Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2021/02270

 


 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- тоотод оршин суух, Г овогт Ц-ын Ц-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- тоотод оршин суух, Х овогт О-ийн О-д холбогдох,

түрээсийн гэрээний үүрэг, засварын зардалд нийт 2.390.068 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гэрч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Цнь Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, Санто хотхон 212-р байрны 501 тоотод байрлах, 54,9 м.кв талбай бүхий орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйлчилгээ үзүүлдэг Е ү ХХК-иар зуучлуулан иргэн О-д хөлслүүлж, түрээсийн байрны гэрээг О.О-тэй байгуулсан. Түрээсийн төлбөрийг 1 сарын 850.000 төгрөг, түрээсийн төлбөрийг 3 сараар төлж байхаар тохиролцож, 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцүү хэмжээний төлбөрийг барьцаа болгон түрээслэгчид төлсөн.

Түрээсийн гэрээг 2018-12-12-ны өдрөөс 2019-12-13-нд нэг жилийн хугацаатай байгуулсан, хариуцагч бага насны хүүхэдтэй гээд удаа дараа хойшилж явсаар хариуцагч нь түрээсийн байранд 2020 оны 8-р сар хүртэл амьдарсан. Энэ хугацаанд хариуцагч О-тэй уулзаж байрыг хүлээлгэн өгөх хугацааг тохирсон байсан боловч байрыг хүлээлгэн өгөлгүй нүүсэн байсан. Ингээд зуучлагч Этэй очиж байрыг үзэж шалгахад байрны хаалганы цоож, ханын цаас, гал тогооны тавилга зэрэг эвдрэл гэмтэлтэй болсон байсан тул үүнээс үүдэн байрыг хүлээлгэж өгөлгүй зугатаасан болохыг мэдсэн. О-ийн оршин байгаа хаяг тодорхойгүй байснаар эрэн сурвалжилж олсноор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн түрээсийн гэрээнд зааснаар ашиглалтын болон СӨХ зардал төлөөгүй, түрээсийн сарын төлбөр төлөөгүй байгаа. Иймд түрээсийн дутуу төлбөрт 300.000 төгрөг, 2020-08-12-ны өдрөөс 8-19-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөрт 198.330 төгрөг, түрээсийн гэрээний 6.4-т заасан төлбөрөө хугацаанд төлөөгүйд тооцсон алданги 150.000 төгрөг, СӨХ-н төлбөр 2018-08-12-ны өдрөөс 2020-08-12-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөр 900.000т өгрөг, Юнивишны 2020 оны 07, 8 сарын төлбөрт 132.805 төгрөг, цахилгааны төлөгдөөгүй төлбөрт 605.155 төгрөг, ашиглалтын 2019-12-01-ний өдрөөс 2020-8-31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөрт 473.578 төгрөг, засварын зардал обой цавууны зардалд 168.200 төгрөг, обой наасан ажлын зардалд 100.000 төгрөг, гал тогооны хананд хийгдсэн эмус- 35.000 төгрөг, шкафны нугас засварласан зардал 15.000 төгрөг, үүдний хаалга цоож засварласан 55.000 төгрөг, ажлын хөлс 20.000 төгрөг, засварын дараах цэвэрлэгээний зардал 50.000 төгрөг, нотариат хөлс 7000 төгрөг, нийт 3.210.068 төгрөгийн зардал гарснаас барьцааны төлбөрт байгаа 850.000 төгрөгийг хасаж үлдэгдэл 2.360.068 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ шаардлагын 30.000 төгрөгөөс нь татгалзаж байна гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нь хариуцагч О.О-д холбогдуулан түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр, гэрээгээр тохирсон алданги болон түрээслүүлэн орон сууцны засварын ашиглалтын, сууц өмчлөгчдийн холбооны, нотариатаар баримт баталгаажуулахад гарсан зардал зэрэгт нийт 2.390.068 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан /хх-1-6/ боловч шүүх хуралдаанд 30.000 төгрөгийн хэсгээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 2.360.0698 төгрөг болгож багасгасан /хх-69/.

 

Хариуцагч О.Онь нэхэмжлэлийн хувийг 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гардан авсан /хх-50/ боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2заасны дагуу шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа гаргах үүргээ биелүүлээгүй, мөн шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд 2021 оны 07 дугаар сарын 06, 27-ны өдрүүдэд хүлээн авч мэдсэн /хх-60, 70/ байх боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

 

Иймд мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж, хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцногэж тус тус заасныг үндэслэн хариуцагч О.О-г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй байна.

 

Зохигчдын хооронд 2018 оны 08 дугаар сарын 12д түрээсийн байрны гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч Ц.Цнь Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, Санто хотхон 212-р байрны 501 тоотод байрлах, 54,9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай байрыг хариуцагч О.О-д нэг жилийн хугацаанд түрээслүүлэх, нэг сарын 850.000 төгрөгийн хөлс төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ /хх-12-13/.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан, гэрээний зүйл болох Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, 212-р байрны 501 тоотод байрлах, 54,9 м.кв талбай бүхий орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Ц.Т болох нь тогтоогдсон бөгөөд өөрийгөө бүрэн төлөөлөн, О.О-д холбогдуулан шаардлага гаргах эрхийг 2021-03-19-ний өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч Ц.Ц-д олгосон байх бөгөөд түрээсийн гэрээнд түрээслэгчийг төлөөлөн Ц.Цгарын үсэг зурсан байна.

 

Хэрэгт 2020-08-14-ний өдрийн огноотой “хөлслөгч О.Онь 2020-08-17-ны өдөр байраа хүлээлгэн өгч төлбөр тооцоогоо 8-р сарын 30-ны дотор бүрэн төлж дуусгана” гээд хөлслөгч О.О, хөлслүүлэгч тал Ц, зуучлагч Э.Э гэсэн гарын үсэг бүхий баримт /хх-16/ авагдсан ба хариуцагч О.Обайрыг хүлээлгэн өгөөгүй болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж, хэргийн 17-р талд авагдсан хүлээлцэх акт гэх бичвэрт хариуцагч О.Огарын үсэг зураагүй байна /хх-17/.

 

Мөн нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн Ц.Ц-ийн ариг банкны дансны хуулга /хх-20-23/, Юнивишн үйлчилгээний нэхэмжлэх /хх-29-30/, Эс Жи И Эн ХХК-ийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан /хх-32-35/, Чандмань хүрд ХХК-ийн 212-р байрны 505 тоот нь ус, дулааны төлбөрийн талаарх албан бичиг /хх-37/, төлбөрийн нэхэмжлэх /хх-38-39/ зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичгийн нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй.

 

Харин бичгийн нотлох баримтын хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага хангасан Санто сервис ХХК-ийн ашиглалт үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэх /хх-25/ Ариг банкны дотоодын банк хоорондын гүйлгээ баримтаар Санто сервис ХХК, Юнивишн, Э Ж и Э ХХК, Ч хүрд ХХК-д төлбөр шилжүүлсэн баримтад Аригбанк бүртгэл №1 тэмдэг дарсан баримт эх хувиар /хх-24, 28, 31, 36/  авагдсан, обой цавуу /латин үсгээр/ бичигдсэн 147.000 төгрөгийн баримт /хх-41/, Цээгий-с 4 ш обой гэж бичигдсэн 21.200 төгрөгийн баримт /хх-42/, обой наах 100.000 төгрөг гэж бичигдсэн /хх-43/ баримтуудтай хариуцагч О.Онь 2021-05-18-ны өдөр танилцсан /хх-53/, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020-11-04-ний өдрийн прокурорын 5612 дугаар тогтоолоор ...Ц.Ц, О.Онарын хооронд дахь түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлттэй холбоотой иргэний шинжтэй маргаан... гээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна /хх-44/.

 

Нэхэмжлэгч талын хүсэлтээр оролцсон гэрч Э.Э ...үйлчлүүлэгч Ц.Ц-тэй зуучлалын онцгой эрхийн гэрээ байгуулснаар түүнд Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Хүннүгийн гудамж Санто хотхон 212-р байрны 501 тоотод байрлах 54,9 м.кв талбайтай орон сууцыг түрээслэн суухыг хүнийг олж, түүнтэй гэрээ байгуулахад нь зуучлагчийн хувиар оролцсон, үл хөдлөх хөрөнгийн зуучын хувьд гэрээгээр тохирсоны дагуу 3 сар тутамд байрыг шалгаж, 10 хоногийн өмнө төлбөр төлөх үүргийг мэдэгдэх үүрэг хүлээдэг, О нь байрыг хүлээлгэж өгөөгүй, түүний дүү гэх хүн ирж байрыг хүлээлгэн өгөхөд байлцсан, анх байранд оруулснаас хойш элэгдэл хорогдол нэлээн муудсан, тавилганы хаалга эвдрэлтэй болсон байсан, байрыг хүлээлцэж өгснөөс хойш дахин нэхэмжлэгч Ц-тэй уулзаагүй гэж... мэдүүлсэн.

 

Хөлслөгчийн хариуцлагыг тодорхойлсон Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т “эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх”, 289.1.5-д “гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөхүүрэгтэй гэж заасан ба хариуцагч нь орон сууц хөлслөх гэрээнийн дагуу хөлслөн суусан орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй байх тул уг гэрээний үүргийн биелэлтийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1-д зааснаар талуудын хооронд байгуулсан орон сууц хөлслөх гэрээний хугацаа болон гэрээ нь дуусгавар болсон байна гэж шүүх дүгнэн нэхэмжлэлийн багасгасан 2.360.068 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн урьдчилан 2021-04-09-ний өдөр төлсөн 53.191 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 52.711 төгрөгийг, улсын төсвөөс татгалзсан шаардлагад ногдох 4550 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 288 дугаар зүйлийн 288.2.2,  289 дүгээр зүйлийн 289.1.2, 289.1.5-д заасныг баримтлан хариуцагч Хатгин овогт О-ийн О-с 2.360.068 /хоёр сая гурван зуун жаран мянга жаран найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г овогт Ц-ын Ц-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн 30.000 төгрөгийн шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53.191 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.О-ээс 52.711 /тавин хоёр мянга долоон зуун арван нэгэн/ төгрөгийг, улсын төсвөөс 4550 /дөрвөн мянга таван зуун тавин/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Д.ЯНЖИНДУЛАМ