Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/133

 

2024       06           20                                       2024/ШЦТ/133

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д,

шүүгдэгч Д.Г-н өмгөөлөгч Д.Б,

шүүгдэгч О.А-н өмгөөлөгч Б.Б (цахимаар),

шүүгдэгч Б.А-н өмгөөлөгч Г.Г,

Шүүгдэгч: Б.А, Д.Г, О.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д-оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ... овогт Б.А, ... овогт О.А ,...овогт Д. Г нарт холбогдох эрүүгийн 24... дугаартай хэргийг 202.. оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын .. -нд ... аймгийн ... суманд төрсөн, ..  настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ... аймгийн ... сумын .. дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй ...  овогт Б.А ( РД: ...),

Монгол Улсын иргэн, 19.. оны ..дүгээр сарын ...-нд ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс Дөрвөд, тусгай дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эцэг, дүү нарын хамт ...  аймгийн ... сумын ... дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй .... овогт О.А( РД:... )

Монгол Улсын иргэн, 20... оны ... дугаар сарын ..-нд .... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс Дөрвөд, тусгай дунд боловсролтой, армоторчин мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эх, дүү нарын хамт .... аймгийн .... сумын  ..дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй ... овогт Д.Г ( РД:...),

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А, Д.Г, О.А нар бүлэглэж 20... оны .. дугаар сарын ..-ны өдөр Увс аймгийн ... сумын ...-р багийн нутаг “...” гэх газраас иргэн Б.А эзэмшлийн 1 тооны бухыг, мөн үргэлжилсэн үйлдлээр “...” гэх газарт бэлчээрлэж байсан иргэн Х.М эзэмшлийн 2 тооны үхэр нийт 3 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж хохирогч Б.А-д 1’000’000 (нэг сая) төгрөг, хохирогч Х.М-д 1’600’000 (нэг сая зургаан зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Б.А, Д.Г, О.А нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.А, Д.Г, О.А нар бүлэглэж 20.. оны ... дугаар сарын ...-ны өдөр Увс аймгийн .... сумын ... -р багийн нутаг “....” гэх газраас иргэн Б.А-ны эзэмшлийн 1 тооны бухыг, “...” гэх газарт бэлчээрлэж байсан иргэн Х.М-н эзэмшлийн 2 тооны үхэр нийт 3 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлсан болох нь :

Сарлаг толгойд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн I-р хавтасны 4-9 дэх тал),

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн I-р хавтасны 10-15 дахь тал),

Хохирогч Х.М-н 2 тооны сарлаг үхрийн хохирлын тооцоо (хавтаст хэргийн I-р хавтасны 16 дахь тал),

Шүүгдэгч Б.А-н хаан банкны 58... тоот дансны хуулга хүлээж авсан мөрдөгчийн тэмдэглэл, хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн I-р хавтасны 18-19 дэх тал),

Хохирогч Х.М-н малын “А” дансны хуулгыг хүлээж авсан мөрдөгчийн тэмдэглэл, хавтас хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн I-р хавтасны 20-24 дэх тал),

Хохирогч Б.А-ны сарлаг үхэр нядлагдсан гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн I-р хавтасны 142-145 дахь тал),

Адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн I-р хавтасны 146-155 дахь тал),

Э.Ё-н гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 156-157 дахь тал),

Хохирогч Б.А-ны малын “А” дансны хуулгыг хүлээж авсан мөрдөгчийн тэмдэглэл, хавтас хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн I-р хавтасны 158-163 дахь тал),

Хүрэн, хээр, хүрэн зүсмийн 3 тооны морь, суран хазаар, 2 ширхэг зэрэг эд зүйлийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол, тэмдэглэлүүд (хавтаст хэргийн I-р хавтасны 164-175 дахь тал),

Хохирогч Х.М-ын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 28-31, 34 дэх тал),

Хохирогч Б.А-ны мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 179, 181, 183 дахь тал),

Гэрч Б.Х-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 35-36 дахь тал),

Гэрч Д.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 49-50, 185 дахь тал),

Гэрч П.Э-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 55-56 дахь тал),

Гэрч С.Э-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 58-61, 209 дэх тал),

Шинжээч Я.Н-н 20.. оны ... дүгээр сарын ... -ний өдрийн ... дугаартай “Увс аймгийн .... суманд 2024 оны 03 дугаар сарын байдлаар 5 настай сарлаг бухны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 800’000 /найман зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 85 дахь тал),

Шинжээч Я.Н-н 20.. оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 97 дугаартай “Увс аймгийн .... суманд 2024 оны 03 дугаар сарын байдлаар 2 тооны нас гүйцсэн морины зах зээлийн үнэ цэнийн баримжаа 2’100’000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 96 дахь тал),

Шинжээч Я.Н-н 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 63 дугаартай “Увс аймгийн .... суманд 2024 оны 02 дугаар сарын байдлаар 8 настай сарлаг бухны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1’000’000 /нэг сая/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 229 дэх тал),

Шүүгдэгч Д.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 13-14 дэх тал),

Шүүгдэгч Б.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 17 дахь тал),

Шүүгдэгч О.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал)-үүдээр шүүгдэгч Б.А, Д.Г, О.А нар нь 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумын 3-р багийн нутаг “...” гэх газраас иргэн Б.А-ы эзэмшлийн 1 тооны бухыг, мөн үргэлжилсэн үйлдлээр “...” гэх газарт бэлчээрлэж байсан иргэн Х.М-н эзэмшлийн 2 тооны үхэр нийт 3 тооны үхэр бэлчээрээс нь нууц далд аргаар авсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм. 

Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлгийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдэл бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт билээ.

Энэхүү гэмт хэрэг зөвхөн шунахай сэдэлтээр буюу бусдын өмчлөлийн малыг хууль бусаар завшиж өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг онцлогтой юм.

Шүүгдэгч Б.А, Д.Г, О.А нар нь 20..оны 3 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн ... сумын ...-р багийн нутаг “....” гэх газраас иргэн Б.А-ы эзэмшлийн 1 тооны бухыг, мөн үргэлжилсэн үйлдлээр “” гэх газарт бэлчээрлэж байсан иргэн Х.М-н эзэмшлийн 2 тооны үхэр, нийт 3 тооны үхэр бэлчээрээс нь нууц далд аргаар авсан үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “олон тооны мал хулгайлж”, 2.2-т “бүлэглэж” гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбар: “Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна”,  “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж тус тус тодорхойлсон тул 3 тооны үхэр нь олон тооны мал болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн “3.1 дүгээр зүйлийн 3-д “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.А, Д.Г, О.А нар нь нэг, нэг сарлаг хулгайлахаар урьдчилан тохиролцож, 20... оны 3 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн ...сумын... -р багийн нутаг “...” гэх газраас хохирогч Б.А-ны эзэмшлийн 1 тооны бухыг хулгайлж, мөн үргэлжилсэн үйлдлээр “....” гэх газарт бэлчээрлэж байсан хохирогч Х.М-н эзэмшлийн 2 тооны үхэр нийт 3 тооны үхэр хулгайлсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.А, Д.Г, О.А нарыг мал хулгайлах гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэх шинжээр хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.А, Д.Г, О.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус заасан “Бүлэглэж, бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шинжээч Я.Н-н 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 62 дугаартай “Увс аймгийн суманд 2024 оны 03 дугаар сарын байдлаар 5 настай сарлаг бухны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 800’000 /найман зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 85 дахь тал)-ээр хохирогч Х.Мухаметын эзэмшлийн 2 тооны үхэр 1’600’000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдож байна.

Шинжээч Я.Н-н 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 63 дугаартай “Увс аймгийн .... суманд 2024 оны 02 дугаар сарын байдлаар 8 настай сарлаг бухны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1’000’000 /нэг сая/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 229 дэх тал)-ээр хохирогч Б.Аны эзэмшлийн 1 тооны үхэр 1’000’000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдож байна.

Хохирогч Б.А-ы мөрдөн байцаалтын шатанд: “Миний бухыг  авч цааш нь зарж борлуулсан бөгөөд надад учруулсан 1’600’000 төгрөг бэлнээр өгч Д.Г, О.А, Б.А нар хохирлыг бүрэн барагдуулсан учир надад ямар нэгэн хохирол байхгүй” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн II-р хавтасны 55 дахь тал), Хохирогч Х.М-ын мөрдөн байцаалтын шатанд: “Миний 2 бухыг авч цааш нь зарж борлуулсан бөгөөд надад учруулсан 3’200’000 төгрөг бэлнээр өгч Д.Г, О.А, Б.А нар хохирлыг бүрэн барагдуулсан учир надад ямар нэгэн хохирол байхгүй” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн II-р хавтасны 58 дахь тал)-г тус тус үнэлээд шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Г, О.А, Б.А нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Д.Г, О.А, Б.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.Г, О.А, Б.А нарыг бүлэглэж, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул тэд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Д.Г, О.А, Б.А нар урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн II-р хавтасны 31, 33, 35 дахь тал)-аар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Г, О.А, Б.А нарын зүгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасан үндэслэл хангагдсан гэж үзэн шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар тохиролцож ирүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч Д.Г, О.А, Б.А нарт прокурортой тохиролцсон хорих ялыг оногдуулах боломжтой гэж дүгнэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Г, О.А, Б.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.А, О.А, Д.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.

Шүүгдэгч Б.А, О.А, Д.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хор уршиг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

Мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4-т “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж  тус тус заажээ.

Шинжээч Я.Н-н 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 97 дугаартай “Увс аймгийн ... суманд 2024 оны 03 дугаар сарын байдлаар 2 тооны нас гүйцсэн морины зах зээлийн үнэ цэнийн баримжаа 2’100’000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 96 дахь тал)-ээр шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашиглаж, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч  Б.А-н өмчлөлийн 1.000.000 төгрөгийн үнэтэй 5 настай хээр морь, шүүгдэгч О.А-н өмчлөлийн 1.000.000 төгрөгийн үнэ бүхий 5 настай, хүрэн  морь, шүүгдэгч Д.Г-н өмчлөлийн 1.100.000 төгрөгийн үнэ бүхий 6 настай хээр мөрийг тус тус хураан авч, улсын орлогод оруулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэх хүртэл битүүмжилсэн тогтоолыг хэвээр хэрэглэхээр тогтоов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Г-н хуучин суран хазаар, О.А-н хуучин эмээл, хуучин суран хазаар нь эдэлгээний явцад элэгдэж, муудан худалдан улсын орлогод оруулах боломжгүй болсон байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт буцаан олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овогт Б.А, ... овогт О.А, ... овогт Д. Г нарыг “Бүлэглэж, бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Б.А, О.А, Д.Гнарт тус бүрд нь 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.А, О.А, Д.Г нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.А, О.А, Д.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

5. Шүүгдэгч Б.А, О.А, Д.Гнар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хор уршиг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашиглаж, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.А-н өмчлөлийн 1.000.000 төгрөгийн үнэтэй 5 настай хээр морь, шүүгдэгч О.А-н өмчлөлийн 1.000.000 төгрөгийн үнэ бүхий 5 настай, хүрэн  морь, шүүгдэгч Д.Г-н өмчлөлийн 1.100.000 төгрөгийн үнэ бүхий 6 настай хээр мөрийг тус тус хураан авч, улсын орлогод оруулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэх хүртэл битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Г-н хуучин суран хазаар, О.А-н хуучин эмээл, хуучин суран хазаарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт буцаан олгосугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ГАНСҮХ