Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2059

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Хы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/01585 дугаар шийдвэртэй, Т.Хы нэхэмжлэлтэй, хариуцагч А.Тд холбогдох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 20 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Амгаланбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Х нь Ж.Энх-Оюунаас 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 200 000 000 төгрөг, үүний дараа 100 000 000 төгрөг, дараа нь 28 000 000 төгрөгийг тус тус зээлсэн. Зээлээ төлж байх хугацаанд Ж.Энх-Оюун нь “...би найз А.Тд өртэй юм, 20 000 000 төгрөгийг А.Тгийн данс руу шилжүүлчих” гэж Т.Хы ажил дээр ирж уулзаад хэлсэн. А.Т нь Т.Хы 99005400 дугаарын утас руу 99119811 дугаарын утаснаас мессэж бичиж дансны дугаараа явуулсан. Ингээд Т.Х нь компанийхаа нягтлан н.Баярмаад хандан 20 000 000 төгрөгийг А.Тгийн дансанд гүйлгээний утга дээр нь “Т.Хаас Ж.Энх-Оюуны зээл төлөв” гэж бичүүлж шилжүүлсэн байдаг. Гэвч одоо А.Т нь “би Т.Хд 30 000 000 төгрөгийг зээлдүүлсэн, үүнээс 20 000 000 төгрөг авсан” гэж худал ярьж, мөн Ж.Энх-Оюун нь “би А.Тгаас 20 000 000 төгрөг аваагүй” гэж байгаа тул А.Тг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Т.Х нь А.Т гэдэг хүнийг урьд нь хараагүй, огт танихгүй учир зээлийн гэрээ хийж, мөнгө зээлсэн асуудал огт байхгүй. 20 000 000 төгрөгийг Ж.Энх-Оюуны хүсэлтээр А.Тгийн данс руу хийсэн учир бид нар Ж.Энх-Оюунаас зээлсэн мөнгөндөө 20 000 000 төгрөгийг төлсөн гэж үзнэ гэхэд Ж.Энх-Оюун би аваагүй гэдэг. Иймд А.Тг гэрчээр анхан шатны шүүх хуралдаанд оролцуулж асуухад А.Т нь “би Т.Хд мөнгө зээлдүүлсэн юм, харин Ж.Энх-Оюун надад зуучлан өгсөн. Би хэдэн төгрөг зээлдүүлснээ санахгүй байна гэсэн” мэдүүлгийг өгдөг. Мөн 30 000 000 төгрөг зээлүүлээд 20 000 000 төгрөгийг би түрүүлээд авсан, одоо 10 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, нотлох баримт гаргаж өгнө гэсэн боловч гаргаж өгөөгүй. Иймд Ж.Энх-Оюун, А.Т нар хуйвалдаж, худал хэлж 20 000 000 төгрөгийг өөрийн данс руу хийлгэж авсан учир А.Тг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Ж.Энх-Оюун гэдэг хүнээс мөнгө зээлсэн асуудлаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар оролцсон байдаг. Энэ нэхэмжлэлээр бол гэрээ байгуулж болон гэрээгүйгээр мөнгө зээлдүүлсэн Ж.Энх-Оюун, Т.Х нарын хооронд асуудал шийдэгдсэн. Энэ мөнгийг тухайн үед Т.Х Ж.Энх-Оюунаар дамжуулж Т.Хаас зээлсэн асуудал яригддаг. Ж.Энх-Оюун А.Тгаас 30 000 000 төгрөгийг авч, Т.Хд өгсөн. А.Т нь мөнгөө авах гэж Т.Хтай холбогдож мессежээр өөрийн банкны дансыг явуулахад А.Тгийн данс руу мөнгө орсон. Энэ мөнгө нь н.Отгонгэрэл гэдэг хүний нэрнээс А.Тгийн данс руу 20 000 000 төгрөг шилжүүлсэн, гүйлгээний утга дээр нь “Т.Хаас Ж.Энх-Оюунд зээл төлөв” гэж байсан. Энэ нь 2 утга агуулгыг агуулаад байгаа учраас нэхэмжлэгч талаас үүнийг өөрт ашигтай байдлаар тайлбарлаад байна. Өөрөөр хэлбэл, Т.Х нь Ж.Энх-Оюунд өртэй байгаа тохиолдолд Ж.Энх-Оюунд шүүхэд нэхэмжлэл гаргасан тул А.Тгаас авсан мөнгийг А.Тд өгснөө Ж.Энх-Оюуны өрийг А.Тд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн гэж тайлбарлаж байна. Энэ төлбөрийг төлснөөс хойш Т.Х нь Ж.Энх-Оюунд өртэй байсан. Ж.Энх-Оюун өрийг А.Тд төлсөн гэж үзэж байгаа юм бол энэ талаар баримтаа шүүхэд гаргаж өгөх ёстой. Гэтэл энэ хугацаанд Т.Туяагийн төлбөрийг төлсөн, цаана нь 10 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй, түүнийгээ төлнө гээд явж байсан учраас тодорхой хугацаанд нэг нэгийгээ хараад орхисон. Үүнээс үзэхэд Т.Х А.Тгаас авсан мөнгөө төлсөн болох нь харагдаж байна. Хэрвээ Ж.Энх-Оюуны өрийг төлсөн гэж үзэж байгаа бол Ж.Энх-Оюуны дансанд мөнгийг хийх ёстой байсан. А.Т мөнгөө авъя гэж мессэж бичсэн учраас мөнгө шилжүүлсэн гэдэг нь энэ хоёр баримтаас тодорхой харагдаж байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүй хөрөнгөжих зохицуулалт байгаа боловч А.Т, Т.Х нарын хооронд хэлцэл хийгдсэн гэдэг нь уг тайлбараар нотлогдоно. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд үүрэг үүссэн учраас Т.Хаас А.Тгийн данс руу мөнгийг хүнээр дамжуулж шилжүүлсэн тул дээрх харилцаа хамаарахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч А.Тгаас 20 000 000 гаргуулан нэхэмжлэгч Т.Хд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 257 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Хд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэлийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А.Тгийн нэрийн дансанд н.Отгонгэрэлээс 20 000 000 төгрөг шилжүүлэхдээ “Т.Хаас зээл төлөв Ж.Энх-Оюунд” гэсэн утгатай баримт, А.Тгийн 9911-9811 дугаарийн утаснаас Т.Хд хандаж дансны дугаараа явуулсан, А.Т шүүхэд мэдүүлэхдээ “...Т.Хд 30 000 000 төгрөг зээлдүүлсэн” гэж тайлбарласан, мөн шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны 00894 дүгээр шийдвэр зэргийг үндэслэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Нотлох баримтаар Т.Х нь А.Тгаас зээлэхдээ Ж.Энх-Оюунаар дамжуулан авсан нь Ж.Энх-Оюуны нэхэмжлэлтэй иргэний хэргийн шийдвэрт тодорхой байдаг. Т.Х нь А.Тгийн эзэмшдэг данс руу зээлсэн мөнгөө шилжүүлэхдээ өөрийнх нь эзэмшдэг утасны дугаарт А.Т мөнгөө нэхэн уурлаж дансаа өгсөн мессежээр тогтоогддог. Энэ талаар Т.Х маргаагүй бөгөөд уг баримтыг өөрөө гаргаж өгсөн. Иймд нотлох баримтыг судлан үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч Т.Х нь хариуцагч А.Тд холбогдуулан 20 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны орлогын баримтаас /хх5/ үзвэл А.Тгийн нэрийн дансанд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Т.Хаас Ж.Энх-Оюунд зээл төлөв” гэсэн гүйлгээний утгаар 20 000 000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон ба мөнгийг хүлээн авсан эсэхэд хариуцагч тал маргаагүй байна.

 

Хариуцагч А.Т нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй үндэслэлээ “Ж.Энх-Оюунаар дамжуулан Т.Хд 30 000 000 төгрөг зээлдүүлсэн ба 20 000 000 төгрөгийг буцааж авсан” гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн татгалзалд дурдсан талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, ийнхүү шилжүүлсэн мөнгөн хөрөнгө нь зээлийн үүрэг байсан гэх үйл баримт тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар дээрх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/00894 дүгээр шийдвэрээр хариуцагчийг нэхэмжлэгчтэй зээлийн гэрээний эрх үүргийн харилцаатай байсныг нотлоогүй бөгөөд хэргийн баримтаар нэхэмжлэгч Т.Х хариуцагч А.Тд 20 000 000 төгрөг төлөх үүрэг үүсээгүйг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасантай нийцүүлэн зөв дүгнэжээ.

 

Иймд шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг гэрээний бус харилцаа буюу хариуцагч А.Т нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасантай нийцсэн. Тодруулбал, бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө шаардах эрхийг зохицуулсан хуулийн заалтыг шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамирын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/01585 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Г.ДАВААДОРЖ

 

                                                                                    Т.ТУЯА