Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/88

 

 

2024 оны 06 сарын 07-ны өдөр                             Дугаар 2024/ШЦТ/88                                            ******* сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

  Нарийн бичгийн дарга А.Золзаяа,

             Улсын яллагч Б.Мөнхдөл,

             Шүүгдэгч *******, өмгөөлөгч Б.Оюунтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хөрх их овогт ******* ******* холбогдох 2428000890132 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 3 дугаар баг Арслан хотхоны хойд талын засмал зам дээр ******* ******* улсын дугаартай Toyota Allion T240 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 16.1-д "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө" гэснийг тус тус зөрчин зам тээврийн осол гаргаж явган зорчигч ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Өмнө мэдүүлгээ өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч ******* мэдүүлэгт: "...2024 оны 02 дугаар сарын 01-ний өглөө 07 цаг 30 минутын үед гэрээсээ ажил руугаа явж байхдаа Арслан хотхоны хойд талын замын явган хүний гарцаар зам хөндлөн гарах гэж байх үед ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүгт чиглэлтэй явж байсан чинь саарал өнгийн жижиг тэрэг миний хажуунаас мөргөчихөөд чигээрээ явчихсан. Тэгэхэд нөгөө урсгалаар явсан эмэгтэй жолооч түргэн болон цагдаа дуудсан. Би гарцаар гарахдаа эхний эгнээг гатлаад дараагийн эгнээний дунд хэсэгт алхаж байсан юм. Тэгсэн чинь хажуунаас мөргөчихсөн. Тухайн ослын улмаас 12 дугаар үе нам хугаралтай, баруун өвдөг хэсэгт няцралтай гэж байсан. Надад учирсан нийт зардалд 2.269.450 төгрөгийн зардал гарсан. Надад учруулсан хохирлыг барагдуулсан. Нэхэмжлэх зүйл байхгүй. /хавтаст хэргийн 31-40 дэх тал/

Шүүгдэгч *******ын мэдүүлэгт: 2024 оны 02 сарын 01-ний өглөө 07 цагийн үед босоод хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхөөр явсан. Тухайн үед хүйтэн байсан болохоор машины цонхнууд нэлээд цантай байсан. Тухайн үед хүүхдийн хичээлийн цаг болсон байсан болохоор цангаа бүрэн арилгалгүй сургууль руу хөдөлсөн. Арслан хотхоны хойд засмалаар явж байхад хажуунаас юм ирээд цохьчих шиг болсон. Тэгээд юу болсон юм бол гэж бодоод буцаад ирэхэд хүн мөргөсөн байсан. /хавтаст хэргийн 44 дэх тал/

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 122 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "3.Уранчимэгийн биед нурууны 12-р нугалмын хугарал, баруун тахилзуур ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Уранчимэгийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 3.Уранчимэгийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хавтаст хэргийн 48-50 дахь тал/

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 09 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 16.1-д "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө" гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол болох шалтгаан болсон байна. /хавтаст хэргийн 56-57 дахь тал/

Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 14-18 дахь тал/

Жолоочийн мэдээллийн дэлгэрэнгүй лавлагаа, /хавтаст хэргийн 73 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 41 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 69 дэх тал/

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа хавтаст /хэргийн 74 дэх тал/

Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 76 дахь тал/

Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хавтаст хэргийн 82-87 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

            Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 42 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 96 дахь тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба хүсэлтийг сайн дураар гаргасан, түүнд эрүү, шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх хэргийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.    

Шүүгдэгч *******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.   

Шүүгдэгч *******ын нийгэмд аюултай, гэмт буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 3 дугаар баг Арслан хотхоны хойд талын засмал зам дээр ******* ******* улсын дугаартай Toyota Allion T240 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 16.1-д "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө" гэснийг тус тус зөрчин зам тээврийн осол гаргаж явган зорчигч ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 122 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 48-50 дахь тал/, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 09 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 56-57 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.           

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 122 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 48-50 дахь тал/-ээр тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 16.1-д "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө" гэснийг тус тус зөрчсөн болох нь Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 09 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 56-57 дахь тал/-ээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч З.Уранчимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /хавтаст хэргийн 40 дэх тал/

Хаан банкны депозит дансны хуулга “2.300.000 төгрөгийг шилжүүлсэн баримт” /хавтаст хэргийн 79 дэх тал/, хохирогч, шүүгдэгч нарын тайлбар, мэдүүлэг зэргээр шүүгдэгч ******* нь хохирогч 2.300.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул хохирол төлбөрийн тухайд маргаангүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь хувийн байдлын хувьд оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “Бүртгэгдээгүй” /хавтаст хэргийн 69 дэх тал/, гэснээр, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 72 дахь тал/ жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 73 дахь тал/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 76 дахь тал/ зэргээр тодорхойлогдож байна. 

Шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2-т заасан учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт хийн шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, прокурорын саналыг баталж, шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй  гэж үзэв.

Улсын яллагчийн зүгээс:  Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 240 цаг нийтэд тустай ажил  хийлгэх ял оногдуулах санал, дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасны дагуу прокуророос оногдуулах ял шийтгэлийг хүлээн зөвшөөрсөн байгаа гэх санал, дүгнэлтийг  тус тус гаргав.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөв.

Шүүх эрүүгийн хариуцлагын санал, дүгнэлтийг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээс 3 жил хүртэл хугацаагаар заавал хасахаар хуульчилсан байх тул эрх хасах ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, тус хугацааг ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноор тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.      

 

Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хөрх их овогт ******* Баяржаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч ******* хохирогч, иргэний нэхэмжлэгч 2.300.000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирол төлбөрийн талаар маргаангүй  болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.     

6. Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ