Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 109/ШШ2021/0038

 

 

 

 

 

 

                                            109/ШШ2021/0038

    

         Хэргийн оролцогч нарын эвлэрлийг баталж,

       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

             Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Түвшинтулга даргалж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Т, хариуцагч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга Ю.Б, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.Дуламсүрэн нарыг оролцуулан, иргэн Л.Ц-гийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Т, хариуцагч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “ ... нэхэмжлэгч Л.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Т нарын хүсэлтийг хүлээн авч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68, 69 дүгээр заалтуудад нийцүүлэн дараах нөхцөлөөр эвлэрч байна. Л.Ц-д ажилгүй байсан 2 сарын цалин нэмэгдэл хөлс, 1-6 сарын ур чадварын нэмэгдэл, нийгмийн даатгалын шимтгэл, 2021 оны 1, 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулал зэрэг хавсралтад заагдсан 5.017.475 төгрөгийг хариуцагч Ю.Б 2021 оны 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэн олгох, Л.Ц-г 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс ерөнхий боловсролын сургуулийн захирлыг түр орлон гүйцэтгэгчээр томилон, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулна, 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс тус сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлан, зохион байгуулна. Шинээр томилогдсон захиралд Л.Ц-г гуравдагч этгээдийн эрхийг зөрчихгүйгээр өөр ажилд томилохыг үүрэг болгоно ...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... бид эвлэрч гэрээ байгуулсан, үр дагаврыг ойлгож байгаа,  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ...” гэв.

Хариуцагч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга Ю.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нартай эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан, уг гэрээний улмаас гуравдагч этгээдийн эрх зөрчигдөхгүй, иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ...” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүхэд иргэн Л.Ц-гаас Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Өндөр-Улаан сумын ерөнхий боловсролын тухай хуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Иргэн Л.Ц нь 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр иргэн В.Т-д уг захиргааны маргаанд нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхийг зааж, итгэмжлэл олгосон байна.[1]

Улмаар шүүх дээрх нэхэмжлэлийн хүрээнд захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Маргаан бүхий Б/13 дугаар захирамжийн тухайд, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.2., Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12., Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаал, Нийтийн албанд ажиллах хугацаандаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3., 29.2.4. дэх заалтыг үндэслэн 1 дэх заалтаар ерөнхий боловсролын сургуулийн  захирал Л.Ц-г үндсэн байгууллагад албан тушаал бууруулж, 2 дахь заалтаар ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлыг сургалтын менежер /Ц.Б/-т түр хавсаруулсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар эвлэрч, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн эвлэрлийн гэрээ байгуулжээ. Тодруулбал, “ ... Эвлэрлийн гэрээний нөхцөл. Нэхэмжлэгч Л.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Т нарын хүсэлтийг хүлээн авч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68, 69 дүгээр заалтуудад нийцүүлэн дараах нөхцлөөр эвлэрч байна. Л.Ц-д ажилгүй байсан 2 сарын цалин нэмэгдэл хөлс, 1-6 сарын ур чадварын нэмэгдэл, нийгмийн даатгалын шимтгэл, 2021 оны 1, 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулал зэрэг хавсралтад заагдсан 5017475 төгрөгийг хариуцагч Ю.Б 2021 оны 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэн олгох. Л.Ц-г 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс ерөнхий боловсролын сургуулийн захирлыг түр орлон гүйцэтгэгчээр томилон, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулна. 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс тус сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлан, зохион байгуулна. Шинээр томилогдсон захиралд Л.Ц-г гуравдагч этгээдийн эрхийг зөрчихгүйгээр өөр ажилд томилохыг үүрэг болгоно ...” гэх нөхцөлөөр хэргийн оролцогч нар эвлэрсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэг Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.-д “ ...  хариуцагчтай эвлэрэх”, 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна.”, 68.4. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.”, 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч Л.Ц, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Т, хариуцагч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга /Ю.Б/ нар дээрх эвлэрлийн гэрээнд заасан нөхцөлөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1., 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Ц, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Т нь хариуцагч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргатай “ ... Л.Ц-д ажилгүй байсан 2 сарын цалин нэмэгдэл хөлс, 1-6 сарын ур чадварын нэмэгдэл, нийгмийн даатгалын шимтгэл, 2021 оны 1, 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулал зэрэг хавсралтад заагдсан 5.017.475 төгрөгийг хариуцагч Ю.Б 2021 оны 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэн олгох, Л.Ц-г 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс ерөнхий боловсролын сургуулийн захирлыг түр орлон гүйцэтгэгчээр томилон, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулах, 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс тус сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлан, зохион байгуулна. Шинээр томилогдсон захиралд Л.Ц-г гуравдагч этгээдийн эрхийг зөрчихгүйгээр өөр ажилд томилохыг үүрэг болгоно ...” гэх нөхцөлөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.                                                                        

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ТҮВШИНТУЛГА

 

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 67 дахь тал