Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 961

 

              

 

З.Од холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Зориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Одонтуяа,

шүүгдэгч З.О, түүний өмгөөлөгч Б.Байгальмаа, 

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/945 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Нарангэрэлийн бичсэн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 38 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн З.Од холбогдох эрүүгийн 1910000040200 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

/;

 

З.О нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэт хун” ХХК-д хүний нөөц, бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа буюу 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд тус компанийн захирал С.Соёл-Эрдэнийн ажлын өрөөнд байсан түүний түрийвчнээс 4 удаагийн үйлдлээр нийт бэлнээр 1.100.000 төгрөгийг,

  1. оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс 12 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэт хун” ХХК-ийн захирал С.Соёл-Эрдэнийн охин О.Оюун-Эрдэнийн 20.000 төгрөгийн үнэ бүхий “Хаан” банкны картнаас 7 удаагийн гүйлгээгээр нийт 4.250.000 төгрөгийг тус тус нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, нийт 5.370.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Rеd rose” зочид буудалд ресепшнээр ажиллаж байхдаа тус буудлаар үйлчлүүлсэн иргэн Д.Өлзийсүрэнгийн эзэмшлийн 5030268241 тоот дансны дугаартай “Хаан” банкны виза картнаас Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкнаас 1 удаагийн үйлдлээр 5 сая төгрөг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкнаас 2 удаагийн үйлдлээр 10 сая төгрөг, нийт 3 удаагийн гүйлгээгээр нийт 15.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас:

Б.Бямбасүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, З.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар З.Од оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, З.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З.О нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийлсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биечлүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгохыг дурьдаж, З.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Оэс нийт 20.370.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Соёл-Эрдэнэд 5.370.000 төгрөгийг, хохирогч Д.Өлзийсүрэнд 15.000.000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 3 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хавсаргаж, энэ хэрэгт битүүмжпэн ирсэн хөрөнгөгүй, З.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба З.Отгон- Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. 

 

Прокурор Н.Нарангэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй бичигдсэн байна" гэсэн хуулийн заалтыг хангаагүй байна.

Шүүхийн 2020/ШЦТ/945 дугаартай шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсэгт “...Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч З.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн зүйл хэсэг тохирсон байна” гэж прокурорын газрын нэрийг буруу бичсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч З.О нь 8 сартай жирэмсэн, харин төрсөн хүү М.Хангал нь 2010 оны 10 дугаар сарын 3-ны өдөр төрсөн /9 настай/ болох нь төрсний гэрчилгээгээр тогтоогдсон байхад шийтгэх тогтоолд “...шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн заасан шүүх анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн 3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь эргэлзээ төрүүлж байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “жирэмсэн эмэгтэй ... хорих ял оногдуулсан шүүхийн шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь...” гэж дүгнэхээр байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/945 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нэмж хэлэх тайлбар байхгүй, прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.

 

Шүүгдэгч З.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй...” гэв.

 

Шүүгдэгчин өмгөөлөгч Б.Байгальмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгдэгч З.О анхан шатны шүүх хуралдаан болох үед 2 сар гарантай буюу 8 долоо хоногтой жирэмсэн байсан учир ялыг хойшлуулсан. Шийтгэх тогтоолд 3 хүртэлх насны хүүхэдтэй хэмээн техникийн шинжтэй алдаа гарсан байна. Иймд шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, техникийн шинжтэй алдааг зөвтгөж өгнө үү...” гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч З.О нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэт хун” ХХК-д хүний нөөц, бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа буюу 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд тус компанийн захирал С.Соёл-Эрдэнийн ажлын өрөөнд байсан түүний түрийвчнээс 4 удаагийн үйлдлээр нийт бэлнээр 1.100.000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс 12 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэт хун” ХХК-ийн захирал С.Соёл-Эрдэнийн охин О.Оюун-Эрдэнийн 20.000 төгрөгийн үнэ бүхий “Хаан” банкны картнаас 7 удаагийн гүйлгээгээр нийт 4.250.000 төгрөгийг тус тус нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, нийт 5.370.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Rеd rose” зочид буудалд ресепшнээр ажиллаж байхдаа тус буудлаар үйлчлүүлсэн иргэн Д.Өлзийсүрэнгийн эзэмшлийн 5030268241 тоот дансны дугаартай “Хаан” банкны виза картнаас Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкнаас 1 удаагийн үйлдлээр 5 сая төгрөг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкнаас 2 удаагийн үйлдлээр 10 сая төгрөг, нийт 3 удаагийн гүйлгээгээр нийт 15.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь hохирогч С.Соёл-Эрдэнэ /1хх 63-65/, хохирогч Л.Өлзийсүрэн /1хх 169/, гэрч Ч.Төгсбилгүүн /1хх 73/, гэрч Х.Эрдэнэцогт /1хх 78/, гэрч Ш.Лхагвадулам /1хх 81/, гэрч Ч.Ганцоож нарын мэдүүлэг /1хх 171-172/, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ТХҮ-820/13 дугаартай үнэлгээний дүгнэлт /1хх 87/, банкны дансаар гүйлгээ хийсэн баримтууд /1хх 117-118, 121-122/, 157/, З.Отгон-Эрдэнийн хохирогчийн түрүүвчнээс мөнгө авч байгаа камерын бичлэг/1хх 160-164/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Шүүгдэгч З.Отгон-Эрдэнийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” гэсэн шинжтэй гэж дүгнэж, “Хулгайлах” гэмт хэргээр зүйлчлэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг З.Од холбогдох эрүүгийн 1910000040200 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.  

 

З.Од шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэрэгт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.  

 

Анхан шатны шүүх шүүгдэгч З.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. ...” гэж зааснаар хойшлуулж шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсэгт шүүгдэгч З.Отгон-Эрдэнийг “...3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах хууль зүйн үндэслэлтэй байна...” гэж дүгнэсэн нь буруу байна.

Учир нь, З.О нь 3 хүртэлх насны хүүхэдгүй ба хэрэгт бэхжүүлсэн баримтаар түүний бага хүүхэд М.Хангал нь 2010 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 9 настай болох нь нотлогдож /1 хх 107/ байна.

 

Харин шүүгдэгч З.О нь жирэмсэн болох нь жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт /1 хх 244-250/-аар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “...жирэмсэн эмэгтэй ...-т хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. ...” гэж зааснаар хойшлуулах хууль зүйн үндэслэлтэй байжээ.

 

Энэхүү алдааг зөвтгөх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагад нийцэх төдийгүй, шийтгэх тогтоолыг хойшлуулсан үндэслэлийн биелэлтэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавихад ач холбогдолтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг бүрэн хангаж, шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсгийн дээрхи хууль зүйн дүгнэлтэд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.    

 

Шүүгдэгч З.Од холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн /1 хх 206-212/ байхад шийтгэх тогтоолд “Баянзүрх дүүргийн прокурорын газраас...” гэж прокурорын байгууллагын нэрийг алдаатай бичсэн байгааг тэмдэглэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 38 дугаартай прокурорын эсэргүүцлийг хангаж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/945 дугаартай шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсгийн “ ...Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч З.О нь 8 сартай жирэмсэн болох, мөн 2010 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүүхэд М.Хангалын төрсөний гэрчилгээгээр тогтоогдсон тул шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн заасан шүүх анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн 3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг хойшлуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна...” гэснийг “...Шүүх анх удаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй З.Од хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хойшлуулахаар шийдвэрлэв. ...”  гэж өөрчилсүгэй.  

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

                      ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

                      ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ