Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/96

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Б.Мөнхдөл,  

Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Ө,

Шүүгдэгч Т.Б,    

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                 

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Т-ийн Б-т холбогдох 2428000000102 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Биеийн байцаалт:    

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Т.Б нь 2024 оны 03 дугаар сарын 19-ээс 2024 оны 03 дугаар сарын 20-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт О.Өтай маргалдаж, түүний эрүү хэсэгт цохиж, түүний биед зүүн эрүүний сэртэн яс, ооч ясны хугарал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.               

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Т.Б-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр шөнө 00 цагт ах баар оръё гэхээр нь ороод хаахад нь гарч ирсэн. Цэцэрлэгийн хажууд болон хойд талд нь хэсэг залуучууд зогсож байсан. Би хойд талд зогсож байсан баахан залуучуудад зодуулж байхад нөгөө залуучуудад бас нэг ах зодуулж байсан. Намайг зодуулж байхад ах салгаж аваад таксины зогсоол дээр ирээд би уурлаад хашхичсан. Тэнд очоод цагдаа дуудаад өгчих гэж хэлээд цагдаа дуудуулсан. Нэг залуу нь явж байхаар нь нэг л цохиход цаашаа явсан гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Ө шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би эмчилгээний зардал болох 755,000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ асуудал 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө болсон. Би тухайн өдөр 3 найзтайгаа дөрвүүлээ явсан. Юунаас болж муудсанаа санахгүй байгаа. Баарнаас гараад ирэхэд зодолдож байсан. Би дундуур нь ороод салгах гээд нэгэнтэй нь зодолдсон. Салаад цаашаа явж байхад Б намайг дуудаад очиход нэг цохисон гэв.   

Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 03 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Зэт бааранд Э, М, А нарын хамт ороод 0,5 литрийн 3 шил Соёрхол нэртэй архи, 0,5 литрийн 6 лааз пиво авч М, Э бид гурав хувааж ууцгаасан. Харин А архи, пиво огт угаагүй эрүүл байсан. Тэгээд 04 цагийн үед баарнаас гарцгааж би тооцоо хийчихээд гараад ирэхэд манай найз М баарны баруун талд цэцэрлэгийн хашааны хойд талд хэдэн залуучуудтай маргалдаад зогсож байхаар нь би очсон чинь хоорондоо зодолдож байгаад болиод юм яриад зогсож байхад нэг залуу нь гэнэт миний эрүү хэсэгт цохичихсон чинь би ярьж чадахгүй амнаас цус гараад байхаар нь такси бариад эмнэлэг рүү очиж эмчид үзүүлэхэд рентген зураг аваад ар гэрээсээ хүн дууд гэж хэлсэн. Маргааш нь томографт үзүүлэхэд яаралтай Улаанбаатар хотод очиж үзүүлэх шаардлагатай гээд Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод очоод Улсын нэгдүгээр эмнэлэгт 2024 оны 03 дугаар сарын 22-нд очиж үзүүлээд эрүүний яс хоёр хугаралтай байна гээд хагалгаанд орж 4 хадаас тавиулаад 2024 оны 03 дугаар сарын 29-нд эмнэлгээс гарахад 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр үзүүлж оёдлоо авхуулаарай гэхээр нь тухайн өдөр очиж оёдлоо авхуулах гэхэд оёдол авах болоогүй байна 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ирж үзүүлээрэй гэж хэлсэн... Тухайн Б гэх залуу надад учруулсан хохирлоос барагдуулсан зүйл байхгүй. Миний эрүү хугараад Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэсэн. Нийт зардал 755,000 төгрөгийн зардал гарсан. Тухайн зардал болох 755,000 төгрөгийг нэхэмжлэх хүсэлтэй байгаа. Ядарсан дээр нь нэмж хохирол нэхэмжлэх шаардлагагүй гэж бодож байна.” /хавтаст хэргийн 16-19, 27-30 дахь тал/

Гэрч Д.Тү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Манай хүүхэд болох О.Ө нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний орой 20 цагийн үед гэрээсээ гарсан. Улмаар 2024 оны 03 дугаар сарын 20-ны 04 цагийн үед нэгдсэн эмнэлгийн хүлээн авахаас таны хүүхэд хүнд зодуулсан эрүүний яс хугарсан байна гэж дуудсан. Дуудсаны дагуу эмнэлгийн хүлээн авахад очиход миний хүү Ө нь уйлсан байдалтай хэвтэж байсан.” /хавтаст хэргийн 24-26 дахь тал/

Шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...таксинд суух гэж байхад нөгөө залуучууд буцаад ирж байсан. Тэр үед залуучуудын хамгийн түрүүнд ирсэн залууг шанаа хэсэгт нь нэг удаа цохисон. Ө гэх залуугийн биед гэмтэл учруулсандаа харамсаж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” /хавтаст хэргийн 40-42 дахь тал/

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 202 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “О.Ө-ын биед зүүн эрүүний сэртэн яс, ооч ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. О.Ө-ын биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. О.Ө-ын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 31-32 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 49 дэх тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 53-58 дахь тал/

Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01/437 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 88 дахь тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЗ/158 дугаартай шүүгчийн захирамж /хавтаст хэргийн 93-96 дахь тал/

Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01/628 дугаартай тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Т.Б-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.  

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.  

Гэм буруугийн талаар.     

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч Т.Б-аас 755,000 төгрөг гаргуулж хохирогч О.Ө-т олгох тухай дүгнэлтийг гаргасан ба хохирогч, иргэний нэхэмжлэгчийн зүгээс хэлэх зүйл байхгүй гэх, шүүгдэгчийн зүгээс би энэ залууд хохирол учруулсандаа гэмшиж байгаа, хохирол төлбөрийг барагдуулна гэх тайлбарыг гаргав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Т.Б нь 2024 оны 03 дугаар сарын 19-ээс 2024 оны 03 дугаар сарын 20-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт О.Ө-тай маргалдаж, түүний эрүү хэсэгт цохиж, түүний биед зүүн эрүүний сэртэн яс, ооч ясны хугарал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.   

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Ө-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 16-19, 27-30 дахь тал/, гэрч Д.Тү-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 24-26 дахь тал/, Өмнөговь аймаг Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 202 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.      

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.   

Шүүгдэгч Т.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Ө-ын эрүүл мэндэд зүүн эрүүний сэртэн яс, ооч ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 202 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/-ээр тогтоогдож байна.       

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Т.Б-ын хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Ө-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.             

Шүүгдэгч Т.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Ө-ын эрүүл мэндэд зүүн эрүүний сэртэн яс, ооч ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Ө нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хандан “...Миний эрүү хугараад Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэсэн, нийт зардал 755,000 төгрөгийн зардал гарсан, тухайн зардал болох 755,000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэж мэдүүлсэн болно.

Шүүхийн шатанд шүүгдэгч Т.Б-ын зүгээс хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Ө-т 500,000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Ө-ын шүүхэд гаргасан хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Б-аас үлдэх 255,000 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Ө-т олгохоор шийдвэрлэв.      

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.         

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Т.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 640 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч төлөөгүй байх тул уг ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас тусад нь эдлүүлэх тухай дүгнэлтийг, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн зүгээс хэлэх зүйл байхгүй гэх, шүүгдэгчийн хувьд нийтэд тустай ажил хийхээр бол өмнөх торгох ялаа хэрхэн биелүүлэх талаар бодогдож байна гэх тайлбарыг тус тус гаргав.    

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин шүүгдэгчийн өмнө хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, ...” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Иймд шүүхээс шүүгдэгч Т.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн өмнө энэ төрлийн гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан гурван төрлийн ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ыг 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.          

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Б-т Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ын цагдан хоригдсон 10 /арав/ хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 80 /ная/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх ялаас хасаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-т хорихоос өөр төрлийн ял оногдуулсантай холбоотойгоор түүнийг суллаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Бусад асуудлаар.

Шүүгдэгч Т.Б хохирогч О.Ө-т 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

Шүүгдэгч Т.Б нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүгдэгчийн зүгээс 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас 200,000 төгрөгийг эгч төлсөн гэх тайлбарыг гаргаж байгаа боловч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01/437 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 88 дахь тал/, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01/628 дугаартай тодорхойлолтоор тус тус үгүйсгэгдсэн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:      

1. Шүүгдэгч Т овгийн Т-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ыг 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Б-т Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ын цагдан хоригдсон 10 /арав/ хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 80 /ная/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх ялаас хассугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-т хорихоос өөр төрлийн ял оногдуулсантай холбоотойгоор түүнийг суллаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Б-аас 255,000 /хоёр зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Ө-т олгосугай.      

8. Шүүгдэгч Т.Б хохирогч О.Ө-т 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.        

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ