Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/73

 

 

2024 оны 06 сарын 07-ны өдөр                             Дугаар 2024/ШЦТ/87                                            Даланзадгад сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

  Нарийн бичгийн дарга А.Золзаяа,

             Улсын яллагч Б.Мөнхдөл,

             Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох 232800295012 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн авто замын ******* сумаас 5 километр зайд 89-66 ӨМЭ улсын Санота-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д "Замын хөдөлгөөний оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 3.7-д "Жолоочид дараахь зүйлийг хориглоно" а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг тус тус зөрчин зам тээврийн осолд орж зорчигч ******* эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Өмнө мэдүүлгээ өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч ******* мэдүүлэгт: Манайхаас ******* эгч, түүний 3 дугаар ангийн охин ******* хамт гурвуулаа *******ийн машинаар ******* сум руу гарсан. Би шөнөжингөө гэртээ хүмүүстэй яриад суучихсан, унтаагүй байсан учраас машинд суугаад шууд унтсан. Нэг мэдэхэд машины гадаа нүүрээрээ газар шаагаад хэвтэж байсан. Тэгээд босох гэсэн чинь миний бөгсөн бие хөдлөхгүй байсан. Тэр үед ******* эгч хажууд миний дүү яачихваа гээд орилоод байсан. Гэмтлийн эмнэлэгт очиж дунд чөмөгний хагалгаанд орсон. Зам тээврийн осолд орсоны улмаас миний аарцаг бяцарсан, дунд чөмөг хугарсан, сүүжний хонхорхой цөмөрсөн зэрэг гэмтлүүд авсан. Одоо биеийн байдал гайгүй, таяг тулаад явдаг болсон. ******* манай гэрт анх ирэхэд нь гүүний айраг хулаар хийж өгсөн. Түүнийг ууссан эсэхийг санахгүй байна. Санал, гомдол байхгүй. /хавтаст хэргийн 26-30 дахь тал/

Иргэний нэхэмжлэгч мэдүүлэгт: 2021 онд би худалдаж авсан машин байгаа юм. Сургууль хичээл эхлээд ээждээ өгсөн. Дүү нарыг хичээл сургуульд нь хүргэж өгч бай гээд ээжид өгсөн. Ер нь бол миний нэр дээр байдаг ээжийн машин байгаа юм. Би үнэлгээ хийлгэх шаардлага байхгүй. Миний нэр дээр байдаг ээжийн машин. Надад ямар нэгэн санал гомдолгүй. /хавтаст хэргийн 31-34 дэх тал/

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 44 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "...******* биед духны зулгаралт, зүүн талын суудал яс, умдаг яс, сүүжний тогооны хугарал, зүүн дунд чөмөгний хүзүү хэсгээр бяцарсан хугарал, зүүн талын ууц-сүүжний үений мултрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15, 3.6.1 зэрэг заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хавтаст хэргийн 48-49 дэх тал/

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "...******* улсын Санота-6 маркийн автомашины жолооч ******* ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д "Замын хөдөлгөөний оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 3.7-д "Жолоочид дараахь зүйлийг хориглоно" а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /хавтаст хэргийн 52-53 дахь тал/

Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 19-25 дахь тал/

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн тэмдэглэл, /хавтаст хэргийн 70-71 дэх тал/

Жолоочийн мэдээллийн дэлгэрэнгүй лавлагаа, /хавтаст хэргийн 68 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 64 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 63 дахь тал/

Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 65 дахь тал/

Эвлэрлийн гэрээ /хавтаст хэргийн 81 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

            Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 40 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 82 дахь тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба хүсэлтийг сайн дураар гаргасан, түүнд эрүү, шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх хэргийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.    

Шүүгдэгч *******т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.   

Шүүгдэгч *******ийн нийгэмд аюултай, гэмт буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн авто замын ******* сумаас 5 километр зайд 89-66 ӨМЭ улсын Санота-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д "Замын хөдөлгөөний оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 3.7-д "Жолоочид дараахь зүйлийг хориглоно" а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг тус тус зөрчин зам тээврийн осолд орж зорчигч ******* эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 09 дэх тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэг /хавтаст хэргийн 89 дэх тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 44 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дэх тал/, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 52-53 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.           

Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 44 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дэх тал/-ээр тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д "Замын хөдөлгөөний оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 3.7-д "Жолоочид дараахь зүйлийг хориглоно" а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг тус тус зөрчсөн болох нь Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 52-53 дахь тал/-ээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.

Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болох нь жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “Зөрчилд холбогдогч *******ийг драгерь багаж ашиглан согтуурлыг шалгахад 0.70 хувьтай байсан гэх тэмдэглэл, согтуурал шалгасан фото зураг  /хавтаст хэргийн 70-71 дэх тал/, шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч *******ийн согтолт 0.70 хувьтай гарсан нь жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэснээр шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч *******ийг тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...******* нь миний төрсөн эгчийн хүүхэд учраас би эгчээсээ нэхэмжлэх зүйл байхгүй. Бид ах дүү садангаараа энэ асуудлаа шийднэ” гэжээ. /хавтаст хэргийн 30 дахь тал/

Шүүгдэгч *******, хохирогч нар нь мөрдөн байцаалтын шатанд 2023 оны 10 дугаар сард хагалгаанд орсон зардал 4.000.000 төгрөгийг сар болгоны 15-ны өдөр 400.000 төгрөг төлж, 10 сарын хугацаанд 2025 оны 04 сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар, өдөр бүр хийгдэх эм, эмчилгээний зардлыг тухай бүр төлөхөөр, 2024 оны 06 сард нөхөн сэргээх эмчилгээнд хохирогч талыг эмчлүүлэхээр, ирээдүйд хийгдэх эм эмчилгээ хагалгааны зардлыг хариуцагч тал бүрэн цаг тухайд төлж барагдуулахаар тохиролцож 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулжээ.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд ...хохирлыг энэ сараас эхлэн төлнө, хохирол төлбөрийн талаар маргаангүй гэх тайлбар, мэдүүлгийг гаргаж байх тул шүүгдэгч ******* хохирогч, иргэний нэхэмжлэгч тай “Эвлэрлийн гэрээ” байгуулж эмчилгээтэй холбоотой зардалд 4.000.000 төгрөгийг 10 сарын хугацаанд сар бүрийн 15-ны өдөр төлөхөө илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь хувийн байдлын хувьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “Бүртгэгдээгүй” /хавтаст хэргийн 63 дахь тал/ гэснээр, Жолоочийн мэдээллийн дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 68 дахь тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 64 дэх тал/, Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 65 дахь тал/ зэргээр тодорхойлогдож байна. 

Шүүгдэгч *******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, прокурорын саналыг баталж, шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Улсын яллагчийн зүгээс:  Шүүгдэгч д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 240 цаг нийтэд тустай ажил  хийлгэх ял оногдуулах санал, дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасны дагуу прокуророос оногдуулах ял шийтгэлийг хүлээн зөвшөөрсөн байгаа гэх санал, дүгнэлт тус тус гаргав.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөв.

Шүүх ялын санал, дүгнэлтийг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж 240 /хоёр зуун дөчин цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь хохирогч т 2.300.000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирол төлбөрийн талаар маргаангүй  болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.     

6. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ