Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/232

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                                                                         Хэргийн индекс: 166/2024/0193/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,

Улсын яллагч Б.Наранмөнх,

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******,

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2418000000227 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.1.      Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, эмэгтэй, 39 настай, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг Хонгор сумын ******* тоотод оршин суух хаягтай, улсаас гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 540,000 төгрөгөөр торгох ялаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 7,160,400 төгрөгөөр торгох ялаар,

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 603 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 388 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн

 

1.2.Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 27-ны Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын ******* оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1.2-т зааснаар 3           жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан.

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч *******, ******* нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж Дархан-Уул аймгийн Дархан сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах захын орчим 2024 оны 03 дугаар сарын 08-ны согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн ******* эзэмшлийн Хаан банкны виза картыг авч, улмаар 1,050,000 төгрөгийг бэлнээр, 209,100 төгрөгийг бэлэн бусаар эд зүйл худалдан авч, нийт 1,259,100 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэх хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр тал/, хохирогч            ******* мэдүүлэг /хх-ийн 19, 35 дугаар тал/, гэрч мэдүүлэг/хх-ийн 22 дугаар тал/, камерын           бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 23, 40-41 дүгээр тал/, Хаан       банкны 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 5045/24/246 дугаартай албан бичиг /хх-ийн 25 дугаар тал/, Хаан      банкны дугаартай иргэн ******* харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 27 дугаар тал/, Хаан банкны дугаартай дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 29 дүгээр тал/, гэрч мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр тал/,мөрдөн            шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 43 дугаар тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 44 дүгээр тал/,яллагдагч *******ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг/хх-ийн 53-54 дүгээр тал/, яллагдагч *******гийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 60 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

 

1. Үйл баримт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:

 

Шүүгдэгч *******, ******* нар нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 07 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ ” захын орчим, 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн ******* эзэмшлийн Хаан банкны виза картыг авч, нийт 1,259,100 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх үйл баримт тогтоогдлоо.

 

Уг үйл баримт нь:

 

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр тал/,

 

- Хохирогч ******* : “...Би Дархан-Уул аймгийн Дархан сум 10-р баг 5.3 дугаар байрны 00 тоотод ганцаараа амьдардаг хувиараа мужаан сийлбэр хийдэг 2024 оны 03 дугаар сарын 06-нд Хаан банкны Хээтэй хороололд байрлах салбараас Тэтгэврийн зээл 1.500.000 төгрөг авсан мужааны техник хэрэгсэл авах гэж байсан тэгээд гэртээ очиж байж байгаад 2024 оны 03 дугаар сарын 08-нд өглөө Дархан зах дээр явж байгаад нэг танихгүй эмэгтэй тааралдаад танилцаад би нэрийг нь санахгүй байна баяр болж байна надад бэлэг авч өгөөч гэхээр нь би дагуулаад дэлгүүр орж архи, дарс авч өгсөн араас нь хамт явж байгаа бололтой 30-40 орчим насны эрэгтэй бас байсан тэгээд Дархан захын орох гарахын тэнд нөгөө архиа ууцгаасан би согтоод байхаар нь гэр лүүгээ яваад очоод амарсан амралтын өдрүүд дуусаад өчигдөр 2024 оны 03 дугаар сарын 11-ний өглөө дэлгүүр орох гээд банкныхаа картаа хайгаад олоогүй тэгээд Хаан банканд очоод дансны хуулга авч үзэхэд миний хаан банкны дугаарын дансанд байсан 1.000.000 төгрөг алга болчихсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж байна би картаа өмднийхөө халаасанд байсныг сайн санаж байгаа надтай хамт архи уусан хоёр хүн авсан байж магадгүй гэж бодоод байна. Би танихгүй нэг 30-40 орчим насны эмэгтэй байсан хамт явж байсан эрэгтэй нь бас 30-40 орчим насны эрэгтэй хамар нь жаахан муруй байсан санагдаж байна. Би хаан банкны картаа авч явсан өмднийхөө халаасанд хийж явсан. Миний хаан банкны дансны дугаар дугаарын данс, би Дархан сум 7-р багт байрлах нэрийг нь мэдэхгүй нэг дэлгүүрээс архи авахдаа өөрийн хаан банкны картын дугаараа худалдагч охинд хэлж байсан түүнээс биш өөрөөр бол хүнд хэлээгүй. Би тухайн хоёр залуутай нэг 0.5 литрийн савлагаатай Агар нэртэй архи уусан тэгээд согтолт нэлээн ихтэй байсан дахиад би өөрөө картаа гаргаж дэлгүүрээс архи авсан байна. Миний хаан банкны дансанд цалингийн зээл 1.500.000 төгрөг байсан би тэрнээс хэрэгцээгээ хэрэглээд 1.384.000 төгрөг үлдсэн байсан. Тийм асуудал байхгүй би мөнгө төгрөг картаасаа хүнд огт авч өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19, 35 дугаар тал/,

 

- Гэрч : “...Би 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн үед танил болох гэрт очоод гэрээс нь гараад Дархан сум 7-р баг Дархан зах дээр иртэл танил , хоёртой тааралдсан тэр хоёр нэг танихгүй 50-60 орчим насны өвгөн дагуулчихсан байсан тэгтэл эгчээ хоёулаа хамт яваад АТМ оръё эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргээд хэдэн төгрөг өгье гэхээр нь дагаад явтал захын АТМ дээр очоод нэг банкны карт гаргаж ирээд мөнгө аваад байсан тэгтэл удалгүй ирээд яасан гээд “ яасан” гэж асуухад ын карманд мөнгө хийгээд одоо очоод өвгөний хажууд байж бай гэж хэлж байсан удалгүй , дахин картаа АТМ рүү уншуулаад мөнгө авч халаасандаа хийгээд надад 4 ширхэг 20.000 төгрөг гэж 80.000 төгрөг өгөөд за эгчээ сайхан байрлаарай бид хоёр Хонгор сум явж хүүхдүүдээ баярлуулна гэсэн тэгээд би баярлаад салаад явсан. , бид гурваас өөр хүн байгаагүй. Би хэний картаас мөнгө авсныг нь мэдэхгүй намайг ээжээ гэж дуудаад авгайлдаг учраас мөнгө өгч байна гэж бодсон хэдэн төгрөг авсныг нь мэдэхгүй гэхдээ багсаасан 20.000 төгрөгүүд авч байхыг нь бол харсан. Би Дархан зах дээр архи авч уугаад дуусгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/,

 

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 23, 40-41 дүгээр тал/ Хаан банкны 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 5045/24/246 дугаартай албан бичиг /хх-ийн 25 дугаар тал/,

 

- Хаан банкны дугаартай иргэн ******* харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 27 дугаар тал/,

 

- Хаан банкны дугаартай дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 29 дүгээр тал/,

 

- Гэрч : “...Би санаж байна тухайн өдөр олон улсын эмэгтэйчүүдийн баяр болж байсан манай захын энд эхнэртэйгээ архи уугаад яваад байдаг эхнэрийг нь гэдэг нөхрийг нь нэрийг нь мэдэхгүй залуу нэг 60-65 орчим насны өвгөнтэй хамт орж хоёулаа орж ирээд чихэр, печень, ундаа аваад 29,800 төгрөг болтол өвгөн халааснаасаа банкны карт гаргаж ирээд надад өгч пин кодоо хэлээд уншуулсан. Манай дэлгүүр 6 нэрийн дэлгүүр учраас архи согтууруулах ундааны зүйл зардаггүй учраас өөр юм манайхаас аваагүй. Би санаж байна манайхаар орж ирэхдээ гийн нөхөр тэр өвгөн хоёр хоёулаа хамт явж байсан өөр хүн байгаагүй манайхаас яг гарахад нөгөө залуугийн эхнэр нь болох ирээд юу юм гэж хэлээд асуухад нөгөө өвгөн мартын бэлэг гэж хэлээд гараад явцгаасан. Би тухайн залууг нэрийг нь бол хэлж мэдэхгүй манай захын энүүгээр эхнэртэйгээ байнга архи уугаад яваад эхнэрийг нь гэдгээр нь сайн таньж байна. Манайх хяналтын камер байгаа гэхдээ камер нь эвдрээд тухайн үед ажиллахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 43 дугаар тал/,

 

  • Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 44 дүгээр

тал/

 

- Яллагдагч *******ын сэжигтнээр өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 08-ны өглөө 10 цагийн үед эхнэр болох гийн хамт Дархан зах дээр архи уугаад явж байтал 60-65 орчим насны нэг өвгөн намайг зуу татах уу гэхээр нь тэгье гэж хэлтэл дагуулаад Улаан хад нэртэй дэлгүүрт ороод 2 ширхэг улаан дарс, тараг, чипс аваад гарч ирээд манай эхнэр , ах эхнэртэйгээ бид тавуулаа захын ард очиж 2 шил дарсаа уусан тэгээд би муудаад согтчихсон байна лээ цааш нь юу болсныг огт санахгүй байна нэг сэрсэн чинь манай эхнэр намайг дагуулаад шинэ захаас хоёр нүдний шил аваад нэгийг нь өөрөө аваад надад нэг нүдний шил авч өгч байсан тэгээд жаахан гайгүй болоод бид хоёр захаас гурил, будаа, торт, 2 ширхэг дарс аваад Хонгор сум руу таксинд суугаад явсан. Би огт танихгүй тэр өдөр надад архи авч өгөөд манай эхнэр д мартын 8-ны бэлэг гээд дарс архи авч өгөөд байсан. Би манай эхнэр бид хоёрт архи, дарс авч өгөөд байхаар нь мөнгөтэй юм байна гэж бодсон. Тийм асуудал байхгүй бид хоёр ярилцаж тохиролцсон зүйл байхгүй. Манай эхнэр картын пин кодыг нь өөрөө олж мэдсэн юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр тал/,

 

  • Яллагдагч *******гийн сэжигтнээр өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын

07-нд Дархан-Уул аймаг Дархан сум 7-р баг Дархан зах дээр нөхөр болох *******, хуурай эгч нарын хамт захын ард талын орох гарахын тэнд хүмүүстэй архи уучхаад явж байтал нэг танихгүй өвгөн тааралдаад эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргээд надад ганц шил архи авч өгнө гээд Дархан захын дотор байрлах Улаан хад нэртэй дэлгүүр лүү дагуулж ороод нэг шил 0.75 литрийн савлагаатай хараа нэртэй архи, нэг шил Вино, нэг набор ус, ундаа зэрэг тор дүүрэн юм авч өгөөд худалдагчид картаа өгөөд пин кодоо 2929 гэж хэлээд өгсөн тэгээд орох гарахын хойно очоод нөгөө 0.75 литрийн савлагаатай архиа эгч , нөгөө танихгүй өвгөн бид дөрөв хувааж уугаад өвгөн нэлээд согтчихсон байхаар нь дахиад архи уумаар байна гэж өвгөнд хэлтэл өвгөн картаа надад гаргаж өгөөд нэг шил 0.75 литрийн хараа нэртэй архи аваад ир гэж хэлсэн тэгэхээр нь би эгчтэй хамт яваад архи авалгүй шууд АТМ ороод 50.000 төгрөг бэлнээр аваад дансны үлдэгдлийг нь шалгатал 1 сая гаран төгрөг байсан тэгэхээр нь дахиж уншуулаад 300.000 төгрөг авч байтал манай нөхөр ирэхээр нь энэ мөнгийг аваад нөгөө өвгөнийг харж бай гээд 300.000 төгрөгөө өгсөн тэгтэл одоо болохгүй юм уу арай их мөнгө байгаа юм биш үү гэхээр нь чамд хамаагүй очоод харж бай гэж хэлээд дахин картыг нь уншуулаад бэлэн 700.000 төгрөг аваад халаасандаа хийгээд гадаа гараад Ундараа эгчид 80.000 төгрөг өгөөд зах дээрээс 0.           75 литрийн савлагаатай Чанар нэртэй архи эгч бид гурав хувааж уугаад орой ирээд уулзъя гэж хэлээд би Хонгор сум руу ээжийгээ баярлуулна гээд ганцаараа тэд нараас салаад Шинэ зах ороод өөртөө нэг нүдний шил, 25 кг гурил, будаа, есийн тос, хонины нэг гуя зэргийг авч үлдээчхээд тэндээс гараад Дархан дээжис гэсэн нэртэй газраас нэг торт аваад буцаж зах руу орж хоёр ширхэг дарс 50.0       төгрөгөөр авсан тухайн авсан мөнгөө өвгөнөөс авсан картыг уншуулаад яваад байсан. Тэгээд картыг нь мөнгө нь дуусахаар нь хаячихсан. Би огт танихгүй мартын 8 гээд тэр өвгөн өөрөө архи авч өгсөн. Би тухайн өвгөний картыг надад архи дарс авч өгсний дараа өвгөн нэлээд согтчихсон байхаар нь дахиад архи уумаар байна гэж хэлэхэд өөрөө картаа гаргаж өгсөн пин кодыг нь бол дэлгүүр дотор надад архи авч өгөхдөө 2929 гээд худалдагчид хэлж байхад нь цээжилсэн. эгч бид хоёр явсан араас ирсэн тэгээд бид гурав л байсан. Байхгүй үрээд өөрийн хэрэгцээндээ зарцуулаад дуусгасан. Би тухайн картаас авсан бэлэн мөнгөө нөхөр болох од 300.000 төгрөг өгсөн хамт явсан эгчид 80.000 төгрөг өгсөн үлдсэн мөнгөөрөө өөртөө хувцас хунар тэгээд зах дээр архи уудаг хүмүүст архи авч өгөөд хоол унд идээд хэрэгцээндээ зарцуулаад дуусгасан. Өвгөн банкны картаа өгөхдөө пин кодоо хэлээгүй асуухад хэлэхгүй байсан би дэлгүүрт байхад картын кодыг нь мэдэж байсан болохоор шууд аваад явж мөнгийг нь авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60 дугаар тал/  зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

2. Эрх зүйн дүгнэлт:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго, шунахайн сэдэлтэйгээр хүч хэрэглэхгүйгээр эзэмшигчийн эзэмшлээс нууцаар, хууль бусаар авч өөрийн эзэмшилд авч зарцуулах эрх олж авахыг,

Хүч хэрэглэхгүйгээр гэж эзэмшигчийн амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулахгүйгээр халдахыг,

Хууль бусаар авах гэж эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар авч өөрийн мэдэлд шилжүүлэхийг гэж тус тус ойлгоно.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж Дархан-Уул аймаг, Дархан сум, 07 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “” захын орчим 2024 оны 03 дугаар сарын 08-ны согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн ******* эзэмшлийн Хаан банкны виза картыг авч, улмаар 1,050,000 төгрөгийг бэлнээр, 209,100 төгрөгийг бэлэн бусаар эд зүйл худалдан авч, нийт 1,259,100 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж,

3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заасан.

 

Иймд  улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүгдэгч нар нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

  1. Эрүүгийн хариуцлага:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч: “Шүүгдэгч нарыг ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүхээс шүүгдэгч ******* од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлгах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай тооцсон учир эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг харгалзаад эрүүгийн хариуцлага оногдуулах саналтай байна. Шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэрэгт холбогдсон нь гэр бүлийн хүнээс шууд хамааралтай гэж үзэж байна. Шүүгдэгч ******* ын хувьд гэмт хэргийг үйлдэхэд оролцсон оролцоо байгаагүй. Түүний хувийн байдлаас дурдвал зорилтод бүлгийн иргэн. Өмнө нь нэг удаа ял шийтгэл эдэлж байсан хэдий ч хулгайлах төрлийн гэмт хэргийг анх удаа үйлдсэн. Шүүгдэгч ******* од хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой нөхцөл байдлыг харгалзаад оршин суух тодорхой хаягтай байх тул зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******, ******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 70,96/-аар, өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65,73/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь өмнө гэмт хэрэг үйлдэж байсан нь  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, тэдний эрх зүйн байдлыг доордуулах үндэслэл болохгүй ч шүүхээс тэдний хувийн байдлыг тогтооход авч үзэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан шүүгдэгч ******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч ******* од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаатай зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, өөрийн оршин суух хаяг буюу Дархан-Уул аймаг, Хонгор сумын нутаг дэвсгэрээс явахгүй байхаар тогтоож шийдвэрлэв.

 

  1. Хохирол, хор уршиг:

 

Шүүгдэгч *******, ******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д. д 1,259,100 төгрөгийн хохирол учруулсан ба уг хохирлыг төлөөгүй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байх тул шүүгдэгч *******, ******* нараас 1,259,100 төгрөгийг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын , тоотод оршин суух, Д. / /-д олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

  1. Бусад асуудал:

 

Шүүгдэгч *******, ******* нар нь тус бүр 7 хоног цагдан хоригдсон, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч ******* д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч ******* од 9 /ес/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* д оногдуулсан 1 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* д оногдуулсан 9 /ес/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах  ялын бүсийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож, ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгаж, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын тус бүр цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар шүүгдэгч *******, ******* нараас 1,259,100 төгрөгийг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын , тоотод оршин суух, Д. / /-д олгосугай.

 

7. Хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч ******* д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******* од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч ******* д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ГЭРШИХБӨРТЭ