Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 00116

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа, улсын яллагч Б.Бүжинлхам, хохирогч А.Б-, шүүгдэгч Г.Д- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

 Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Г-ын Д-д холбогдох эрүүгийн 201714000175 тоот хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-нд Булган аймагт төрсөн, эрэгтэй, ** настай, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум ** баг ** тоотод суух, *** ХХК-ийн **-т ХАБ-ийн инженер ажилтай, урьд ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Ш- овгийн Г-ын Д-.  /хх*************/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар.

 

Шүүгдэгч Г.Д- нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр эхнэр А.Б-ыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгч Г.Д- нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр эхнэр А.Б-ыг зодож биемахбодид нь тархи доргилт, толгой, дээд мөчид зөөлөн эдэд цус хуралт бүхий  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэг бүртгэлтийн шатанд хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн дараахи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.Үүнд :

 

      1.  Шүүгдэгч Г.Д- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хэрэгт авагдсан мэдүүлгүүд бүгд үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй. Эхнэрээ зодсон нь миний буруу, эхнэрээсээ уучлалт гуйж байна  гэв.

 

2. Хохирогч А.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  ... Нөхөр маань өөрийн хийсэн алдаа дутагдалдаа дүгнэлт хийж 2017 оны 02 дугаар сарын 14-нөөс хойш манай гэр бүлд ямар нэгэн хэрүүл маргаангүй, амар амгалан амьдарч байгаа. Бид хоёр эвлэрсэн нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв.

 

      3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 273 дугаартай дүгнэлтэд 1. 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шинжээч эмч Ч.Буянзаяагийн гаргасан 217 тоот дүгнэлт үндэслэлгүй байна.  2. А.Б-ын биед тархи доргилт, толгой, дээд мөчинд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. 3 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн цохих, цохигдох хүчний  үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 5. Шинэ гэмтэл байна. 6. Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй.  7. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 24 тал/

    4. Шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн ...Б.Б-ын биед тархи доргилт, толгой дээд мөчинд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүссэн байсан. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна, тархи доргилт нь гэмтлийн зааврын 2.4.1-д заасны дагуу хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Тархи доргилт нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн гавлын ясны 2 байрлалын рентген зураг болон бүрэлдхүүнд оролцсон нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгээр батлагдаж байна гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

      Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцлоо.

 

      Шүүгдэгч Г.Д-гийн үйлдсэн хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд түүнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, прокурорын сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол хуульд нийцэж байна.

 

     Иймд шүүгдэгч Г.Д- нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч А.Б- нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байх ба хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

        Хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 298, 248 дугаар зүйлийн 248.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Ш овгийн Г-ын Д-г  /************/ бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

        2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д заасныг баримтлан Г.Д-д холбогдох эрүүгийн 201714000175 тоот хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      3. Хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

        4.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        5. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.