Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2060

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Сгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/01728 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Н.Тт холбогдуулан зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, орон сууцны барьцааны бүртгэлийг хүчингүй болгон бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт даалгах тухай,

Н.Т нь нэхэмжлэгчид холбогдуулж гэрээний үүрэгт 49 600 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аав маань өөрийн танил Ц.Цэдэнд мөнгө зээлж туслаач гэж надаас хүссэн учир би өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ажилчдын 308/4 дүгээр байр, 29 тоот орон сууцаа барьцаалан зээл авахаар 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Б.Цэдэнгийн танил Н.Т гэх хүнтэй Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ байгуулсан боловч Н.Т нь гэрээнд зааснаар надад мөнгийг шилжүүлж өгөөгүй болно. Тодруулбал, энэ хүнтэй гэрээ байгуулах ёстой гэж Ц.Цэдэн нь Н.Тыг олж өгсөн бөгөөд би Н.Тыг мэдэхгүй, танихгүй болно. Гэрээ байгуулагдсаны дараа Н.Т надад мөнгийг өгнө гэсэн боловч өнөөдрийг болтол өгөөгүй, шууд Ц.Цэдэнд өгсөн гэж тайлбарладаг бөгөөд надад мэдэгдэлгүй барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Ингээд асуудал шийдвэрлэгдэхгүй байсаар байтал нэг өдөр намайг Цагдаагийн газраас дуудаж байцаалт авч, Ц.Цэдэн нь бусдыг залилан мэхэлсэн гэмт хэрэгт шалгагдаж байгаа тухай хэлсэн. Улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 237 дугаартай шийтгэх тогтоол гарч Ц.Цэдэнг гэм буруутай гэж үзэн хариуцлага хүлээлгэсэн гэсэн. Гэтэл Н.Т нь надад өгөөгүй мөнгөө өөрт нь буцаан өгөөд байраа ав гэх мэтээр надаас шаардаж эхэлсэн. Улсын бүртгэлд барьцааны гэрээ бүртгүүлснийг би мэдээгүй, мэдсэн даруйд шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Н.Т нь олдохгүй байсаар эрэн сурвалжлагдаж олдсон. Иймд миний бие Н.Ттай аливаа гэрээний харилцаанд ороогүй, тэр тусмаа зээл авч, мөнгөө хүлээн аваагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т заасны дагуу түүнтэй байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр үүссэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204011213 дугаартай Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ажилчдын 308/4 дүгээр байр, 29 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлийг хүчингүй болгон бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Н.Т нь 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Б.С надтай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 32 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн. Нотариатаар батлуулсан зээлийн гэрээнд мөнгийг бэлнээр өгсөн тухай бичиж талууд гарын үсэг зурсан, Б.С надаас зээлсэн мөнгөө бусдад зээлүүлсэн тухай бичсэн нь үүнийг нотолно. Зээлийн гэрээний барьцаа болгож Б.С өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны ШШГЕГ-ын ажилчдын 308/4 байрны 29 тоот орон сууцыг барьцааны гэрээ байгуулсан. Дээрх 32 000 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээлж, зээлсэн мөнгөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг 20 хоногийн дараагаас эхлэн захиран зарцуулах эрхийг зээлдүүлэгчид олгосон. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш тухай бүрд Б.Сд хандан өрөө төлөхийг шаардсан боловч маргааш, нөгөөдөр өгнө, ажил удахгүй бүтэхээр өгнө гээд хойшлуулдаг байсан. Сүүлд нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зээл төлөх хугацаа өгсөн. Б.С нь 2017 он гарснаас хойш утсаа авахаа больж, арга буюу 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр түүний амьдарч байсан гэрийнх нь хаягаар очиход хаалгаа тайлаагүй. Гэтэл намайг эрэн сурвалжлуулж, би түүнийг залилсан мэт бичсэн нь үнэнд нийцэхгүй байна. Иймд Б.Сгээс үндсэн зээл, хүү, алдангид 49.600.000 төгрөгийг гаргуулж, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь надад гэрээнд заасны дагуу 32 000 000 төгрөгийг олгоогүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 56.5, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 281 дугаар зүйлийн 281.1-д заасныг баримтлан Н.Т, Б.С нарын хооронд байгуулагдсан 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, барьцааны зүйл болох Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, ШШГЕГ-ын ажилчдын 308/4 дүгээр байрны 29 тоот, 46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны барьцааны бүртгэлийг хүчингүй болгож бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 77 дугаар зүйлийн 77.1, 82 дугаар зүйлийн 82.1, 175 дугаар зүйлийн 175.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан гэрээний үүрэгт 49 600 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хариуцагч Н.Тын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Сгээс 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 706 100 төгрөгийг, хариуцагч Н.Таас 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 405 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Б.С нь хариуцагчтай 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, мөн өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалсан гэрээ байгуулсан. Гэвч Н.Т зээлийг бодитоор олгосон болохоо баримтаар нотлоогүй, зээл болон хүүг огт шаардаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлдүүлэгч гэх Н.Тыг эрэн сурвалжлуулж олсон, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд Б.Цэдэн гэдэг хүнд зээлийг өгсөн тухай тайлбарласан. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлага баримтаар нотлогдоогүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Тодруулбал, Б.Сд уг гэрээний дагуу зээлийг олгоогүй тул бэлэн мөнгө хүлээж авсан эсвэл дансаар хүлээн авсан баримт огт үйлдэгдэхгүй бөгөөд бодитоор өгөөгүй гэдгийг нотлох шаардлагатай гэж үндэслэлгүй дүгнэсэн. Зээлдэгч гэх Н.Т зээлийг огт нэхэж байгаагүй, түүнд мөнгө зээлүүлсэн санхүүгийн баримтгүй байгаа, өнгөрсөн хугацаанд зээлийг буцаан шаардаагүй, мөнгийг хүлээлгэн өгсөн тухай баримт огт гаргаж өгөөгүй үйл баримтыг шүүх үнэлэлгүйгээр үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Зээлийн мөнгөн хөрөнгийг олгоогүй үйл баримт тогтоогдож байхад шүүх зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.4 дэх хэсэгт зааснаар мөнгөн хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцох ёстой. Гэтэл шилжүүлсэн өгсөн үйл баримт нотлогдохгүй байхад гэрээг нотариатаар гэрчлүүлсэн нь хүчин төгөлдөр гэж үзсэн нь хуулийг буруу тайлбраласан гэж үзнэ.

Шүүх огт олгоогүй зээлийг олгосон мэтээр нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор хөндсөн бөгөөд хариуцагчийг хууль бусаар үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөхцөл бүрдүүлсэн шударга бус шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн улмаас Б.С огт аваагүй зээлийг төлөх, улмаар өөрийн өмчлөлийн орон сууцыг бусдад хууль бусаар алдаж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэсэнд гомдолтой байгаа тул шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ үүргийг гүйцэтгэх хугацаа нь иргэн Б.Цэдэнд мөнгө зээлүүлсэн асуудал болон түүнд холбогдох эрүүгийн хэрэг шийдвэрлэсэн хугацаанаас болж хойшлогдсонд дүгнэлт өгөөгүй. Хариуцагч нэхэмжлэгчийг танихгүй бөгөөд анх Б.С нь аавынхаа хүсэлтийн дагуу Б.Цэдэнд мөнгө зээлүүлэхийн тулд барьцаа хөрөнгө тавьж бэлэн мөнгө зээлж авах хүсэлт гаргасан үеэс эхлэн эрх зүйн харилцаа үүссэн. Тэрээр зээлсэн мөнгөө аавынхаа гуйсны дагуу Б.Цэдэнд зээлүүлсэн гэдгээ тухайн үед хэлсэн ба мөнгөө нэхэхэд удахгүй өгнө Б.Цэдэнгийн их хэмжээний хөрөнгө оруулалтын мөнгө гадаадаас ороод ирмэгц төлнө гэдэг байсан. Мөнгө нэхсэн үед Б.Сгийн зүгээс тэр мөнгийг би аваагүй Б.Цэдэнгээс аваарай гэж хэлж байгаагүй болно.

Б.С нь энэ үйл баримтыг анх нэхэмжлэлдээ “би Б.Цэдэнгийн асуудлаар цагдаагийн байгууллага дээр 2017 оны 5 дугаар сард очсон, ингээд байраа барьцаанд байгааг мэдсэн” гэж бичсэн. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн болон эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсэх юм. Шүүх хуралдааны явцад талууд мэтгэлцэхдээ “Б.С цагдаагийн байгууллагад дуудагдсан үеэс эхлэн нэг нь зээлсэн мөнгө өгөхгүй, барьцааг хүчингүй болгуулна, нөгөө нь зээлээ төл” гэсэн яриа хэлцэл болсонд дүгнэлт өгөлгүй орхигдуулсан. Иргэний хуульд гэрээгээр үүрэг үүссэн харилцаанаас эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тооцно гэсэн заалт байхгүй байхад шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэл гаргасан Н.Тын хувьд Б.С нь “Б.Цэдэнгийн хэргийн талаар Цагдаагийн байгууллагад дуудагдан очоод, улмаар эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд ял авмагц, зээлүүлсэн мөнгөө олох нөхцөлгүй болж байна гэж ойлгон, зээлийн гэрээний дагуу би мөнгө төлөхгүй, миний барьцааны байрыг өг” гэж нэхсэн үеэс эхлэн эрх нь зөрчигдөж байгааг ойлгож мэдсэн. Дараа нь Б.Стэй уулзах гэж гэрт нь очоод хаалгаа тайлж өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргахаар шийдсэн. Энэ үйл явдал нь хэрэгт авагдсан Б.Мөнхзулд Б.Сгийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргахаар 2017 оны 11 дүгээр сард итгэмжлэл олгосон баримтаар нотлогдоно. Мөн гэрт нь очсоны дараа үеэс эхлэн Б.С нь Н.Тыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Н.Тт холбогдуулан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, орон сууцны барьцааны бүртгэлийг хүчингүй болгож бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт даалгах, хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 49 600 000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардсан сөрөг нэхэмжлэл гаргасныг, талууд харилцан эс зөвшөөрч маргажээ.

 

Б.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа “...энэ хүнтэй гэрээ байгуулах ёстой гэж Ц.Цэдэн нь Н.Тыг олж өгсөн, би Н.Тыг өмнө нь мэдэхгүй, танихгүй. Гэрээ байгуулагдсаны дараа Н.Т надад мөнгийг өгнө гэсэн боловч өнөөдрийг болтол өгөөгүй, шууд Ц.Цэдэнд өгсөн гэж тайлбарладаг бөгөөд надад мэдэгдэлгүй барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдааны явцад дээрх шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ тайлбарлахдаа “Сэргэлэнгийн эцэг Ц.Цэдэнд зээлэх мөнгөө Н.Таас зээлээд авсан байдаг ... Н.Т нь 250 000 ам.долларыг /1хх49/ Ц.Цэдэн гэдэг хүнд зээлдүүлсэн байгаа юм, 30 машинаа өгсөн байгаа, дээрээс нь 32 000 000 төгрөгийг хүний барьцаанд тавиулж зээл авах гэж байсан гэдэг,  ... нотариат дээр өөрөө авсан гэдээ хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан байдаг тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох” гэж маргасан байна.

 

Хэрэгт 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээ авагджээ. /хх24, 25/ Уг гэрээнд заагдсан мөнгөн хөрөнгийг зохигчдын хэн аль нь Ц.Цэдэн гэх хүнээр дамжуулсан гэх агуулгаар тайлбар гаргасан байна. Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг авах, өгөх харилцаанд Ц.Цэдэн гэх хүн оролцсон эсэх, Н.Т нь Ц.Цэдэнд залилуулсан гэх асуудлаар эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдож байсан эсэх үйл баримт уг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ.

 

Нэхэмжлэгч тал дээрх үйл баримттай холбогдуулан 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд “Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл”-ийг нотлох баримтаар гаргаж, үүгээр хариуцагч Н.Т хохирогчоор оролцож байсан нь нотлогдох талаар дурджээ. Гэтэл анхан шатны шүүх уг баримтыг “нотлох баримтын шаардлага хангаагүй” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ. /хх47/ Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг авахаас татгалзах эрх хуулиар олгоогүй байна. Уг баримт нь хуулиар тогтоосон нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах боломжтой байжээ.

 

Хэргийн оролцогчийн хувьд өөрийн боломжит хэмжээнд нотлох баримтыг бүрдүүлж өгөх бөгөөд тухайн баримт нь хуульд заасан шаардлага хангасан эсэхээс хамаарч шүүх түүнийг хэргийн баримтаас хасах, ийнхүү хассан тохиолдолд талууд уг баримтыг шаардлага хангасан байдлаар гаргах эсхүл нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлт гаргах эрхтэй болно.

 

Шүүх дээрх ажиллагааг хийгээгүйн улмаас маргааны үйл баримтад ач холбогдолтой байж болох нотлох баримтыг хэрэгт хавсаргалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх буюу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн эсэх үйл баримтыг тогтоож, улмаар уг харилцаанд холбогдох хөөн хэлэлцэх хугацааг тооцох үндэслэл болох учиртай. Өөрөөр хэлбэл, хэргийн дээрх нөхцөл байдлыг бүрэн тодруулснаар шүүх тухайн маргаанд хамаарах харилцаа, түүнийг зохицуулсан холбогдох хуулийн зүйл, заалтыг оновчтой хэрэглэж хэргийг зөв шийдвэрлэх боломжтой болох юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/01728 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 706 100 төгрөгийг, хариуцагчийн 405 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Г.ДАВААДОРЖ

 

                                                                                    Т.ТУЯА