Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2021/02274

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- тоотод байрлах, К ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

хариуцагч- тоотод оршин суух, Ш овогт Ч-ын М-д холбогдох,

гэрээний үүрэгт 55.500.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.      

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч К ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Анх нэхэмжлэгч “К” ХХК-иас иргэн Ч-ын М нь 2019.06.04-ний өдөр УНП улсын дугаартай Mersedes benz CLS350 маркийн автомашиныг зээлээр авсан бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шүүхээр орж байсан бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрснээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.12.06-ны өдрийн 101/ШШ2019/0 дугаар захирамж гарч байсан. Үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн боловч тухайн үед өр төлбөрийн үлдэгдэл 37.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай төлж барагдуулах буюу сүүлийн хугацааг 2020.04.10-ны өдөр гэхэд төлж дуусгасан байхаар тохиролцож эвлэрсэн. Эвлэрэх үедээ 2020.04.10-ны өдрөөс хойш төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд Иргэний хуулийн 232.6 дахь заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5% алдангитай байхаар харилцан тохиролцож “Төлбөр төлөх тухай хэлцэл” байгуулан нотариатаар баталгаажуулан тухайн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож байсан юм.

Гэвч иргэн Ч.М нь үүнээс хойш нэг ч төгрөгний төлбөр төлөлт хийгээгүй бөгөөд өнөөдрийг хүртэл өөр бусад компаний өр төлбөртэй холин гэрээний үүргээсээ илтэд зугтааж байх тул шүүхэд хандаж байна. Төлбөр төлөх тухай гэрээний үндсэн өр төлбөр үнийн дүн 37.000.000 төгрөг, гэрээнд заасан 0.5%-ийн алданги хоног тутамд 185.000 төгрөг байх ёстой бөгөөд энэ үнийн дүн хэт ихэдсэн тул Иргэний хуулийн 232.4-т “гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-аас хэтэрч болохгүй” гэсэн хуулийн заалтын дагуу алданги 18.500.000 төгрөг, гэрээний үүрэгт нийт 55.500.000 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компаниас Ч.Мтай холбоотой мерседэс бенз маркийн автомашиныг зээлээр худалдаж шүүхээр орж зохигчид эвлэрч байсан, албан ёсоор эвлэрлийн гэрээ баталгаажиж гарсан, үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхлээд үлдэгдэл төлбөр 37 сая төгрөг дээр зохигчид эвлэрч хариуцагч 1 сарын хугацаа хэрэгтэй гээд эвлэрч, эвлэрсэн хугацаанаас хойш хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үүргийн 0,5 хувиар алданги тооцож төлбөр барагдуулах хэлцэл хийж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож хаасан байдаг. Үүнээс хойш Ч.М нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй, үндсэн өр төлбөр болох 37 сая төгрөг байгаа. Алданги нь хэтэрсэн тул 50 хувиас хэтрэхгүй гэж тооцсоноор 18.500.000 төгрөг, нийт 55.500.000 төгрөгийг үүргийн эрх зүйн харилцааны дагуу нэхэмжилж байгаа, хэлцэл хийснээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хаалгасан байгаа гэв. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, иргэн Ч.Мд холбогдох тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үүргийн үлдэгдлийг гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ. Зохигчдын хооронд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой маргаан өмнө нь буюу тус шүүхэд 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр болж 101/ШШ2019/0 дугаартай захирамжаар зохигчид эвлэрч байсан. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлд “...иргэн Ч.М нь үүнээс хойш нэг ч төгрөгийн төлбөр хийгээгүй бөгөөд өнөөдрийг хүртэл өөр бусад компанийн өр төлбөртэй холин гэрээний үүргээсээ илтэд зугтааж байх тул шүүхэд хандаж байна” гэж дурджээ. Хариуцагч Ч.Мгийн хувьд “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд талууд 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №АГ/023, 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр мөн АГ/023-01 тоот Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, иргэн Ч.Мгийн компани нь К ХХК-иар Хан-Уул дүүргийн Яармаг дахь Нийслэлийн захиргааны байрны гадна хөөсөн фасадны ажил гүйцэтгүүлсэн. Гэвч Нийслэлийн захиргааны барилгаас хөөсөн фасадтай холбоотой гомдол, саналууд гарч, төлбөрийн үүргийг гүйцэтгээгүй байгаа. Энэ хугацаанд К ХХК нь мөн төлбөрийн асуудлаар шүүхэд хандаж гэрээний төлбөрийн үлдэгдэл 286.526.800 төгрөг, алданги 71.631.700 төгрөгийн хамт нийт 429.790.200 төгрөгийг нэхэмжилсний дагуу Ч.Мгийн хувьцаа эзэмшдэг компани нь төлбөрийг барагдуулж дууссан.

К ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ц-ийн хувьд тухайн үед “талуудын ажлын явц байдал, нөхцөл байдал, эдийн засгийн хүндрэлийг ойлгож байна. Эхний ээлжинд яаралтай 429.790.200 төгрөгийг барагдуулчихвал тээврийн хэрэгслийн төлбөрийн үлдэгдлийн талаар харин ярилцъя. Эдийн засгийн нөхцөл байдал дээрдвэл тухайн үедээ дахин хэлцэл хийж шийдвэрлье гэсэн санааг амаар илэрхийлж байсан боловч дахиад л төлбөр, алдангийн хамт нэхэмжилжээ. 2020, 2021 оны ажлын үйл явц, эдийн засгийн нөхцөл байдал цар тахлын улмаас маш зогсонги байдалтай байсаар байсан. Мөн дээр дурдсан Нийслэлийн захиргааны барилгын зүгээс К ХХК-ийн ажил гүйцэтгэлтэй холбоотой гомдол санал шийдвэрлэгдээгүйн улмаас манай талд шилжүүлэх төлбөрөө одоог хүртэл төлөөгүй юм. Нэхэмжлэгч талаас бусад ажлын гэрээний төлбөр, алдангийг байнга нэхэмжилж, энэ төлбөрөө төлчихвөл дараагийн тээврийн хэрэгслийн төлбөрийг хойшлуулъя гэж амаар хэлж, итгэлцэл төрүүлж байснаа гэнэт бүх хоногуудад алданги тооцсон нэхэмжлэл гаргаж байгаа нь шударга ёсонд нийцээгүй гэж үзэж байна.

Иймд Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасны дагуу “Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэсэн заалтын дагуу тус нэхэмжлэлийг бүхлээр нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгч талтай ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байгаад авлага, төлбөрийн асуудал байгаад гэрээний алданги тооцоог дуусгая гээд тухайн үед харилцан тохиролцож ярилцаж ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг төлөхөөр тохирч байсан, алдангийг зөвшөөрөхгүй байгаа, эвлэрэх санал гаргасан тул алдангийн тодорхой хувийг зөвшөөрсөн.

Зээлээр худалдан авсан автомашины төлөгдөөгүй төлбөрт алданги тооцож шүүхээр 85 сая төгрөгийн маргаан шийдэгдсэн байхад үлдэгдэл төлбөр дээр дахин алданги тооцож байгаа нь тодорхой бус, хариуцагч эрх зүйн мэдлэггүй учраас ийм зүйлд гарын үсэг зурсан байдаг гэв. 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч Ч.Мд холбогдуулан гэрээний үүрэгт 55.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагчаас шүүхээр шийдвэрлэгдсэн төлбөр дээр дахин алданги тооцсон нь үндэслэлгүй бөгөөд зохигчийн хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээний төлбөр, алданги төлчихвөл тээврийн хэрэгслийн төлбөрийг хойшлуулья гэж амаар хэлж, итгэлцэл төрүүлж байгаад алданги тооцсон нэхэмжлэл гаргасан нь шударга ёсонд нийцээгүй гэж маргасан. 

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан “төлбөр төлөх тухай талуудын хэлцэл” гэх нэртэй гэрээний үүрэгт 37.000.000 төгрөг, алданги 18.500.000 төгрөг, нийт 55.500.000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон. 

 

Зохигчдын хооронд 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төлбөр төлөх тухай талуудын хэлцэл гэж байгуулагдаж, уг хэлцлээр хариуцагч Ч.М нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019-12-06-ны өдрийн 3494 тоот шүүгчийн захирамжаар төлбөр авагч К ХХК-д төлбөр төлөгч Ч.Мгаас төлбөрийн үлдэгдэл 55.291.475 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Төлбөрөөс үлдэгдэл 37.000.000 төгрөг үлдсэн байна, Уг төлбөрийг нэг сарын хугацаатай төлөх, хугацааг хэтрүүлсэн хоног тутамд алданги төлөх үүргийг нэхэмжлэгч К ХХК-ийн өмнө хүлээсэн байна /хх-9/.

 

Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-т “тооцоо нийлэх гэрээгээр талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцох бөгөөд тооцоо нийлэх хүртэл шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээнэ” гэж заасан.

 

Уг гэрээний агуулга, зорилго нь талуудын хооронд өмнө нь үүссэн гэрээний харилцааг дуусгавар болгох зорилго бүхий гэрээ тул зохигчдын хооронд энэ гэрээ байгуулагдахаас өмнө нэг талын хүсэл зоригийн илэрхийлэлийг нөгөө тал хүлээн авсан буюу Иргэний хуулийн 39, 40 дүгээр зүйлд заасан шинжийг агуулсан хэлцэл байгуулагдсан эсэхэд шүүх дүгнэлт хийх нь зүйтэй.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзэхэд 2019-6-04-ний өдөр байгуулагдсан “Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-нд худалдагчийг төлөөлж К ХХК-ийн захирал Д.Ц, худалдан авагч Ч.М гэж гарын үсэг зурсан /хх-6/ байх бөгөөд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019-12-06-ны өдрийн 101/ШШ2019/0 дугаар захирамжаар К ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.Мд холбогдох зээлээр худалдсан автомашины үнэ 75.000.000 төгрөг, алданги 36.750.000 төгрөг, нийт 111.750.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч Ч.М нь 85.000.000 төгрөгийг нэхэмжлэгч К ХХК-д төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг шийдвэрлэсэн байна /хх-7-8/.  

 

Тиймээс зохигчдын хооронд “төлбөр төлөх тухай талуудын хэлцэл”-г байгуулах үндэс болсон дээрх тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийг тус шүүх шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдөөгүй үлдэгдэл 37.000.000 төгрөгийн төлбөрийн үүргийг гүйцэтгэх хугацаа тохирч, хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор тохирсон тул зохигчийн хооронд үүргийн эрх зүйн харилцаа үүссэн гэж тайлбарласан. 

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т “хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заасан.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2020-03-13-ны өдрийн төлбөр төлөх тухай талуудын хэлцлээр хариуцагч Ч.Мгийн хүлээсэн төлбөр төлөх үүрэг энэ гэрээг байгуулагдахаас өмнө талуудын хооронд бий болсон байсан эсэхэд шүүх эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй. 

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан байх бөгөөд талууд гэрээний агуулыг өөрсдөө тодорхойлж, уг гэрээг байгуулсан байх хэдий ч уг гэрээ нь хуулийн хүрээнд байх шаардлагыг хангасан эсэхийг шүүх дүгнэж маргааныг шийдвэрлэх зохицуулалттай.

 

Гэтэл зохигчдын хооронд 2020-3-13-ны өдөр байгуулсан хэлцлээр нэхэмжлэгчид төлөхөөр үүрэг хүлээсэн 37.000.000 төгрөг нь тус шүүхийн 2019 оны 03494 дугаар шийдвэрээр тогтоогдсон хариуцагчийн төлөхөөр зөвшөөрсөн төлбөрийн үлдэгдэл буюу хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт байхад тухайн төлбөрийг дахин нэхэмжлэгчид төлөхөөр үүрэг хүлээлгэсэн нь хуульд заасан хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах зарчмыг зөрчсөн байна. 

 

Хариуцагч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр төлбөр төлөх үүрэг хүлээсэн байхад үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу хариуцлагын үүргийг давхардуулан алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд 2020-03-13-ны өдрийн төлбөр төлөх т

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд зохигчийн хооронд үүссэн тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн талаарх шаардлага бүхий маргааныг тус шүүх 2019 онд шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байх тул дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүрэгтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан 2021-01-14-ний өдөр төлсөн 435.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч К ХХК-ийн хариуцагч Ч.Мд холбогдуулан гаргасан 55.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зохигчид давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2021/09503 дугаар захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдсугай. 







ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЯНЖИНДУЛАМ