| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2021/02680/И |
| Дугаар | 101/ШШ2021/02276 |
| Огноо | 2021-08-02 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2021/02276
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- тоотод байрлах, “О а т” ХХК -ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- тоотод байрлах, Ш х ХХК -д холбогдох,
зөвлөх үйлчилгээний гэрээний хөлсөнд 8.500.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг байрлах О а т ХХК-ийн албан байранд 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаатай 8.500.000 төгрөгийн стандартын зөвлөх үйлчилгээний ажлын гэрээг байгуулсан.
Гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг 2019 оны 10-р сард хүлээлгэн өгсөн, гэрээний дагуу зөвлөх үйлчилгээг зохион байгуулж, хариуцагч компаний үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийх, тухайн байгууллага холбоотой гадаад дотоод харилцааг тодорхойлж, 10 журам, төлөвлөгөөг боловсруулж, 5 хүн сургалтад хамруулсан, талбайн үзлэгт очиход ажилчид нь байгаагүй. О а т ХХК-ийн зүгээс стандартын зөвлөх үйлчилгээг гэрээний дүгнэх актын дагуу ажил гүйцэтгэсэн боловч гэрээний үүргээ зөрчиж одоо хүртэл төлбөр төлөхгүй байна. Хариуцагчийн хариу тайлбартай танилцснаар хэрэгт авагдсан баримт хангалттай гэж үзэж байна. Гэрээний тухайд бие төлөөлөгч явуулж гарын үсэг зуруулсан тул хийсэн ажлын хөлс болох 8.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Бид гэрээг Ш х ХХК-тай байгуулсан, гэрээнд гарын үсэг зурсан У нь компаний захиралын хүүхэд нь гэж тайлбарласан тул итгэлцлийн хүрээнд гэрээ хийгдсэн. Ажлаа эхлүүлж бай гэсний дагуу ажил эхэлж, ажил хүлээлцэх актыг үйлдэхэд Г захирал нь хүлээж авахгүй гэсэн тул У-т хүлээлгэж өгсөн, бүх харилцаа утсаар явагдсан. Манай компаний зүгээс эрсдэлийн үнэлгээ хийж өгсөн, бид ажил хийхдээ 1 сар 10 хоног зарцуулсан, 5 хүний бүрэлдэхүүнтэй гэрээнд заасан ажлыг хийсэн гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ компани дээр өөрийн хүсэл зоригоор очиж уулзаагүй, 2019 онд барилга хот байгуулалтын яамны тендерээр ажил авч гүйцэтгэж байхад 2019-9-23-ны өдөр ажлын бус цагаар ажилчид тарж байхад Баянгол дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагч ирж “хөдөлмөр хамгаалалын хувцасгүй хүн байна” гээд намайг ирж уулз гэсэн шаардлага гаргаснаар Б гэдэг хүн дээр 2019-9-25-нд очиж уулзахад маш олон хууль, дүрэм, зөрчсөн гээд дарамтлах үйл ажиллагаа явуулсан тул торгуулах ёсгүй гэж үзээд ХАБ-н талаар сурч мэдэх зүйл байгааг хэлэхэд Б байцаагч энэ байгууллагын санал болгосон. Тэгээд Б захиралтай очиж уулзахад ийм, тийм бичиг баримт байх ёстой, сургалтад хамрагдах талаар хэлж 12 сая төгрөгийн санал гаргахад өндөр байгааг хэлж зөвшөөрөхгүй гэхэд 8.500.000 төгрөгөөр гэрээ хийх эсэх талаар уулзалт болсон.
Дараагийн удаад Б байцаагч дахин шаардснаар нэхэмжлэгч компанитай уулзаж боломжийн бичиг баримттай болох юм байна гэж бодоод уулзсан ч гэрээ байгуулаагүй. ХАБ-н материал зарах нь нээлттэй заруудтай холбогдож асуухад 25 материал 1 сая төгрөгийн үнэтэй байсан тул хэт өндөр үнийн дүнтэй байгаа. Манай байгууллагын ажилчидаас Учралбаярыг сургалтад хамрагдсан болохыг мэдэж байна, бусад ажилчдыг сургалтад хамруулаагүй. Би гэрээнд гарын үсэг зураагүй, Учралбаярт гэрээнд гарын үсэг зурах эрхийг өгөөгүй. Бид тендерийн ажлаа 2020 оны 7-р сард хүлээлгэж өгсөн боловч хил хааснаар бүх үйл ажиллагаа зогссон тул энэ хугацаанд 8.500.000 төгрөгийг төлөх боломж байгаагүй.
Манай тендерийн ажлын төлбөрийн баталгааг Чингис хаан банкаар гаргуулж, 2019-12-23-нд 92 сая төгрөгийн баталгаа барилга хот байгууллалтын яамнаас Чингис хаан банк руу шилжүүлсэн боловч тухайн банк дампуурсан. Энэ талаар Б захирал руу ярьж Чингис хаан банкинд манай компаний авах 92 сая төгрөг түгжигдсэн талаар хэлж ойлголцсон боловч өнөөдрийн байдлаар Чингис хаан банкнаас нэг ч төлбөр төлөөгүй.
Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй татгалзаж байгаа нэг үндэслэл нь хэт өндөр үнэтэй гэрээ байгуулсан, компанийг төлөөлөх хүн гэрээнд гарын үсэг зураагүй, ажил дүгнэсэн актад У-аар гарын үсэг зуруулсан, надад танилцуулаагүй, ажлын байранд нэг ч удаа ирж байгаагүй, бичиг баримт хөтлөхөд зааварчилгаа өгөөгүй байж бүтэн сургалтыг 10 хувиар үнэлсэн байгааг зөвшөөрөхгүй. Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийхдээ манай ажлын талбай дээр очоогүй, манай компанийн үйл ажиллагаатай танилцаагүй, ажилтнуудад сургалт явуулаагүй, 7 хоног бүр мэргэжлийн заавар зөвлөгөө өгч ажиллаагүй, бичиг баримт хөтлөлтөд хяналт тавьж ажиллаагүй.
Мөн гэрээний төлбөр төлөхийг шаардсан мэдэгдлийг манай компани хүлээн аваагүй тул хийсэн ажлын үнийг зах зээлийн үнэлгээтэй нийцүүлэх саналтай. Учралбаяр нь компаний инженер бөгөөд компанийг төлөөлөх итгэмжлэл олгоогүй. Эвлэрэхэд татгалзах зүйлгүй, одоогийн нөхцөл байдал, санхүүгийн байдалтай холбоотой хийсэн ажлыг 1-2 сая төгрөгөөр үнэлж төлөх боломжтой гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч О а т ХХК нь хариуцагчаар Ш х ХХКХХК-ийг тодорхойлон татаж, түүнд холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан “зөвлөх үйлчилгээний гэрээ”-ний үүрэгт 8.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Талуудын хооронд 2019 оны 10-р сарын 08-ны өдөр зөвлөх үйлчилгээний гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр А тал болох О а т ХХК нь ХАБЭА-н чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээж, гэрээний хавсарлт 1-д заасан ажлуудыг хийж гүйцэтгэх, Б тал болох Ш х ХХК нь ажлын хөлсийг тохирсон хугацаанд төлөхөөр тус тус тохиролцсон байх ба гэрээний хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 12-нд дуусгавар болохоор харилцан тохиролцжээ /хх-12-14/.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байх бөгөөд уг гэрээгээр ...ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж заасан.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь …гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн, гэрээнд гарын үсэг зурсан ажлыг хүлээн авсан Учралбаяр нь хариуцагч компаний захиралын хүүхэд гэсэн тул итгэлцлийн үндсэн дээр гэрээ хийгдсэн боловч төлбөрөө төлөөгүй ...гэснийг
хариуцагчийн төлөөлөгчөөс ...өөрийн хүсэл зоригоор нэхэмжлэгч компанид хандаагүй, Баянгол дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагчийн санал болгосноор очиж уулзахад захирал Б нь ийм, тийм бичиг баримт байх ёстой, сургалтад хамрагдах талаар хэлж 12 сая төгрөгийн санал гаргахад өндөр байгааг хэлж зөвшөөрөхгүй гэхэд 8.500.000 төгрөгөөр гэрээ хийх эсэх талаар уулзалт болсон, албан ёсоор гэрээ байгуулаагүй, би гэрээнд гарын үсэг зураагүй, гүйцэтгэсэн гэх ажлыг хүлээж аваагүй, компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээнд гарын үсэг зурсныг зөвшөөрөхгүй... гэж тайлбарлаж, маргасан.
Хавтаст хэргийн 12-14-р талд авагдсан зөвлөх үйлчилгээний гэрээнд Б талыг төлөөлөн захирал-ыг гэж, 16-р талд авагдсан гэрээ дүгнэсэн актад захирал-ыг гэж гарын үсэг зурсан этгээдийг хариуцагч Ш х ХХК-ийн инженер Б.У гэж талууд тайлбарлаж, хариуцагч компаний тамга дарагдсан байх бөгөөд хэргийн 26-р талд авагдсан Ш х ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Д.Гг захиралаар томилсон бүртгэл 2017-12-13-ны өдөр хийгдсэн байна /хх-26/.
Нэхэмжлэгчийн 2020-09-17-ны өдрийн огноотой 20/75 дугаартай Ш х ХХК-д хаяглагдсан мэдэгдэлийг хариуцагч компани хүлээн аваагүй болохыг тайлбарласан бөгөөд Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна” гэж, хуулийн 59.2-т “Нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ” гэж, хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна” гэж, 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж тус тус заасан.
Тиймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байхаар заасан бөгөөд хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “энэ хуулийн ...56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ” гэж заасан хэдий ч хариуцагч Ш х ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох захирал Д.Ггаас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, гэрээнд гарын үсэг зурсан этгээдэд компанийг төлөөлөх эрхийг олгоогүй гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч талаас гэрээнд гарын үсэг зурсан Б.У нь хариуцагч компаний захиралын хүүхэд нь гэсэн тул итгэлцлийн үндсэн дээр гэрээ хийгдсэн гэж тайлбарласан боловч “зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох бөгөөд хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлэхээр байна.
Иймд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан нь хэлцэлд оролцогчдын хэн алины хүсэл зоригийг тусгасан нэгдсэн нэг баримтын агуулгыг хүлээн зөвшөөрснийг баталгаажуулах зорилгоор хэлцэл хийж буй эсхүл эрх бүхий этгээд өөрийн нэр болон бусад тодорхой тэмдэглэлийг уг баримтад тусгахыг ойлгоно.
Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хэрэгт баримтаар нотлоогүй, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч нь зөвлөх үйлчилгээний гэрээний үүргийг шаардах эрхгүй байна.
Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар нэхэмжлэгч шаардлага үндэслэлээ тэргүүн ээлжинд нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй оролцоно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн урьдчилан 2021-06-23-ны өдөр төлсөн 150.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Ш ХХК-иас гэрээний үүрэгт 8.500.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О а т ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ