Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 36

 

 

 

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
              Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Н.Цогтбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж Архангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Улам оргих овогт Чоймбийгийн Адилхүүд холбогдох 129/2017/0038/Э/ индекстэй, эрүүгийн 201603000273 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1973 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймаг Цэцэрлэг суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг, 1996 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхээс 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 199 дүгээр зүйлд зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар 1 оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 1 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Улам оргих овгийн Чоймбийгийн Адилхүү, /РД: А073051111/

                       Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ч.Адилхүү нь шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилгоор 2016 оны 05 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сум, Тамир багийн нутаг дэвсгэрт байрлах хөрөө рамны хашаанаас иргэн П.Банзрагчийн 108 ширхэг банзыг машин механизм хэрэглэн хулгайлж, иргэн П.Банзрагчид 275.600 /хоёр зуун далан таван мянга зургаан зуу/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 
ТОДОРХОЙЛОХ нь:

      Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Адилхүүгийн мэдүүлсэн: 2016 оны 05 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Ж.Үүрийнцолмонгийн портер маркийн машиныг гуйж П.Банзрагчийн 68 ширхэг банзыг Б.Батбилэгийн хашаанаас ачаад Ц.Дэлгэрзаяагийн гэрийн гадаа буулгасан. Буцаагаад иргэн П.Банзрагчийн банзыг өгсөн гэв. 
Хохирогч П.Банзрагчийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2016 оны 05 сарын 30-ны өдөр Батбилэг гэдэг хүний рамны хашаанд буулгаад Бат-Өлзий гэдэг залуутай уулзаж гэрийн шал хийлгэнэ гээд 108 ширхэг банзаа тоолоод хүлээлгэж өгсөн. Тэгтэл маргааш нь миний банзыг алга болсон гэж байсан. Тэгтэл Адилхүүг хулгайлсан байна гэж хэлж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 22-24 дүгээр хуудас/
    Гэрч Ц.Дэлгэрзаяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Адилхүүтэй уулзахад надад банз байгаа. Би Батбилэгээс цалингийнхаа оронд банз авах ёстой гэсэн. Тэгээд надад 60 ширхэг банз өгөөд надад өгөх ёстой байсан 60.000 төгрөгийг авсанд тооцоод би 20.000 төгрөг өгөөд авахаар болсон. Тэгээд гарахад Адилхүү, Даваадорж гэдэг залуу бас 1 залуугийн хамт банз буулгаж байсан. Би тэр шөнө Адилхүүд 10.000 төгрөг өгөөд 10.000 төгрөгийг нь өглөө аваарай гээд явуулсан. Тэгтэл маргааш өдөр манай сумын хэсгийн төлөөлөгч над руу залгаад хулгайн банз байна гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 25-26 дугаар хуудас/
    Гэрч Б.Батбилэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2016 оны 05 сарын 30-ны өдөр манай хашаанд лам Банзрагч банз буулгасан гэж Бат-Өлзийгөөс сонссон. Тэгтэл маргааш нь өглөө нь нөгөө банзаа харуулдах гэтэл алга болсон байна гэсэн. Тэгээд цагдаад мэдэгдэж эрж хайгаад Адилхүүг хулгайлаад Заяа гэдэг эмэгтэйд зарсан байхыг нь олсон. Би Адилхүүд цалингийн оронд банз өгнө гэсэн зүйл байхгүй. Адилхүүд цалингийн зөрөө 35.000 төгрөг л өгөөгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/
    Гэрч С.Даваадоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2016 оны 05 сарын 30-аас 31-нд шилжих шөнө би Цэнхэр сумын төвд байх гэртээ унтаж байтал 01 цагийн орчим Адилхүү манайд орж ирээд шалны банз зөөгөөд өгөөч гэсэн. Тэгээд Үүрийнцолмон, Адилхүү бид 3 Үүрийнцолмонгийн портер маркын машинтай Цэнхэр сумын төвд колонкын дээр байдаг Батбилэг гэдэг хүний хөрөө рамны хашаанаас портерийн тэвш хүрэхгүй 2 метрийн урттай банз ачаад Заяа гэдэг эмэгтэйн хашаанд буулгаж өгсөн. Заяа эгч нь маргааш банк онгойхоор 10.000 төгрөг өгнө гэж хэлсэн. Тэгээд Адилхүү тэндээ үлдээд Үүрийнцолмон бид 2 манайд очоод унтсан. Тэгтэл маргааш нь хэсгийн төлөөлөгч ирэхэд хулгайн банз зөөсөн тухайгаа мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/
    Гэрч Ж.Үүрийнцолмонгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Би 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хөдөөнөөс Архангай аймгийн Цэнхэр суманд ирээд Даваадорж ахынд унтаж байтал 1 хүн гаднаас орж ирээд хашаанаас хашааны хооронд банз зөөгөөд өгөөч гэсэн. Цэнхэр сумын төв 1 хашаанд очоод хашааг нь онгойлгож ороод дотроос нь нилээд хэдэн банз ачсан. Даваадорж ах бид 2 ачилцаж өгсөн. Тэгээд Заяа гэдэг айлд очиж хашаан дотор нь нөгөө банзаа буулгасан. Заяа гэдэг эмэгтэй маргааш банз худалдан авсан мөнгөө өгөхөөр болсон. Тэгээд Даваадорж ах бид 2 Даваадорж ахынх руу очоод унтсан. Тэгтэл маргааш нь манай сумын хэсгийн төлөөлөгч ирээд банз хулгайлсан байна гэсэн. Даваадорж ах бид 2 хулгай хийгээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/
    Яллагдагч Ч.Адилхүүгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Уг зүйл анги миний үйлдсэн хэрэгт тохирно. Би 2016 оны 05 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө иргэн П.Банзрагчийн эзэмшлийн 108 ширхэг 2 метр урттай банзыг ганцаараа хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. Нэгэнт тодорхой асуудал болохоор өөр хэргийн талаар нэмж ярих зүйл алга. Би Банзрагчийн банзыг тоо ёсоор нь буцаагаад өгчихсөн, би хохирлоо барагдуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 114-116 дугаар хуудас/
    Эд хөрөнгийн үнэлгээчин А.Бямбажавын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 45 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 101 дүгээр хуудас/
    Шүүгдэгч Ч.Адилхүүгийн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38 дугаар хуудас/
    Ч.Адилхүүгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 41-42 дугаар хуудас/ зэргийг тус тус шинжлэн судлав. 
Хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Ч.Адилхүү нь 2016 оны 05 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг дэвсгэрт байрлах хөрөө рамны хашаанаас иргэн П.Банзрагчийн 108 ширхэг банзыг машин механизм хэрэглэн хулгайлж, иргэн П.Банзрагчид 275.600 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч П.Банзрагчийн “...маргааш нь миний банзыг алга болсон гэж байсан. Тэгтэл Адилхүүг хулгайлсан байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Дэлгэрзаяагийн “...Адилхүү, Даваадорж гэдэг залуу бас 1 залуугийн хамт банз буулгаж байсан. Би тэр шөнө Адилхүүд 10.000 төгрөг өгөөд 10.000 төгрөгийг нь өглөө аваарай гээд явуулсан. Тэгтэл маргааш өдөр манай сумын хэсгийн төлөөлөгч над руу залгаад хулгайн банз байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Батбилэгийн “...Би Адилхүүд цалингийн оронд банз өгнө гэсэн зүйл байхгүй. Адилхүүд цалингийн зөрөө 35.000 төгрөг л өгөөгүй байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Даваадоржийн “...Цэнхэр сумын төвд колонкын дээр байдаг Батбилэг гэдэг хүний хөрөө рамны хашаанаас портерийн тэвш хүрэхгүй 2 метрийн урттай банз ачаад Заяа гэдэг эмэгтэйн хашаанд буулгаж өгсөн. Тэгтэл маргааш нь хэсгийн төлөөлөгч ирэхэд хулгайн банз зөөсөн тухайгаа мэдсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Үүрийнцолмонгийн “...Цэнхэр сумын төвд 1 хашаанд очоод хаалгыг нь онгойлгож ороод дотроос нь нилээд хэдэн банз ачсан. Даваадорж ах бид 2 ачилцаж өгсөн. Тэгээд Заяа гэдэг айлд очиж хашаан дотор нь нөгөө банзаа буулгасан, маргааш нь манай сумын хэсгийн төлөөлөгч ирээд банз хулгайлсан байна гэсэн. Даваадорж ах бид 2 хулгай хийгээгүй...” гэх мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээчин А.Бямбажавын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 45 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 101 дүгээр хуудас/ нотлох баримтын эх сурвалжийг баталсан шүүгдэгч Ч.Адилхүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч Ч.Адилхүү нь машин механизм хэрэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Ч.Адилхүүгийн гэмт үйлдлийн улмаас хохирогч П.Банзрагчид учирсан хохирол төлбөр бүрэн төлөгдсөн, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн Ж.Үүрийнцолмонгийн өмчлөлийн 55-79 АРХ улсын дугаартай портер маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг Ж.Үүрийнцолмонд буцаан олгож, шүүгдэгч Ч.Адилхүүгээс портер маркийн автомашины үнэ болох 3.500.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна. 


Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.Адилхүүг машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Ч.Адилхүүг эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй. 
3. Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Ч.Адилхүүд оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчилж эдлүүлсүгэй. 
4. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ч.Адилхүүгийн цагдан хоригдсон 27 хоногийг түүний баривчлах ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 
5. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Ч.Адилхүүгийн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн автомашины үнэ 3.500.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, битүүмжилсэн 55-79 АРХ улсын дугаартай портер маркийн автомашиныг эзэмшигч Ж.Үүрийнцолмонд буцаан олгосугай.
7. Шүүгдэгч Ч.Адилхүү нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай. 
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Адилхүүд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй. 
9. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.


                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Р.АЛТАНЦЭЦЭГ