Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар   109/ШШ2021/0039

 

 

 

 

 

 

                                         109/ШШ2021/0039

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Д.Б

Хариуцагч: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, тус хэлтсийн улсын байцаагч Д.Г, улсын байцаагч Д.Т нар

            Нэхэмжлэлийн шаардлага: Д.Б-гийн өндөр насны тэтгэврийг зогсоосон Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 82 дугаар актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М /онлайн/, хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Т /Д.Г/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд  гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь 1973 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хүртэл Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны авто тээврийн баазад засварчин, 1975 оноос цэрэгт яваад, 1979 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд Цагаан нуур бригадад тракторын жолоочоор ажилласан архивын баримт байсан. Ингээд шүүхээр ажилласан жилээ тогтоолгосон. Гэтэл Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Д.Б-гийн өндөр насны тэтгэвэр зогсоогдсон бөгөөд 2020 оны 12 дугаар сараас хойш авч чадаагүй байгаа, мөн Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 82 дугаартай акт нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна. Д.Б нь 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 1083 дугаар шийдвэрээр өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгосон бөгөөд уг шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Иймд иргэн Д.Б-гийн өндөр насны тэтгэврийг зогсоосон Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 82 дугаар актыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 1083 дугаар шийдвэрийг гаргахдаа иргэн Д.Б-гийн хөдөлмөрийн дэвтэр, тракторч машинчин хөдөлмөрийн дэвтрийн анхааруулах талон, адистатчилалын үнэмлэх, үйлдвэрчний эвлэлийн бат илэрхийлэх зэрэг баримтыг шүүх үзээд1973 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хүртэл Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны авто тээврийн баазад засварчин, 1979 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд Цагаан нуур бригадад тракторын жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосон байдаг. Тракторын жолоочоор тогтоосон энэ нөхцөл байдал нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 77 дугаартай Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун зэрэг хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын 15 дугаарт тракторчин гэж байгаа. Ингээд хүнд нөхцөлөөр тэтгэвэрт орсон хүн байгаа. Ингэж Монгол Улсын шүүхээр эрх зүйн ач холбогдол бүхий нөхцөл байдлаа тогтоолгосон байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Д.Б нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 1083 дугаартай шүүхийн шийдвэрт 1973 оны 5 дугаар сарын  27-ны өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны авто тээврийн баазад засварчин, 1979 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн Цагаан нуур бригадад тракторын жолоочоор ажиллаж байснаар тогтоолгож, 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. 2013 онд Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу бүрдүүлж өгсөн 1980 оны 5 дугаар сарын 27-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт 1980 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Нийтийн аж ахуй үйлчилгээний яамны харьяа авто тээврийн баазад засварчин /лантуучин/-аар, 1984 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Авто жолоочийн мэргэжил эзэмших болсон учир ажлаас чөлөөлж авто сургуулийн мэдэлд шилжүүлэв, 1984 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ББМҮЯамны сургалтын комбинатын хийн дугуйн краны ангид элсүүлэв, 1985 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр сургуулиа төгссөн учир Архангай аймгийн БУК-ын боловсон хүчний мэдэлд шилжүүлэв, 1985 оны 8 дугаар сарын 1-ний өдөр нэгдэлд тракторын жолоочоор авч ажиллуулав гэсэн материалууд хоорондоо зөрсөн.

Иймд Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 32/05 тоот актын үндэслэн 01 тоот мэдэгдлээр өндөр насны тэтгэврийг зогсоож, тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай акт тогтоосон гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Г, Д.Т нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Д.Б-гийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хариу тайлбарыг хүргүүлж байна. Учир нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан 2020 он 11 дүгээр сарын 6-ны өдрийн удирдамжийн дагуу тус газрын Хяналт шалгалтын газраас төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалт хийгдэж байх хугацаанд Д.Б нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 1083 дугаартай шүүхийн шийдвэрт 1973 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны авто тээврийн баазад засварчин, 1979 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн Цагаан нуур бригадад тракторын жолоочоор ажиллаж байснаар тогтоолгож, 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон.

2013 онд Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу бүрдүүлж өгсөн 1980 оны 5 дугаар сарын 27-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт 1980 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Нийтийн аж ахуй үйлчилгээний яамны харьяа авто тээврийн баазад засварчин /лантуучин/-аар, 1984 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Авто жолоочийн мэргэжил эзэмших болсон учир ажлаас чөлөөлж авто сургуулийн мэдэлд шилжүүлэв, 1984 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ББМҮЯамны сургалтын комбинатын хийн дугуйн краны ангид элсүүлэв, 1985 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр сургуулиа төгссөн учир Архангай аймгийн БУК-ын боловсон хүчний мэдэлд шилжүүлэв, 1985 оны 8 дугаар сарын 1-ний өдөр нэгдэлд тракторын жолоочоор авч ажиллуулав гэсэн байхад 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 1083 дугаартай шийдвэрээр 1973 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны авто тээврийн баазад засварчин, 1979 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн Цагаан нуур бригадад тракторын жолоочоор ажиллаж байснаар Д.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нь худал мэдүүлэн тогтоолгож хүнд нөхцөлөөр ажилласан жилийг урагшлуулж гаргасан байх тул 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс тэтгэврийг түр зогсоосон.

2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Д.Б-гийн бие төлөөлөгч Ц.Э-тай уулзахад “Би Улаанбаатар хотод шүүхийн шийдвэр гаргасан”, Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу материал бүрдүүлж өгөхдөө Д.Б хөдөлмөрийн дэвтэр канондаж өгсөн байна,  таны гаргасан шүүхийн шийдвэртэй зөрж байна гэхэд тийм байна гэсэн, мөн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Д.Б-тай Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалтын дагуу иргэнтэй уулзан “Уулзалтын тэмдэглэл” хөтөлсөн. Тэмдэглэлд “Хаана ямар ажил хийж байсан талаар асуухад Тариат суманд байж байгаад хотод хэдэн сар ажилласан, НАА-д слесерь хийж байсан, тэгээд барилга трестийн курст 1983-1984 оны хавар сурч төгссөн, Архангай аймгийн ялалт нэгдэлд 1985-1990 он хүртэл тракторын жолооч хийж байсан” гэсэн. Д.Б нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.3 дахь заалтыг зөрчиж тэтгэвэр тогтоолгон авч байсан тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн хуурамч баримт бүрдүүлэн үндэслэлгүйгээр тэтгэвэр тогтоолгон авсан 60 нас хүртэлх хугацааны нийт 5,8 сая төгрөгийг буцаан төлүүлэх улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 82 тоот актыг тогтоосон. Уг актыг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Д.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э-гаас Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Г, Д.Т нарт холбогдуулан “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 82 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Иргэн Д.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 0555 дугаартай итгэмжлэлээр Б овогт Ц-гийн Э-д тус хэрэгт нэхэмжлэгчийг бүрэн төлөөлөх итгэмжлэл олгосон байна.[1]

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа “Д.Б-гийн өндөр насны тэтгэврийг зогсоосон Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” гэж нэмэгдүүлсэн болно.

Иймд шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Иргэн Д.Б-гийн өндөр насны тэтгэврийг зогсоосон Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 82 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэг авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч Д.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Учир нь:

Нэг. Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд:

Иргэн Б овогт Д-гийн Б нь 1957 оны 3 дугаар сарын 6-ны өдөр төрсөн, 61 нас 7 сартай эрэгтэй байна.[2]

Нэхэмжлэгч Д.Б нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 1083 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасны дагуу 1973 оны 5 дугаар сарын  27-ны өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны авто тээврийн баазад засварчин, 1979 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн Цагаан нуур бригадад тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэжээ.[3] Энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

Улмаар 2015 оны 3 дугаар 13-ны өдөр 57 насандаа хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна.[4]

2020 оны 11 дүгээр сард Нийгмийн даатгалын ерөнхий газраас Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст дотоод хяналт шалгалт хийж, тус газрын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 32/05 дугаар актаар Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хаяглан хуурамч баримт бүрдүүлэн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий 51 иргэний тэтгэвэр олголтыг 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоохыг үүрэг болгож, тэтгэврийн программд зогсоох хөдөлгөөнөөр бүртгэхийг даалгаж Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, холбогдох байцаагч нар зөвшөөрч гарын үсэг зурсан байна.[5]

 Улмаар Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс иргэн Д.Б-гийн өндөр насны тэтгэврийг зогсоож /программд бүртгэж/, 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр албан бичгээр тэтгэвэр зогсоох талаар мэдэгдэл[6] хүргүүлж, тус хэлтсийн байцаагч нар 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 82 дугаартай актаар иргэн Д.Б-гаар 5.848.355 төгрөг нөхөн төлүүлэхээр тогтоожээ.

Дээрх Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 32/05 дугаар акт нь тухайн байгууллагын дотоод хяналт шалгалтын хүрээнд харьяалах дээд шатны байгууллага /албан тушаалтан/-аас Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хаяглан гаргасан акт байх бөгөөд нэхэмжлэгч Д.Б-гийн өндөр насны тэтгэврийг зогсоох үйлдэл хийхийг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс мэдэгдэж, улмаар энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэхийг үүрэг болгожээ. Мөн хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар дээрх актын хавсралтад дурдсан Д.Б-д холбогдох хэсэгтэй маргаагүй, уг акт нь иргэн Д.Б-д тухайлан чиглээгүй, түүнд хууль зүйн үр дагавар шууд үүсгээгүй байна.

Хариуцагч /итгэмжлэгдсэн төлөөлөгч/ Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Г шүүх хуралдаанд: “ ... манай байгууллага иргэн Д.Б-гийн тэтгэврийг зогсоосон ...” гэх тайлбар гаргасан бөгөөд /анх/ иргэн Д.Б-д өндөр насны тэтгэвэр тогтоож, олголт хийсний хувьд Нийгмийн даатгалын хэлтэс иргэний өндөр насны тэтгэврийг зогсоох, үргэлжлүүлэн олох эсэхийг шийдвэрлэх эрх хэмжээтэй байна.

Нөгөөтээгүүр иргэн Д.Б-гийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үндэслэл, маргаан бүхий Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 82 дугаартай актын үндэслэл нь ижил, нэг үндэслэлийг дурдсан бөгөөд тухайн иргэний тэтгэврийг зогсоох, түүнтэй холбоотой ажиллагааг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс хийж гүйцэтгэжээ. Иймд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Ийнхүү иргэн Д.Б-гаас өндөр насны тэтгэврийг зогсоосон, илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай акт тогтоосны улмаас Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, тус хэлтсийн улсын байцаагч нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэжээ.

Нэг. Д.Б-гийн өндөр насны тэтгэврийг зогсоосон Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах шаардлагын тухайд:

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5 дахь хэсгийн “5/өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1. дэх хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 1. дэх хэсэгт “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана.” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч  Д.Б-гийн хувьд нийгмийн даатгалын шимтгэлийг нийтдээ 23 жил 2 сар 30 өдөр төлсөн болох нь хэрэгт авагдсан  баримтаар тогтоогдож байна. Тодруулбал, 1973 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Нийтийн аж ахуй үйлчилгээний яамны авто тээврийн баазад засварчин, 1979 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1993 оны 12 дугаар арын 30-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн Цагаан нуур бригадад тракторын жолоочоор ажиллаж байсныг тогтоосон шүүхийн шийдвэрээр 16 жил, 2 сар, 28 өдөр,  1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2001 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ажилласан жил нөхөн тооцох тухай хуулийн хүрээнд 7 жил, 2 өдөр болж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3-т зааснаар хүнд нөхцөлөөр тэтгэвэр авах болзол, шаардлагыг хангаж өндөр насны тэтгэвэр авах эрх хуулийн дагуу үүссэн байна гэж үзлээ.

Улмаар 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгон олгож авч байтал Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэврийг зогсоох тухай мэдэгдэл хүргүүлсэн байна.[7]

Хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс иргэн Д.Бгийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үндэслэлээ “ ... Д.Б нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 1083 дугаартай шүүхийн шийдвэрт 1973 оны 5 дугаар сарын  27-ны өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны авто тээврийн баазад засварчин, 1979 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн Цагаан нуур бригадад тракторын жолоочоор ажиллаж байснаар тогтоолгосон байна. Харин 2013 онд Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу бүрдүүлж өгсөн 1980 оны 5 дугаар сарын 27-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт 1980 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Нийтийн аж ахуй үйлчилгээний яамны харьяа авто тээврийн баазад засварчин /лантуучин/-аар, 1984 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Авто жолоочийн мэргэжил эзэмших болсон учир ажлаас чөлөөлж авто сургуулийн мэдэлд шилжүүлэв, 1984 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ББМҮЯамны сургалтын комбинатын хийн дугуйн краны ангид элсүүлэв, 1985 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр сургуулиа төгссөн учир Архангай аймгийн БУК-ын боловсон хүчний мэдэлд шилжүүлэв, 1985 оны 8 дугаар сарын 1-ний өдөр нэгдэлд тракторын жолоочоор авч ажиллуулав гэсэн байна. Иймд шүүхээр тогтоолгосон ажилласан жил нь зөрсөн бөгөөд хуурамч бичиг баримт бүрдүүлэн, худал мэдүүлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ...” гэх тайлбар гаргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2. дахь хэсэг Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно: 135.2.6.-т “хүний ажиллаж байсан байдал” гэж заасан. Энэ дагуу нэхэмжлэгч  Д.Б нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 1083 дугаар шийдвэрээр 1973 оны 5 дугаар сарын 27-ний өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Нийтийн аж ахуй үйлчилгээний яамны авто тээврийн баазад засварчин, 1979 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1993 оны 12 дугаар арын 30-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн Цагаан нуур бригадад тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгожээ.[8] Уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон нь хэрэгт авагдсан иргэн Д.Б-гийн нэхэмжлэлтэй Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 1083 дугаар шийдвэртэй иргэний хэрэгт авагдсан материалаар тогтоогдож байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1. дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.”; Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4. дэх хэсэгт “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй, 110 дугаар зүйлийн 110.2. дахь хэсэгт “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, ... шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж тус тус заасан.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 1083 дугаартай хүчин төгөлдөр шийдвэрээр иргэн Д.Б-гийн ажиллаж байсан байдал нэгэнт тогтоогдсон бөгөөд, уг захиргааны хэрэгт хариуцагчаас гаргасан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар түүний бичилт нь дээрх шүүхийн шийдвэрээр тогтоосон үйл баримттай зөрсөн гэх үндэслэлээр энэ хэрэгт холбогдуулж шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 1083 дугаартай шүүхийн шийдвэрээр тогтоосон ажилласан жил нь 2013 онд Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ажилласан жил нөхөн тооцуулахдаа өгсөн хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй зөрсөн байна гэх боловч иргэний хэргийн талаар гаргасан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт үнэлэгдэн тогтоогдсон энэ хэрэгт холбоотой дээрх үйл баримтыг захиргааны уг хэргийг шийдвэрлэхэд нотлогдсон гэж тооцно.

Түүнчлэн хариуцагчийн маргаж буй хавтас хэрэгт ирүүлсэн иргэн Д.Б-гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар[9] гэх баримт нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст эх хувь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хэлбэрээр хадгалагдаагүй, хуулбарыг өгсөн гэх бөгөөд уг асуудлыг тухайн үед шалгаж тогтоогоогүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмын дагуу аливаа захиргааны байгууллага нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт[10] гаргах замаар иргэн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, субъектив эрхэд халдах тохиолдолд үндэслэл нь бодитой, хууль зүйн хувьд үндэслэл бүхий байхыг шаарддаг.

Нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн акт гаргаж буй тохиолдолд маргаан бүхий актын үндэслэл болж буй нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоох нь хариуцагч захиргааны байгууллагын үүрэг юм. Гэтэл нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоосон үйл баримтыг үгүйсгэж тайлбарлаж буй нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, шийдвэр нь бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй  байна.

Тус шүүх Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээр нэгэнт тогтоосон үйл баримтыг дахин шалгах, үнэлэлт өгөх боломжгүй, хэргийн оролцогч хэн аль нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй байхад шүүхийн шийдвэрээр тогтоосон үйл баримттай маргаж иргэн Д.Б-гийн өндөр насны тэтгэврийг зогсоосон нь хууль бус болжээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр иргэн Д.Б-гийн өндөр насны тэтгэврийг зогсоосон Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлдэл хууль бус байх тул, иргэн Д.Бд өндөр насны тэтгэвэр зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах үндэслэлтэй байна.

Хоёр. Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 82 дугаар актыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 82 дугаартай актаар[11] Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 6/301 дүгээр албан бичгийг үндэслэн иргэн Д.Б-гаар илүү тогтоолгон авсан нийт 5.848.355 /таван сая найман зуун дөчин найман мянга гурван зуун тавин тав/ төгрөгийг төлж барагдуулахаар тогтоожээ. Нэхэмжлэгч Д.Б нь актаар тогтоосон төлбөрийг эс зөвшөөрч, төлж барагдуулаагүй байна.

Дээрх маргаан бүхий 82 дугаартай “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” актыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.3 дахь заалтыг зөрчиж хуурамч бичиг баримт бүрдүүлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон гэж  үзэн мөн хуулийн 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 1. дэх хэсгийн 1/-д заасныг үндэслэн маргаж буй боловч тэтгэвэр авагчийн хууль болон журмын дагуу бүрдүүлж  өгсөн ямар баримтыг хуурамч гэж үзэж байгаа, түүнийг хуурамч болохыг хэрхэн, яаж тогтоосон талаарх баримт байхгүй байх бөгөөд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн дээрх актын үндэслэлд “... худал мэдүүлэн шүүхийн шийдвэр гаргуулан хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон” гэж үзэн иргэнийг буруутгаж өмнө олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж буй нь үндэслэлгүй байна.

Учир нь, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж зааснаар урьд авсан тэтгэврийг нөхөн төлүүлэхээр захиргааны актыг гаргахдаа захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, үнэлэх үүргийг бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүй байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан зарчмын дагуу аливаа захиргааны байгууллага, албан тушаалтан нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах замаар иргэн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, субъектив эрхэд халдах тохиолдолд үндэслэл нь бодитой, хууль зүйн үндэслэл бүхий байхыг шаарддаг. Аливаа иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн акт гаргаж буй тохиолдолд маргаан бүхий актын үндэслэл болж буй нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоох нь захиргааны байгууллагын үүрэг юм. Гэтэл маргаан бүхий энэ тохиолдолд, нэхэмжлэгч Д.Б-гийн өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо бүрдүүлэн өгсөн аль баримтыг “жинхэнэ бодитой биш, дуураймал, хуурамч” бичиг баримт гэж үзэж буй үндэслэл нь бодитой бус, хэрхэн яаж тогтоосон нь тодорхойгүй, шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоосон үйл баримтыг үгүйсгэж тайлбарлаж буй зэрэг нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, шийдвэр нь бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэгэнт тухайн иргэний ажилласан жилийг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хэргийн материал, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хадгалагдаж байхад өөр бусад /нотлох баримтын шаардлага хангаагүй хөдөлмөрийн дэвтэр/ баримтыг үндэслэн тухайн иргэнийг худал мэдүүлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлэн шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр ажилласан жилийг үгүйсгэх буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон эрх зүйн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг үгүйсгэсэн нь хууль бус байна.

Түүнчлэн энэхүү шүүхийн шийдвэрийн өмнөх хэсэгт хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн иргэн Д.Б-гийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, түүний өндөр насны тэтгэвэр зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах нь зүйтэй гэж дүгнэсэн.

Нэгэнт шүүхээс иргэн Д.Б-гийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус гэж үзсэн тул уг хууль бус үйлдэл түүний үндэслэлд дурдсан үйл баримтыг үндэслэн гаргасан Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 82 дугаар акт нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Д.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Д.Б-гийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 82 дугаар актыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1., Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3/, 26 дугаар зүйлийн 1., 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1/, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.Бгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, иргэн Д.Б-гийн өндөр насны тэтгэврийг зогсоосон Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 82 дугаар актыг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2,  114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ТҮВШИНТУЛГА

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 144 дэх тал

[2] Хавтаст хэргийн 7 дахь тал

[3] Хавтаст хэргийн 130-132 дахь тал

[4] Хавтаст хэргийн 51 дэх тал

[5] Хавтаст хэргийн 44-46 дахь тал

[6] Хавтаст хэргийн 156 дахь тал

[7]

[8] Хавтаст хэргийн ....дахь тал

[9] Хавтаст хэргийн 60-61 дэх тал

[10] Захиргааны ерөнхий хуулийн 37.1.Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно. 37.2.Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.

[11] Хавтаст хэргийн 8 дахь тал