохон хэсэг нь хаягдал төмөрөөр нэг хэсэг газарт хадгасан байсныг манайх банзаар хашаа хатгаж тохижуулсан нь зураг дээрээс харагдана. Энэ газрын эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ одоо болтол гараагүй, өөрийн зардлаар газраа цэвэрлэж, хашааг тохижуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Харин нүүрэн хэсэгт хатгасан байсан хаягдал төмөрийг буулгасан хашаанд байгаа энэ төмөр нь нэхэмжлэгч П гуайнх мөн гэвэл үүний үнэнд нь 1.200.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.П нь Баянзүрх дүүргийн 21-р хороо Жамсран уулын өвөр 8-р гудамжны 3423 Б тоотын газрыг өөрийн хөрөнгө, хүч, хөдөлмөрөөр тэгшилж, цэвэрлэсэн байхад хариуцагч Г.Знь дур мэдэн энэ газарт бууж үндэслэлгүйгээр 4.534.000 төгрөгийн зардлын үр шимийг хүртэж байгаа гэж тайлбарлан түүнээс 4.534.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1/.
Хариуцагч Г.Знь дээрх газрыг өөрийн хөрөнгө, хүч, хөдөлмөрөөр цэвэрлэж, тохижуулан 2020-4-1-ний өдрөөс хойш амьдарч, Баянзүрх дүүргийн 21-р хорооноос 2020 оны 10-р сард 3423б тоот гэсэн хашааны номер өгсөн, газрын эзэмших болон өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй, газрын алба өргөдөл хүлээн авахгүй байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргасан боловч шүүх хуралдааны явцад газрын нүүрэн хэсэгт хаягдал төмөрөөр хатгасан хэсэг хашаа байсан, тэр төмөр нь нэхэмжлэгчийнх гэж байгаа бол түүний төлбөрт 1.200.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэсэн тайлбар гаргасан /хх-21/.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд Баянзүрх дүүрэг, 21-р хороо, Жамсран уулын өвөр 8-р гудамж дахь нэгж талбарын дугааргүй кадастрын зураг нэхэмжлэгч Б.Пгийн нэрээр 2020-09-11-ний өдөр /хх- 7/, иргэн Э.Г-ын нэрээр /нэхэмжлэгчийн хүүхэд гэсэн/ 2018-10-01-ний өдөр /хх-9/, хариуцагч Г.З-ийн нэрээр 2020-04-01-ний өдөр /хх-24/ тус тус гарсан байна.
Харин хариуцагч Г.З-ээс газрын албаар дамжуулан засаг даргад гэж гаргасан өргөдөл нь огноогүй, түүнд тодорхойлолт гэж бичсэн засаг даргын гарын үсэг бүхий бичвэрт огноо бичигдээгүй байх бөгөөд тухайн баримтыг нотариатч 2021-07-05-ны өдөр хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн байна /хх-22/.
Мөн Баянзүрх дүүргийн 21-р хороо Жамсран уулын өвөр 8-р гудамжны 3423 Б тоот гэсэн хаягийг 2020 оны 10-р сард тухайн хорооноос өгсөн болохыг хариуцагч тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй бөгөөд тухайн тоотын газрын өмчлөх болон эзэмших эрхийн талаар зохигчийн гаргасан өргөдөлийг Баянзүрх дүүргийн газрын алба хүлээн авахгүй байгааг зохигчид тайлбарласан.
Нэхэмжлэгч Б.П нь Баянзүрх дүүргийн 21-р хороо Жамсран уулын өвөр 8-р гудамжинд байрлах овоолсон шороотой, ахуйн хог хаягдал ихтэй газрыг ашиглах зорилгоор 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр цэвэрлэж, газрыг тэгшилж, хогийг ачуулсан гэж шаардлагын үндэслэлээ тайлбарласан боловч түүнээс 4.534.000 төгрөгийн зардал бодитоор гарсан гэх байдал, хариуцагч энэ дүнгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул ийнхүү тодорхойлон гаргасан шаардлага, үндэслэлээ мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүрэгтэй ба энэ үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй гэж шүүх дүгнэв.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.П нь хариуцагчийн амьдарч, оршин суугаа газрыг өөрийн зардлаар тохижуулсан болон 4.534.000 төгрөгийн зардал гарсан болохыг баримтаар нотлоогүй.
Нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн зарлагын баримтууд огноогүй, тамга тэмдэггүй, тухайн баримтад бичигдсэн барааны үнэ, өртөг бүхий дүн нэхэмжлэгчээс гарсан эсхүл төлсөн гэх байдал нотлогдохгүй, нэхэмжлэгчийн хүсэлтээр оролцсон гэрчүүд цаг хугацааг сайн санахгүй, ганц худагын орчим 2018 оны намар байх, хог ачиж зөөвөрлөөд 50.000 төгрөг, тэр орчмын үерийн далангийн ажил хийж байхдаа Ганболд гэдэг залуугийн хүсэлтээр хоёр өдөр шороо тэгшлээд 1.200.000 төгрөгийг бэлнээр Г гэдэг залуугаас авсан талаар тус тус мэдүүлсэн бөгөөд эдгээр гэрчүүдийн мэдүүлэгт дурдсан үйл баримт хэргийн баримтаар давхар нотлогдох учиртай.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэж, хуулийн 6.5-д зааснаар гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасан.
Дээрх нөхцөл байдлыг дүгнэхэд нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 21-р хороо Жамсран уулын өвөр 8-р гудамжинд байрлаг газрыг 2018 оны намар цэвэрлэж, тэгшилсэнээр хариуцагч үндэслэлгүйгээр 4.534.000 төгрөгөөр хөрөнгөжсөн гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гэж, 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй...” гэж заасан.
Харин шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч ...тухайн газарт 2020 оны 4 сарын эхээр ирж буухад ямар ч хашаагүй, барилгын хог хаягдал хурсан байсныг өөрийн зардлаар цэвэрлэж, гэрээ барьсан харин нүүрэн хэсэгт хаягдал төмөрөөр хэсэг газрыг хашаалсан байсан, тэр төмөрийг П гуай өөрийн хөрөнгө гэж байгаа бол үүний төлбөрт 1.200.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэж тайлбарласан тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 1.200.000 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.334.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс 2021-06-11-ний өдөр төлсөн 87.494 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн зөвшөөрсөн шаардлагад ногдох хураамжид 33.350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б овогт Г-ын З-ээс 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д овогт Б-ийн П-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.334.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 87.494 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.З-ээс 33.350 /гучин гурван мянга гурван зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.П-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ