Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 0113

 

                                       

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгч О.Энхбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бангаанхан овогт Отгонбаярын Энхбаярт холбогдох 201714000124 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: 1989 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймагт  төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний бага эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Сайхан сум 3-р багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Бангаанхан овогт Отгонбаярын Энхбаяр /регистрийн дугаар МФ89073110/

 

Шүүгдэгч О.Энхбаяр нь Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-5-54 тоотод оршин суух Б.Хүрэлтулгын гэрт 2017 оны 02 сарын 18-ны өдөр нэвтэрч дунд гарын мөнгөн аяга нэг ширхэг /300.000 төгрөг/, 2017 оны 02 сарын 20-ны өдөр нэвтэрч их гарын мөнгөн аяга нэг ширхэгийг /650.000 төгрөг/ давтан үйлдлээр хулгайлан нийт 950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч О.Энхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Энэ хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Хэргийн хувьд маргах зүйлгүй. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Хохирлыг ар гэрийнхэн төлж барагдуулсан. Хохирогчид бариа засал хийж байхдаа тэднийхийг мэддэг болсон. Дахин ийм алдаа гаргахгүй. Эмээгийнхээ нэрийг барьж тангараглаж байна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Хүрэлтулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 02 дугаар сарын19-нөөс 20-нд шилжих шөнө би хадам ээжийнхээ гэрт цагаан сарын бууз хийж хоносон. 20-ны өдрийн өглөө босоод хадам ээжийн гэрт ажил хийлцэж байсан чинь өдөр 12 цагийн орчим миний охин Хоролсүрэн над руу утсаар яриад аав манай гэрт хулгай орсон юм шиг байна, хивсэн дээр мөр гарсан байна. Стекен дотор байсан 2 ширхэг мөнгөн аяга алга болсон байна гэхээр нь гэртээ ирсэн. Өөрөө гэртээ ирээд үзсэн чинь манай том өрөөний хивсэн дээр гутлын мөр шавар шавхай мэт зүйлээр гарсан байна. Гэрт том өрөөний стекен дотор байсан их гарын болон дунд гарын мөнгөн аяга тус бүр нэг нэг ширхэг алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан юм. 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн өдөр 13 цагийн орчим Энхбаяр надруу утсаар яриад би танай гэрийн гадна байна. Сүүлийн бариа хийсэн мөнгөө авах гэсэн юм гэж хэлсэн. Тухайн үед би эхнэр хүүхдийнхээ хамт гэр хороолол руу явах гээд гэрээсээ гарч байсан юм. Би түрүүлж гарч ирээд Энхбаярт мөнгө өгсөн. Тэгээд байж байхад миний араас манай гэр бүлийн хүмүүс гарч ирээд бид нар бүгдээрээ гэр хороолол руу явсан. Би Энхбаярт ах нь хороолол руу явах гэж байна. Миний дүү дөхөх юм уу гэсэн чинь Энхбаяр үгүй. Би энд ажилтай гээд үлдсэн. 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Энхбаяр манай гэрт ирээгүй. Ямар ч байсан надтай утсаар яриагүй гэсэн мэдүүлэг /хх 13-14 ху/,

-Гэрч Ё.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр би эмнэлэг дээр явж байсан чинь Хоролсүрэн над руу утсаар яриад ээж манай гэрт хулгай орсон юм шиг байна, том өрөөнд шавартай мөр гараад стекен дотор байсан таны том мөнгөн аяга алга болсон гэж хэлсэн. Гэртээ ирээд эд зүйлээ үзсэн чинь стекен дотор байсан 3 ширхэг мөнгөн аяганы хоёр нь буюу их гарын мөнгөн аяга нэг ширхэг, дунд гарын мөнгөн аяга нэг ширхэг алга болсон байна гэсэн мэдүүлэг /хх 15 ху/,

-Гэрч Г.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг Уртцагаанд үйл ажиллагаа явуулдаг “Улиаст булан” ХХК-ийг ажиллуулдаг бөгөөд барьцаалан зээлдүүлэх газар ажилладаг. 2017 оны 02 сарын 20-ны өдөр ажиллаж байсан чинь өдөр 12 цагийн орчим О.Энхбаяр гэж залуу орж ирээд миний өөрийн эд зүйл байгаа юм гээд бөөрөн дээрээ “Ээж, ах, эгч, дүү нараас нь дурсгав. 2015.06.01” гэсэн бичигтэй ямар нэгэн хээгүй цулгуй их гарын мөнгөн аягыг 200.000 төгрөгийн барьцаанд тавиад удаахгүй авна гээд явсан гэсэн мэдүүлэг /хх 16 ху/,

-Гэрч Б.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би “Баян цон лха” ХХК-ний “Саятан” барьцаалан зээлдүүлэх газрын Баян худалдааны төвийн салбарт теллэрээр ажилладаг. 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр намайг ажилтай байхад О.Энхбаяр гэж хүн өөрийнхөө бичиг баримтыг үзүүлээд доороо оюу чулуу шигтгээтэй дунд гарын мөнгөн аяга 30.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Гэтэл үүнээс хойш хоёр хоногийн дараа буюу 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр цагдаагийн газраас хүмүүс ирээд О.Энхбаярын барьцаанд тавьсан мөнгөн аягыг хулгайн эд зүйл гээд үзэж хараад явсан. 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр цагдаагийн ажилтан ирээд О.Энхбаярын барьцаанд тавьсан мөнгөн аягыг хурааж авах гэж ирсэн боловч манай захирал байхгүй байсан болохоор хурааж авч чадаагүй. Цагаан сарын дараа О.Энхбаяр өөрөө ирээд мөнгөө төлөөд мөнгөн аягаа аваад явсан гэсэн мэдүүлэг /хх 21 ху/,

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-6 ху/

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 7, 8, 57 ху/

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 52, 55 ху/

-Хохирол төлсөн баримт /хх 59 ху/

-Эд зүйлийн үнэлгээ /хх 25-29 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 42 ху/

-О.Энхбаярыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 47-50 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч Шүүгдэгч О.Энхбаяр нь Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-5-54 тоотод оршин суух Б.Хүрэлтулгын гэрт 2017 оны 02 сарын 18-ны өдөр нэвтэрч дунд гарын мөнгөн аяга нэг ширхэг, 2017 оны 02 сарын 20-ны өдөр нэвтэрч их гарын мөнгөн аяга нэг ширхэгийг давтан үйлдлээр хулгайлан нийт 950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Хүрэлтулга /хх 13-14 ху/, гэрч Ё.Отгонбаяр /хх 15/, Г.Лхагвасүрэн /хх 16 ху/, Б.Оюунгэрэл /хх 21 ху/ нарын мэдүүлгүүд, ял шийтгэлийг шалгах хуудас, эд зүйлийн үнэлгээ болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Энхбаярын дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй.

Шүүгдэгч О.Энхбаяр нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөргүй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж шүүх үзлээ.

Энэ хэргийн улмаас хохирогчид 950.000 төгрөгийн хохиол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бангаахан овогт Отгонбаярын Энхбаярын давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч О.Энхбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар О.Энхбаярт оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүсүгэй.

 

4. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч О.Энхбаярт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Энхбаярт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ж.БАЙГАЛМАА