Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2024/00134

 

Б.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 150/ШШ2023/00178 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 208/МА2024/00020 дугаар магадлалтай,

Б.Мын нэхэмжлэлтэй,

“Ц” ТӨХК-д холбогдох

Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан олгогдвол зохих цалин хөлсний хэмжээтэй тэнцэх олговорт 40,644,504 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, Э.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З, хариуцагчийн өмгөөлөгч П.С, Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч “Ц” ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд олгогдвол зохих цалин хөлсний хэмжээтэй тэнцэх олговорт 40,644,504 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 150/ШШ2023/00178 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1-д зааснаар “Ц” ТӨХК-ийн захирлын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 тоот “ажиллагсдыг ажилд томилох тухай” тушаалын Б.Мд холбогдох хэсгийг биелүүлэхийг “Ц” ТӨХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 40,644,504 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахтай холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Ц” ТӨХК-аас 70,200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 208/МА2024/00020 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 150/ШШ2023/00178 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Шийдвэр, магадлалыг Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, УДШ-ийн хяналтын шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 101 дүгээр тогтоолоос өөр байдлаар хэрэглэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1.Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Б.М, хариуцагч хуулийн этгээдийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй, гэрээ байгуулаагүй, гэрээний гол нөхцөл болох цалин хөлс тохиролцоогүй тул цалин хөлсийг шүүхийн зүгээс тооцоолон бодож олгох үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт, ажил албан тушаалд сэлгэн ажиллуулах байдлаар түүнийг борлуулалтын ажилтнаар томилсон гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаартай тушаал зэрэг нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн учир хяналтын гомдол гаргаж байна. Б.Мын хувьд ажилд шинээр орж байгаа ажилтан биш бөгөөд борлуулалтын хэлтсийн даргын ажил албан тушаалыг нь бууруулж борлуулалтын ажилтнаар сэлгэн тогтоож байгаа бөгөөд компанийн орон тоо бүтцийн талаар гарч буй эрх зүйн баримт бичиг болох гүйцэтгэх захирлын тушаалд ажлын байрны ангилал, зэрэг дэв, мэргэжлийн зэргийг тусгадаг байх бөгөөд үүний дагуу цалин хөлс нь тогтоогддог байдалд анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна. Үүнээс гадна хариуцагч компани нь Б.Мын шинээр томилогдсон борлуулалтын ажилтны цалин хөлсний талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн болно.

Б.Мын нэхэмжлэлтэй /энэ хэргээс өмнө/ 2022 онд гаргасан хариуцагч “Ц” ТӨХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх иргэнийн хэрэг нь 3 шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн ба хяналтын шатны шүүх 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд “нэхэмжлэгч Б.Мыг борлуулалтын хэлтсийн борлуулагчийн ажлаас халсан тушаалын хууль зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байгааг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна” гэж, .... 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн б/229 дугаартай тушаалаар ажил тасалж ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг борлуулагчийн ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасантай нийцээгүй гэж дүгнээд 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Б/229 дугаартай тушаалыг хүчингүй болгосон байдаг. Хяналтын шатны шүүх хурлын дараа Б.М нь ажилд орох хүсэлтээ ажил олгогч компанидаа гаргасан боловч хүсэлтийг хүлээн аваагүй байдаг.

Хяналтын шатны шүүхээс компанийн гүйцэтгэх захирлын Б/229 дугаартай тушаалтай холбоотой эрх зүйн үр дагаврыг шийдвэрлүүлэх эсэх асуудлыг нээлттэй орхих нь зүйтэй гэсний дагуу Улсын дээд шүүхийн тогтоолын биелэлтийг хангуулж борлуулалтын ажилтны орон тоон дээр ажиллах, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговорт 40,644,504 төгрөгийн нөхөн гаргуулж эрүүл мэнд, нийгмийн даттгалын шимтгэлийг нөхөн бичилтийг хийлгэхийг даалгуулахаар дахин шүүхэд хандсан юм. Гэтэл анхан шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаартай тушаалын дагуу “Ц” ТӨХК нь ажилтан Б.Мтой маркетинг борлуулалтын хэлтсийн борлуулалтын ажилтны албан тушаалд шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй гэж дүгнэж нөхөн олговор олгох эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нь үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Тодруулбал, хариуцагч компани нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаартай тушаалын дагуу нэхэмжлэгч Б.Мын борлуулалтын хэлтсийн даргын ажил албан тушаалыг бууруулан сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байгаа тул хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй гэж үзнэ. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч Б.Мын тухайд 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаартай тушаалын дагуу анх ажилд орж байгаа ажилтан биш бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу өөр ажилд сэлгэн ажиллуулахаар ажил олгогчийн дангаараа шийдвэрлэсэн тушаалын дагуу борлуулалтын ажилтны ажил, албан тушаалд томилогдоод байгаа ажилтан учраас хөдөлмөрийн харилцаа үүсээгүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. Ажил олгогч нь ажилтан Б.Мтой 2020 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаад байгаа үйл баримт нь хөдөлмөрийн харилцаа үргэлжилж байгааг нотолж байхад шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6-д “ажилтан сэлгэн ажиллахаас татгалзсан үндэслэлээр хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахыг хориглоно” гэж заасан байгаа тул хуулийн энэ зүйл заалтыг үндэслэн Улсын дээд шүүх энэ ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж дүгнэсэн бөгөөд үүнтэй холбоотой эрх зүйн үр дагаврыг нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхисон байна.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх нь компанийн гүйцэтгэх захирлын сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/229 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаартай тушаалын дагуу томилсон ажилд нь эгүүлэн тогтоосон байгаа тул үүнтэй холбоотой эр зүйн үр дагавар нь ажилгүй байсан хугацааны нөхөн олговор, төлөгдөөгүй эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх асуудал гэдэг нь ойлгомжтой байна. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/229 дугаартай тушаалыг хяналтын шатны шүүх хүчингүйд тооцсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар “ажлыг нь гүйцэтгүүлэх хүртэлх хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасны дагуу 2022.03.24-ны өдрөөс эхлэн 2023.11.07-ны өдрийг хүртэлх хугацааны нөхөн олговрыг гаргах эрх зүйн зохицуулалтай байхад шүүх үүнд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалаар баталсан “дундаж цалин хөлс тодорхойлох” тухай журмын дагуу 40,644,504 төгрөг гэж тооцсон.

Иймд ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулж эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэмэлт өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү” гэжээ.

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгуулах, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.

5.1.Улсын дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 01/ХТ2023/00101 дүгээр тогтоолын “хянавал” хэсэгт “Иймд 2022 оны 05 дугаар 05-ны өдрийн Б/229 дүгээр тушаал хууль зүйн алдаатай гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэл бүхий гэж үзэж тухайн тушаалыг хүчингүй болгов. Гэвч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа маркетинг, борлуулалтын хэлтсийн борлуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг гаргаагүй тул энэ тушаалтай холбоотой эрх зүйн үр дагаврыг шийдвэрлүүлэх эсэх асуудлыг нээлттэй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв” гэжээ.

Ийнхүү шүүх Б.Мыг ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн ч ажил олгогч “Ц” ТӨХК-ийн зүгээс “шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэр байхгүй” учир ажилд авах боломжгүй гэж маргаж ажилд эгүүлэн томилохгүй байсан, мөн дээрх Улсын дээд шүүхийн тогтоолд заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “борлуулалтын менежер /хуучнаар борлуулалтын ажилтан/-ээр эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” гэж тодорхойлсон юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсоор, мөн шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор дүгнэчихсэн байтал анхан болон давж заалдах шатны шүүхүүд шаардлагыг өөрсдийнхөөрөө тайлбарлан шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Мөн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах шаардлагын хүрээнд анхан шатны шүүхэд нэхэмжлэгч, өмгөөлөгчийн зүгээс хэрэгт хамааралтай, ач холбогдолтой цалин хөлсний талаар нотлох баримт гаргуулахаар хүсэлтийг удаа дараа гаргасан боловч шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

5.2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгуулах талаар: Хэдийгээр маркетинг, борлуулалтын хэлтсийн борлуулалтын ажилтнаар томилсон тушаал хүчин төгөлдөр, өөр ямар нэг тушаал гараагүй байгаа ч ажил олгогч нь ажилтанг ажилд томилохгүй, ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй гэж маргаж байгааг ажлаас халсан гэж үзэх үндэслэлтэй. Ажилд томилсон боловч ажил үүргээ гүйцэтгэх нөхцөлөөр хангаагүй, цалин хөлс олгоогүй байгаа нөхцөл байдлыг ажлаас халсантай адилтган үзэж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгож шүүх шийдвэрлэдэг. Үүнтэй адил шүүх ажилтны эрх ашиг сонирхлыг хамгаалан шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43 дугаар зүйлийн 43.2.3-д “энэ хуульд заасны дагуу хувь хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж,... ажлын байраар хангах” гэж, 43.2.6-д “ажилтныг ажлаар хангаж, ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, баримт бичиг, бусад зүйлээр хангах, зааварчилгаа өгөх” гэж, мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж тус тус хуульчлан заасан.

Дээрх хуулийн дагуу ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлын байраар хангах, мөн ажилтныг ажлаар хангаж, ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж зэргээр хангах үүрэгтэй байна. Гэтэл энэ хэргийн хувьд ажил олгогч энэхүү үүргүүдийг биелүүлээгүй, ажилтанг эрх үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй нөхцөл байдал хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон. Мөн Улсын дээд шүүхийн тогтоолын 20.4-д “... Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А-1/530 дугаартай албан бичгээр Б.М болон бусад нэр бүхий 10 хүнийг “Ц” ТӨХК-ийн байр руу нэвтрүүлэхгүй байх үүрэг болгосон бөгөөд үүнээс шалтгаалж ажил үүрэг эрхлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн” гэж дүгнэгдсэн байхад шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлээгүйд гомдолтой байна. 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаартай ажилд томилсон тушаал гарснаас хойш өнөөдрийг хүртэл “Ц” ТӨХК ажил олгогч нь ажилтанг ажилд эгүүлэн авч ажиллуулахгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй, ажлын байраар хангахгүй, Хөдөлмөрийн тухай хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа буруутай үйлдлийг зөвтгөн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгохгүй шийдвэрлэж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй, ажилтны эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасан.

Иймд магадлалд зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү, Э.Эрдэнэчулуун нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.05.30-ны өдрийн 001/ШХТ2024/00655 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ

7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хянаж шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй  гэж үзлээ.

8.Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч “Ц” ТӨХК-д холбогдуулан анх Маркетинг, борлуулалтын хэлтсийн борлуулалтын ажилтны ажлын байраар хангаж, ажилгүй байсан хугацааны цалинг ажилласнаар тооцон олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Борлуулалт, логистикийн хэлтсийн борлуулалтын мэргэжилтний ажилд тогтоож, ажилгүй байсан хугацаанд олгогдвол зохих цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт  40,644,504 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гэж  нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тодруулсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг “...Ажил үүргээ гүйцэтгэх явцад компанийн удирдлага, өмчийн хэлбэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан “Ц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.04.13-ны өдрийн Б/163 дугаартай тушаалаар Борлуулалтын хэлтсийн даргын албан тушаалаас бууруулан Маркетинг, борлуулалтын хэлтэст борлуулалтын ажилтнаар томилсон, үүнийг зөвшөөрөөгүй. Гэтэл  2022.05.05-ны өдрийн Б/229 дугаартай тушаалаар мөн борлуулалтын ажилтны  ажлаас ажил тасалсан гэж чөлөөлсөн. Миний бие дээрх тушаалууд нь хууль зөрчсөн, үндэслэлгүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаанаа  3 шатны шүүхээр шийдвэрлүүлсэн. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2023/00101 дугаар тогтоолоор “намайг Б/163 дугаартай тушаалаар борлуулалтын хэлтсийн даргын ажил албан тушаалаас чөлөөлсөнийг  хууль зөрчөөгүй гэж, харин борлуулалтын ажилтнаас  чөлөөлсөн 2022.05.05-ны өдрийн Б/229 тоот тушаал хуульд нийцээгүйгээс хүчингүй болгож шийдвэрлэж, Б/163 тоот тушаалаар томилогдсон Маркетинг, борлуулалтын хэлтсийн борлуулалтын ажилтнаар эгүүлэн тогтоолгох асуудлыг нээлттэй орхих нь зүйтэй” гэж дүгнэсэн. Уг тогтоол гарсантай холбогдуулан “Ц” ТӨХК, мөн тус компанийн дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандаж “2022.04.13-ны өдрийн Б/163 тоот тушаалын дагуу Маркетинг, борлуулалтын хэлтсийн борлуулалтын ажилтны албан тушаалд ажиллах хүсэлтэй тул ажлын байраар хангаж өгнө үү, 2022 оны 04 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэлх хугацааны цалинг ажилласнаар тооцон олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хийж, баталгаажуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан боловч ажлын байр байхгүй гэсэн хариу өгсөн. Одоо Маркетинг, борлуулалтын хэлтэс нь нэршлийн хувьд Борлуулалт, логистикийн хэлтэс болж, борлуулалтын ажилтанг борлуулалтын мэргэжилтэн гэж өөрчлөгдсөн боловч чиг үүрэг хэвээр байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

9.Хариуцагч “Ц” ТӨХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Б.Мыг албан тушаал бууруулсан буюу Маркетинг, борлуулалтын хэлтсийн борлуулалтын ажилтнаар 2022.04.13-ны өдөр томилж, Б/163 тоот тушаал гарсан. Дараа нь энэхүү албан тушаалаас чөлөөлсөн тушаалыг Улсын дээд шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч 2023.08.02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хэзээ ч энэ албан тушаалд ажиллах хүсэл зоригоо илэрхийлж гомдлын шаардлагыг ажил олгогч болон маргаан таслах комисс, шүүхэд гаргаж байгаагүй. Өмнө нь Маркетинг, борлуулалтын хэлтсийн борлуулалтын ажилтнаар ажиллах хүсэлт сонирхлоо илэрхийлсэн бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэх боломжтой байсан. Өнөөдрийн байдлаар бүтцийн өөрчлөлтөөр Маркетинг, борлуулалтын хэлтэс нь Борлуулалт логистикийн хэлтэс болж чиг үүрэг нь өөрчлөгдсөн. Түүнчлэн анх ажлаас чөлөөлөгдсөн цагаас эхлэн нөхөн олговрыг олгох боломжгүй гэж үзэж байна” гэж тайлбарласан.

10.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “...Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2023/00101 дугаар тогтоолоор “Ц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.05.05-ны өдрийн Б/229 дугаартай “хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож энэ тушаалтай холбоотой эрх зүйн үр дагаврыг шийдвэрлүүлэх эсэх асуудлыг нээлттэй орхиж шийдвэрлэсэн тул уг эрхийн хүрээнд Б.М шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцсэн байна. Нэхэмжлэгч Б.М нь Б/163 тоот тушаалын хэрэгжилтийг хангуулахыг “Ц” ТӨХК-д даалгах хүсэлт шүүхэд гаргасан, энэ тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа  талуудын  маргааны зүйл болжээ. Б/163 тоот тушаалыг нэхэмжлэгч Б.Мд “Ц” ТӨХК-аас 2022.05.02-ны өдөр цахим хаягаар хүргүүлсэн хугацаанаас 30 хоногийн дотор буюу 2022.06.02-ны өдрийн дотор гомдлоо шүүхэд гаргах ёстой байсан байна. Нэхэмжлэгч нь 2022.06.13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Б/163 тоот тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй, хүчин төгөлдөр болсон байна. “Ц” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал өөрийн эрх хэмжээний дотор гаргасан хүчин төгөлдөр тушаалын биелэлтийг бүрэн хариуцах үүрэгтэй, дээрх тушаалын Б.Мд холбогдох хэсгийн хэрэгжилтийг хангахыг “Ц” ТӨХК-д даалгах нь зүйтэй. Б/163 тоот тушаалаар Б.Мын томилогдсон Маркетинг, борлуулалтын хэлтсийн борлуулалтын ажилтан гэх албан тушаал нь одоо нэршлийн хувьд өөрчлөлт орж Борлуулалт логистикийн хэлтсийн борлуулалтын мэргэжилтэн гэж өөрчлөгдсөн нь Б/163 тоот тушаалыг хэрэгжүүлэхэд саад болохгүй. Харин дээрх тушаалын дагуу “Ц” ТӨХК нь Б.Мтой Маркетинг, борлуулалтын хэлтсийн борлуулалтын ажилтны албан тушаалд шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөр  эрхлэлтийн харилцаа үүсээгүй, цалин хөлс тохироогүй тул шүүх тохиролцоогүй цалин хөлс тооцоолж олговор олгох мөн хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах хуулийн үндэслэлгүй тул энэ хэсэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн.

11.Давж заалдах шатны шүүх  анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг зөв гэж үзэн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

12.Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Б.Мын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хангасан боловч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд тодорхой, бүрэн шийдвэрлээгүй,  ажилгүй байсан хугацаанд олгогдвол зохих цалин хөлстэй  тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлгэх  шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хянан хэлэлцээд хоёр шатны шүүхийн зарим эрх зүйн дүгнэлтийг залруулж, гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулав.

13.Өмнө нь зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэж хуулийн хүчин төгөлдөр болсон 3 шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Б.Мыг “Ц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.04.13-ны Б/163 дугаартай тушаалаар Борлуулалтын хэлтсийн даргын ажил албан тушаалаас чөлөөлсөнийг  хууль зөрчөөгүй гэж уг албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 27,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, харин хариуцагч нь уг тушаалаар  нэхэмжлэгчийг Маркетинг, борлуулалтын хэлтсийн борлуулалтын ажилтнаар томилохоор шийдвэрлэсэн атлаа ажил тасалж ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр тухайн ажлаас халсан 2022.05.05-ны өдрийн Б/229 тоот тушаал хуульд нийцээгүйг тогтоож хүчингүй болгон, улмаар энэхүү борлуулалтын ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаагүй тул уг асуудлыг нээлттэй орхих нь зүйтэй” гэж шийдвэрлэсэн байна.

14.Шүүхийн дээрх шийдвэр гарснаар нэхэмжлэгч шаардлага гаргасан тохиолдолд хариуцагч түүнийг Маркетинг, борлуулалтын хэлтсийн борлуулалтын ажилтны ажил, албан тушаалд эгүүлэн томилох үр дагавар үүсэх бөгөөд хариуцагч шаардлагыг биелүүлээгүйгээс нэхэмжлэгч шүүхэд хандаж нэхэмжлэл гаргажээ.

Харин нэхэмжлэгч анх Б/163 тоот тушаалд заасан Маркетинг, борлуулалтын хэлтсийн борлуулалтын ажилтнаар  ажилд томилуулж ажлын байраар хангуулах шаардлагыг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “компанийн бүтэц зохион байгуулалт дахин өөрчлөгдсөнтэй холбоотойгоор дээрх хэлтсийн болон борлуулалтын ажилтны ажлын байрны нэршил өөрчлөгдсөн байна, гэвч чиг үүрэг өөрчлөгдөөгүй” гэсэн үндэслэл зааж одоогийн Борлуулалт, логистикийн хэлтсийн борлуулалтын мэргэжилтнээр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өөрчилсөн атал шүүх хуучин хэлтэс болон борлуулалтын ажилтны ажлын байраар хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

15.Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбоотой түүний өмгөөлөгчөөс өмнөх Маркетинг, борлуулалтын хэлтсийн борлуулалтын ажилтны ажлын байрны болон одоогийн Борлуулалт, логистикийн хэлтсийн борлуулалтын мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг тус тус хариуцагчаас гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан байх бөгөөд шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 150/ШЗ2023/00786 дугаар захирамжаар хүсэлтийг хангаж, дээрх баримтуудыг хариуцагчаас шаардсан байна. Түүнчлэн дээрх баримтуудыг гаргаж өгөхийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагч “Ц” ТӨХК-аас шаардсан баримт хэрэгт авагджээ.

Анхан шатны шүүхийн хэргийг хэлэлцэж шийдвэр гаргасан 2023.11.07-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч тал шүүхээс шаардсан баримтыг бүрэн ирүүлээгүй, тодруулбал, зөвхөн 2022 оны 08 дугаар сард баталсан борлуулалтын мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг ирүүлж, хожим 2022 оны 12 дугаар сард өөрчлөгдсөн гэх ажлын байрны тодорхойлолтыг ирүүлээгүй байна. Мөн маргаанд хамааралгүй 2017 оны ажлын байрны тодорхойлолтыг нотлох баримтаар гаргасан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

Дутуу авчирсан баримтыг гаргах боломжтой гэсэн тайлбарыг хариуцагч  гаргасан боловч дахин нотлох баримт бүрдүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй гэж шүүх үзэж хэргийг хэлэлцэж шийдвэр гаргажээ.

16.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.6-д зааснаар зохигч хэн аль нь өөрийн тайлбарыг дэмжих, эсхүл эсрэг талын тайлбарыг үгүйсгэх нөхцөл байдлаа тус тус нотлох үүргийг хүлээдэг бөгөөд Маркетинг, борлуулалтын хэлтсийн борлуулалтын ажилтны ажлын байр одоогийн Борлуулалт, логистикийн хэлтсийн борлуулалтын мэргэжилтний ажлын байр биш гэх үндэслэл тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, эдгээрийн чиг үүрэг ялгаатай гэсэн тайлбараа хариуцагч байгууллага нотлоогүй, зохигч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд мэтгэлцсэн, иймээс нэхэмжлэгчийн “шинэ бүтцээр зөвхөн нэршил өөрчлөгдсөн хуучин борлуулалтын ажилтан, одоогийн борлуулалтын мэргэжилтний чиг үүрэг адил” гэсэн тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийг Борлуулалт логистикийн хэлтсийн борлуулалтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, энэ үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулна.

17.Хоёр шатны шүүх өмнө нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэгдэж тогтоогдсон үйл баримт буюу Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2023/00101 дугаар тогтоолын 18, 19-д заасан “хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн шүүхэд хандаж шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар зохигч маргасан байдал тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл, уг асуудал нь зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болоогүйгээс хэн аль нь үүнтэй холбоотой нотлох баримт, нэмэлт тайлбар гаргаагүй байхад хоёр шатны шүүх Б/163 дугаар тушаалын талаар нэхэмжлэгч гомдлоо хугацаа хэтрүүлж гаргасан гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 158 дугаар зүйлийн 158.2-т нийцээгүй тул дээрх тушаалын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийв” гэснийг анхаараагүйгээс гадна  хоорондоо зөрчилтэй буюу “ ...“Б/163 дугаар тушаалыг нэхэмжлэгч Б.Мд  2022.05.02-ны өдөр цахим хаягаар хүргүүлсэн хугацаанаас хойш 30 хоногийн дотор буюу 2022.06.02-ны өдрийн дотор гомдлоо шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул уг тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй, хүчин төгөлдөр болсон гэж үзэв. Хариуцагч өөрийн эрх хэмжээний дотор гаргасан хүчин төгөлдөр тушаалын биелэлтийг бүрэн хариуцах үүрэгтэй гэж шүүх дүгнэж, Б/163 дугаар тушаалын Б.Мд холбогдох хэсгийн хэрэгжилтийг хангахыг “Ц” ТӨХК-д даалгаж шийдвэрлэв” гэсэн үндэслэлийг шийдвэр, магадлал тодорхойлсон нь дутагдалтай байгааг залруулж тэмдэглэв.

18.Нэхэмжлэлийн хоёрдох шаардлага буюу ажилгүй байсан хугацаанд олгогдвол зохих цалин хөлсний дундажтай тэнцэх олговорт нийт 40,644,504 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж нөхөн бичилт хийлгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байна.

Шүүх дүгнэхдээ “...Б/163 дугаар тушаалын дагуу “Ц” ТӨХК нь Б.Мтой Маркетинг борлуулалтын хэлтсийн борлуулалтын ажилтны албан тушаалд томилсон боловч талууд шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, цалин хөлс тохироогүй тул шүүх тохиролцоогүйгээс уг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэжээ.

19.Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтын агуулга нь ажил олгогчийн буруугаас ажилтан үндэслэлгүйгээр ажлаас халагдсанаар хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлж чадаагүйгээс цалин хөлсөөр хохирсон ийм үндэслэл тогтоогдсон өөрөөр хэлбэл, ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалж хууль зүйн үр дагавар үүсгэсэн шийдвэр гаргаж, тухайн шийдвэр нь эрх зүйн хувьд алдаатай байсныг эрх бүхий этгээд тогтоосон бол ажил олгогч ажилтны  хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн буруутай гэж нэг талаас эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх, нөгөө талаас ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй нь ажил олгогчоос шалтгаалсан хүндэтгэн үзэх нөхцөл байдал тул түүний эдийн засгийн алдагдлыг нөхөн төлж байгаагаар олговор төлөх үндэслэл болох юм.

20.Энэ хэргийн хувьд нэхэмжлэгчийг борлуулалтын ажилтны ажлаас халсан 2022.05.05-ны өдрийн Б/229 тоот тушаалыг шүүх хүчингүй болгосноор Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасан олговрыг шаардах эрхийг үүсгэхгүй байна.

Учир нь, өмнөх маргаанд  нэхэмжлэгч нь борлуулалтын ажилтны бус Борлуулалтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, олговрыг урьд авч байсан цалин хөлсний хэмжээгээр гаргуулах... шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан, эдгээр нэхэмжлэлийг шүүх үндэслэлгүй гэж үзэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тохиолдолд шаардлага гаргаагүй борлуулалтын ажилтны ажлын байранд ажиллуулаагүй гэж ажил олгогчийг буруутгаж олговор гаргуулах нэхэмжлэлийг хангах нь хуульд нийцэхгүй болно.

Түүнчлэн өмнөх маргааныг шийдвэрлүүлсний дараа нэхэмжлэгч нь борлуулалтын ажилтнаар ажиллах хүсэлт гаргаж ажил олгогчид хандсанаар уг ажилд бодитой ажиллах хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзнэ.

Иймд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

21.Анхан шатны шүүх маргааны үндэслэлд хамааралгүй Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталснаас гадна шаардлага гаргах эрх зүйн үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох хэсгийг оновчтой баримтлаагүй, давж заалдах шатны шүүх энэ алдааг засаагүй байх тул хууль хэрэглэх асуудлаар мөн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 208/МА2024/00020 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 150/ШШ2023/00178 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 124.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Мыг хариуцагч “Ц” ТӨХК-ийн Борлуулалт логистикийн хэлтсийн борлуулалтын мэргэжилтний ажилд тогтоож, энэ нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацаанд олгогдвол зохих цалин хөлстэй тэнцэх олговорт 40,644,504 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Г.АЛТАНЧИМЭГ                         

ШҮҮГЧИД                                                           Н.БАТЧИМЭГ

                                                                                Д.ЦОЛМОН

                                                                                  Х.ЭРДЭНЭСУВД