Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2021/01286

 

2021 06 02 184/ШШ2021/01286

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Амартүвшин даргалж, шүүгч Т.Батсүх, шүүгч Б.Хишигбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 00 дүгээр хороо, з00 тоот хаягт оршин суух, Б овогт Б С /0000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 00 дүгээр хороо, зээлийн 000 тоот хаягт бүртгэлтэй боловч одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 000 дугаар ангид ял эдэлж буй, Б овогт С Л /00000000/-д холбогдох,

Гэм хор, сэтгэл санааны хохиролд 37,664,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.С, хариуцагч С.Л /цахимаар/, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Э.Намуундарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.С нь 4 хүүхэд төрүүлсэн бөгөөд миний дунд хүү болох А.Д нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Говьсүмбэр аймагт ажил хийнэ гэж гэрээсээ гараад өөрийн найз болох Л зодуулж эмнэлгийн тусламж авч чадалгүй тэр дороо нас барсан. Миний хүү А.Д нь 1997 оны 07 сарын 14-ний өдөр төрсөн. Одоо амьд байсан бол 23 настай байх байсан. Миний хүү ид ажиллах хөдөлмөрлөх насан дээрээ бусдын гарт амиа алдсанд маш их харамсдаг.

Миний бие өөрөө умайн хүзүүний хорт хавдартай оноштойгоор хөдөлмөрийн чадвар 79 хувь алдсан группд байдаг, ажил хийдэггүй, өрх толгойлсон эмэгтэй. Миний нөхөр 2008 онд өвчиний учир нас барсан. Миний хүү А.Д нь гэрээсээ ганцаараа ажил хийж намайг тэжээдэг байсан, эхнэр аваагүй өөрийн гэсэн хүүхэд байхгүй, үр удмаа үлдээж чадалгүй хорвоог орхисон.

Миний бие өөрийн хүүгийн амь нас хохирсон хуралд хохирогчоор тогтоогдож эрүүгийн шүүх хуралдаанд оролцсон. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/000 дугаартай шийтгэх тогтоолоор Л хүн алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 10 жил хорих ял оногдуулсан. Мөн хохирогч миний нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол болон тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг нотлох баримтаа бүрдүүлсэн иргэний шүүхэд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн.

Миний бие хүүгээ алдсаны сэтгэл санааны хохиролд Арвижих-Үнэлгээ ХХК үнэлгээ хийлгэсэн ба тухайн үнэлгээгээр сэтгэл санааны хохирлыг 36,164,000 төгрөгөөр тогтоосон. Үнэлгээг нийт 1,500,000 төгрөгөөр хийлгэсэн ба гэрээнд зааснаар 500,000 төгрөгийг урьдчилан төлж үнэлгээг хийлгэсэн. Тухайн шүүх хурлын үед Б.Л эхнэр нь надад 4,500,000 төгрөгийг олж өгсөн. Мөн Б.Л машиныг авсан нь үнэн.

Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй... мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй гэж заасан тул амь нас хохирсон гэм хор, сэтгэл санааны хохиролд үнэлгээгээр тогтоосон 36,164,000 төгрөг, үнэлгээний зардал 1,500,000 төгрөг нийт 37,764,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Миний хувьд ажил хийдэггүй, группд байдаг тул тэжээгчээ алдсаны тэтгэвэр гэж тогтоолгооогүй, гэм хор учруулсан төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоож сар бүр хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч С.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Говьсүмбэр аймгийн Эрүүгийн хуулийн анхан шатны шүүхээс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 000 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 10.1.1-д зааснаар 10 жил 6 сарын ял авсан.

Тухайн үед би болон миний ар гэрийн эхнэр Э, ээж С маань хохирол гомдлыг бүгдийг нь барагдуулсан. Тухайн үед надад май гээд өгөх мөнгө байхгүй байсан, хохирогчийн ар гэрт хашаа байшин, машинаа өгвөл шүүх хуралд гомдолгүй гэж хэлнэ гэсэн. Мөн манай бага охины хүүхдийн мөнгийг сар болгон авч байсан. Тухайн үед надаас мөнгө авахдаа гомдол санал дахин гаргахгүй гэсэн мөртлөө одоо сэтгэл санааны хохирол гэх мөнгө нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Цаашдаа надад мөнгө өгөх боломж байхгүй. Миний эхнэр тухайн үед хашаа байшингаа барьцаанд тавиад 5,000,000-6,000,000 төгрөг өгсөн. Тоёота приус акуа маркийн тээврийн хэрэгслээ хохирогчийн ар гэрт өгсөн, лизингийг манай гэр бүлийнхэн төлж байгаа юм. Хохирогчийн ар гэр машиныг аваад мөнгөний хэрэг болоод зарсан гэж хэлсэн. Би өөрөө найзынхаа аминд хүрсэн болохоор, хорих ангиас гарангуутаа тус болно. Гэхдээ би мөнгө төгрөг өгнө гэж хэлээгүй гэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар зохигч иргэдийн төлөөлөгчийг оролцуулах шаардлагагүй гэдгээ илэрхийлсэн, тэдний зөвшөөрлөөр томилогдсон иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн тул гэм буруугийн талаарх дүгнэлтгүй болно.

Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч С.Л сэтгэл санааны хохирол нийт 37,664,000төгрөг гаргуулах, гэм хор учруулсны төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоолгож сар бүр хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэсэн боловч шүүх хуралдаанд шаардлагаа багасгаж ...зөвхөн сэтгэл санааны хохирол 37,664,000 төгрөг гаргуулах-аар нэхэмжлэсэн. /хх-1/

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ... хариуцагч С.Л гэм буруутай үйлдлийн улмаас эд хөрөнгийн бус /сэтгэл санаанд/ хохирол учирсан гэж, хариуцагч С.Л нь эс зөвшөөрч, ... би төлөхгүй, миний эхнэр Э, ээж С нар хохирол гомдлыг бүгдийг нь барагдуулсан, ... эрүүгийн шүүх хуралдаанд хохирогч цаашид өөр зүйл нэхэмжлэхгүй гомдол саналгүй гэж хэлсэн гэж тус тус тайлбарлан маргаж байна/хх-37/

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч С.Л нь согтуурсан үедээ 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 21 цагийн орчим Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, Билүү Түлүү гэх газар иргэн А.Д ам насыг хохироосон, эрүүгийн хэргийг Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №000 шийтгэх тогтоолоор Б овогт С Л хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жилийн хорих ял оногдуулсан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д тус тус зааснаар С.Л 8,193,749 төгрөг гаргуулж хохирогч Б.С олгож, оршуулахтай холбоотой зардал 2,303,337 төгрөг, сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг, хөдөлмөрийн чадваргүй этгээдийн тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлсний эцэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэснийг, тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2020/ДШМ/000 дугаар магадлалаар 8 /найман/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчилж, бусад заалтыг хэвээр үйлдээж шийдвэрлэжээ. /хх-2-8, 9-10, 13, 18-27, 99/

Зохигчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч С.Л нь согтуурсан үедээ 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 21 цагийн орчим иргэн А.Д ам насыг хохироосон, гэм буруутай болох нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон байх боловч С.Л үйлдлийн улмаас нэхэмжлэгч Б.С сэтгэл санаанд гэм хор учирсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд шүүх сэтгэл санааны хохиролд мөнгө гаргуулах шаардлагыг хангах боломжгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуульд нийцэхгүй байх тул сэтгэл санааны хохирлыг хариуцагчС.Л шаардах эрхгүй.

 

Талийгаач А.Д ээж Б.С нь ...дээрх үйл явдал, гэмт хэргийн улмаас хөдөлмөрийн чадвар алдагдсан, сэтгэл санаа /гэм хорын улмаас сэтгэл зүйн харамсал, шаналал, өвдөлт зовиур, бухимдал/-ны хохиролд 37,664,000 төгрөг гаргуулна гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн үндэслэл, тайлбараа Арвижих үнэлгээ ХХК-ний үнэлгээ /үнэлгээний дүн 36,164,000 төгрөг, зардал 1,500,000 төгрөг/-д үндэслэжээ./хх-1, 14, 18-27, 97, 100-101,/

Сэтгэл, санааны хохирол гэдэгт ... эд хөрөнгийн бус хохирол хамаарах бөгөөд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2-т ...Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй. Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.

Мөн Иргэний хууль /511/-д заасан эдийн бус гэм хор гэдэгт Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан тохиолдолд сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй гэж заасан байдаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх үндсэн зарчим бол диспозитив зарчим ба тус зарчим нь хэргийн оролцогч, талуудын сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцох, хариуцагчийн зөвшөөрсөн дүнгээр шүүх шийдвэрлэж болох авч хариуцагч С.Л нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй тул энэ зарчмыг хэрэглэх боломжгүй юм.

Хууль зүйн шинжлэх ухааны салбарт хохирогчийн сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэхэд хохирогч нь сэтгэл зүйч, сэтгэцийн эмчийн хяналтанд байсан эсэх, зөвлөгөө, үйлчилгээ авсан, эмчилгээ хийлгэсэн байдал, төлсөн төлбөр, баримт нь ач холбогдолтой бөгөөд уйлах, уурлах, бухимдах, харамсах зэрэг нь энэ төрлийн гэм хорыг нөхөн төлүүлэх үндэслэл болохгүй гэж үздэг байна.

 

Мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д Хохирогч нас барсан бол түүнийг болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч оршуулахтай холбогдсон зайлшгүй зардлын талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй. Мөн Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний хамрах хүрээ буюу 1.2-т ...хохирогч Б.С нь оршуулгын зардал болон ирээдүйн алдагдсан боломж орлогыг нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул нийт хохирлын хэмжээнд оруулан тооцоогүй болно. гэснээс үзэхэд шүүхэд нэхэмжлэл гаргахаас эхлэн зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоолгож сар бүр хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлээгүй,эрүүгийн хэрэгт эдгээрийг шийдвэрлэсэн байна. /хх-108/

нэхэмжлэгч Б.С нь хүү А.Д нас барахаас өмнө буюу 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс ердийн өвчний жагсаалтын 1-7-25 хз: заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 79 хувиар 12 сараар тогтоолгосон, сард 310,000 төгрөгийн тэтгэмж авдаг, энэхүү хөдөлмөрийн чадвар алдалт нь хариуцагч С.Л гэм буруутай үйлдлээс болоогүй, гэм буруутай үйлдэл, гэм хорын /сэтгэл санааны/ хохирол хоорондоо шалтгаант холбоогүй байна. /хх-16, 103-105, 117/

Иймд дээрх хууль зүйн үндэслэл, хэрэгт авагдсан баримтууд, зохигчийн тайлбаруудыг үндэслэн эд хөрөнгийн бус хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэгч Б.С нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд ньхэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчид эрх, үүрэг тайлбарласан, шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч эрхээ эдлэх боломжтой байсан бөгөөд энэ хугацаанд гэрч асуулгах, шинжээч томилуулах зэрэг аливаа хүсэлтийг зохигчгаргаагүй байна.

Мөн нэхэмжлэгч Б.С нь 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр өмгөөлөгч О.Б оролцуулах хүсэлтийг гаргасан бөгөөд энэ шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан, шүүхээс нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан нэхэмжлэгч Б.С гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. гэж заасан ба зохигч иргэдийн төлөөлөгчийг оролцуулах шаардлагагүй гэдгээ илэрхийлсэн тул иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ :

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан хариуцагч С.Л гэм хорын хохиролд 37,664,000 төгрөг гаргуулах тухай Б.С нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-дзааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйхариуцагч С.Л шийдвэрийг хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН

ШҮҮГЧИД Т.БАТСҮХ

Б.ХИШИГБААТАР