| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0075/Э/Н |
| Дугаар | 2024/ШЦТ/100 |
| Огноо | 2024-05-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Цээрүүгүндүү |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/100
2024/ШЦТ/100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Ж.Ц
Хохирогчийн өмгөөлөгч: Н.Э
Хохирогч: О.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э
Шүүгдэгч: Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бын Аэд холбогдох эрүүгийн 2412000000027 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, аав, дүүгийн хамт Архангай аймгийн ............... түр оршин суух, урьд нь Архангай аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хорих ялаар,
Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 төгрөгөөр торгох ялаар,
Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Бын А/РД:АО................../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны шөнө Архангай аймгийн .......... өөрийн гэртээ хамтран амьдрагч О.Оийг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж, гуя хэсэгт 2 удаа өшиглөж түүний биед хоёр нүдний зовхи, хацар, баруун гуя, шилбэ, зүүн сарвууны цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ............ тоотод хохирогч У.Бтэй маргалдан нүүр буюу хамар руу нь 1 удаа цохисны улмаас түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад бичигдсэн болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Аэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зөрчил тус тус тогтоогдохгүй байна гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон
шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 12 дугаар сарын 28-ны шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ....... хашаанд иргэн О.О нь хамтран амьдрагч Б.Аэд зодуулж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан,
2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ............ тоотод иргэн У.Б нь бусдад зодуулж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.А нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
*Хохирогч О.Оийн өгсөн:
“...2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр эгч О.Цын гэрт очиж шинэ жил тэмдэглэж, 1 шил архийг Б.А, О.Ц, бид нар ууцгаасан. Тэгээд орой нь нөхөр Б.Аийн хамт гэртээ буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр .........байх гэртээ ирсэн. Тэгснээ намайг гар утсаа олоодох гээд над руу дайраад байсан, би гэртээ гар утсыг нь хайгаад олоогүй бөгөөд гар утсаа өөрөө маллахгүй яасан юм гэж хэлсэн чинь гэнэт миний нүүр хэсэг рүү гараараа маш хүчтэй цохиж, зүүн гуя хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд би гэрээсээ гараад зугтаасан. Тухайн үед Б.А миний нүүр хэсэг рүү 2 удаа цохиж, зүүн гуя руу 2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар тал/
*Гэрч Г.Сийн өгсөн:
“...2023 оны 12 дугаар сарын 28-ны орой ажлаа тараад гэр рүүгээ алхаад явж байсан чинь Б.А, О.О, Д.Ч эгч түүний нөхөр Намхай нар архи уучихсан согтуу таарсан. Маргааш өглөө нь О.О, Б.А нар манайд Чадраа эгчийг сурч орж ирсэн. Тэгсэн О.Оийн нүүр хэсэг нь цэл хөх болчихсон байхаар нь нүүрээ яасан юм гэж асуусан чинь урд шөнө А намайг зодчихсон юм гэж хэлэхээр нь Аг чи яахаараа эхнэрээ зоддог юм гэж хэлсэн чинь харин тиймээ ажаа согтуудаа эхнэртээ гар хүрчихсэн байна гээд доошоо хараад дуугаа хураагаад байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-22 дугаар тал/
*Гэрч Д.Чын өгсөн:
“...Өмнөх орой нь буюу 2023 оны 12 дугаар сарын 28-ны орой О.Оийн нүүр царай зүгээр байсан. Хөхөрч, хавдсан зүйл байгаагүй. Шөнө нь О.Оийн нүүрийг хөхрүүлчихсэн байсан. Яагаад эхнэрээ зодож байгаа юм бэ гээд Б.Аээс асуухаар юм хэлэхгүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-26 дугаар тал/
*Гэрч Ө.Нын өгсөн:
“...О.О, Б.А нар манайд ирсэн чинь О.Оийн нүүр, нүд хөхөрчихсөн орж ирэхээр нь манай эхнэр О.От хандаж нүүрээ яасан юм гэсэн чинь Б.А намайг зодчихсон гэж хариулсан. Б.А харин тиймээ согтуудаа эхнэрээ зодчихсон байна гээд доошоо хараад суугаад байсан. Өмнөх орой нь буюу 2023 оны 12 дугаар сарын 28-ны орой Б.Аийн гэрт очиход нүүр хэсэг нь хөхөрч хавдсан зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 29-30 дугаар тал/
*Яллагдагч Б.Аийн өгсөн:
“...Би буруу зүйл хийсэндээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 60-61 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 32 дугаартай“...О.Оийн биед хоёр нүдний зовхи, хацар, баруун гуя, шилбэ, зүүн сарвууны ус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар тал/
*Хохирогч У.Бийн өгсөн:
“...Би 2024 оны 01 дүгээр сарын 30-ны орой дүүгийнхээ гэрээс сүү авах ажлаар явж байсан чинь нутгийн залуу Бадарч, Б.А хоёртой таарсан. Тэгээд Бадарч намайг манай дүүгийн гэрт оръё гээд байсан.Тэр үед Б.А дэлгүүр рүү орчоод гарч ирсэн. Бид гурав Б.Аийн гэрт орсон чинь эхнэр нь болох О.О гэх хүүхэн ганцаараа байсан. Тэгсэн “намайг зайл” гэж хөөгөөд “ямар янхан бэ” гээд байсан. Би гараад явах гэсэн чинь Бадарч намайг гаргахгүй байхаар нь би буцаж очоод суусан чинь Б.А 1 шил архи гаргаж ирсэн. Түүнийг дэлгүүрээс авсан уу, гэрт нь байсан уу мэдэхгүй байна. Тухайн архинаас би ууж байгаад согтоод орон дээр нь хэвтсэн чинь О.О намайг гар утасныхаа кодыг хийгээд өгчих гээд байхаар нь хэлж өгсөн. Тэгээд би орон дээр нь унтсан. Унтаж байгаад сэрээд О.Оээс гар утсаа асуусан чинь “мэдэхгүй, Бадарч та хоёрыг янхандаад байхаар чинь би гараад явсан” гэхээр нь би “яагаад янхан Бог юм” гээд хэрүүл хийгээд О.Оийг хувцаснаас нь зуурсан чинь Б.А уурлаад эхнэрээ хойш түлхээд миний нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Миний хамраас цус гарсан чинь О.О надад нойлын цаас авч ирж өгсөн. Би цусаа арчиж тогтоогоод Бадарчийн утсыг аваад цагдаад “гар утсаа олохгүй байна, хүнд зодуулчихлаа” гэж дуудлага өгсөн чинь цагдаа ирээгүй, би хаягийг нь мэдэхгүй байсан болохоор буруу зааж өгсөн юм шиг байна лээ. Сүүлд орны ар хэсгээр уначихсан байна гэж хэлээд О.О миний гар утсыг авч ирж өгсөн. Эвдэрч гэмтсэн зүйл байхгүй зүгээр байна лээ. Би эмчид үзүүлсэн рентген зураг авхуулсан. Хамар хугарсан байна гэж хэлсэн учраас хамраа янзлуулмаар байна. Толгой өвдөөд байгаа учраас бас үзүүлмээр байна. Нийт өртөг нь хэдэн төгрөг болно түүнийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 6-7 дугаар тал/
*Хохирогч У.Бийн дахин өгсөн:
“...Надад сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгох шаардлага байхгүй. Одоо надад гомдол байхгүй тул хэргийг түргэн шуурхай шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг
*Гэрч О.Оийн өгсөн:
“...2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр би гэртээ ганцаараа гэрээ цэвэрлээд байж байсан чинь орой гаднаас манай нөхөр Б.А зүс таних Бадарч гэх залуу У.Б гэх эмэгтэйтэй хамт архи барьчихсан орж ирсэн. Би гэр цэвэрлэж байсан болохоор “шавхайтай гуталтай орж ирлээ юун танихгүй эмэгтэй хүн дагуулчихсан явж байгаа юм, гэрээс гар” гэж хэлээд уурлаад хөөсөн чинь гарч яваагүй сууцгаасан. Гэтэл Б.А 0.5 литрийн “Их монгол” нэртэй архи гаргаж задлаан хамт ууцгааж байсан чинь Б.А би хүүхдээ авч ирнэ гэж хэлээд гараад явсан. Тэгээд би уур хүрээд тухайн У.Б гэх хүүхнийг “янхан юм уу” гэж хэлээд доромжилсон чинь босож ирээд намайг барьж аваад “миний утсыг аваад ир” гэхээр нь би “аваагүй” гээд хэрүүл хийж байсан чинь Б.А бид хоёрыг салгаад намайг хойш түлхээд тухайн У.Б гэх хүүхний нүүр хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон. Тэгсэн чинь тухайн хүүхний хамраас нь цус гарсан. Би босоод нойтон салфетик авч өгсөн чинь хамрынхаа цусыг арчаад байж байгаад цагдаа дуудна гэж хэлчхээд гараад явсан. Маргааш нь гэрээ цэвэрлэж байгаад орны ард хэсэгт тухайн хүүхний утас байхаар нь цагдаагийн газар ирээд У.Б гэх хүнд хүлээлгэж өгсөн. Надад гэмтсэн зүйл байхгүй тул шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 20-21 дүгээр тал/
*Яллагдагч Б.Аийн өгсөн:
“...Надад зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 31-32 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 71 дугаартай: “...У.Бийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Дээрх гэмтэл тус бүр нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 12-13 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.А нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч О.Оийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед хоёр нүдний зовхи, хацар, баруун гуя, шилбэ, зүүн сарвууны ус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч У.Бийг зодож түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах болон хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Аийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдрагч О.Оийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
хохирогч У.Бийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тусад нь яллах дүгнэлт үйлдэж хоёр хэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгчийн захирамжаар түүнд холбогдох хэргүүдийг нэгтгэсэн.
Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж нэмж нэгтгэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулах бөгөөд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, мөн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэн, нэг зүйлчлэлээр ял шийтгэл оногдуулах боломжтой гэж дүгнэв.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан шүүгдэгч Б.А нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч О.Оийг зодож эрүүл мэндэд хоёр нүдний зовхи, хацар, баруун гуя, шилбэ, зүүн сарвууны ус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн эхнэр болон хохирогч У.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байна.
Шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж хохирол хор уршгийг зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлджээ.
Иймд шүүгдэгч Б.Аийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч О.Оийн биед хоёр нүдний зовхи, хацар, баруун гуя, шилбэ, зүүн сарвууны ус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан,
Хохирогч У.Бийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон. Хохирогч О.О, У.Б нар нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Аийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Шүүхээс түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан. Шүүгдэгч Б.А нь Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байгаа болох нь ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна. Харин уг ялаа эдэлж дууссан эсэх, ямар хэмжээний ял эдлээгүй үлдсэн талаар хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтыг улсын яллагч ирүүлээгүй байх бөгөөд шүүх хуралдаан Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгийн хуулбар хувийг ирүүлжээ. Шүүгдэгч нь өөрийн хамтран амьдрагч хохирогч О.Оийг зодсон хэрэгт шүүхээр ял шийтгүүлсэн байх хугацаандаа дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн тул түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж нэмж нэгтгэх нь ялын зорилго, шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчимд нийцэхгүй байна гэж дүгнэв.
Иймд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагийн ажлыг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бын Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийг 700/долоон зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагийн ажлыг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аэд энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял болон Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Б.Аэд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Аэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР