| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 166/2024/0192/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/233 |
| Огноо | 2024-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/233
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0192/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Хохирогч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2418000000252 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1986 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 38 настай, бүрэн бус дунд боловсролтой, үйлдвэрийн механик, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, “ ******* ” ХХК-д барилгын туслах ажилтан ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, *******,*******,******* тоотод оршин суудаг, урд ял шийтгүүлж байгаагүй,
*******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ******* ” баарны гадна хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 04-р хуудас/, хохирогч *******ийн мэдүүлэг/хавтаст хэргийн 07-р хуудас/, гэрч мэдүүлэг /хавтаст хэргийн 11-р хуудас/, гэрч мэдүүлэг/хавтаст хэргийн 13-р хуудас/, Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 360 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25-р хуудас/, Дархан Нэгдсэн эмнэлгийнТолгойн компьютерт томографийн шинжилгээний хариу /хавтаст хэргийн 26-р хуудас/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
1. Үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:
“Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө, 01 цагийн үед, Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ ******* ” баарны гадна, иргэн *******ийг шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, зүүн нүдэнд цус хуралт, дээд, доод уруулын дотор салстад зулгаралт, зүүн нүд, толгойн хуйханд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:
- Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ******* ” баарны гадна хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 04-р хуудас/,
- Хохирогч *******ийн : “...Би 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр найз , Хэнмэдэх нарын хамт 22 цагийн үед Дархан сумын 5 дугаар багт байрлах ******* бааранд 22 цаг өнгөрч байхад орсон. Намайг ороход хүн ихтэй байсан учраас баарны булангийн өрөөнд орж суугаад бид нар 0,75 литрийн Соёрхол гэх архи аваад хувааж уусан. Би баарнаас тамхи татах гээд шөнийн 01 цагийн үед гараад тамхи татаад зогсож байхад дотор бүжиглэж байгаад мөргөлдсөн нэг залуу, хэдэн залуустай зогсож байсан, нэлээн олон хүн байсан, би яг хэдэн хүн байсныг мэдэхгүй байна. Тэр дунд миний урьд нь барилга дээр харж байсан залуу зогсож байсан. Тэгэхэд тэр дунд нэг нь намайг цохиод авахад эсэргүүцсэн чинь учир зүггүй зодсон. Тэгээд би унасан чинь нүүр рүү өшиглөсөн. Ингээд миний шүд хөдөлсөн, нүүр бүхэлдээ хавдчихсан байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 07-р хуудас/,
- Гэрч : “...Би 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр найз хамтаар Дархан сумын 5 дугаар багт байрлах Өүшин нэртэй бааранд 23 цагийн орчим ороод тухайн бааранд бид 2 нэг шил 0,75 литрийн архи хувааж уучхаад баарнаас гараад " ******* " баарны гадаа 01 цагийн орчим очсон баарны гадаа найз тэй таараад гар бариад гадаа зогсож байхад ******* баар руу орчхоод удалгүй баарнаас хүнтэй маргалдаж гарч ирээд зодолдоод эхэлсэн. Би тэй зодолдсон залууг мэдэхгүй. Тэнд явж байсан 2-3 залуучууд бид нартай маргалдаад ална, хядна гээд орилолдоод байсан. тэнд байсан залуутай зодолдоод газар унасан байхад би бөгсөн бие рүү нь нэг хоёр удаа өшиглөсөн өөр газарт нь өшиглөөгүй. Тухайн хүнийг өөс өөр зодсон хүн байхгүй. Бусад нь салгаж байсан. нэлээн их согтуу байсан, би ч бас нэлээд согтсон байсан.” гэсэн мэдүүлэг/хавтаст хэргийн 11-р хуудас/,
- Гэрч : “...Би 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр найз , нарын хамтаар Дархан-Уул аймаг Дархан сумын 4 дүгээр багт байрлах “ " нэртэй бааранд 21 цагийн орчим ороод тэндээ хүний 2 лааз пиво уугаад “ ” баарнаас 23 цагийн орчим гараад Дархан сумын 5 дугаар багт байрлах “ ******* ” бааранд 23 цагийн орчим ороод тэндээ бид нар 1 шил 0,5 литрийн архи хувааж уусан. Архи ууж байгаад бүжиглэж байхад манай найз харагдахгүй болсон байхаар нь гадагш гараад харсан чинь хаалганы зүүн талд манай найз нэг туранхай залууд / / зодуулчихсан нүүр ам нь цус болчихсон байхаар нь зодсон залууг нь татаад баарны үүдэнд зогсож байсан машинуудын тэнд авааччихаад буцаад баарны үүдэнд очиход ийг зодсон залуу араас ирээд надтай зууралдаад намайг газар унагаасан. Тэгээд яг юу болсныг тодорхой санахгүй байна. Ямар ч байсан унагаачхаад цохиод байсан. Намайг хэдэн хүн цохисон талаар мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-р хуудас/,
- Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 360 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр “ ******* -н биед зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, зүүн нүдэнд цус хуралт, дээд, доод уруулын дотор салстад зулгаралт, зүүн нүд, толгойн хуйханд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25-р хуудас/,
- Дархан Нэгдсэн эмнэлгийн Толгойн компьютерт томографийн шинжилгээний хариу /хавтаст хэргийн 26-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
2. Эрх зүйн дүгнэлт:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг тогтоодог.
Шүүхээс тогтоосон дээрх үйл баримтаар ******* ийн биед “зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, зүүн нүдэнд цус хуралт, дээд, доод уруулын дотор салстад зулгаралт, зүүн нүд, толгойн хуйханд зөөлөн эдийн гэмтэл” учруулсан, уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 360 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 24-25/-ээр нотлогдож байна.
Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл мөн.
Энэ нь шүүгдэгчийн өөрөө хүсэж үйлдсэн, ухамсарт үйлдэл мөн ба уг үйлдлийн улмаас хохирогч ******* ийн биед хөнгөн хохирол учруулсан шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч ******* ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 67/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 73/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
2.Хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэл:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.
Хохирогч ******* шүүх хуралдаанд “гар утас алга болсон гэж 500,000 төгрөгийг, ажилгүй байсан хугацааны цалин 2,000,000 төгрөг, нийт 2,500,000 төгрөгийг” нэхэмжилсэн байна.
Шүүгдэгч ******* нь уг нэхэмжлэлээс 1,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн тул 1,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн хохирогч ******* ийн сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д заагдсанаар сэтгэцэд учирсан гэм хорын хоёрдугаар зэрэглэлд хамаарч байгааг түүнд танилцуулж, зөвшөөрлийн хуудас /хавтаст хэргийн 59/-ийг үйлдсэн бөгөөд хохирогч үүнийг нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн.
Шүүгдэгч ******* нь хохирол төлөх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулж хохирогч ******* ид 300,000 төгрөгийг төлсөн болохыг тэмдэглэв.
3.Бусад асуудал:
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* д 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* д оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож, ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* өөс 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, *******, тоотод оршин суух, Агваан Эрдэнэчулууны / утас: , /-д олгосугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******* д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ