Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2061

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Н, Б.Н нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/01785 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Н, Б.Н нар нь хариуцагч Б.Э, Б.Б, Д.М нарт холбогдуулан түрэсийн гэрээний төлбөрт 9 750 000 төгрөг гаргуулах,

Б.Н, Б.Н нар нь түрээсийн байранд үлдээсэн эд зүйлсийн төлбөр болон засварт гаргасан зардалд 7 526 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алимаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түрээслүүлэгч Б.Н, хамтран эзэмшигч дүү Б.Н нар нь түрээслэгч Б.Э Б.Б, Д.М нартай хамтарч ажиллана гэж тохиролцсон байсан ба 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Б.Нийн өмчлөлийн ХУД, 2 хороо, То Вангийн гудамж, АОС-28 тоот 207 м2 талбайтай 2 давхар, Ү-1106006578 дугаарт бүртгэлтэй 28 тоот хувийн орон сууцыг хүүхдийн цэцэрлэг ажиллуулах зориулалтаар 5 жилийн хугацаатай түрээслэн ажиллуулахаар харилцан ярилцаж түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн хугацаа 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 5 жил, төлбөрийг цаг хугацаанд төлөх гэж гэрээгээр тохиролцсон. Гэрээний 2-т зааснаар түрээслэгч нь түрээсийн төлбөрт сар бүр 2 000 000 төгрөг төлөх, гэрээний 4,5-д зааснаар ус цахилгаан, дулаан интернет, утасны мөнгийг төлөхөөр заасан. Гэрээний 9-т цэцэрлэг ажиллуулах тусгай зөвшөөрлийг түрээслүүлэгч авч өгөхөөр тохиролцсон. Хүүхдийн цэцэрлэгийн зориулалттай байрыг түрээслэгч Б.Э нь 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 15 хүртэл 1 жилийн хугацаанд ажиллуулж төлбөрөө төлж ирсэн. Гэтэл Б.Э нь 2017 оны 4 дүгээр сарын 15-наас 2017 оны 8 дугаар сарын 15 хүртэл хугацааны мөнгөө төлөлгүй хаяад зугтахдаа хөлдөөгч авч явсан. Түрээслүүлэгч, түрээслэгч нар нь түрээсийн хугацаанд гэрээний төлбөрийн үнийн дүнд 2016 оны 5 дугаар сарын 02, 2016 оны 11 дүгээр сарын 09, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрүүдэд түрээсийн төлбөрт 3 удаа өөрчлөлт оруулж түрээсийн үнийг 1 700 000, 1 600 000, 1 300 000 төгрөг болгон сар бүрийн 20-ны дотор төлж байхаар харилцан тогтож протокол үйлдсэн. Түрээсийн гэрээний 3-д зааснаар түрээсийн төлбөр нь хуанлийн сар /улирал, хагас, жил/ бүр төлөгдсөн байх, төлбөрийн хугацааг хэтрүүлсэн хоног тутмын төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувиар тооцож Иргэний хуулийн 232.6-д заасны дагуу алданги төлнө. Иргэний хуулийн 232.4-д анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу түрээслэгч Б.Эээс 2017 оны нэг сарын түрээс 1 300 000 төгрөг, нийт 9 750 000 төгрөгийн шаардлага гаргана. Өөрөөр хэлбэл, 2017 оны 4,5,6,7,8 сарын төлөгдөөгүй түрээсийн төлбөр нийт 6 500 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн 50 хувь болох 3 250 000 төгрөгийн алданги юм. Тооцооны хувьд алдаа гарсан байх тул 1 325 000 төгрөг, алданги 662 500 төгрөг, нийт 1 987 500 төгрөгөөр шаардлагаа багасгаж байна гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э, Б.Б, Д.М нар 2016 оны 3 сард Б.Нын амины орон сууцыг 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 5 жилийн хугацаатай түрээслэхээр нотариатоор баталгаажуулан, цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахаар болж их засварын ажил хийж, 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр үйл ажиллагааг эхлүүлсэн. Б.Н нь цэцэрлэгийн тусгай зөвшөөрөлтэй гэж хэлсэн ч тусгай зөвшөөрөл байгаагүй, зориулалтын биш амины орон сууц байсан. Бид бичиг баримт бүрдүүлэх, орчноо засварлах ажлуудыг өөрсдийн хөрөнгө мөнгө нөөц бололцоогоор ажиллаж цэцэрлэгийн орчин бүрдүүлж, Нийслэлийн боловсролын газарт хандсан. Шатны ажлаас бусад нь асуудалгүй болсон байна гээд шатыг дахин засварласаны дараа 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр тусгай зөвшөөрлөө авсан. Энэ хугацаанд бид 1 хүүхэдтэй үйл ажиллагааг явуулж байсан ч түрээсийн мөнгийг төлж байсан. Тусгай зөвшөөрөл авсан ч хувьсах зардал орж ирээгүй, 10-15 хүүхэдтэй ажиллаж байсан нь хүүхдийн хоолны мөнгө, багш ажилчдын цалин, нийгмийн даатгал, хэрэглээний зардал /ус, дулаан, цахилгаан, интернэт/, түрээсийн мөнгө зэргийг төлөхөд хүндрэлтэй байсан учир Б.Нтай хурал хийж, 2016.05.02 өдөр 9 сар хүртэл 2 сая төгрөг байсныг 1 300 000 төгрөг, 2016.11.09 өдөр 2 сая төгрөг байсныг 1 700 000 төгрөг, 2017.03.20 өдөр 4 сараас 6 сар хүртэл 1 500 000 төгрөг, 2017.06.05 өдөр 6 болон 8 сард 1 сая төгрөг 7 сард ажиллахгүй учраас 500 00 төгрөг байхаар 4 удаа харилцан тохиролцо гэрээнд заасны дагуу түрээсийн мөнгөнд өөрчлөлт оруулж төлбөрийг боломжоорооо өгч байсан. 2017 оны 4 сарын дутуу 175 000 төгрөг, 5 сарын түрээс 1 500 000 төгрөг, 6 сарын түрээс 1 000 000 төгрөг, нийт 2 675 000 төгрөг өгөх ёстой байсан. 4 сарын түрээсийг 5 сард 500 000 төгрөг, 5 сарын 10-нд 100 000 төгрөг, 5 сарын 16-нд 200 000 төгрөг, мөн 100 000 төгрөг, 20 000 төгрөг, 200 000 төгрөг өгч, 6 сарын 12-нд 35 000 төгрөг, 6 сарын 20-нд 70 000 төгрөг, 6 сарын 23-нд 100 000 төгрөг, нийт 1 325 000 төгрөг өгч, 175 000 төгрөг үлдсэн юм. Харин 5 сарын 1 500 000 төгрөг, 6 сарын түрээс хурлаар тохирсон ёсоор 1 000 000 төгрөг, 4 сарын дутуу 175 000 төгрөг, нийт 2 675 000 төгрөгийг төлөөгүй нь үнэн. Цэцэрлэг 2017 оны 6 сар дуустал ажиллаад 7 сард ажиллаагүй, 2017 оны 7 сарын 06-нд Б.Э хагалгаанд ороод 10-нд эмнэлгээс гарсан. 7 сарын 17-нд Наранбат охины хамт уулзах санал хэлж, би Бямбаагийн хамт уулзаж, түрээсийн мөнгөний оронд камер, угаалтуур суултуур зэргийг үлдээхийг Наранбат санал болгож өөр хүнд түрээслүүлнэ гэж хэлээд тохиролцсон. Дотор, гадна талын зураг мессенжерээр явуул гэхээр нь охиных нь утас руу зурагнуудыг 7 сарын 17 өдрийн 19 цагт явуулсан. Хамтран үйл ажиллагаа явуулж байсан Бямбаа руу удаа дараалан утасдаж “Юмаа ав хүнд түрээслүүлэх гээд байна” гэсний дагуу 2017 оны 7 сарын 20-нд авсан. Тэр өдөр өөрөө ирээгүй эгч нь ирж, бид камер, угаалтуур, суултуур зэргийг үзүүлээд түлхүүрийг өгсөн гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Н, Б.Н нар нь Хан-Уул дүүргийн 2 хороонд амины орон сууц түрээслэх болж, 2016 оны 3 сарын 21-ний өдрөөс эхлэн 5 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан. Б.Н анх түрээслэхдээ цэцэрлэгийн тусгай зөвшөөрөлтэй гэж хэлсэн ч зөвшөөрөл байхгүй, тухайн объектод цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах орчин нөхцөл байхгүй байсан учир бид гадна болон дотор засал хийж цэцэрлэгийн зориулалт, стандартын дагуу тохижуулж, тусгай зөвшөөрөл авах бүх л шаардлагыг хангаж, зөвшөөрлийг өөрсдөө авсан. Цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахад ус, дулааны шугам, сангийн хоолой, хаалт цорго нь элэгдэлд орж, бүхэлдээ их засвар хийх шаардлагатай байсан учир өөрсдийн хөрөнгөөр бүрэн сольж, барилгын заслын ажил хийсэн. Засвар хийхэд барилгын материал, камержуулалт, ажлын хөлс нийлээд 7,526,000 төгрөг болсон. 2017 оны 7 сарын 17-ны өдөр Б.Н, охины хамт ирж уулзаж төлөөгүй төлбөр болох 2 675 000 төгрөгт цэцэрлэгийн камер, угаалтуур, суултуурыг үлдээх санал тавьж, бид зөвшөөрч түрээсийн байрыг 2017 оны 7 сарын 20-ны өдөр хүлээлгэн өгсөн. Түрээсийн гэрээний 3.6, Иргэний хуулийн 288.2.3-т хөлслөгчид урьдчилан сануулсаар байхад хөлслөн авсан эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн буюу муутгах, гэмтээх бодит нөхцөл бий болгосон, эсхүл хөлслөгч 3 сарын турш хөлсөө төлөөгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах гэснийг үндэслэн түрээслүүлэгчийн санаачлагаар гэрээг цуцалж байна гэж ойлгон саналыг хүлээн авсан. Бид 5 жил тухайн байранд үйл ажиллагаа явуулна гэсэн итгэл үнэмшлээр өөрсдийн мөнгөөр бүрэн засвар хийсэн. Б.Эийн биеийн байдал хүнд байхад энэ нөхцөл байдлыг ойлгон түрээс төлөх хугацааг тохиролцож, уг үүргээ гүйцэтгэх боломжоор хангахын оронд бүрэн засвар хийсэн байрнаас гаргаад, бидний засвар хийснийг ашиглаж бусдад түрээслүүлсэн. Компьютерийн дэлгэц 250 000, камер 3 ширхэг 750 000, хард диск 500 000, камерийн төхөөрөмж, кабелын утас 500 000, угаалтуур 2ш 70 000, суултуур 4 ш 340 000, цэвэр бохирын хоолой, усны хаалт 200 000 төгрөг, нийт 2 610 000 төгрөг болсон. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасны дагуу түрээслэгч нь “талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй” тул цэцэрлэгийн байрыг засварласан материалын үнэ, ажлын хөлсийг нэхэмжлэхийн зэрэгцээ, тохиролцооны дагуу түрээсийн мөнгөнд үлдээсэн зүйлийг ашигласаар байж түрээсийн төлбөр нэхэж байгаа тул үлдээсэн зүйлсийн үнийг нэхэмжилж байна. Энэ эд зүйлийн үнэ 2 610 000, засварын материал 2 411 000, гадна зурсан зураг, барилгын заслын ажлын хөлс 2 505 000, нийт 7 526 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Б.Н, Б.Н нар тохиролцон 2016 оны 3 сарын 15-наас Б.Этэй гэрээ хийж, 4 сарын 15-ныг хүртэл 1 сарын түрээсийн төлбөрийг засварын ажилд зориулах болж 2 000 000 төгрөгийг аваагүй. Би цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг хөөцөлдөх, өөрийн байрны нэр дээр гаргуулах, дотор гадна талын засвар, камер суулгах ажлыг хийхээр тохиролцон гэрээндээ тусгасан. Цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг авах бэлтгэл ажлын үед стандартад нийцүүлэн янзлах, гал тогооны өрөөний ханыг тусгаарлах, үүдний өрөөнд паар буюу радиотор суулгах зэрэг ажлыг хийж дуусгах шаардлага ирсэн. Үүний дагуу түрээслэгчтэй хуралдаж шат, радиотор суулгах ажлыг би хариуцан хийж өгөхөөр тохирсны дагуу түрээсийн мөнгөнөөс суутгаж байгаад хийсэн. Гадна талбайн тохижуулалт, засвар хийхэд гаргасан зардлыг тэнцүү хувааж түрээсийн мөнгөнөөс хасч тооцсон. Ингээд тусгай зөвшөөрлийг 9 сарын 19-ний өдөр авч өгсөн. Энэ талаар ярилцсан тухай 2016 оны 9 сарын 13-ны хурлын протоколд байгаа. 2016 оны 4 сарын 15-наас эхлэн сарын 2 000 000 төгрөгийг сар бүрийн 01-ний өдөр авч байхаар гэрээнд тусгасан ч шаардлагатай засвар бүрт мөнгөнөөс хасч тооцож байсан. Эхний 2016 оны 3 сарын 15-наас 4 сарын 15-ныг хүртэл 1 сарын түрээсийн 2 000 000 төгрөгийг аваагүй, 2016 оны 5 сарын 01-нд 1 750 000 төгрөг авч засварт 250 000 төгрөг, 6 сарын 01-нд 1 000 000 төгрөг авч 600 000 төгрөгийг буюу нийт засварт 2 850 000 төгрөг суутган зарцуулагдсан. Ингээд 2016 оны 11 сарын 09-өөс тусгай зөвшөөрөл гарснаас 2 сарын дараа 2 000 000 төгрөгийг 1 700 000 төгрөг болгон 2017 оны 4 сарын 1-нээс 1 300 000 төгрөг болгон гуйх болгонд бууруулж байсан. Ингээд 4 сарын дундаас эхлэн түрээсийн мөнгөө төлөөгүй байсаар 8 сард хаяад явсан. 2017 оны 6 сарын 03-нд уулзахад 4 сарын үлдэгдэл, 5 сарын түрээсийн мөнгийг 6 сарын 09-нд төлөх, эдгээрийг төлсний дараа 8 сарын төлбөрийг 1 000 000 төгрөг, 7 сарын түрээс 500 000 төгрөг болтол буулгах 6,7 сарын түрээсийг 7 сарын 10-ны дотор 1 500 000 төгрөг төлөхөөр тохирсон. Тэд хэлэхдээ манай байрыг сүнстэй байна, бид энэ байранд орж чадахгүй гэхээр нь би аргаа бараад өөр хүнд түрээсэлдэг юм уу гэж хэлж байсан үгэн дээр мушгин, ингэж харж үзсээр байхад гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан ч гэрээгээ цуцалж дуусгавар болголгүй хаяж явсан. Бид байраа хүлээж аваагүй, 1 өдөр ирэхэд хаяад нүүсэн байсан. Дээр нь манай нэр дээр гарсан тусгай зөвшөөрөл, ашиглуулж байсан хөлдөөгч, буйдангийн дэрнүүдийг авч явсан байсан. Бид байраа хүлээж авсан бол эдгээр зүйлсийг өгч явуулахгүй, маргаан үүсгэхгүй. Байр суллаж, гэрээ цуцлах асуудал яригдаагүй. Дараа нь сонсоход Вива Сити хороололд үргэлжлүүлэн цэцэрлэг ажиллуулж эхэлсэн. Тусгай зөвшөөрөл удаан хугацаанд түрээслэх гэрээтэй тул Б.Эийн нэрээр манай хаягаар гарсан. Бүх зардлуудыг түрээсээс суутгаж байсан. Б.Эрдэнцэцэг, Б.Б нарын нэхэмжилсэн 7.526.000 төгрөг нь түрээсийн төлбөр төлөхөөс зайлсхийж байгаа заль мэх тул хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 288 дугаар зүйлийн 288.2.3, 289 дүгээр зүйлийн 289.2.5, 289.2.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Э, Б.Б Д.М нараас түрээсийн төлбөрт 7 762 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Н Б.Н нарт олгож, нэхэмжлэгч нараас эд зүйлсийн төлбөрт 2 610 000 төгрөг гаргуулж хариуцагч нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4 916 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 170 950 төгрөг болон хариуцагчаас төлсөн 135 400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 139 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 56 710 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Хариуцагч зүгээс 2017 оны 4 дүгээр сарын түрээсийн үлдэгдэл 175 000 төгрөг болон 5, 6 дугаар сарын түрээс нийт 3 000 000, 7 дугаар сарын 17 хүртэлх түрээс 283 000 төгрөг болохыг зөвшөөрч нийт 3 458 000 төгрөг төлж болно. Харин бидний түрээсийн төлбөрт өгч байсан хөрөнгүүдээ буцааж авна. Мөн 7 дугаар сарын 17-ны өдөр нэгэнт гэрээ дуусгавар болсон тул үүнээс хойш хугацааны түрээсийг төлөхгүй гэж маргасан ба шүүх энэ үйл баримтад дүгнэлт өгөөгүй, 7 сарын үлдэгдэл, 8 сарын түрээс болон алдангийг хангаж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч 2017 оны 4-8 сарын түрээс 6 500 000 төгрөг, алданги 3 250 000 төгрөг нийт 9 750 000 төгрөг нэхэмжилсэн, шүүх хуралдааны явцад 4 дүгээр сарын 1 325 000 төгрөг өгснийг зөвшөөрч үүнд ногдох алданги 1 987 500 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч, нийт 7 762 500 төгрөг нэхэмжилсэн байхад шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. 2017 оны 7 дугаар сарын 17-нд нэхэмжлэгч Б.Н охины хамт хариуцагч нартай хуралдаж Б.Э хүнд хагалгаанд орсон учир хугацаанд нь төлж чадсангүй 7 дугаар сарын 20-ны дотор бүх үлдэгдлийг төлье гэхэд нэхэмжлэгч төлөөгүй 5 сарын үлдэгдэл, 5-6 сарын бүтэн түрээс, 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл түрээст нэр бүхий эд хөрөнгийг үлдээн цэцэрлэгийн байрыг түүний эгчид хүлээлгэж өгч нүүх санал тавьсныг хүлээн авсан. Уулзалтаар талуудын бүх харилцаа дуусгавар болсон буюу ямар ч түрээсийн өр төлбөргүй, түүний оронд эд хөрөнгөө үлдээсэн гэж бодож байтал гэнэт шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтэрхэд үүрэг гүйцэтгэгчийн буруу байхгүй, эд хөрөнгөө үлдээсэн учир хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй, хугацаа хэтрээгүй учир 2017 оны 7 дугаар сарын 17-оос хойш алданги тооцохгүй гэж маргадаг ч шүүх үүнд үнэлэлт дүгнэлт өгөлгүй, яагаад шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл алданги тооцох нь зөв юм гэдгийг тайлбарлалгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан.

Хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 4 916 000 төгрөгийг Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар шаардсан. Учир нь түрээслэгч талын цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх байр зөвшөөрөл авч болохооргүй ямар ч ашиглалтын шаардлага хангахгүй байр байхад нь бүтэн засвар хийж гадна дотор талыг тохижуулсны үндсэн дээр зөвшөөрөл гарсан. Энэ бүх засварыг таван жил үйл ажиллагаа явуулна гэсэн итгэл үнэмшил дээр суурилан нэхэмжлэгч нарын зөвшөөрлөөр хийсэн үүнд  маргаан байхгүй. Одоо бүрэн засвартай цэцэрлэгийн зориулалттай байр түрээслэгч талын өмчлөлд хэвээр үлдсэн. Гэтэл шүүх засварт зориулж бараа худалдан авсан нь нотлогдохгүй, засах шаардлагатай байсан нь нотлогдохгүй байна гэсэн. Үүнээс үзвэл шүүх хэргийн нотлох баримтад бүрэн дүгнэлт хийгээгүй, талуудын гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлэх үүргээ биелүүлээгүй. Шүүх хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн зарлагын баримтуудыг бүхэлд нь үнэлэлгүй орхисон шалтгаанаа түрээслүүлэгчийн гарын үсэггүй гэж тайлбарласан. Гэвч түрээслүүлэгч, худалдагчдын хоорондын баримтад түрээслэгчийн гарын үсэг байх шаардлагагүй. Эдгээр нотлох баримтыг нэг бүрчлэн үнэлээгүйн улмаас сөрөг нэхэмжлэлийн засвар хийсэн бараа материалын үнийг төлүүлэх шаардлагын хэсэг бүхэлдээ хүчингүй болсон. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, алданги болон 7 дугаар сарын үлдэгдэл, 8 дугаар сарын түрээсийн төлбөрийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн үнэлээгүйн улмаас шийдвэр үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Б.Н, Б.Н нар хариуцагч Б.Э, Д.Бямбаа, Д.М нарт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 9 750 000 төгрөг шаардаж, шүүх хуралдааны явцад уг шаардлагаа 7 762 500 төгрөг болгож багасгаж, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас 2 675 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, түрээсийн байранд үлдээсэн эд зүйлсийн төлбөр болон засварын зардал зэрэгт 7 526 000 төгрөг зарцуулсан гээд сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Талууд 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Түрээсийн гэрээ /хх5-7, 22-23/ болон Иргэд хоорондын гэрээ /хх24/ байгуулж, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо То Вангийн гудамж АОС-28 тоот 207 м.кв талбайтай, 2 давхар амины орон сууцыг хариуцагч талд сарын 2 000 000 төгрөгөөр 5 жилийн хугацаатай түрээслэх, төлбөрийг сар бүрийн 01-ний өдөр төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3 хувийн алданги тооцох, түрээслүүлэгч нь цэцэрлэгийн тусгай зөвшөөрөл авч өгөх нөхцлийг харилцан тохиролцсон байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар түрээсийн гэрээ байгуулагдсан гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэгт авагдсан “Хурлын протокол” /хх8,28,29/, “Хурлын тэмдэглэл” /9,10,32/ гэх баримтуудыг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцүүлэн үнэлээгүй гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар талууд түрээсийн гэрээний төлбөрийг багасгах, төлөх хугацааг тохиролцох талаар харилцан санал сололцож, гэрээнд өөрчлөлт оруулж байсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ талаар маргаагүй болно.

 

Талууд 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр эцсийн байдлаар хийсэн “Хурлын протокол”-д /хх28/ 4 дүгээр сарын үлдэгдэл, 5 дугаар сарын түрээсийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний дотор төлж барагдуулах, үүнийг биелүүлсэн тохиолдолд зуны түрээсийг 6, 8 сард 1 000 000 төгрөг, 7 дугаар сард 500 000 төгрөг, нийт 2 500 000 төгрөг өгөх ба 6, 7-р сарын түрээс 1 500 000 төгрөгийг 7 дугаар сарын 10-ны дотор төлөх гэж тохиролцож, харилцан гарын үсэг зурж, хамтын үйл ажиллагаатай холбоотой гарсан өр авлагын тооцоог нийлсэн байна.

 

Дээрх баримтаас үзэхэд хариуцагч мөнгөн төлбөрийн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас талууд гэрээг цуцалсан гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч төлөгдөөгүй хугацааны хөлсийг шаардах нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3-т заасантай нийцэх юм.

Иймд хариуцагч нар нь сүүлд хийсэн буюу 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн тохиролцоо ёсоор 2017 оны 4 дүгээр сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 175 000 төгрөг, 5 сарын төлбөр 1 500 000 төгрөг, 6, 8 сарын төлбөр тус бүр 1 000 000 төгрөг, 7 сарын төлбөр 500 000 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь тогтоогдсон гэж үзнэ.

 

Хууль болон гэрээнд зааснаар хариуцагч тал үүргээ гүйцэтгээгүйн төлөө хариуцлага хүлээх боловч талуудын хооронд байгуулсан гэрээнээс нэг тал татгалзаж буй тохиолдолд тухайн гэрээгээр хүлээсэн талуудын үүрэг дуусгавар болох учраас нэхэмжлэгч алданги тооцон шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, алдангийг гэрээний үндсэн дээр нэхэмжлэх учиртай.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 4 175 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсэг буюу 3 587 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

  

Хариуцагч Б.Э, Б.Б нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн хувьд хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаж, түрээсийн байранд буюу нэхэмжлэгч нарын эзэмшилд үлдсэн эд хөрөнгийн үнэ 2 610 000 төгрөгийг хариуцагч нарт олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.6-д заасантай нийцжээ. Харин тухайн түрээсийн байрны засвар тохижилтод хийсэн зардалд 4 916 000 төгрөг зарцуулсан гэх үйл баримтыг ажлын хөлс төлсөн баримтууд, гэрэл зургийн үзүүлэлт, зарлагын /хх59-100/ баримтуудад үндэслэн эргэлзээгүй тогтоох боломжгүй тул уг хэсгийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй байна.

 

Иймд хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулах шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШЗ2018/01785 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 288 дугаар зүйлийн 288.2.3, 289 дүгээр зүйлийн 289.2.5, 289.2.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Э, Б.Б Д.М нараас түрээсийн төлбөрт 4 175 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Б.Н Б.Н нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 587 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нараас эд зүйлсийн төлбөрт 2 610 000 төгрөг гаргуулж, хариуцагч нарт олгож, сөрөг шаардлагаас үлдэх 4 916 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “139 150” гэснийг “81 750” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3. дахь хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162 460 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Г.ДАВААДОРЖ

 

                                                                                    Т.ТУЯА