Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар       109/ШШ2020/0029

 

 

 

 

 

 

 

 

                                     109/ШШ2020/0029

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Прокурор: Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.М

            Хариуцагч: Архангай аймгийн Х сумын Нийгмийн даатгалын байцаагч Н.З

            Нэхэмжлэлийн шаардлага: Иргэн Т.Т-д шийтгэл оногдуулсан 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0075216 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.М, хариуцагч Архангай аймгийн Х сумын Нийгмийн даатгалын байцаагч Н.З /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.М шүүхэд гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.М би, тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан Н.З нь “Архангай аймгийн Х сумын хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогч Т.Т нь хүүхдээ асарч буй эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй” гэх зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаж, 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 0075216 дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчлийн холбогдогч Т.Т-д Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн үндэслэлээр 200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн материалтай танилцахад, Архангай аймгийн Х сумын Хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогч Т.Т нь 2020 оны 2 дугаар сараас 5 дугаар сард тус цэцэрлэгийн бага бүлгийн бүлгийн багш Д.Д-н хүүхэд асрах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй үйлдэлд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй” зөрчлийн шинжтэй болох нь зөрчлийн 20/07 дугаартай материалд цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

Гэтэл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан Н.З нь 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 0075216 дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчлийн холбогдогч Т.Т-д Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн үндэслэлээр 200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн байна. хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Иймд Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, Н.З-гийн зөрчлийн холбогдогч Т.Т-д шийтгэл оногдуулсан 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 0075216 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн гэв.

 

Хариуцагч Архангай аймгийн Х сумын Нийгмийн даатгалын байцаагч Н.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан Н.З би, Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.М-ын гаргасан 2020 оны 11 сарын 02-ны өдрийн 04 тоот прокурорын дүгнэлттэй танилцлаа.

Архангай аймгийн Х сумын Хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогч Т.Т нь 2020 оны 2 дугаар сараас 2020 оны 5 дугаар сард тус цэцэрлэгийн бага бүлгийн багш Д.Д-гийн хүүхэд асрах чөлөөтэй хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй үйлдэлд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил үүссэн үндэслэлээр 200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 0075216 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг зөвшөөрөхгүй байна.

Учир нь Хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогч Т.Т нь 2020 оны 2 дугаар сараас 2020 оны 5 дугаар сард тус цэцэрлэгийн бага бүлгийн багш Д.Д-гийн хүүхэд асрах чөлөөтэй хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй төдийгүй, тухайн саруудын тайланд тусгаж өгөөгүй орхигдуулсан зөрчил илэрсэн юм гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.М-с Архангай аймгийн Х сумын Нийгмийн даатгалын байцаагч Н.З-д холбогдуулан “Иргэн Т.Т-д шийтгэл оногдуулсан 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0075216 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай прокурорын дүгнэлтийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11.-д “гомдол” гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл, шүүгчийн захирамж, тогтоол, анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хянуулахаар гаргасан өргөдөл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг;”

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйл. “Зөрчил хянан шийдвэрлэх шүүх” 2. “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн ...6.15 ... дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу нийгмийн даатгалын байцаагчийн гаргасан акттай холбоотой гомдол, прокурорын дүгнэлтийг хянан шийдвэрлэх ажиллагааг захиргааны хэргийн шүүхэд харьяалуулсан байх тул шүүх дээрх прокурорын дүгнэлтээр 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч прокурорын дүгнэлтийг хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Холбогдогч тус аймгийн Х сумын ниймгийн даатгалын байцаагч Н.З нь ниймгийн даатгал шимтгэлийг орхигдуулсан зөрчлийг тогтоогдсон гэж үзэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, тухайн зөрчлийг шалгаж тогтоох ажиллагаа хийгээгүй бөгөөд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна.

Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд, анх Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст Архангай аймгийн Х сумын Хүүхдийн цэцэрлэгээс 2020 он 8 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар албан бичгээр “Х сумын Хүүхдийн цэцэрлэгийн багш Д.Д-гийн 2020 оны 2 дугаар сараас 2020 оны 6 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг тайланд тусгаагүй орхигдуулсан тул залруулж өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлт гаргажээ./х.х-н 8/

Улмаар дээрх асуудлыг Архангай аймгийн Х сумын Нийгмийн даатгалын байцаагч Н.З шалгаж, холбогдогч Т.Т 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “ ... цалин хөлсний шинэ программаас ажиллагсадынхаа цалинг нийгмийн даатгалын тайлан руу шууд хөрвүүлж татахад орхигдсон байсныг анзаарсангүй. Би үүнийгээ хүлээн зөвшөөрч байна ...” гэжээ. /х.х-н 6/

Мөн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаартай “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”-д “ ... Нийгмийн даатгалын шимтгэлийн 2-5 дугаар сарын тайланд бүлгийн багш ажилтай Д.Д-гийн хүүхдээ асарч байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, тайланд тусгаагүй орхигдуулсан. Холбогдогч тооцооны нягтлан бодогч Т.Т нь Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2 сараас 5 сарын тайлан зэрэг нотлох баримтаар алдаатай тайлагнасан нь тогтоогдож байна. Иймд холбогдогч Т.Т-ын гаргасан зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, шалган тогтоох шаардлагагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх боломжтой, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20.1 дүгээр зүйлийн 4-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна ... Зөрчлийн тухай хуулийн 10.17.2-д зааснаар шийдвэрлэв.” гэж тэмдэглэсэн байна. /х.х-н 13-14/

Ийнхүү 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0075216 дугаар шийтгэлийн хуудсаар “хүүхэд асарч буй эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй” гэх үндэслэлээр Архангай аймгийн Х сумын хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогч Т.Т-д Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2-т зааснаар 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. /х.х-н 15/

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.М-с “ ... Архангай аймгийн Х сумын Хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогч Т.Т нь 2020 оны 2 дугаар сараас 2020 оны 5 дугаар сард тус цэцэрлэгийн бага бүлгийн багш Д.Д-гийн хүүхэд асрах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй” зөрчлийн шинжтэй байна. Гэтэл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан Н.З нь 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 0075216 дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчлийн холбогдогч Т.Т-д Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн үндэслэлээр 200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн ... мөн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20.1 дүгээр зүйлийн 4-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзсэн нь хууль бус байна” гэж;

            Хариуцагч Архангай аймгийн Х сумын Нийгмийн даатгалын байцаагч Н.З-с “ ... Архангай аймгийн Х сумын Хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогч Т.Т нь 2020 оны 2 дугаар сараас 2020 оны 5 дугаар сард тус цэцэрлэгийн бага бүлгийн багш Д.Д-гийн хүүхэд асрах чөлөөтэй хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй төдийгүй, тухайн саруудын тайланд тусгаж өгөөгүй орхигдуулсан тул Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн үндэслэлээр 200.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн ... уг асуудлыг аймгийн Нийгмийн даатгалын байцаагчаас асуусан чинь Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэж байгаа гэж хэлсэн, өмнө нь ч гэсэн ийм төрлийн зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэж байсан ... шимтгэл ногдох орлогыг нуусан гэж үзсэн, нийгмийн даатгалын шимтгэлийг санамсаргүй байдлаар орхигдуулсан нь нуусан гэх үндэслэлд хамаарч байна гэж ойлгосон“ гэж тус тус мэтгэлцсэн.

Хуулийн зүйл заалтаас үзвэл, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4.-т “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж;

Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2.-т “Ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор шимтгэл ногдох орлогыг нуусан, эсхүл хэмжээг нь санаатайгаар бууруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, 3.-т “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж тус тус өөрчлөн найруулсан байна.

Дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2.-т заасан зөрчлийн шинжийг агуулаагүй байна. Тодруулбал, Архангай аймгийн Х сумын Хүүхдийн цэцэрлэг нь бага бүлгийн багш Д.Д-гийн хүүхэд асрах хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор шимтгэл ногдох орлогыг нуусан, эсхүл хэмжээг нь санаатайгаар бууруулсан үйлдэл гаргаагүй /нийгмийн даатгалын шимтгэлийг орхигдуулсан үйлдлийг нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор шимтгэл ногдох орлогыг санаатай нуусан гэх шинжид хамааруулах боломжгүй/, зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст Архангай аймгийн Х сумын Хүүхдийн цэцэрлэгээс 2020 он 8 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар албан бичгээр уг үйлдлээ зарлуулахаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн байхад уг үйлдэлд нь зөрчлийн арга хэмжээ авч байгаа нь хууль бус бөгөөд шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.17 дугаар зүйлийн 2-т заасныг баримталсан нь зөрчлийн шинж байдалд тохироогүй, зүйлчлэлийн алдаатай бөгөөд хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Мөн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг тэмдэглэлд тодорхой тусгаагүй, маргаан бүхий 0075216 дугаар шийтгэлийн хуудасанд холбогдогчийн гаргасан зөрчил нь “ЗХ 10.17.2” гэх тэмдэглэл хийсэн нь хууль зүйн техникийн дагуу бичигдээгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн  8.-д “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ.” гэж заасны дагуу Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.М-ын гаргасан дүгнэлтийг үндэслэн Архангай аймгийн Х сумын Нийгмийн даатгалын байцаагч Н.З-гийн иргэн Т.Т-д шийтгэл оногдуулсан 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 0075216 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.1., 106.3.12., 107 дугаар зүйлийн 107.5  дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3. дахь хэсэгт заасныг баримтлан Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.М-н гомдлыг /дүгнэлт/ хангаж, Архангай аймгийн Х сумын Нийгмийн даатгалын байцаагч Н.З-гийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0075216 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсгүүдэд заасны дагуу прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.ОДОНТУЯА