Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/106

 

 

 

 

 

                                   2024/ШЦТ/106

 

 

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: А.А

Шүүгдэгч: Г.Х  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Гийн Хэд холбогдох эрүүгийн 2412000000064 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн .............. гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ө овогт Гийн Х /РД:АМ.............../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Х нь 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын ......... гэх газар хохирогч Н.Аыг хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүрэн тус газарт цохиж биед нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

                *Эрүүгийн 2412000000064 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Н.Аын өгсөн:

“...Би 2024 оны 02 дугаар сарын 26-ны орой 21 цагийн үед гэртээ ганцаараа байж байтал манай хөрш айлын Г.Х гэх залуу согтуу орж ирээд хашаатай адуунд тавьж өгсөн өвснөөс танай хонь идээд байна гэж надад агсам тавьж миний баруун талын нүд рүү гараа атгаж байгаад цохиж, миний толгой хэсэгт 5 өшиглөж намайг гэрээс чирч гаргаад миний цээж болон мөр хэсэгт өшиглөж цохиж зодсон. Г.Х согтуу манай гэрт орж ирээд манай адуунд тавьж өгсөн өвсийг манай хонь идээд байна гэж хэрүүл хийж намайг зодсон. Г.Х бид хоёрын хооронд ямар нэгэн өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Г.Х согтуу манай гэрт орж ирж манай адуунд тавьж өгсөн өвсийг танай хонь идээд байна гэж хэрүүл хийж намайг зодсон. Миний баруун талын нүд хацар хэсэгт гараа атгаж байгаад 4 удаа, толгой болон нүүр хэсэгт 5 удаа өшиглөсөн. Би Г.Хийг цохиж зодсон зүйл байхгүй. Миний баруун талын нүд хөхөрч хавдсан, баруун хөмсгөн дээр халцарсан, өөрөөр гэмтсэн зүйл байхгүй. Би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар тал/

 

*Гэрч С.Цгийн өгсөн:

“...Н.А гэх хүн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед эмнэлэг дээр ирж хүнд зодуулсан гэж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Биед үзлэг хийхэд баруун нүд хавдсан, баруун хөмсгөн дээр язарсан шархтай байсан. Асуумж асуухад нэг хоногийн өмнө хүн нүд рүү цохисон одоо толгой өвдөж дотор муухай оргиж байна гэж хариулж байсан учир  мэсийн эмчид үзүүлэх шаардлагатай гэж зөвлөгөө өгсөн. Баруун нүд хөхөрсөн, баруун хөмсөг язарсан байсан, өөр ил харагдаж шарх сорив ажиглагдаагүй. Н.А нь хэнд зодуулсан талаараа надад яриагүй хүнд зодуулсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-16 дугаар тал/

 

*Иргэний нэхэмжлэгч Ч.Мн өгсөн:

“...Н.А нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 38,500 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлбөрийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-н 56-57 дугаар тал/

 

*Яллагдагч Г.Хийн өгсөн:

“...Н.А гэх айлтай ойрхон өвөлждөг тэгээд өнгөрсөн өвлөөс хойш
тэдний мал манай малын өвсийг идээд, манай гэрийн гадуур байгаад байсан
Н.А ах нь манай гэрийн гаднаас малаа туухгүй байсан. Тэгээд адуундаа өвс
тавьж өгөх гэсэн юм үхэр малаа авчих гээд хэлэхэд хамт байсан Г ах туугаад
аваад явсан, харин Н.А ах туугаад авч очоод хаших гээд хөөцөлдөөд байхаар
нь би очоод хашилцаад өгсөн. Удалгүй үхрүүд нь буцаад ирсэн тэгэхээр нь би
Н.А ахынд очоод ахаа танай үхрүүд хашаанаасаа гараад манай гадна
оччихлоо хоёулаа дахин авчраад хашъя би хашилцаад хашааных нь хаалгыг боогоод
өгье гэхэд мал бол мал байдаг юм гээд уурлаад байсан. Би олон удаа гуйсан сүүлдээ
Н.А ах бүр уурлаад чадахгүй гээд ярвайгаад суугаад байсан бид хоёр
маргалдсан. Тэгээд би нэг удаа гараараа цохиод газарт унасан, тэгээд өөрөө зуух
болон гэрийн эд зүйлээ өшиглөсөн, хөмсөгнөөс нь цус гарсан байхаар нь би
аргадаад гуйсан боловч уурлаад би гуйсаар байгаад гэртээ аваачсан чинь чи Гэд хэлж чадахгүй байсан байж намайг зодлоо гэхээр нь би Г ахыг аваад ирье гурвуулаа ярилцъя гээд яваад Г ахыг авчрахад Н.А ах гэр рүүгээ явчихсан байсан. Тэгээд би гэрт нь очоод уучлал гуйгаад хөдөлгөсөн байсан тавилгуудыг нь янзалж өгчихөөд гэртээ харьсан. Маргааш өглөө нь Н.А ах манай гадна ирээд гэрийн хаяанд буучихаад зайлаарай гээд намайг загнаж байгаад явсан. Тэгээд харагдахгүй байсан маргааш над руу утсаар залгаад би аймгийн төвд байна мал хуй алга болсон байвал чи хариуцлагыг нь хүлээнэ шүү гээд уурлаж байгаад утсаа салгасан. Би тэгээд тэднийхээс холдож нүүсэн. Н.А баруун хөмсөгнөөс цус гарч байсан. Би нэг найзтайгаа хамт 2 литрийн 1 пиво хувааж уусан байсан. Н.А ах уугаагүй байсан. Н.А ах миний биед халдаагүй. Миний биед гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 43-45 дугаар тал/   

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 95 дугаартай “...Н.Аын биед баруун хөмсөгний шарх, баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-н 30-31 дүгээр тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

     Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын ............ гэх газар иргэн Н.А нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Х нь 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын ........... майхан гэх газар хохирогч Н.Аыг хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж нүүрэн тус газарт цохиж биед нь баруун хөмсөгний шарх, баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Н.Аын”...Би 2024 оны 02 дугаар сарын 26-ны орой 21 цагийн үед гэртээ ганцаараа байж байтал манай хөрш айлын Г.Х гэх залуу согтуу орж ирээд хашаатай адуунд тавьж өгсөн өвснөөс танай хонь идээд байна гэж надад агсам тавьж миний баруун талын нүд рүү гараа атгаж байгаад цохиж, миний толгой хэсэгт 5 өшиглөж намайг гэрээс чирч гаргаад миний цээж болон мөр хэсэгт өшиглөж цохиж зодсон. Г.Х согтуу манай гэрт орж ирээд манай адуунд тавьж өгсөн өвсийг манай хонь идээд байна гэж хэрүүл хийж намайг зодсон...” гэх мэдүүлэг, гэрч С.Цгийн”...Н.А гэх хүн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед эмнэлэг дээр ирж хүнд зодуулсан гэж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Биед үзлэг хийхэд баруун нүд хавдсан, баруун хөмсгөн дээр язарсан шархтай байсан...” гэх мэдүүлэг, яллагдагч Г.Хийн мэдүүлэг, хохирогчийн биед  хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 95 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Г.Х нь хохирогч Н.Аыг зодож түүний биед баруун хөмсөгний шарх, баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүгдэгч нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Хийн хохирогч Н.Аыг  зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Г.Хийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Н.Аын биед баруун хөмсөгний шарх, баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

 

Хохирогч Н.А нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбогдуулан хохирол төлбөр нэхэмжилж, шүүхэд нотлох баримт ирүүлээгүй байх тул гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбогдуулан эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Харин тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Архангай аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Ч.Мг тогтоосон байх бөгөөд иргэний нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 38.500 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар мэдүүлж, холбогдох баримтыг ирүүлсэн  байх тул шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын  талаар

 

            Шүүгдэгч Г.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний дотор торгох ял оногдуулах зүйтэй гэж дүгнэв.

 

          Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ө овогт Гийн Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хийг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х нь шүүхээс оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Г.Хээс 38.500/гучин найман мянга таван зуу/ төгрөг гаргуулан иргэний  нэхэмжлэгч Ч.М/Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын  хэлтэс/төрийн сангийн 100900020080 тоот данс/-д олгосугай.    

 

            6. Шүүгдэгч Г.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Н.А нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

 

            8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Хэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР