Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 39

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                
    Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч М.Батзаяа,  
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зая монгол овогт Энхжаргалын Мягмарбаярт холбогдох 201703000143 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 
            
Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ня-бо мэргэжилтэй, Архангай аймгийн Татварын хэлтэст татварын байцаагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, 1 дүгээр 36 дугаар байрны 02-15 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Зая монгол овогт Энхжаргалын Мягмарбаяр /РД: АЮ93060115/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Э.Мягмарбаяр нь 2017 оны 03 дугаар сарын 31-ний шөнө 01.00 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Арвис нэртэй бааранд хохирогч Н.Болдбаяртай хувийн таарамжгүй харилцаа буюу шилэн хүзүү рүү алгадлаа гэж маргалдсны улмаас гартаа барьж байсан пивоны шилээр Н.Болдбаярын нүүрэн тус газар цохиж, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
                                  
       ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Мягмарбаярын мэдүүлсэн: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрөө барагдуулсан учраас баривчлах саатуулах ялаас чөлөөлж өгнө үү гэв.  

    Шүүгдэгч Э.Мягмарбаярт холбогдох эрүүгийн 201703000143 тоот хэрэгт:

    Хохирогч Н.Болдбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Би 2017 оны 03 дугаар сарын 31-ний орой 00 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багт үйл ажиллагаа явуулдаг "Арвис" нэртэй бааранд өөрийн найз Мөнхбатын хамт орж нэг нэг пиво авч уугаад сууж байтал Мөнхбат хүнтэй уулзахаар болоод баарнаас гарч явсан юм. Тэгэхээр нь би хажуу талын ширээнд сууж байсан өмнө таньдаг Мягмарбаяр гэдэг залуугийн ширээнд очиж суутал Мягмарбаяр нэг танихгүй залуугийн хамт хоёлуулаа сууж байхаар нь Мягмарбаярыг чи надад нэг пиво аваад өгчих гэтэл Мягмарбаяр надад нэг шил пиво авч өгсөн. Тэр пивыг нь ууж байгаад Мягмарбаярт чи надад дахиад ганц шил пиво аваад өгчих гэтэл Мягмарбаяр би чамд дахиж пиво өгч чадахгүй гэж хэлээд бид хоёрын дунд маргаан болоод удаагүй больсон юм. Тэгээд бид гурав жаахан бүжиглэж байгаад баар хаахаар болсон. Би баарнаас гарах гээд явж байтал Мягмарбаяр дахин нэг шил пиво авчихсан гартаа барьчихсан миний урд талд баарнаас гарах гээд явж байхаар нь би Мягмарбаярыг дуудаж надад наад пиво аваад ир гэж хэлээд Мягмарбаярын шилэн хүзүү рүү нь гараараа цохиод автал Мягмарбаяр баарнаас гарангуутаа миний зүүн талын хацарлуу гартаа барьсан шилтэй пивоороо нэг удаа цохиод автал пивний шил хагарч миний хацраас цус гарсан. Мягмарбаяр намайг орхиод явсан. Би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 10-12 дугаар хуудас/  

    Гэрч Б.Цэрэнтогтохын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Би өөрийн хамт ажилладаг Мягмарбаярын хамт 2017 оны 03 дугаар сарын 31-ний орой ажил дээрээ сууж байгаад шөнийн 00 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багт үйл ажиллагаа явуулдаг Арвис нэртэй бааранд орж нэг нэг пиво аваад уугаад сууж байтал манай ширээнд Мягмарбаярын таньдаг гэх согтуу залуу ирж суугаад Мягмарбаяртай юм ярьж байснаа босоод явсан. Удалгүй буцаж ирээд миний пивийг шууд аваад уучихаар нь би тэр залууд чи наад пиво уучих гэж хэлээд пиво өгсөн юм. Тэгээд би баарнаас гарч хүнтэй утсаар ярьж 2-3 минут болоод буцаж бааранд орж ирээд Мягмарбаярыг аваад баарнаас гарч явтал тэр залуу Мягмарбаярын гартаа барьж явсан пивийг нь нэхээд Мягмарбаяртай янз бүрийн юм яриад араас нь дагаад байсан. Тэгтэл Мягмарбаяр гартаа барьж байсан шилтэй пивоороо баарнаас гарангуутаа тэр залууг нэг удаа зүүн хацарлуу нь цохьтол пивоны шил хагарсан. Тэгэхээр нь би Мягмарбаярыг салгаж гэрт нь хүргэж өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

    Сэжигтэн, яллагдагч Э.Мягмарбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Би 2017 оны 03 дугаар сарын 31-ний орой найз Цэрэнтогтохын хамт 00 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багт үйл ажиллагаа явуулдаг Арвис нэртэй бааранд орж ган нэг пиво авч уугаад сууж байтал манай ширээнд миний урд нь таньдаг Болдбаяр гэдэг залуу нилээд халамцуу ирээд суухаар нь би тухайн үед Болдбаярыг ширээндээ суулгаагүй явуулчихсан юм. Тэгээд удалгүй Болдбаяр дахин ширээнд ирээд суухаар нь юм яриагүй нэг пиво авч өгөөд явчих байх гээд хараад байтал явахгүй надаас дахин пиво  нэхээд байхаар нь би Болдбаярт гарахдаа аваад өгье гэж хэлээд явуулсан юм. Болдбаяр нэг хэсэг бүжиглээд ширээнд ирж суугаагүй. Тэр үед баар хаах болж цаг хартал шөнийн 01.00 цаг болж байсан болохоор би Цэрэнтогтохын хамт баарнаас гарах гээд нэг шил пиво текнээс авчихсан байсныг бариад гарч явтал араас Болдбаяр гарч ирээд миний пивийг аваад ир би наад пивийг чинь ууна гээд дайрахлаар нь миний уур хүрээд чамд пиво авч өгөө биз дээ ер нь би чамд архи, пиво авч өгөх алба уу, чи яагаад хүн дарамтлаад байгаа юм гээд маргалдаж байгаад гартаа барьсан шилтэй пивоор Болдбаярын зүүн хацарлуу нэг удаа цохьчихсон юм. Гэтэл шил хагараад Болдбаярын зүүн хацарнаас цус гараад эхэлсэн. Манай найз Цэрэнтогтох намайг салгаад дагуулаад явсан. Ийм л асуудал болсон юм гэх мэдүүлэг. /хх-ийн 23-27 дугаар хуудас/

       Архангай аймгийн шүүх шинжилгээний албаны шинээж эмч Б.Отгонжаргалын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 158 тоот дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/

        Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 30 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.   

      Шүүгдэгч Э.Мягмарбаяр нь 2017 оны 03 дугаар сарын 31-ний шөнө 01.00 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Арвис нэртэй бааранд хохирогч Н.Болдбаяртай хувийн таарамжгүй харилцаа буюу шилэн хүзүү рүү алгадлаа гэж маргалдсны улмаас гартаа барьж байсан пивоны шилээр Н.Болдбаярын нүүрэн тус газар цохиж, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Хохирогч Н.Болдбаярын “...би Мягмарбаярын шилэн хүзүү рүү нь гараараа цохиод автал Мягмарбаяр баарнаас гарангуутаа миний зүүн талын хацарлуу гартаа барьсан шилтэй пивоороо нэг удаа цохиод автал пивний шил хагарч миний хацраас цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/, гэрч Б.Цэрэнтогтохын “...тэр залуу Мягмарбаярын гартаа барьж явсан пивийг нь нэхээд Мягмарбаяртай янз бүрийн юм яриад араас нь дагаад байсан. Тэгтэл Мягмарбаяр гартаа барьж байсан шилтэй пивоороо баарнаас гарангуутаа тэр залууг нэг удаа зүүн хацарлуу нь цохьтол пивоны шил хагарсан. Тэгэхээр нь би Мягмарбаярыг салгаж гэрт нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, сэжигтэн, яллагдагч Э.Мягмарбаярын “...Болдбаяр гарч ирээд миний пивийг аваад ир би наад пивийг чинь ууна гээд дайрахлаар нь миний уур хүрээд чамд пиво авч өгөө биз дээ ер нь би чамд архи, пиво авч өгөх алба уу, чи яагаад хүн дарамтлаад байгаа юм гээд маргалдаж байгаад гартаа барьсан шилтэй пивоор Болдбаярын зүүн хацарлуу нэг удаа цохьчихсон юм. Гэтэл шил хагараад Болдбаярын зүүн хацарнаас цус гараад эхэлсэн. Манай найз Цэрэнтогтох намайг салгаад дагуулаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-27 дугаар хуудас/, Архангай аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Б.Отгонжаргалын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 158 тоот дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

     Иймд Э.Мягмарбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Э.Мягмарбаяр нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч нь яллагдагч Э.Мягмарбаяртай сайн дураар эвлэрсэн байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Э.Мягмарбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй байна. 
 
 Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2, 418.5, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                          
      
        ТОГТООХ нь:
    
1. Шүүгдэгч Зая монгол овогт Энхжаргалын Мягмарбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан үндэслэлээр Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Энхжаргалын Мягмарбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Шүүгдэгч Э.Мягмарбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай. 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Мягмарбаярт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй. 

5. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар гардан авсан  өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Р.АЛТАНЦЭЦЭГ