| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2021/01903/И |
| Дугаар | 101/ШШ2021/02284 |
| Огноо | 2021-08-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2021/02284
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- тоотод оршин суух, Б овогт Б-ийн Бийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- тоотод оршин суух, Д овогт Ш-н Ж-д холбогдох,
худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5.550.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Солонгос иж бүрэн хөнжлийг зарж борлуулах зорилгоор 2019 оны 09 дүгээр сарын 3-ны өдөр unegui.mn сайтад зар тавьсан бөгөөд зарын дагуу 99094988 дугаарын утсаар Ш.Ж гэх хүн мессэжээр холбогдон 1 ширхэг хөнжил худалдан авахаар захиалсан. Улмаар Ш.Жгийн заасанд хаягт буюу Хан-Уул дүүрэгт байрлах Оргил Стар хотхонд 300.000 төгрөгийн үнэтэй нэг ширхэг хөнжлийг хүргэн өгсөн бөгөөд төлбөрөө хамт явж байсан хүнийхээ мобайл банкаар шилжүүлсэн. Түүнээс хойш 6 хоногийн дараа буюу 2019 оны 09 дүгээр сарын 9-ны өдөр нэмж 2 ширхэг хөнжил авья гэж мессэжээр харилцсан бөгөөд нэг бүр нь 200.000 төгрөгийн үнэтэй
хүүхдийн 2 ширхэг иж бүрэн хөнжил худалдан авсан ч төлбөр болох 400.000 төгрөгийг төлөөгүй болно. Мөн 2019 оны 10 дугаар сард Сүхбаатар дүүрэг дэх Галлерэй барилгын авто зогсоолд ирж уулзан нэг бүр 250.000 төгрөгийн үнэтэй 14 ширхэг иж бүрэн хөнжил, нийт 3.500.000 төгрөг, нэг бүр 300.000 төгрөгийн үнэтэй 8 ширхэг иж бүрэн хөнжил, нийт 2.400.000 төгрөг, нэг бүр 300.000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг хөшиг тогтоогчтой, нийт 600.000 төгрөг, иргэн Ш.Ж нь 2019 оны 09 дүгээр сард 400.000 төгрөгийн, 2019 оны 10 дугаар сард нийт 6.500.000 төгрөгийн нийт 6.900.000 төгрөгийн барааг худалдан аваад 1.350.000 төгрөгийн төлбөр төлөөд үлдэгдэл 5.550.000 төгрөгийн төлбөрөө төлөөгүй байна.
Ш.Жгаас төлбөрөө нэхэмжлэхэд удаа дараа “Хот ороод ярья”, “Ногоо ялгалт хийж байна”, “Ногоо ялгалт дуусангуут шахаад өгье”, Ойлгож байнаа, дуусганаа даруйхан”, “Газар өгье”, “Хураалт орсон сардаа өгье”, “Өвчтэй байна”, “Миний тооцоо хэд билээ”, “Дансны дугаараа явуулчихаарай” зэрэг тайлбаруудыг бичиж хариу өгдөг байсан. Залгахаар ихэнхидээ утсаа авдаггүй, авахаараа дээрхи тайлбаруудыг мөн амаар хэлдэг, ганц нэг тохиолдолд өөрөө залгаж удахгүй төлнөө эгч нь, би ийм юман дээр дүүгээ нэрээ сэвтүүлж хаяхгүй гэж байсан хэдий ч өнөөдрийг болтол төлбөрөө төлөөгүй байна. Иймд иргэн Ш.Жгаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5.550.000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ /хх-1-2/.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Б.Бнь үнэгүй.мн зар байршуулсснаар хариуцагч Ш.Ж холбогдож хөнжил, хөшиг тогтоогч зэргийг худалдаж аваад үүнээсээ 1.350.000 төгрөг төлөөд үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байгаа, төлбөр төлөх талаар удаа дараа мэдэгдэхэд шалтаг хэлээд төлбөрөө төлөөгүй байгаа тул 5.550.000 төгрөгийг худалдах худалдан авах гэрээний үүрэгт нэхэмжилж байгаа. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг зөвшөөрч байгаа тайлбар гаргаж, зарим барааг буцаан өгч эвлэрэх санал гаргаснаар өмнө шүүх хуралдаан хойшилсон боловч эргэж холбогдоогүй. Эдгээр хүмүүсийн харилцаа 2019 онд үүссэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс мөнгө төлөх байх гэж итгээж хүлээсээр байгаад 2021 онд шүүхэд хандсан байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Бнь хариуцагч Ш.Жд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5.550.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1-2/.
Хариуцагч Ш.Ж нь нэхэмжлэлийн хувийг 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гардан авсан /хх-22/ боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа гаргах үүргээ биелүүлээгүй, мөн шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад 2021-07-27-ны өдөр гарын үсэг зурсан байх боловч /хх-47/ шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.
Иймд мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж, хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж тус тус заасныг үндэслэн хариуцагч Ш.Жг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй байна.
Нэхэмжлэгчээс хариуцагчид 2019 оны 09, 10-р сард нийт 6.900.000 төгрөгийн үнэ бүхий хөнжил, хөшиг тогтоогч зэргийг худалдснаас хариуцагч нь 1.350.000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл төлбөрийг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч Ш.Ж 2021-7-27-ны өдрийн шүүх хуралдаанд оролцохдоо хүлээн зөвшөөрч, эвлэрэх санал гаргаж, бусад задлаагүй шинэ барааг буцаан өгч үлдэгдэл төлбөрийг төлөх талаар саналаа илэрхийлсэн.
Тиймээс зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Худалдах, худалдан авах гэрээнд хуулиар хэлбэрийн шаардлага тусгайлан заагаагүй боловч хэлцлийн хэлбэрт тавигдах бүх шаардлагууд ижил үйлчлэх бөгөөд Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т “худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно” гэж заасан тул нэхэмжлэлд дурдсан 6.900.000 төгрөгийн бараа худалдах, худалдан авах тохиролцоо зохигчийн хооронд амаар хийгдсэн болох нь, хариуцагч барааг хүлээн авсан болох нь 2021-07-27-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан түүний тайлбараа нотлогдож байна.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д зааснаар талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болох бөгөөд нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзэхээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан.
Иймд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд худалдагчаас худалдан авагчийн өмчлөлд барааг шилжүүлсэн худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн урьдчилан 2021-04-29-ний өдөр төлсөн 103.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 103.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2-т заасныг баримтлан хариуцагч Д овогт Ш-ын Ж-гаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5.550.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б овогт Б-ийн Б -т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Жгаас 103.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ